x

Бид яг хаана хаягдчихав?

Боловсрол телевизийн “Моод” нэртэй шинэ хөтөлбөрийг үзэв. Телевизийн баг Европын боловсролын системийг судлахаар яваад Дани улсын Боловсролын их сургууль, Стокгольм /Швед/ хотын нэгэн дүүргийн Гэр бүлийн төвөөр зочилсон байна.

Данийн Боловсролын их сургуулийг төгсөгч, сурган хүмүүжүүлэгч /тэнд багшийг ингэж нэрлэдэг бололтой/ Д.Цэндхүү тус улсын сургуулийн өмнөх боловсролын системийн талаар ярьж байна.

-"Данид хүүхдийг зургаан сартайгаас нь яслид авдаг. Эцэг эхчүүд нь эрт ажилд орвол тухайн гэр бүлийн төсөвт ч нэмэртэй, улсын эдийн засагт ч тустай. Яслид нэг ангид 12-оос илүү хүүхэд авдаггүй. Мэргэжлийн гурван багш, нэг туслах багш 12 хүүхэдтэй ажилладаг. Цэцэрлэгийн ангид 21-ээс илүү хүүхэд авахгүй. Мөн хоёр мэргэжлийн багш, нэг туслах багштай. Энд цэцэрлэгийн багш, дунд ангийн багш, дуу хөгжмийн багш гэсэн ойлголт байхгүй. Багш хүн бүх чадварыг эзэмшиж, түүнийгээ хүүхдүүдэд зааж сургадаг. Хүүхдэд хамгийн хайртай, сэтгэлтэй хүмүүсийг багшаар ажиллуулдаг" гэж ярив. Янз бүрийн асуудалтай, ааш араншинтэй хүүхдүүд ирж болох ч багаас нь мэргэжлийн хүмүүсээс тусламж авснаар хүүхдийг зөв тийш нь чиглүүлж, ирээдүйд учрах эрсдэл, хохирлоос сэргийлж чаддаг гэнэ.

Монгол багшийн ажилладаг цэцэрлэгийг хоёрдугаар ангийн сурагч, 4 настай С.Сара охин өөрийгөө монгол хэлээр танилцуулж,

“Сэм сэмхэн явдалтай

Сэргэлэн шувуухай шагшина

Хөөрхөн жаалын дэргэд

Холдож ойртож наадна” хэмээн эвлэгхэн дуулж байна. 4 настай охин ингэж ярьж байна. “Бид гудамжинд хогоо хаяж болохгүй. Би хэрвээ гудамжинд явахдаа хэрвээ хог таарвал заавал авч хогийн саванд хийдэг. Бидний хаясан хог хийссээр яваад далайд очвол далайн амьтад тэр хогонд хордоно. Бас үхэр, хорь ч гэсэн хогийг идээд хордож болно. Зажилсан бохио хэзээ ч ил хаяж болохгүй. Шувуу хоол гэж бодоод идчихэж мэднэ шүү дээ” хэмээн ярина.

Учир нь Данид хүүхдийн боловсролыг хамгийн түрүүнд хүн байх, хүнлэг байхаас эхэлдэг. Би гэж хэзээ ч битгий түрүүлж бай, бусдыгаа хүндэл гэх мэтчилэн. Багш нарыг сургаж, бэлтгэж байгаа, анги танхимыг ашиглаж байгаа энэ тэрийг зүгээр нэвтрүүлгийг нь ухраагаад үзчихнэ биз...

Үүний дараа тэд Стокгольм хотын нэгэн дүүргийн Гэр бүлийн төвөөр зочлов. Энгийн орон сууцны байшинд хэдэн буйдан тавиад, залуу эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ирж зөвлөгөө авдаг юм байна. Тус төвийн зөвлөх “Саяхан манайд нэг гэр бүл зургаан настай хүүхэдтэйгээ ирсэн. Хүүхэд нь маш их ууртай байсан. Мэдээж асуудлыг нэг удаагийн үйлдлээр шийдэж чадахгүй ч гэсэн тэд юу хийх ёстой вэ гэдгээ мэдээд явсан. Бид хүмүүст асуудал үүсэхээс нь өмнө туслахыг хичээдэг. Хэрэв тэгж чадахгүй бол хожим учрах хохирол нь нэмэгдэнэ хэмээн ярьж байна. Хэтрүүлж хэлэхэд байшин болгонд ийм төв байдаг бололтой. Мэргэжлийн хүмүүс нь байвал манайд ч хийж ядаад байх юм алга.

"Моод" нэвтрүүлэгтэй зэрэгцээд өөр нэг суваг дээр Оросын телевизийн “Зөн билгийн тулаан” гарч байна. Шоуны хөтлөгч Сергей Сафранов нэвтрүүлгийн зочноор оролцож байгаа таван бүсгүйгээс хэн нь бүтэн өнчин болохыг таахаар оролдож, “Асрамжийн газар байнга л зодоон болж байдаг шүү дээ. Гарыг нь харья” гэнэ. Хүний хөгжлийн асуудал дээр Орос манай хоёр л ойролцоо яваа бололтой юм аа даа.

Саяхан “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн санаачлагч Ч.Ганжавхлан хэдхэн өдрийн өмнө өөрийн пэйждээ нэгэн пост оруулсан байна.

“...7000 гаруй бэлэг бэлдээд 1500 гаруй айлаар орлоо. Баяр болоод гуниг зэрэгцэн, нүд хальтрам аймшигт төрхийн өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн “Миний хүү мундаг хүн болоорой” гэж хэлэх бол өвлийн өвгөний хувьд хамгийн хэцүү хэсэг нь юм. Юунд найдаж, хэнд итгэж мундаг хүн болоорой гэж хэлж байгаа юм бол гэдгээ тэр өөрөө ч үл мэднэ. 2-3 жил дараалан явж байгаа өвөө нар амьдрал эрс дордсон байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Овоо засраад дэвжээд явж байсан айлын аав нь архинд орж, орон гэр нь хүйтэн, давчуу, айдастай болсон байгааг ярилцана. Бүр ганц найдаж, итгэж найдаж явсан айл маань хүчирхийлэл, архидалтын золиос болжээ.

Идэх хоол энд алга, түлэх нүүрс, итгэл найдвар ч алга. Эцсийн эцэст Монгол Улсын иргэн ийм хүн, тэдэн хүүхэд энд амьдарч байна гэсэн бүртгэл ч алга” хэмээн бичсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт Хэнтийд бас нэг аймшигтай хэрэг гарчээ. Гурван сарын өмнө шоронгоос суллагдсан этгээд хоёр ойтой, нэг ойтой хоёр нялх хүүхэдтэй эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад согтуудаа хоёр настай хүүг нь зодоод аминд хүрчихжээ. Ой гарантай хүүхдийн бие сайнгүй /бас зодуулсан/, эмнэлэгт байна гэнэ. Хэрэг гарах үед хүүгийн эх согтуу байжээ...

Хар сүүдэр татуулсан энэ мэдээтэй залгаад Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа” гэх мэдээлэл цацагдаж байна. Нийслэлийн Засаг даргатай хамтарч “Нийслэлийн шилдэг залуучууд”-ыг бас шалгаруулан шагнаж гэнэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагаас нь ийм л мэдээ дамжуулж байна. Энэ төр гайгүй чадалтайд нь нүүрээ, гайд гарсан хэсэгт нь нуруугаа харуулахаар нэг мөсөн шийдсэн бололтой.

Залуучуудын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд нь гэж нэг л их хурал зөвлөгөөн, семинар форум зохион байгуулж илтгэл тавьсан, өргөмжлөл өгсөн нөхөд байх.  Харин цаана нь тэдний хариуцах ёстой асуудал болгон хог дээр гарч, хүүхдүүд эцэг эхийнхээ гарт амиа алдаж байна. Хүүхдүүдийг танихгүй хүн биш хойд эцэг, төрсөн эцэг нь, ах нь нагац нь хүчирхийлж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр өдөр тутам урсч байгаа хар бараан мэдээнд анхаарал хандуулж байгаа нэг ч эрхтэн дархтан, дарга цэрэг алга. Хэрвээ нэг ч гэсэн тийм хүн байсан бол аль хэдийн хууль, цагдаагаа дагуулж очоод эцэг эхийнх нь эрхийг хасаад хүүхдийг улсын асрамжинд авчих нь байлаа. Эцэг эхдээ гадуурхагдсан, өлссөн даарсан, сургууль боловсролоос завсардсан хүүхэд бүрийн дэргэд тэд байх ёстой байлаа. 

Одоогоос хоёр жилийн өмнө, 2017 оны аравдугаар сард мэдээллийн сайтуудаар “Орчин үеийн жишиг болсон 133-р сургууль нээлтээ хийлээ” гэсэн мэдээлэл зурагтайгаа цацагдаж байж. Харин өнөөдөр тус сургуулийн 1600 гаруй сурагч сургуулийн байраа “Монгол Тэмүүлэл” сургуульд алдаад одоо тэр барилгынхаа нэг, хоёрдугаар давхарт нь дөрвөн ээлжээр, өдрийн хоёр цагаар хичээллэж байна. /Сургуулийн Эцэг эхийн зөвлөл өчигдөр хоёр дахь удаагаа хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэл мэдээллийнхэнд хандлаа/ Үлдсэн хоёр давхарт нь “Монгол Тэмүүлэл” сургуулийн 200 гаруй сурагч өглөөнөөс орой хүртэл 8-10 цагаар хичээллэдэг.

Уг нь энэ хоёр сургууль хоёулаа төсвөөс санхүүждэг улсын сургуулиуд. Нэг нь Кембрижийн хөтөлбөртэй, нөгөө нь энгийн сургалттай. Нэгэнд нь дарга нарын хүүхдүүд сурдаг, нөгөөд нь борчуудын хүүхэд явдаг. Албан ёсны боловсролын систем нь хүртэл ийм муухай ялгаварлалтай. Бид яг хаана хаягдчихав аа, ямар улсад амьдраад байна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.23.7)
    Кабелын вт-үүд орчуулагч төхөөрөмж
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • ард (202.179.31.89)
    зэрлэг капитализм
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top