x

Улс төрийг шүүмжлээд байвал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрөө оролц!

Яагаад ч юм энэ жилийн дэлхийн залуу манлайлагчдын чуулган ихэд улстөржив. Магадгүй Трамп, Брекситийн санаанд оромгүй сонгуулийн үр дүн, Итали, Франц зэрэг улсуудын улс төрийн үйл явц ингэхэд хүргэсэн байх. Нөгөө талаасаа 30 нилээд гарсан, 50 нилээд дөхөж байгаа залуусын хувьд улс төрийн оролцоотой байдаг идэвхтэй нас нь болов уу. Хурлын дэд сэдвүүдийн цөөнгүйд нь улс төртэй холбоотой агуулгууд зоогджээ. Илтгэл тавигч, модераторууд нь улс улсынхаа конгресс, парламентийн гишүүд, засгийн газрын сайд нар. Баг болж ажилласан хүмүүсийн дотор Чили, Никаргуа, Перу улсуудын ерөнхийлөгчийн сонгуульд яг одоо өрсөлдөж байгаа, удахгүй өрсөлдөх эрхэмүүд байв. 

Эдгээрээс Аргентин улсын Конгрессийн гишүүн Факундо болон Боловсрол ба спортын сайд Эстэбан нартай арай түлхүү цаг өнгөрөөж туршлага болон зорилгыг нь яриулав. Конгрессийн ордонтой нь бүтэн танилцаж, шийдвэр гардаг процес нь хэрхэн явдаг тухай сонирхож, конгрессийн даргынх нь суудал дээр нь суугаад зургаа татуулж амжив. Тэд хэд хэдэн сонирхолтой өнцгүүдийг онцолж байв. 

НЭГ. Улс төрд хувь хүний хариуцлагаас гадна хамтын (багийн, бүлгийн, танхимын) хариуцлага байх ёстой. Тэр нь хүчтэй байж гэмээнэ шийдвэр гаргах түвшинд амжилттай оролцдог тухай ярив. Анзаарч байхад бизнест байж байгаад улс төр рүү орсон хүмүүс зөндөө байна. Яагаад гэвэл тэд л өөрсдөө улс төр рүү орж бодлого, бүтцээ өөрчилж шинэчлэхгүй бол бизнес хийж үзээгүй, ялангуяа үйл ажиллагаа, үнэ цэнэ, нэмүү өртөг хэрхэн бүтдэг тухай ойлголт муутай улстөрчид барууны чиглэлийн, баруун төвийн чиглэлийн бодлого ярих байтугай ойлгох ч үгүй гэж байв. Хамгийн их ярьдаг хүмүүс хамгийн бага ажил хийдэг нь байдаг шүү. Чи сайн анзаараарай гэж байна. Нэг сайн анзааръя аа байз! 

ХОЁР. Сонгуулийн ирц, сонгогчдын боловсрол ба залуусын идэвхийн асуудал. 

Идэр залуус сошиал дээр "солиордог" ч сонгуульд санал өгдөггүй учраас одоогийн улиг болсон улстөрчид дахин дахин сонгогдоод байгааг хэлж байв. 

Улс төрийн догма, идеологи, суурь ойлголтод зарчмын өөрчлөлт орж буйг хүлээн зөвшөөрч байв. Мэргэжлийн хүмүүс нь ингэж “панигтаж” байхад ард иргэд толгой нь эргэхээс яах билээ. Иймээс олон нийтийг соён гэгээрүүлэх ажил, боловсролын системийн реформ, шинэчлэл асар чухлыг онцолж байв. Аргентин улс жил бүр дунд сургуулийн 500 багшийг дэлхийн топ сургуулиуд руу бодлогоор илгээж байна. Хэдэн жилийн дараа тэд дэлхийн соёлын үрийг нутагтаа тарина.

Сонгогчид мэдлэгтэй, боловсролтой, хэлтэй болох тусмаа улстөрчид гэж өөрсдийгөө нэрийдсэн луйварчид, дээрэмчид худлаа ярьж чадахаа болино гэнэ шүү. 

ГУРАВ. Хөгжиж буй улсуудын засаг төрд ерөнхийдөө хоёр л төрлийн асуудал байдаг. Эхнийх нь гэмт хэрэгтэн, авилгачдын удирдаж буй төр, удаах нь засаг төрийнх нь байгаа чадвар ба төрийн түшээдийнх нь мэдлэг боловсрол. Төр нь өөрөө гэмт хэрэгтнүүдээрээ удирдуулаад байвал ямар ч улс хөгжих нь лөөлөө. Харин гайгүй буюу сэтгэлтэй мэт хүмүүс засагт цугларсан ч ямар ч чадваргүй, мэдлэггүй бол бас хөгжих гэж хөгөө чирнэ шүү гэж зөвлөж байна. 

Иймээс улс төр бол муухай, балиар, улстөрчид бол авилгачид гэдэг сөрөг ойлголтыг эвдэж, кодыг нь тайлж концепцийг нь өөрсдөө гар бие оролцож өөрчлөхөөс өөр аргагүйг хэлж байв.

Үүний тулд улстөрчид нь тунгалаг нээлттэй, хоорондоо шударга өрсөлддөг, намууд нь тодорхой үзэл бодол, үнэ цэнэтэй байх ёстой ажээ уг нь. Хүн мэдлэггүй, мэдээлэлгүй, боловсролгүйгээсээ болж айдаст хүлэгдэж, тодорхойгүй байдалд орохоороо бодлого ярьж буй хүнийг сонсох чадваргүй болдог. Иймээс популист улстөрчид аль болох бүрхэг тодорхойгүй зүйлс ярих, нийгэмд айдас үүсгэх замаар сонгогчдийг хүссэнээрээ барьж бас чөлөөтэй удирдаж чаддаг байна. Үүн дээр олон жишээ хэлж болох ч бичлэг хэт урт болох гээд буй учир энд зогсоё. 

ДӨРӨВ. Лидер буюу манлайлагч хүний шинж чанарыг хүмүүс улам өргөн бас гүнзгий утгаар ойлгож бас хүлээн авдаг болсоор байна. Бусдын түрүүнд явахаас илүүтэйгээр бусдыг өмнөө явуулдаг хүнийг жинхэнэ манлайлагч гэх ба ингэж чадаж байж залуу үе төрж, ингэж байж л улс хөгжиж, ингэж байж л цус сэлбэгдэн манлайлагч ч өөрөө зэврэхгүй ба зөнөхгүй “өтлөдөг” аж. Ийм шинж чанартай хүмүүсийг олох, сонгож улс төрд оруулах нь бухал өвснөөс зүү олохтой адил хэцүү ч өөр сонголтгүй болсоор байна. Political Inclusion гэдэг нэр томъёо гарсан байна. Хүртээмжтэй улс төр гэх юм уу. Хүн бүр улстөрч болох боломж нээлттэй бас тоглоомын дүрэм тодорхой байх ёстой гэдэг санаа. 

Хэдэн агаа, эгээ нар дээр суучихаад л тэтгэвэртээ гаран гартлаа шинэ залуу үеийг дээшээ гаргаж ирэхгүй бодлогоор хуйвалдан барьдаг цаг үе цаашаа болж байгаа шүү гэж байна. 

Ялангуяа сошиал медиа ба технологийн өнөөгийн эрин үед ардчилсан систем, дэд бүтэц бий болгох, түүнийгээ маллахын тулд заримдаа лидер нь өөрөө ардчилсан бус шийдвэр гаргах хэрэгтэй болдог зовлонгоо бас хөндөж байв. Дэлхий ертөнц итгэлцэлийн хямралд, төлөөллийн ардчилалын хямралд, бие биенээ сонсож чадахаа байсны хямралд орсон гэж үгчлэн хэлэв. Шалтгаан нь “хулхи” лидерүүд, цүнх баригчид, авилгачид, эрх мэдлээ буруугаар ашиглагч шийдвэр гаргагчид. Том зургаарааа боловсрол, мэдээлэлгүй сонгогчидын алдаа юм. 

ТАВ. Ёс суртахууны сорилт! Улс төр бол эрх мэдэл. 

Эрх мэдлийг хүн нэг бол өөртөө ашигтайгаар хэрэглэдэг, эсвэл бусад хүнд ашигтайгаар хэрэгжүүлдэг. 

Харамсалтай дийлэнх хүмүүс өөртөө ашигтайгаар хэрэглэж яваандаа эрх мэдэлдээ донтож эхэлдэг байна. Эрх мэдлээсээ салахгүйн тулд юу ч хийхээс буцахаа больж эхэлдэг. 

Улстөрд орж буй залууст хууралтанд бэлэн бай. Хамгийн ойрын найзууд чинь л нуруунаас чинь хутгална сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг сануулж байна. 

Өөрийн дотоод эготой байлдаж ялж сурах нь улстөрч хүний хариуцлага аж. Хөгшин, настай улстөрчид улстөрд шинэ салхи оруулахыг, өрсөлдөөн бий болгохыг огт хүсдэггүй. Учир нь тэгвэл тэд өөрсдөө ажилүй болж, улстөрийн тавцангаас хамгийн түрүүнд арчигдах учраас тэр шүү дээ гэнэ ээ.

ЗУРГАА. Хувийн ба мэргэжлийн амьдрал, карьерийн золиос. 

Улстөрчид бол авилгад идэгдсэн хүмүүс. Чи өөрөө орж ирж энэ систем ба соёлыг өөрчлөхгүй бол тэд авилга авсан хэвээр л байна. Улстөрчид хамгийн адгийн хүмүүс. Чи өөрөө л орж ирж цус сэлбэхгүй бол адгийн хүмүүс хэвээрээ байхаас гадна адгийн хүмүүсээ татаж гаргасан хэвээр л байх болно. 

Чи тэгээд яамаар байна гээд Аргентинийн боловсрол ба спортын сайд намайг жаал ёжлов. Улс төрд хямдхан байж болохгүй шүү, амархан мэдээжийн хавханд л битгий ороорой. Мөнгөөр цутгах, албан тушаалд умбуулах түмэн санал ирнэ. Өөрийн үнэ цэнэдээ л үнэнч байж чадвал амжилтанд хүрнэ шүү гээд амжилттай яваа хэдий ч цаанаа л жаахан гунигтай ба стресстэй нүдээрээ инээж мань эр надад зөвлөв. 

Мань эр 10 гаруй жилийн өмнө улс төрийн шинэ нам байгуулан орон нутгаас эхлэн хүчээ үзэж өдгөө засгийн газарт ажиллаж байна. Хамгийн хэцүү зүйл нь хувийн ба мэргэжлийн бүх амьдралаа золиосолж, бизнесээ хаяж, тогтмол орлогогүй болж гэр бүлээрээ бооцоо тавьснаа хүүрнэв. Эхнэртээ яг надад 4 жилийн л хугацаа өгчих. Энэ хооронд би амжилт гаргахгүй бол дахиж хэзээ ч улс төр гэж явахгүй гэж амлалт өгөөд эхний хэдхэн жилийн дотор амжилт олжээ. Буруу санаагүй бол Обама улстөрд орохдоо бас яг 4 жилийн хугацааг Мишээлээс асууж гуйж байсан санагдаж байна. 

Товчхондоо улстөрийг шүүмжлээд байвал хэзээ ч дуусахгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Иймээс өөрөө оролц. Үүний тулд зорилгоо тодорхойл, багаа бүрдүүл, нөөцөө зангид л гэнэ шүү. 

В.Ганзориг /baabar.mn/ 2017 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top