x

Дээлээ сольсон 37 он

1937-1939 онд Монголчууд олон арван мянган гэмгүй иргэдээ аймаглан устгасан яргаллын түүхтэй. Онцгой бүрэн эрхт комиссын 3 гарын үсэг бүхий жагсаалтаар, шүүх хуралгүйгээр сэхээтний бүтэн давхаргыг оролцуулаад багадаа 30 гаруй мянган амь үрэгдсэн (зарим судалгаагаар 50,000). Хэлмэгдээгүй айл өрх Монголд үлдээгүй.

I

Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Энэ нь Монголын парламент шүүх эрх мэдэл, хуулийн байгууллагыг эрх баригч улс төрчид буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хууль ёсоор найр тавьж өгснөөс эхлэлтэйгээр манай улс нэжгээд улс төрийн хоригдолтой боллоо. 

“Надад хамаагүй ээ тэр л буруутай, хэн яаж хууль зөрчсөнийг би хожим хэлнэ” гэж нэг нь зугтахдаа мэдэгдсэн. Харин үлдэх нэг нь “Бид хамт хийсэн, хэн нэг нь дангаар хийх угаас боломжгүй” гэчихлээ. Ямартай ч “хэргийн эзэд” хожим тодрох юм байна гэсэн хүлээлт иргэдэд үлдэв. 

II

Орчин цагийн онцгой комисс маань сүр хүчээ бодитоор үзүүлэхийн тулд шүүгчид, парламентын гишүүний халдашгүй байдлыг нь нулимж байгаад Үндсэн хуулийн бус аргаар тэдгээрийг гэмт хэрэгт шалгаж, хорьж цагдаж, ял шийтгэлээ. 

Бүх л дарангуйлагч нар шүүхээ хараат бус гэж ил тунхаглах атлаа нүднээс далдууршүүхэд нөлөөлж өөрт таалагдаагүй өрсөлдөгч нараа гэмт хэрэгтэн болгож шүүхээр ялладаг уламжлалтай. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.

III

Хууль дээдлэх зарчим, шүүгчийн тангаргаасаа урваж, ам өчиг өгч албан тушаалын төлөө сүнсээ худалдсан шүүхийнудирдлага болон ажил, амьдралгүй болохоос сүнсээ зайлтал айсан доод шатны шүүгч нарыг орчин цагийн онцгой комисс нь шагнал, шийтгэлийг хослуулах замаар атгасан нь нийтэд илэрхий болж байна. 

Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс орчин цагийн онцгой комиссын чиглэлээр улс төрийн өрсөлдөгч нарыг нь намнаж, цуврал хилс хэлмэгдүүлэлт эхлүүлэв. Мэдээж нийгмийн сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэхийн тулд нийтийг хамарсан үзэн ядуулах кампанит ажлыг эхлүүлж, хорвоогийн хог шаар нарыг шүүж байна гэж иргэддээ итгүүлчихсэн тул эсэргүүцэл ирэх нь бүү хэл дэмжих нь илүү болов. 

Орчин цагийн онцгой комиссын хэлмэгдүүлэлтийг бичгээр хууль ёсны болж харагдуулахын тулд шүүх, прокурор нь үйл тамаа цайж, хөгөө хөлдөө чирлээ. Монголын шүүх иргэнээ хорихын тул аманд багтамгүй арван тэрбум төгрөгийн барьцааг гурав хоногт өгөөгүй гэж шалтаглах, хэргийн оролцогчийн хууран мэхлэх, өмгөөлөгчгүй шүүх, Үндсэн хуулийг зөрчиж парламентын гишүүнийг бүрэн эрхтэй нь цагдан хорих зэргээр хууль руугаа илэрхий нулимж эхлэв. 

IV

Шүүх нь улс төрчдийн илэрхий харьяат болсон тул эрх баригчдын хувийн үзэмж, дур зоргоор гэмт хэрэг үйлдсэн зарим этгээд ял завшиж, зарим гэм буруугүй нь хилсээр хэлмэгдэж эхэллээ. Үүний нэг жишээ гэвэл иргэд, бизнесийнхэний нэр барьсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “хувь хүртсэн” улс төрчид маань онцгой комиссын гишүүдтэй хол ойроороо ялгарч, эрх баригчдын тойрон хүрээлэгчид нь ял завшиж сайд дарга болсон бол үлдэх цөөнх нь “сор залуулж” шоронд суусныг бид бүхэн харлаа. Гэгээн цагаан өдөр авлигын мөнгөө тэвэрч яваад гардуулсан эрхэм гишүүн маань ч шүүхээр орохгүй сураг алдарлаа.

Монголын шүүх гэм буруутай хэн бүхэнд ял завшуулахгүй байхын зэрэгцээ хэрэг хийгээгүй хэн бүхнийг хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэхгүй байх торгон ирнээсээ нэгэнт хольбирчээ.

V

Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг албан үүргийн дагуу гүйцэтгэж явсан жирийн төрийн албан хаагчид хууль зөрчиж хулгай хийгээгүй, хувьдаа хөрөнгө завшаагүй атлаа улс төрийн тэмцлийн хөлд үрэгдэн гэмт хэрэгтэн гэж яллуулан шоронд сууцгааж байна. Ингэхэд хэзээнээс төрийн бодлого, шийдвэрийг гэмт хэрэг гэж эрүүгийн шүүхээр ялладаг болчихов оо. Улс төрийн зорилготой өс хонзонгийнх нь хөлд ажил үүргээ нэр төртэй биелүүлсэн олон ч гэмгүй албан хаагчдын гэр бүл, эцэг эх, эхнэр хүүхдүүдийг нус нулимстай нь хутгаж, шар махтай нь хатаасаар байна. 

Монголын төрд зүтгэсэн тэдгээр олон арван төрийн албан хаагчид эрх баригчдыг дургүйг хүргэхээс айх айдас болон эрх биш шүүх үнэнээр шийднэ гэсэн горьдлогодоо хүлэгдэн үгээ хэлэхгүй чимээгүй итгэсээр номхон хонь шиг ээлжилж шүүхээр өрлүүллээ. 

Гэвч үнэнийг түр нуувч бүр нууж болохгүй тул сүнсээ худалдсан шүүх хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг эргэж хүртэх үйлийн үр нь эхэлж байх шиг байна.

Төгсгөл: Та анзаарсан уу?

Нийтээр урьдчилаад эчнээ яллуулчихсан гэмгүй төрийн албан хаагчдаа өнөөдөр өмөөрөх нь шуурга өөдөөс нулимах мэт хэцүү.

Монголын шилдэг сэхээтнүүдийг коминтернийн нөлөөлгөөр хоморголон цаазалсан ч бууны гохыг ногоон малгайт монгол хүн дарсанаас биш орос хүний хуруу байгаагүйг бүү мартаарай. Монголын эх орончид болон ногоон малгайтнууд урьд цагт байсан, одоо ч байгаа, цаашид ч төрсөөр л байх болно. Эрх биш иргэд маань хэрсүүжиж үнэн худал, зөв бурууг ялгаж, түүхээс суралцах ухаан суусан бизээ. 

Зүүн хойд ази, Төв ази, Зүүн Европын хамгийн том уудам эх газарт ардчиллын жижиг баян бүрд бий. Урд хөрш нь орлогогүй болгохоор айлган хаалгаа барьж, хойд хөрш нь гал хөс (эрчим хүч, нефть)-ийг нь тасалдуулахаар түгшээж байдаг мөнхийн айдастай “эдийн засгийн хараат ардчилал”-тай нэг улс бий. 

Үүнийг ухааран эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эх орончид өдгөө хаана дээлээ нөмөрч сууж байгааг харин Та бүхэн анзаарсан уу?!

Хуульч, өмгөөлөгч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top