x

Сонгууль 2021: Ноён бөх

Сонгууль 2021: Дугаар 4. Ноён бөх

/Фельетон/

Тээр жилийн даншиг наадамд манай нутгийн ноён зодоглохоор болов оо хөөрхий. Нэг ёсондоо ноёноо наадамд түрүүлүүлж бөхийн аварга болгох зорилгоор наадам зохион байгуулахаар боллоо. 

Манай ноён барилдах дуртай ч унах дургүй хөөн. Заримдаа унахаасаа айхдаа барилдахгүй гэж халган ухарч няцаад элэг бүсээ тайлж зугтчихаад хожим хойно хариуцлага хүлээсэн хэмээн хээвнэг гөрдөх нь энүүхэнд. Манай ноён бөхийн гараа дэвээ шаваа бол галтай сайхан, даанч муу барилддаг бөх. 

За ингээд нутаг хошуугаараа ноён бөхөө аварга болгох ажилдаа ард иргэд нь эрвийх дэрвийхээрээ гар бие оролцлоо.

Хамгийн түрүүнд ноёныг маань унагааж мэдэх бөхчүүдийг хэрхэн наадмаас хасах вэ гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд боллоо. 

Юуны өмнө ид ирэн дээрээ байгаа өнгөрсөн жилийн аваргыг яаж өвдөг шороодуулахаа удаан тооцоолов. Барилдаад ямар барах биш. Яс үзвэл манай ноён давахгүйгээр үл барам өмнөх аварга бөхийнхөө сүр барааг харахаар ноёны маань өвдөг нь чичирж сүнс сүлд нь зайлах шиг болдог. Ноён маань угаас нэр хүндэд дуртай ч яс барилдахаас халгаад байдаг гэмтэй бөх л дөө, ер нь эвгүй бөхтэй учраа таарвал барилдаад унахаас зугтахыг илүүд үздэг. Өмнөх аваргыг ихэд хүндэтгэн ахаа гээд дагаад гүйхээс биш түүнтэй дэвжээнд өрөх эр зориг манай ноёнд байхгүй. Ингээд нутаг нугаараа ярилцаж байгаад энэ жилийн наадмаас эхэлж нэг түрүүлсэн аварга дахин барилдахгүй байх тухай дүрмийг хүний олноор хүч түрээд зохиочихлоо. Бөхийн хөлийн Цэц ч дуун дээр дүрмийг ёсоор болгож өмнөх аварга ахин барилдахгүй гэж шийдээд бүртгэлээс хасчихлаа.

За дараа нь өмнөх наадмаар шуугиулсан “Босоо” хэмээх бөхийг барилдуулахгүй байх арга чарга хайлаа. Тэр нөхөр үгэнд орохгүй хэвтээд өгөхгүй чих хатуутай бас ч гэж барилдаан таарахгүй эвгүй. Ингээд Босоо хэмээх бөхийн нутаг хошууг өөртөө нэгтгэн ноён бөх маань өөрөө өмнөөс нь зодоглохоор болсоноор өрсөлдөгчгүй шахам наадам болох шинжтэй болоодхов. Босоо бөхийг албатаа болгосон хошууны ноён нь өөрөө хадаг яндар бариад манай хошуунд гүйгээд ирсэн учир цаашид нэг хошуу болж нэг бөхөө өмнөөсөө зодоглуулахаар боллоо. Хошуугаа худалдсан тэр ноён манай хошуунд дагаар орсоны харамжид зэрэг нэмж жинсээр шагнуулж, даашгүй их ембүү тэвэрсэн юм даг. Өнөөх Босоо хэмээх бөх зодог шуудгаа газар савчихаад өөр хошууны харьяат албат болсон гэж дуулдсан. 

Эцэст нь хэн гэдэг бөхөө зодоглуулахаа шийдэж чадахгүй хөрш хошууны 2 бөхийг шинжиж шинжсэний эцэст манай ноён таалсанаар урьд жил унагаад үзчихсэн бөхөө дахин амлахаар боллоо. 

Өнөөх амлуулсан бөх нь наадамд түрүүлэхээс илүүтэй ноён бөхөд тал засч хэвтээд өгөхөөр болсон нь манай хошууны ард олны сэтгэлд ихэд нийцэв. Барилдсан дүр эсгэж тахимаа өгөхөөр тохирсон хөрш хошууны бөх маань золгонгуутаа чихэнд нь "ахаа намайг бодоорой" гээд хувийн аминчхан зорилгоо шивнэж амжсаныг ноён бөх маань ёсоор болгохоор толгой дохив. Гол нь яс барилдаад ноён давсан мэт харагдах нь хэн хэндээ хал балгүйг аль аль нь ойлголцов. За тэгээд олон ч сайхан бөхийн өмнөөс өөрөө гүйж зодоглочихоод наадмын бэлтгэл муу гээд л барилдахгүй халгаад хэвтээд өгсөн дөө. Уул нь энэ хошуунаас сүүлийн 3 даншигт дараалан түрүүлсэн 2 ч аварга төрсөн сайхан түүхтэй ер нь бол бөхийн удам сайтай нутаг юм. 

Тэгтэл барилдаан таарахгүй нэгэн шинэхэн бөх толгойны өвчин боллоо. Наадамчин олон ч шинэ бөхийг дэмжинэ гэж найгүй. Өсөх ирээдүйтэй шинэ бөхийг элдэв өвчтэй гэж хажиглан цуурч ард олонд халдвар тараана гэж ухуулсаар наадмын бэлтгэлийг нь тасалдуулж орхилоо. Гал гарсан барилдаан гарахгүйг гадарласан ард олны дургүйцэл сэтгэл зовоох боллоо. Зарим нь ч би энэ наадмыг үзэхгүй ээ гээд хаяад явлаа. 

Ард иргэд нь харах юмтай, хариад ярих юмтай наадам үзмээр байвч ноён бөхийг унагах бөхчүүдийг толгой дараалан хасахыг хасч, үгсэхийг үгсэж, хажиглахыг хажигласнаар энэ наадам урьдаас дэглэсэн ший жүжиг болох нь баригдлаа. Эрх биш нэг барилдсан дүр үзүүлэн ноён бөхөө нэр бүтэн түрүүлүүлж аварга болгохгүй бол нутаг усны нэр хугарах гээд байдаг яалтай билээ. Бөхийн удам сайтай хошуунаас амласан бөхөө гал гартал хаясан дүр үзүүлэхгүй бол болохгүй дэг. 

Манай ноён бөх халз барилдаанаас халгана гэж найгүй тул өрсөлдөгч бөхдөө элдэв өвчин тахлын нэр зүүлгээд халз барилдаанаас зугтаачихна. Угаас үе үе зугтаадаг гэмтэй хойно одоо яалтай ч билээ. 

Болоогүй наадамд түрүүлэх нь тодорхой ноёноо долдой нар нь тойрч бүчиж долоох завсар зай үлдсэнгүй хөөрхий. Хөлсийг нь долоодог сайхан уламжлал хаачихав дээ.

Ноён бөх маань өөрөө нууцаар бүтэн жил бэлтгэл хийсэн юм. Даншигийн шинэ дүрмээр наадам тулгаж байгаад хошуунаас төлөөлж барилдах бөхөө сонгодог болгосон тул барилдана гэж огт тооцоогүй бөхийн галд гарч амжаагүй бөхчүүдийг баруун солгойгүй савчихаад аварга болохоор тооцсон хэрэг. Ядарсан иргэд нь битүүхэндээ харцын бөх түрүүлж болохгүй бол наадам хийгээд яадаг юм гэх зэргээр дотроо дэмий л бухимдана. Ард олон гал гарсан сайхан наадам үзэхийг хүсдэг байтал энэ удаа ноёноо яаж түрүүлүүлэх вэ гэдэг наадам хийж орхивоо хөөрхий. Ноён маань засуултайгаа, цэцтэйгээ, долдой түшмэд долоогчидтойгоо хамт зүлэг ногоонд хамт гарч барилдсанаар нөгөөдүүл нь ноёноо хазайхад нь түшсэн, тулсан, бөөнөөр хуйларсан хөгийн барилдаан болж инээдэм ханиадам болж дууссан юмдаг.

Гэснээс бөх ноёнтон маань түрүүлсэн үү гэж үү? Хэн түрүүлсэнийг наадамчин олон шийдэхээр болсоон хө. 

Тээр жилийн наадмаа гэж ... 

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top