x

ХЭМНЭЛТ: АРДЧИЛАЛ, ТУСГААР ТОГТНОЛ, СЭРГЭЛТ

Л.Оюун-Эрдэнийн оруулж ирсэн төсвийн тодотголын төсөл УИХ-ын гишүүдийн уурыг хөдөлгөлөө. Зурагтаар гарсан нь л тэд болохоос зурагт үзээд уурласан дарга зөндөө. Төсвөө тануулах дарга байтугай, танах төсвийн утгыг сонссон иргэдийн эгдүү хүрэв.

Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан төсвийн тодотголыг сонсож суухад гуч гаран жилийн тэрээх Ардчилсан хувьсгалын уриа лоозонгууд санаанд оров. “Хүнд суртлын аппаратыг устгая”, “Тусгай хангамжийг халъя”, “Зээлийн социализмыг халъя”, “Айвал бүү хий, хийвэл бүү ай”, “Шинэ цаг ирлээ, сэрцгээе”, “Ардчилал бидний зорилт”, “Монголчууд аа, мориндоо”...

“Хүнд суртлын аппаратыг устгая”: Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох; Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох; Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Бид өнөөдөр гучин жилийн тэртээ гуд татаж буулгасан коммунистуудаасаа ялгагдахаа больжээ. “Дарга” гэдэг тусгай давхрага төсвөөр тэжээгдэж байна. Эдэлдэг эрх ямба нь Улс Төрийн товчооныхтой зүйрлэх ч юм биш. Улс Төрийн товчоо басчиг орон тооны хязгаартай байлаа. Өнөөдөр дарга тушаал гаргаад л төрөл сандангаараа төрийн албыг өргөжүүлдэг болж. “Хүнд суртлын аппаратыг устгая”. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ.

“Тусгай хангамжийг халъя”: Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох; Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Япончуудтай уулзах тоолондоо мөнгө гуйх атлаа тэднийг атаархтал Тоёото жийпийг нь унах юм. Төрсөн нутгийнхаа ойгоор төсвийн мөнгийг боорцог шиг цацах энүүхэнд. Хүүхэд хүртэл хэмнэж гамнаад “дата”-гаа авдаг байтал дарга утасныхаа мөнгийг биднээр төлүүлдэг байж. Татвар, нийгмийн даатгалынхан дүрэмт хувцас өмсчихөөд боломж гарах тоолонд иргэдийг өмнөө ёслуулдаг соёл нэгэнт тогтсон. “Тусгай хангамжийг халъя”. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. 

“Зээлийн социализмыг халъя”: Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно. Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтлана.

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Гучаад жилийн тэртээ болж бүтэхгүйгээ бодитоор харуулаад дампуурсан төрийн өмчит үйлдвэрийн газар гээчийг өнгөрсөн хугацаанд бид өч төчнөөнийг дахиад л байгуулчихаж. Тэрбум тэрбумын алдагдалтай ч тэнд очсон дарга нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр зузаатгадаг төрийн өмчийн компани гээч хатигийг хагалах цаг иржээ. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. “Зээлийн социализмыг халъя”.

“Шинэ цаг ирлээ, сэрцгээе”: Нэг ухраад эргэн довтолж буй Путин дипломат арга замаар дайныг эцэслэх бүх хувилбарыг үл хэрэгссэн тухай Financial times бичжээ. Одоо land grab strategy буюу цэргийн хүчээр Украины газар нутгийг булаах стратегит шилжсэн гэнэ. АНУ-ын Конгресс Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022 хөтөлбөр батласан. Үүгээр Украины Засгийн газарт батлан хамгаалах, цэрэг армийн зориулалттай зэвсэг техник хэрэгсэл нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийх нэмэлт эрх мэдлийг Америкийн ерөнхийлөгчид олгожээ. Сенат нь хэдийн баталчихсан, Төлөөлөгчдийн танхим нь дэмжиж ерөнхийлөгч нь гарын үсэг зурвал бүрэн утгаараа хэрэгжинэ. 2022 оны дөрөвдүгээр сарын 24-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Украины ерөнхийлөгчтэй уулзлаа. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Дэлхийн геополитикт шинэ нөхцөл байдал тулаад ирчихлээ. Умард хөрш бараг биднээс бусадтай нь “байлдаж” байна. Өмнөд хөрш коронагийн эсрэг стратеги, үзэл суртал хоёртоо түүртээд хаалгаа янги түгжчихлээ. Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс Монгол бүхий л амьдралаа “Дайны цагийн байдал”-д шилжүүлэхийн хамт “Хэмнэлтийн бодлого”-ыг салбар бүхэнд зарласан юм. Тухайн үед ЗХУ-аас ирэх үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл хорогдсон ч бид сөхрөөгүй. 1940 онд аж үйлдвэрийн салбарт нийт 33.1 мянган хүн ажиллаж байсан бол 1944 онд 45.5 мянга хүрч өссөн. Дайны жилүүдэд улсын үйлдвэрийн бүтээгдэхүүн 2 дахин, хоршооллын бүтээгдэхүүн 1.7 дахин нэмэгдсэн юм. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. “Шинэ цаг ирлээ, сэрцгээе”. 

“Ардчилал бидний зорилт”: Өнгөрөгч гуч гаран жилд бид ардчиллаас ухарсан нь нэгээхэн ч үгүй. Авчиг посткоммунист орнуудад тохиолдсон клиентелизм гэдэг хүнд өвчин тусаад билгийн мэлмий сохорчихож. Харьцангуй таатай байсан дэлхийн “цаг агаар” бидний архаг өвчнийг ужигруулжээ. Хоёр хөршийнхөө царайг харах байтугай гурав дахийг нь ч олж үзэхэд хэцүү цаг ирлээ. 

Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. Энэ гаргийг айлгаж чаддаг, бас боомилж ч дөнгөдөг аварга хоёр хөрштэй Монголд ардчилал, парламентийн засаглалаас өөр аврал үгүйг алхам алхмаар бид ойлгож эхэллээ. Аминдаа арчаатай явахгүй бол айл амьтны тоглоом ч болж мэднэ. Анх ярьсандаа л байцгаая, та минь ээ. “Ардчилал бидний зорилт”. 

“Айвал бүү хий, хийвэл бүү ай”: Л.Оюун-Эрдэнэ УИХ-д төслөө танилцуулаад “Дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна. Та бүхнээс Монгол Улсын төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэж үгээ төгсгөв. Төрийн албаны орон тоог цөөлөх, төсвийн зардлыг хэмнэх "тодотгол"-ын үнийн дүн өнөөдөр жул сонстох ч ирэх жилүүдэд хэчнээн төгрөг хэмнэхийг тооцож үзэх ёстой. Төрийн зардлыг бууруулах зоримог энэ алхам соёл болж хэвших учиртай. Шинэ сэргэлтийн бодлого эндээс эхлэнэ. Анх ярьсандаа л байцгаая, та минь. “Айвал бүү хий, хийвэл бүү ай”.

ЖИЧ: Л.Оюун-Эрдэнийн төсвийн тодотголын төслийг дэмжих гурван шалтгаан байна. Нэгд, Монголын аврал-ардчиллыг бэхжүүлэх; хоёрт, Данхар төрийг цэгцлэх; гуравт, Дэлхийн геополитикийн өнөөгийн нөхцөлтэй уялдах.

"Монголчууд аа, мориндоо"

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top