x

Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө

Элон Маск, Вивэйн Рамасвами

АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ШИНЭЧЛЭХ ЭЛОН МАСКИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Засгийн газрын үр ашигтай ажиллагаа хариуцсан газрыг удирдан ажиллахыг Элон Маск (бүгд танина), Вивэйн Рамасвами (бизнисмэн, тэрбумтан) нараас сая сонгогдсон Ерөнхийлөгч Трамп хүсчээ. Хоёр том бизнисмэн саяхан Воол стрит жорнал-д хэрхэн өөрчлөлт шинэчлэл хийх гэж байгаагаа танилцуулсныг орчууллаа. Тэдний зорилго нь нэгэнт данхайн томорсон АНУ-ын төрийн зохион байгуулалтыг цомхотгон, асар их үр ашиггүй зардлыг танаж, хүнд суртлыг байхгүй болгох юм байна. Мэдээж Америкийн төрийн зардал бусад орнуудтай харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүндээ эзлэх хувь харьцангуй бага. Улайм цайм илэрхий авилга, хулгай, шамшигдуулал ч хязгаартай байж таарна. Ардчилсан орон, дээр нь тогтворжсон нийгэм, хяналт шалгалт хатуу... гэхдээ л нэг мэдсэн Төр нь данхайжин томорчээ. Америкийн капиталист нийгэм мэдээж маш их алдаа эндэгдэл гаргадаг, гэхдээ социализм, коммунизм, популизмыг тугаа болгон мандуулсан хагас ба бүтэн дарангуйллын орнуудаас ялгаатай нь эндсэн алдаагаа алхам тутамдаа засаж, улам төгс болгох замыг сонгодог.

Сонгуулиар бидний сонгосон хүмүүс л төрийг удирдана гэсэн үндсэн санаан дээр манай улс байгуулагдсан билээ. Гэтэл өнөөдөр Америк улс ингэж ажиллаж чадахгүй болжээ. Ихэнх хууль эрх зүйн акт парламентаас баталсан хууль биш, харин сонгогдоогүй хүнд сурталтны гаргасан "дүрэм журам" бөгөөд иймэрхүү акт жил бүр хэдэн арван мянгаараа үйлдвэрлэгддэг. Засгийн газрын хэрэгжүүлэлтийн ихэнх шийдвэр, өөрийн үзэмжээр зарцуулсан зардлыг ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч, тэр байтугай түүний улс төрийн томилогдсон хүмүүс биш, харин халагдахаас хамгаалагдсан гэж өөрсдийгөө үздэг төрийн байгууллагуудын сонгогдоогүй, томилогдоогүй сая сая төрийн албан хаагчид дур мэдэн гаргадаг. Энэ нь ардчилсан зарчмын эсрэг үзэгдэл бөгөөд манай улсыг үүсгэн байгуулагчдын үзэл бодолтой харшлаж байна. Энэ нь татвар төлөгчдөд шууд болон шууд бусаар асар их зардал үүсгэдэг. Аз болоход энэ асуудлыг шийдвэрлэх түүхэн боломж одоо бидэнд байна. Сонгогчид энэ 11-р сарын 5-нд Дональд Трампыг эрс өөрчлөлт хийх бүрэн эрхээр шийдэмгий сонгосон учир тэд үүнийгээ хүртэх эрхтэй.

Америкийн Засгийн газрыг цомхотгохын тулд шинээр байгуулагдах Төрийн үр ашигтай байдлын газрыг (Department of Government Efficiency, DOGE)-ыг удирдан ажиллахыг бид хоёроос Ерөнхийлөгч Трамп хүссэн юм. Нэгэнт бүрэлдэн тогтсон төдийгүй байнга өсөн тэлж байдаг хүнд суртал нь манай улсын оршин тогтнолд аюул заналхийлж байсаар байтал улстөрчид үүнийг удаан хугацаанд хөхиүлэн дэмжсээр ирсэн. Бид хоёр улс төрчид биш, бизнес эрхлэгчид учир хувийн хэвшил шал өөрөөр ажилладаг. Бид төрийн албан тушаалтан, ажилтан биш, гадна талаас албан ёсны статусгүй ажилтнуудын хувиар ажиллах болно. Засгийн газрын комисс, зөвлөх хорооноос ялгаатай нь бид зүгээр нэг тайлан бичиж, тууз хайчлахгүй. Бид зардал л бууруулна.

Бид Трампын Засгийн газрын эрх хүлээн авахад туслахын тулд шаламгай дайчдаас бүрдсэн цомхон даруухан баг бүрдүүлж байна., Америк дахь техник, хууль эрх зүйн сор болсон ухаалаг хүмүүсийг багтаа авч байгаа.. Манай баг Цагаан ордны удирдлага болон төсвийн албадтай нягт хамтран ажиллах болно. Бид хоёр DOGE-д үндсэн гурван шинэчлэл хийхийн тулд алхам болгонд нь зөвлөлгөө өгөх болно. Энэ гурван реформ нь хэрэгцээгүй дүрэм журмуудыг хүчингүй болгох, засаг захиргааг цомхотгох, зардал хэмнэх. Бид шинэ хууль батлахаас илүүтэй одоогийн хууль тогтоомжид тулгуурлан гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд өөрчлөлт хийхэд онцгойлон анхаарна. Манай шинэчлэлийн зүг заах алтан гадас нь АНУ-ын Үндсэн хууль байх болно. Мөн Ерөнхийлөгч Байдены албан тушаал хашиж байх үеийн Дээд шүүхийн хоёр чухал шийдвэрийг онцолж байна. Баруун Виржиниагийн эсрэг Байгаль орчныг хамгаалах агентлагийн гаргасан заргын талаар (2022) Дээд шүүх шийдвэрлэхдээ парламент тусгайлан зөвшөөрөөгүй тохиолдолд төрийн байгууллагууд эдийн засаг, улс төрийн чухал асуудлаар зохицуулалт хийж болохгүй гэсэн. Мөн Лопэр Брайтын эсрэг Раймондогийн гаргасан маргааны асуудлаар (2024) Дээд шүүхээс Төрийн агентлагуудын зохицуулалтын эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газраас байгаль орчин, эрүүл мэнд, ажлын байр зэрэг салбарт зохицуулалт хийх боломжийг зогсоох шийдвэр гаргасан. Эдгээр тохиолдлуудыг нэгтгэж үзвэл, одоогийн Төрийн олон зохицуулалт нь парламентаас хуулиар олгосон эрх мэдлээс давж байгааг харуулж байна.

DOGE нь хууль эрх зүйн мэргэжилтнүүдтэй хамтран төрийн байгууллагуудад (яам, агентлаг, газар, хороо, төрийн өмчит компаниуд, элдэв тамгын газар г.м.) нэгдсэн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан бүхий л дүрэм журамд зохицуулалт хэрэгжүүлэх болно. DOGE нь энэхүү дүрмийн жагсаалтыг Ерөнхийлөгч Трампад өргөн мэдүүлэх бөгөөд тэрээр өөрийн гүйцэтгэх засаглалынхаа тусламжтайгаар эдгээр дур зоргын дүрмийн хэрэгжилтийг нэн даруй түдгэлзүүлж, тэдгээрийг хүчингүй болгох үйл явцыг эхлүүлэх болно. Энэ нь парламентаас хэзээ ч батлагдаагүй хууль бус зохицуулалтаас хүмүүс болон бизнесийг чөлөөлж, АНУ-ын эдийн засгийг эрчимжүүлэх болно. 

Ерөнхийлөгч ийм олон мянган дүрмийг буцаах үед мэдээж хэрэг шүүмжлэгчид “гүйцэтгэх засаглал арай хэтэрч байна” гэх маргаан дэгдээх байх. Үнэн хэрэгтээ энэ нь парламентаар хэзээ ч батлагдаагүй, ердөө гүйцэтгэх тушаалаар бий болсон олон мянган журмуудаар дамжуулсан гүйцэтгэх засаглалын хэт нөлөөг засах гэж байгаа хэрэг юм. Төрийн агентлагуудын гүнд нуугдсан хүнд сурталтнууд биш, гагцхүү парламент л хууль тогтоох эрх үүрэгтэй. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг ашиглан хууль тогтоох үйл явцыг халах зорилгоор шинэ дүрэм журам нэмж оруулах нь үндсэн хуулийг басамжилсан мэт харагдаж болох ч, парламентийг буруу аргаар тойрч гарсан зохицуулалтыг хүчингүй болгоход гүйцэтгэх эрх мэдлийг ашиглах нь хууль ёсны бөгөөд, Дээд шүүхийн дээр дурдсан шийдвэрүүдийг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Эдгээр зохицуулалтыг бүрэн хүчингүй болгосны дараа ирээдүйн ерөнхийлөгч зүгээр л унтраалга дарагч биш, харин үүнийгээ хуульчлахыг парламетаас хүсэх хэрэгтэй болно.

Төрийн гэгдэх дүрэм журмыг эрс цөөлснөөр хүнд суртлын албанд ажиллаж буй олон хүн чөлөөлөгдөх ч энэ нь дараагийн оновчтой арга хэмжээ авах бололцоо бий болгодог. DOGE нь үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн, хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хамгийн цөөн ажилтны тоог тогтоохын тулд төрийн албанд томилогдсон хүмүүстэй хамтран ажиллахыг зорьж байна. Цомхотголд хамрагдсан төрийн албан хаагчдын тоо нь хүчингүй болсон дүрэм журам, актын тоо хэмжээтэй дор хаяхад харгалзсан байна. Зөвхөн цөөн тооны албан хаагч цөөн тооны дүрэм журмыг хэрэгжүүлэхээс гадна төрийн байгууллага нь эрх мэдлийн хүрээг зохих ёсоор тохируулсны дараа цөөн тооны журам гаргах болно. Албан тушаалаасаа хасагдаж байгаа ажилтан нарт хүндэтгэлтэй хандах ёстой бөгөөд DOGE-ийн зорилго нь тэднийг хувийн хэвшилд шилжихэд нь туслах явдал юм. Ерөнхийлөгч одоо мөрдөж буй хуулиудыг ашиглан тэднийг эрт тэтгэвэрт гарахад нь урамшуулах, сайн дурын үндсэн дээр ажлаас халагдсаны тэтгэмж олгож, тэтгэвэрт гарахад хялбар болгох боломжтой.

Одоо мөрдөж буй төрийн албаны хуулиар ерөнхийлөгч, тэр байтугай түүний улс төрийн томилогдсон хүмүүс төрийн ажилтныг ажлаас нь халахыг хориглодог гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэ хамгаалалтын зорилго нь улс төрийн шалтгаанаар төрийн ажилтнаас өшөө авахаас сэргийлж буй хэрэг. Гэхдээ хуулиар цомхотгол хийхийг зөвшөөрдөг, хариналь ч тодорхой ажилтныг тухайлан онилдоггүй. Түүнчлэн уг хуульд “өрсөлдөөнт албыг зохицуулах дүрэм журам гаргах” эрхийг ерөнхийлөгчид олгодог. Энэ эрх мэдэл өргөн хүрээтэй. Өмнөх ерөнхийлөгч нар ч Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн албаны дүрэмд өөрчлөлт оруулахдаа үүнийг ашиглаж байсан.Франклины эсрэг Массачусетсийн (1992) болон Коллинзын эсрэг Еллэний (2021) гаргасан заргын асуудлаар Дээд шүүхээс“Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар алив хязгаар тавиагүй” гэж үзсэн. Ийм эрх мэдэлтэй тул Трамп гуай томоохон хэмжээний цомхотголоос эхлээд төрийн байгууллагуудыг Вашингтоноос нүүлгэн шилжүүлэх хүртэл засаг захиргааны хэт өсөлтийг бууруулах "өрсөлдөөнт үйлчилгээг зохицуулах дүрэм"-ийг хэрэгжүүлэх боломжтой. Төрийн ажилтныг долоо хоногийн таван өдөр офистоо заавал ирж ажиллахыг шаардаг журмыг бид сайшааж байна. Ковидын үеийнх шиг төрийн албан хаагч дуртай үедээ ажилдаа ирэлгүй гэртээ өнжих онцгой эрхтэй бол Америкийн татвар төлөгчид тэдний давуу эрхийг зөвшөөрөн мөнгө төлөх ёсгүй. 

Эцэст нь бид хуримтлалыг татвар төлөгчдөд хүргэхэд анхаарч байна. Зөвхөн гүйцэтгэх засаглалаар дамжуулан DOGE төрийн зардлыг хэр их хэмжээгээр хязгаарлаж чадах вэ гэдэгт эргэлзэгчид бий. Тэд 1974 оны Барьцаанд хяналт тавих тухай хуулийг онцолж байгаа бөгөөд энэ нь Ерөнхийлөгч парламетаас зөвшөөрөгдсөн зардлыг танахыг хориглодог. Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн гэж Трамп өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд одоогийн Дээд шүүх энэ асуудлаар түүний талд байх болно гэж бодож байна. Гэсэн хэдий ч энэ үзэл бодлоос үл хамаараад DOGE нь парламентаас зөвшөөрөл аваагүй, эсвэл тэндээс хэзээ ч төлөвлөөгүй атал зарцуулдаг 500 тэрбум доллар, үүний дотор жил бүр Олон нийтийн өргөн нэвтрүүлэгт зориулж өгдөг 535 сая доллар, олон улсын байгууллагуудад өгдөг буцалтгүй тусламжийн 1.5 тэрбум доллар,нөхөн үржихүйн боловсролд зориулж төрийн бус байгууллагад өгдөг 300 сая доллар зэргийг ч эргэж харах болно.

Засгийн газрын захиалгат худалдан авалт ноцтой эвдэрсэн. Төрийн зөндөө гэрээг олон жилийн турш хянаж үзээгүй. Төлбөр гүйцэтгэх явцын дунд түр зогсоогоод өргөн хүрээтэй аудитын шалгалт хийдэг байсан бол мөн ч их хэмнэлт гарах байлаа. Саяхан Пентагон долоо дахь удаагаа аудит хийх гээд бүтэлгүйтсэн. Жилийн 800 тэрбум долларын төсвөө энэ яам хэрхэн зарцуулж байгаа талаараа тун тааруу ойлголттой байгааг л харуулж байна. Төрийн илэрхий алдагдалтай төслийг даруй шууд хаачиж чаддаггүй гэсэн шүүмжлэл байнга гардаг. Парламентаас зайлшгүй танах шаардлагатай байгааMedicare (65-аас дээш насны хүмүүст зориулсан төрийн эрүүл мэндийн даатгал) болон Medicaid (орлого нь хязгаарлагдмал хүмүүсийг эрүүл мэндийн даатгалд хамруулах төрийн хөтөлбөр) зэрэг хөтөлбөрүүдийг зөв чиглүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг барагдуулах боломжгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. Гэтэл үрэлгэн байдал, луйвар, шамшигдуулал ардаа нуусан эдгээр хөтөлбөрийг даруй цуцлахыг татвар төлөгч нар бүгд шаардаж байна.DOGE нь хөтөлбөрийн гүйцэтгэх ажиллагааг нарийвчилж судлан тодорхойлсноор татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх арга хэмжээ авахаар эрмэлзэж байна.

Сонгуулиар олонх болчихлоо, Дээд шүүхэд манай тал 3-6 харьцаагаар илүүрхэж байна, ийм болохоор DOGE Засгийн газрын бүтцийг өөрчлөн цомхотгох түүхэн бололцоо гарлаа гэсэн үг. Бид Вашингтоны зүгээс үзүүлэх ашиг сонирхолын эсэргүүцлийг даван туулахад бэлэн байна. Бид ялна л гэж бодож байна. Одоо л шийдэмгий алхам зориглож хийдэг цаг. Бидний төлөвлөсөн ёсоор 2026 оны долдугаарын сарын 4 гэхэд манай төсөл биелж дуусна, DOGE ч байхгүй болно. Америк улсыг байгуулсан бидний өвөг дээдсийн бахалхал болсон энэхүү Засгийн газрын бүтцийг сэргээх нь манай улс байгуулагдсаны 250 жилийн ойд барих үүнээс том бэлэг гэж байх уу даа!

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top