x

Америкийн банкууд Монголын банкуудыг хавчиж эхэлжээ

Монголын банкуудын гадаад төлбөр тооцоонд хүндрэл учирч, байнгын шалгалтан дунд амьдарч байна. Учир нь Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээ доогуур гарсантай холбоотойгоор Америкийн банкууд Монголын банкуудтай төлбөр, тооцоо хийхдээ өндөр шаардлага тавьж эхэлжээ. Тийм учраас Америкийн банкууд руу манай банкууд төлбөр, тооцоо хийхэд цаг хугацааны хувьд нэлээд бэрхшээлтэй тулгарч байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл, хүлээн авагч буюу Америкийн банкууд тухайн гүйлгээний талаар маш их тодруулга авах, зарим гүйлгээг нэг cap хүртэлх хугацаагаар удаашруулж, шалгах зэрэг асуудал гарч байгаа аж. Тэр ч бүү хэл Европын банкууд, бусад улсын банкууд адилхан арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй бөгөөд Монголын эдийн засагт нэлээд хүндрэл үүсэх магадлалтай юм.

Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэн “Банк харилцагчаа таньж мэдэх ёстой гэдэг шалгуур мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуулинд бий. Үүний дагуу банк тухайн гүйлгээг ямар зорилгоор хийж байна вэ гэдгийг мэдэж байх ёстой. Одоогоор Монголын банкуудад энэ мэдээлэл бүрэн алга байна. Тийм учраас шаардлагатай мэдээллийг харилцагчаасаа нэмж тодруулж байгаа. Энэ нь цаг хугацаа их шаарддаг. Тухайлбал, зарим нэг гүйлгээтэй холбоотой гэрээ, хэлцлийн эх хувийг шаардах, харилцагчийн хувьд гэрээний хувь нь тэр бүр бэлэн бус байх, байлаа гэхэд түргэн шуурхай гаргаж өгөхөөс цааргалах зэрэг хүндрэлүүд байна.

Эхнээсээ бэрхшээлүүд гарч эхэлсэн. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гаднаас янз бүрийн мөнгөн шилжүүлэг хүлээж авах зэрэг асуудалд тодорхой хүндрэл үүсэж, энэ нь хувь хүмүүст ч бас мэдрэгдээд эхэлсэн. Өмнө нь зүгээр л төлбөр төлдөг байсан бол одоо “Энэ ямар учиртай төлбөр юм, ямар гэрээ контракт байгуулсан юм” гээд олон зүйлийг шаардах болсон. Үүнтэй холбоотойгоор цаг хугацаа их шаардагдаж байна. Дагаад гадаад төлбөр, тооцоон дээр нэмэлт зардлууд их гарч байгаад банкууд санаа зовж байгаа” гэсэн юм. 

Сүүлийн үед Америкийн банкууд мөнгө угаахтай холбоотой асуудлаар өндөр хэмжээний торгуулийг олон удаа авсан учраас эрсдэлд маш эмзэг хандаж байгаа нь дээрх нөхцөл байдлыг үүсгэжээ. Тухайн улсыг ямар нэгэн байдлаар эрсдэлд оруулах зүйл гарвал шууд л тэр эрсдэлийг байхгүй болгох арга хэмжээ авч байгаа гэнэ. Бусад улс орнууд үүнийг дагахгүй гэх баталгаа ч байхгүй. Тиймээс Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хар, саарал жагсаалтын гадна үлдвэл дээрх нөхцөл байдал арилах учиртай.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын байнгын хорооны хурлын үеэр Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах гурван үндсэн шалтгааныг онцолсон юм. Тэрбээр

Нэгдүгээрт, Хойд Солонгосын иргэд Монголд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ мөнгө Хойд Солонгост тодорхой төсөл хөтөлбөрүүд санхүүжилт болж очиж байна. Үүнийгээ тайлбарлаж өг гэж байна.

Хоёрдугаарт, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гарч ирсэн. Энэ бол тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1.5 дахин их хэмжээтэй хөрөнгө. Ийм их хэмжээний мөнгө гарч ирж байна гэдэг нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна үүнийгээ зас гэсэн сануулга өгч байгаа юм.

Гуравдугаарт, Монголд 540 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 2,000 гаруй хадгаламж зээлийн хоршоо байна. Энэ бүхэнд хяналт тавьдаг газар байхгүй байна. Ийм гурван шалтгаанаар бидний хар жагсаалт руу оруулах боломжтой байна гэдэг зүйлийг хэлж байна. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлаа хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулж ажиллаж байна. Бидэнд 2019 оны есдүгээр cap хүртэл хугацаа олгож, тайлангаа олон улсын байгууллагад хүргүүлэх ёстой” гэж байр сууриа илэрхийлж байв.

Монгол Улс хар, саарал жагсаалт руу гулсаж орвол зөвхөн санхүүгийн салбараар зогсохгүй улс төр, нийгмийн байдал ч тогтворгүй болох эрсдэлтэйг энэ жагсаалтад орсон орнуудын жишээнээс харж болно. Тухайлбал, Шри Ланка улсыг өнгөрсөн аравдугаар сард FATF Хар саарал жагсаалтдаа оруулжээ. Түүнчлэн Европын холбооноос Арабын Нэгдсэн Эмират, Бермуда тэргүүтэй Самоа, Аруба, Барбадос, Белиз, Бермуд, Доминика, Фижи, Гуам, Маршаллын арлууд, Оман, Самоа, Тринидад болон Тобаго гэсэн Виржиний арлуудыг энэ жилийн хар жагсаалтдаа багтаагаад байгаа юм.

Ингэснээр дээрх улсууд Европын холбооны Хар жагсаалтад автоматаар орж, улмаар доллароос гадна еврогийн гүйлгээ хийх боломж хумигдаад байна. АНУ 2008 оноос хуулиа чангалснаар сэжигтэй гүйлгээ хийсэн банкуудыг торгох болсон. Тиймээс энэ мэт эрсдэл Монгол Улсад хүндээр тусч эхэллээ. Гэхдээ байдал тийм ч дордчихоогүй байна.

"Хар жагсаалтанд орсон Иран, Умард Солонгос улс руу гүйлгээ хийхгүй байх нь өлзийтэй"

Монгол Улс FATF-ийн төрлийн байгууллага болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн шаардлагуудыг биелүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд хичээн ажиллаж байгаа. Манай улсыг тус байгууллагаас “өндөр эрсдэлтэй” гэж үнэлсэн бөгөөд саарал жагсаалтад орох эсэхийг 2019 оны аравдугаар сард шийдэхээр болсон. Зөвлөмжийн хүрээнд арилжааны банкууд нь үйлчилгээ үзүүлэхийн өмнө, харилцагчаас тодорхой мэдээллийг гаргуулж авах, цаашид мэдээллийг тогтмол шинэчлэх байдлаар харилцагчаа бүрэн таньж мэдэх үүрэг хүлээдэг.

Ингэх нь харилцагчийн орлого, мөнгөн хөрөнгө нь хууль ёсны бөгөөд аливаа гэмт хэргийн улмаас олсон мөнгийг угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрмэлзэлгүй болохыг баталгаажуулах зорилготой юм. Энэ талаарх эхний тайлангаа өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд дээрх байгууллагад илгээсэн байна. 

Есдүгээр сард үр дүнтэй байдлын тайлангаа гаргаж өгөхөөр, бэлтгэл ажил хийж байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. Энэ хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа шинэчилж, 8-9 хуульд дагалдаж өөрчлөлт оруулжээ.

Энэ талаар Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар “Санхүүгийн зах зээл буюу банкнаас бусад салбарт мөнгө угаах эрсдэл олон улсын туршлагаас харахад өндөр байна.Бохир аргаар их хэмжээний бэлэн мөнгөтэй болсон хүмүүс мөнгөө ББСБ-аар дамжуулан угаах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, валют болгон солих эрсдэлтэй байна. Даатгалын салбар, үнэт цаасны компаниуд ч энэ эрсдэл дунд байгаа тул хэрэглэгчээ таних нь маш чухал үйл явц. Хар жагсаалтад орж, олон улсын хоригт багтсан Иран, Умард Солонгос улс руу гүйлгээ хийхгүй байх ёстойгоо мэдэж байх шаардлагатай” гэсэн юм.

Ямартай ч бидэнд долоон сарын хугацаа байна. Энэ хугацаанд хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтоо ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, хэрэв уг ажиллагаагаар гуравдагч этгээдээр хийлгэсэн бол түүнд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт зэрэг зохицуулалтыг холбогдох хуулийн төсөлдөө тусгаж чадсан байвал жагсаалтаас гарна.

Өөрөөр хэлбэл дээрх шаардлагыг хангаж байж ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсвэл “Зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг саарал жагсаалт”-аас мултарснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай, аюулгүй орноор дэлхий нийтэд зарлагдах төдийгүй тогтолцооны хувьд хамгаалалттай болж байна гэсэн үг. Монголын хууль “Гурван хоногийн настай” гэдэгчлэн амьдрал дээр түрүүнд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хэрэгжихгүй байвал хар, саарал жагсаалтад орох эрсдэлээс ангижрах нь битгий хэл гулсаж орох нь ойлгомжтой. Тиймээс юун түрүүнд хуулиа хэрэгжүүлэх нь чухал байна.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top