x

Д.Баярмагнай: Хэрэг шалгаж байхад нотлох баримтыг урьдчилж дэлгэх нь хуульд нийцэхгүй

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудал өнгөрсөн долоо хоногт, улс төрийн хүрээнд нэлээн шуугиан тарьсан. Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнайг тус бичлэгтэй холбогдуулан Хууль зүйн сайд Ц. Нямдорж буруутгаад авсан. Түүний яриаг хүргэж байна.

-Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нууцаас гарсан гэх бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүлж мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлдээ таныг энэ хэрэгт бас хамаатай гэсэн. Та С.Зоригийн хэрэгт ямар хамааралтай вэ?

-Энэ үндэслэлгүй. Буруу ташаа ойлгосон байх магадлалтай. Би 2016 оны арванхоёрдугаар сарын 29- ний өдөр энэ албан тушаалд томилогдсон. С.Зориг агсны хэрэг гурван шатны шүүхээр ороод, шийдвэрлэгдсэн байсан. Хэргийн шүүхийн шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ хэрэгт хяналтын прокуророор ч юм уу, ажлын хэсэгт орж ажиллаж байсан түүх надад байхгүй. Тухайн үед энэ хэрэг Нийслэлийн Ерөнхий прокурорын хяналтанд байсан. Хэргийн хавтаснуудыг ч эргүүлж үзээгүй, хэдэн хавтас хэрэг байдаг гэдгийг ч бүү мэд. Бүүр ажлын хэсэгт ямар хүмүүс байдгийг ч мэдэхгүй. Угаасаа нууцлалын зэрэгтэй байсан хэрэг. Үзэх боломжгүй. Миний нэрийг андуурч хэлсэн байхыг үгүйсгэхгүй.

-Бичлэгт гарснаар хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гарсан. Т.Чимгээгийн өрөөнд шөнийн 00 цаг өнгөрсөн байхад цээж нүцгэн Ц.Амгаланбаатар гэгч этгээдийг оруулж дарамтлуулж байгаа нь хүний эрхийг зөрчсөн. 23:00 цагт ямар ч ялтан унтаж байх ёстой юм байна?

-Энэ нь хүний эрх зөрчиж байгаа асуудал мөн. Таны хэлж байгаагаар гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл. Үүнтэй хатуу тэмцэнэ. Тэр ч утгаараа энэ хэрэг дээр Нийслэлийн Ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгээд шалгаж байгаа асуудал. Би тэр бичлэгийг үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Та сая шалгагдаж байгаа хэрэг гэж хэллээ. Шалгагдаж байгаа хэргийг Хууль зүйн сайд нь ил болгож ярьж болох уу. Хуулиараа ямар зохицуулалт байна?

-Ер нь энэ хэргийн үйл, баримтууд бүгд нууцлалтай. Тухайн хэргийг нууцлалаас гаргах асуудал нь Тагнуулын Ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Засгийн газар өөрийнхөө эрх хэмжээний хувьд шийдэх асуудал. Сая Засгийн газрын шийдвэр тогтоолоор гаргасан асуудал юм шиг байна. Ил болсон бол хуулийн хүрээнд ил болсон гэсэн үг.

-Олон нийтэд үзүүлбэл хүчирхийллийг сурталчилсан болох биш үү, олон сөрөг үр дагвартай санагдсан?

-Олон нийтийн сүлжээнд цацах цацахгүй, асуудлыг яаж шийдэж байгааг мэдэхгүй. Нийгмийн сүлжээнд болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Энэ чинь шалгагдаж байгаа гэмт хэргийн нотлох баримт. Энэ бичлэгтэй холбоотой хоёр нөхрийг буруутай гэж үзэж, цагдан хориулчихлаа шүү дээ. Тэр бичлэг чинь энэ хоёр нөхрийг нотлох баримт байхгүй юу. Гэмт үйлдлийг нотлох баримт маань энэ бичлэг. Тэгэхэд энэ хэрэг шалгагдаж байхад урьдчлаад нотлох баримт нь ингэж явна гэдэг байж болохгүй асуудал юм. Хуульд нийцэхгүй үйлдэл болоод байна уу гэж харж байна. Ер нь хууль зөрчигдөж байгаа зүйл.

-ШШГЕГ-ын ажилтан өөрөө хоригдлын дүрээр Б.Содномдаржаагийн камерт орж ирээд хоёр цаг гаруй хэргээ хүлээ гэж зодож дарамталдаг. Төрийн хүн ингэж ажил үүргээ гүйцэтгэх нь зөв үү?

-Хэзээ ч байж болохгүй асуудал. Ардчилсан нийгэмд хүний эрх зөрчигдөж байгаагийн нэг илрэл. Тийм учраас бид хэрэг нээгээд, шалгаад явж байна. Прокурор өдөр тутам мөрдөн байцаагчийг дагаад ажлаа яаж гүйцэтгэж байна гээд дагаж явдаггүй.

-Хэзээ хэрэг үүсгээд, илрүүлээд явж байгаа юм?

-Би сайн санахгүй байна. Одоо хоригдож байгаа Ц.Амгаланбаатар прокурорт гомдол гаргуулсан байдаг. Гомдлын дагуу манай прокурор биечилж хорих анги дээр нь очиж уулзсан.

-Ц.Амгаланбаатар яагаад гомдол гаргасан юм бол. Өөрөө тэр бичлэгт хүн дарамталж байсан хүн. Харин эсрэгээрээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гомдол гаргах ёстой биз дээ?

-Энэ хэрэг дээр Б.Булган, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гээд олон хүн гомдол гаргадаг. Гэхдээ Ц. Амгаланбаатар өөрөө гомдол гаргасан. Тэр утгаараа прокурор гомдлын мөрөөр ажилласан. Прокурор дотоод итгэл үнэмшлээрээ энэ хэргийг мухарлаад шалгасан нь дээр юм байна гэж. Тэгээд хяналтын прокурор Н.Ширэндэв хэргийн бүртгэл дээр хэрэг нээгээд Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу өгөөд шалгаж байгаа асуудал. Энэ шалгалтын ажиллагаагаар нотлогдсон баримт. Тагнуулын Ерөнхий газраас тогтоол үйлдэж гаргуулсан. Одоо даруй хянаж, шийдээд гэм буруутай этгээдийг тогтоогоод хуулийн дагуу шийдэх ёстой.

-Бичлэгт И гэж нөхөр бас камерт орж ирж зоддог. Сайд тэр хүнийг сагсчин байсан 16 жилийн ялтай байж байгаад энэ хэргийн дараа хугацаанаасаа өмнө суллагдсан гэж хэлсэн. Энэ хүнийг одоо шалгаж байгаа юу?

-Би түүнийг сайн мэдэхгүй байна. Төв аймгийн прокурорын газар хугацаанаас нь өмнө тэнсэн суллах ялыг шүүхээр орж шийдвэрлэсэн байдаг. Миний сонссоноор. Тэндээс асуухад хэлэх байх.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар одоо эмнэлэгтээ байгаа юу?

-Эмнэлэгт байгаа. Хорих ангийн нэгдсэн эмнэлэг 401 ангид.

-Шүүх засаглалд хяналт тавих шаардлага үүсээд байгаа юм уу. Өөр зүйл байна уу?

-Би сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ хүндрэлтэй байна. Энэ албан байгууллагуудад ажилладаг албан хаагч нарын сэтгэл санаа сонин болчихлоо. Би дүлий цэрэг болсон. Хууль хяналтын байгууллагууд руу янз янзын хууль зөрчсөн зүйлийг төр яагаад хийгээд байгаа юм. Одоо бүр ээдрээ төвөгтэй янз бүрийн хэргийг хүмүүс авахаа байсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд наад хэргээ ав аа гэсэн шаардлага л тавьж суудаг боллоо. Энэ одоо юу гэсэн үг вэ. Шантарч байна. Яг үнэнийг хэлэхэд хэцүү байна. Хэвлэл мэдээлэл, сошиалаар хүний нэр хүндийг үндэслэлгүйгээр, гутаан доромжилж байна. Энэ бүр хэрээс хэтэрлээ. Байж болохгүй асуудал. Эндээс үүдээд янз бүрийн хэрэгтэй хүмүүс өөрсдийгөө гэм буруугүй мэтээр хандаад эхэллээ. Энэ чинь нийгэмд хор хөнөөлтэй. Бид нийгмийг цэвэрлэх гэж байгаа эмч нар. Нийгэмд байгаа муу муухай зүйлийг чинь бид нийгмээс тусгаарлаад, зохих хэм хэмжээнд нь барих гэж ядаж байна. Алив хэргийг шүүхэд очиж нотолж, шүүхээр гэм буруугүй гэдгийг нь шийдүүлдэг. Ийм ажиллагааг хийлгэхгүй болчхоод байна шүү дээ. Одоо хэрэг хийсэн хүн бүхэн энэ хэргээс болж гомдол гаргах байдал руу орчихлоо. Ийм л хортой зүйл.

-Шүүх засаглал хараат бус байх ёстой. Энэ нь тогтолцооны алдаа юу?

-Хэзээ ч ийм асуудал байж болохгүй. Дэлхийн ямар ч улсад шүүн таслах ажиллагаанд улс төр нь орж нөлөөлдөггүй. Ардчилсан нийгмээсээ ухарч байгаа маш том буруу тогтолцоо руу орчихлоо. Хэзээ үүнийг Монголын ард түмэн ухаарах юм. Огт хамаагүй хэрэгт хүртэл намайг хамааруулж байна.

-Нууцын зэрэглэлтэй хэргүүдийг ингээд гаргаад байж болох уу? Цаашид гаргахгүй гэсэн баталгаа байна уу?

-Болохгүй. Хуулинд тодорхой заасан байдаг. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хэргийн явц байдал, үр дүнгийн талаар мэдээлэл хийхийг хориглоно гэж тов тодорхой заасан.

-Хууль зүйн сайд нь хуулиа өөрөө зөрчиж байна гэсэн үг үү?

-Мэдэхгүй. Одоо тэрийг та сайдаас өөрөөс нь асуу.

-Та тэр бичлэгийг үзсэн үү?

-Үзээгүй. Би сонссон.

-Монголд төр байна уу?

-Онолын хувьд хүн байгаа цагт төр байх ёстой. Ард түмэн байна уу байна. Тэгэхээр төр байгаа гэж бодож байна. Гэхдээ одоо юу болоод байгаа юм. Ямар ч нийгэмд амьдраад байгаа юм, би өөрөө ч ойлгохгүй болж эхэллээ. Бид УИХ-аас баталж өгсөн хуулийг л хэрэгжүүлж байгаа. Энэ хуулийг бид ягштал биелүүлэх ёстой. Хуулиа дагахаар хууль бус зүйл хийлгэх гээд байх юм. Хууль зөрчсөн зүйл хийлгэх юм бол би прокурор гэж байгаад яах юм. Тэгээд бас мэдлэгтэй, ёс зүйтэй, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүсийг албан тушаалд тавьдаг болмоор байна. Тэгэхгүй бол энэ улс орон чинь явахгүй боллоо. Хэсэг бүлэг хүнээс болж хэлмэгддэг болсон. Тэр хүмүүсийг хэн авчирч тавьж байгаа юм, тэд өөрсдөө шүү дээ. Өөрсдөө албан тушаалд томилдог. Тэгээд тэр хүмүүс нь юу ч хийхээс буцахгүй.

-Гүйцэтгэх ажил гэдэг зүйлийг яах ёстой вэ?

-Хуулийн зохицуулалтыг бий болгох. Гүйцэтгэх ажил гэдэг чинь Оросын арга, социализмын үеэс л ийм байсан. Энэ зүйлийн дор мөрдөх чиг үүрэгтэй ажил нэрээр хийгдэж байгаа юм.Үүнийг бүүр тархинаас нь авч хая, системээр нь өөрчил. Угтаа бол прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байхгүй болгосонтой холбоотой.

-Энэ асуудлаас болж олон албан тушаалтнууд ажлаа хүлээлгэж өгөх болж байх шиг. Бас ингэж хоморголж болдог юм уу?

-Прокурорын ажлыг тийм амар хийдэг юм биш. Маш хариуцлагатай эрх зүйн онолын маш нарийн мэдрэмжтэй, онцгой онцлогтой алба. Хүн болгон хийдэг ч ажил биш. Бэлтгэгдсэн албан хаагч ховор.

-Та ажлаа хийх сэтгэл зүйн хэр бэлтгэлтэй байна?

-Яах вэ. Одоохондоо үүрэгт ажлаа хийж л байна. Ар гэрийнхэнд хүртэл хэцүү байдаг. Тэд санаа зовж байна. Хүн бүрийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Уг нь би энэ ажилдаа хайртай. Гэхдээ ажлаа хийхэд төвөгтэй байдал үүслээ. Хэзээ болих юм бол энэ дайралт нь. Ажил авах гэж байгаа бол зүгээр л ав. Шинэ прокурор нь одоо ирэх байх. Мэдээж хамгийн түрүүнд намайг өөрчилнө. Энэ мест Монголын прокурорын хамгийн чухал алба. Монгол Улсад мөрдөгдөж байгаа эрүүгийн гэмт хэргийн 80 хувь нь энэ байгууллагын хяналтанд байдаг. Хамгийн чухал мест. Энэ местэнд байгаа прокурорууд олны анхаарал татсан, гадаадын иргэдийн, онц ноцтой хэргүүдийг шалгаж шийдвэрлэдэг прокурорууд нь, энэ нийслэлийн прокурорын газарт байдаг. Прокурорын газар сүүлийн гурван жил дандаа албан тушаалтнуудтай үзэж байна. Их зоригтой орсон. Энэ хэргүүдийг шалгаж шийдвэрлэхэд төвөгтэй. Дарамт ч ирнэ, гуйлт ч ирнэ. Би энэ болгонд хуулиа барьж явсан. Миний үнэн энэ. Тэгээд эцэс сүүлдээ би дүлий цэрэг болсон. Тэгээд энэ нэг юм хаанаас ирсэн гэж ийм л байдалтай байдаг. Энэ хэргийг манай прокурор илрүүлээд шалгаж байгаа үүнийг хэвлэл ерөөсөө ярихгүй юм.

-Таныг хэн томилсон бэ?

-Монгол Улсын Ерөнхий прокурор. 

П.Оюунсувд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (103.9.90.98)
    Одоо хархад энэ хүн нээрээ сайн ажиллаж байсан байна. Үнэхээр энэ хүний үед Төрийн өндөр албан тушаалтан сайд нарыг шалгаж эхэлсэн ш дээ.
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • mn (37.194.12.189)
    niimkaa ene toriig samarch bn daa. dunhuu ard tumen ni hyatadiin tagnuulaamagtaad shuteed bj bhaas daa. iim duuliantai heregiig yamarch notloh barimtguigeer tegeed 3-n shatnii shuuheer orood yallana gej yu bhavdee. nyamdorj l tegj shuuj magadgui zahialagchidiig ilruuleh ajiliig l niimkaa guai zamhruulaad bn ene heregiin gol zahialagchidiin neg ni bol niimka shuu udahgui ilerne gej bat itgeltei bn mon 3 bol aluurchid moon guitegegch nar bol ilersen ni unen. herev tsaaziin yal bsan bol niimka ali turuun tsaazal aluurchidiig geed l orilj bgaa daan ch muulaad bgaa Ebi-giin buyanaar tsaaziin yal bhgui bolson tul niimka balarch bn daa. iim l logik bn
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    Ерөнхийлөгч төрийн албанаас улс төрийн томилгоотой намын гишүүн байсан хүмүүсийг шууд зайлуулах хэрэгтэй. гудамжинд эсвэл намд ажиллаж байсан хүмүүс тусгай мэргэжил шаардсан байгууллагыг удирдсан нэртэй өөрсдийгөө рекламдаад л явж байна. үүнийг үнэхээр шудрага юм бол сайн судлаад өөрчлөх хэрэгтэй. мөрөөрөө төрд ажиллаж байгаа хүмүүс шидсэн чулуу шиг л оч гэсэн газар, албан тушаалд ажиллаж байна ш дээ.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top