x

Ж.Эрдэнэбаатар: Замаа сайжруулаагүй уурхайн үйл ажиллагааг зогсооно

Сүхбаатар аймгийн уул уурхайн байдал байгаль орчин, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж шүүмжлэл дагуулсаар байна. Саяхан болсон зөвлөгөөнөөс ямар шийдвэр гаргасан талаар  Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Сүхбаатар аймгийн уул уурхайн өнөөгийн байдлыг хэлэлцсэн зөвлөгөөнөөр ямар асуудлууд  хөндсөн  бэ?

-Аймгийн хэмжээнд уул уурхайн салбарт тулгамдсан асуудлыг ярилцсан. Шийдвэр гаргах ямар боломж байгааг судалж, зөвлөлдлөө. Төрийн байгууллагын 150 гаруй төлөөлөл, уурхайн болон, сум орон нутгийн төлөөлөл, аймгийн удирдлагууд оролцож  асуудлыг тал бүрээс нь  дэлгэрэнгүй ярилцлаа. Зөвлөгөөнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд, Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, АМГТГ-ын төлөөлөл оролцож иргэдийн зүгээс  уул уурхайтай холбогдуулан гаргасан санал хүсэлтийг сонсож, асуултад газар дээр нь хариулт өгсөн. Тиймээс нэлээд үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Манай аймгийн хэмжээнд ашигт малтмалын 106 лиценз бий. Эдгээр лицензийг эзэмшигч байгууллагуудыг ашиглалтын  талбай талаас нь авч үзвэл аймгийн нийт газар нутгийн 1.9 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд танай аймгийн хэмжээнд уул уурхайн эзэмшилд өртөж буй газар нутаг харьцангуй бага байна  гэсэн мэдээллийг  холбогдох байгууллагууд бидэнд өглөө. Гэхдээ иргэдийн зүгээс бухимдал их байгаа.

Эрдэнэцагаан суманд ашигт малтмалын олон лиценз олгогдсон байдаг. Нүүрс, жоншны уурхайтай. Мөн Сүхбаатар сум олон уурхайтай. Эдгээр сумын  иргэд өнөөдөр  уул уурхай явуулах төр засгийн бодлогыг эсэргүүцэж байгаа юм алга. Гол нь уурхайнууд олборлолтынхоо ил тод байдлыг нээлттэй болгоё. Хийж байгаа ажлаа иргэдэд нээлттэй мэдээлж, зөв ойлгуулъя. Байгаль орчинд ээлтэй хандаж, иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг шаардаж байна.

-Уул уурхайн тээвэрлэлтийн замын асуудал ихээхэн шүүмжлэл дагуулж байсан. Компаниуд яагаад стандартын зам барихгүй байна вэ? 

-Энэ асуудал хүнд байгаа. Жолооч нар дуртай газраараа зам гаргаж явдаг, тоосжилт их гардаг, байгаль орчин сүйтгэдэг. Утаа, тоосжилтоос болж хүн, малын эрүүл мэнд хохирч байна. Энэ асуудлыг цэгцлээч, стандартын замыг нь бариулаач гэсэн шаардлагуудыг иргэдийн зүгээс тавьж байна. Төр, засгийн байгууллага, бидний зүгээс ч гэсэн ийм шаардлагыг байнга тавьдаг.

Жишээ нь, аймгийн төвөөс арван хэдхэн км-т байдаг “Цайрт минераль” компани манай аймагт үйл ажиллагаа явуулаад 15-16 жил болсон. Өнөө хүртэл засмал замын асуудал, технологийн зам тавих асуудлыг шийдээгүй байгаа. Нутгийн иргэд,  ИТХ-аас замын асуудлыг шаардаж, яаралтай бариулах хэрэгтэй гэж үзлээ. Энэ нь нэгдүгээрт, ард иргэдээс тавьж буй шаардлага  мэт боловч нөгөө талаас Засгийн газар, УИХ-аас 2012 оны арванхоёрдугаар сард баталсан Замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ашигт малтмал, эрдэс баялгийн тээвэрлэлтийг тусгай технологийн замаар явуулах шаардлагыг хуульчилсан.

Энэ шаардлагын дагуу бид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад цаашдаа технологийн замаа барь гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн нөхцөлд сайжруулсан замаа яаралтай тавь,  байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж иргэдийг хохироож, бухимдуулж байгаа асуудлаа таслан зогсоо гэсэн шаардлагыг өглөө.

-Шаардлагыг биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Зөвлөгөөний дүнд ирэх зургаадугаар сарын 1-ийг  хүртэл уул уурхайн компаниуд газар, зам засах ТЭЗҮ-гээ боловсруулж, замаа засах, шаардлагатай нөхцөлд хөрөнгө гаргах, хүч хөрөнгө хүрэхгүй бол хамтраад концесс маягаар асуудлыг шийдэх үүрэг өгсөн. Ингээд сайжруулсан замаар тээврээ хийх, иргэдийн гомдол шаардлагыг биелүүлж ажиллая гэсэн тохиролцоонд хүрсэн. Шаардлагыг биелүүлээгүй уул уурхайн үйл ажиллагааг зургаадугаар сарын 1-аар тасалбар болгож зогсооно.

-Уул уурхайнхны  мэдээлэл төдийлөн нээлттэй биш. Ил тод байлгах талаар шаардсан уу?

-Бүх талд мэдээллээ сайтар солилцож байя гэж ярьсан. Мэдээлэл дутуугаас болоод иргэд бухимдах явдал бас байгаа. Ялангуяа нутгийн иргэд ураны хайгуул, газрын тосны үйл ажиллагааны талаар мэдээлэл дутмаг байгааг ихээхэн шүүмжилдэг. Иймд аймгийн төвд олон нийттэй харилцах төвийг бий болгоё гэсэн зорилт тавьсан. Энэ төв дотроо уул уурхайн мэдээллийн нэгдсэн санг бий болгох юм.

Ямар ч хүн хандсан аймгийн хэмжээнд байгаа уул уурхайн компанийн талаарх бүх мэдээллийг тодорхой авах боломжийг бүрдүүлнэ. Нөгөө талаас, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалттай байж болохгүй. Мэдээллээ нээлттэй байлгаж,үйл ажиллагаагаа  ил тод явуул гэсэн шаардлагыг бүх уурхай, лиценз эзэмшигчдэд өгсөн.

-Сүхбаатар аймаг-Эрдэнэцагаан-Бичигт боомтыг холбосон 274 км хатуу хучилттай замыг барина гэж  сүүлийн 10-аад жил ярьсан ч хэрэгжээгүй. ЗТХЯ-ны мэргэжилтэн зөвлөгөөн дээр хэлэхдээ “Тендер зарладаг ч авах компани, хөрөнгө оруулагч олддоггүй” гэсэн. Олон зуун саяын үнэлгээтэй замын ажлын тендерийг авах гүйцэтгэгч олдохгүй гэж баймааргүй юм?

-Энэ зам баригдвал сум, орон нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Зам баригдсанаар дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гол нь манай аймгийн, цаашлаад зүүн бүс нутаг, Монгол Улсын хувьд зах зээлийн харилцаа өргөжих, Хятад улс цаашлаад далайд гарцтай болох юм. Нэг ёсондоо далайд гарах хамгийн дөт зам  гэж  бид үзэж байгаа. Бичигт бол олон улсын боомт.

Цаашид Бичигт боомтын үйл ажиллагаа  өргөжиж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг хийх ирээдүй харагдаж байгаа юм. Бидний одоогийн тооцоолж байгаагаар Бичигт-Хөөтийн төмөр замын асуудал ойрын жилүүдэд шийдэгдэх нөхцөлөөр  яригдаж байна. Иймд   энэ замыг яаралтай бий болгож, зах зээлээ өргөжүүлэх шаардлага байна. Яригдаад нэлээд хэдэн жил өнгөрлөө.

Өнгөрсөн жилээс Үндэсний хөгжлийн газраас нээлттэй тендер зарласан. Тодорхой саналууд ирсэн ч аж ахуй нэгжүүд оролцоогүй гэсэн. Иймд Тендерийн тухай болон Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүсэж Хятадын төрийн өмчийн компани шууд гэрээ байгуулах хүсэлт тавьсан гэсэн. Үүнийг ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар хамтран судалж байгаа юм билээ.

-Одоо асуудал ямар түвшинд яригдаж байгаа вэ. Нэг компанитай шууд гэрээ байгуулах нөхцөл үүсгэх нь хууль зөрчсөн асуудал биш үү?

-Асуудлыг судалж байгаа гэсэн. Нэг компанитай шууд гэрээ байгуулах нь худалдан авах ажиллагааны болон бусад хуультай зөрчилдөж байгаа учраас шууд гэрээ байгуулах тендерээ дахин нээлттэй зарлая гэсэн шийдэлтэй байгаа гэсэн тайлбарыг Үндэсний хөгжлийн газраас бидэнд ирүүлсэн. Бидний зүгээс  бүсчилсэн хөгжлийн асуудалтай уялдуулан  замын асуудлыг салбарын яаманд дахин тавиад байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top