x

Б.Ганчулуун: Хуучны киноны дүр болгон миний багш

“Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд” гээд "Фантастик"-ийн залуусын хийсэн уран бүтээл бүхэн нийгмийг байлдан дагуулж чаддаг. Тэдний ээлжит уран бүтээл “37-р точка” олон ангит кино олон нийтэд хүрээд удаагүй ч үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадав. Уг киноны гол дүрүүдийн нэг, “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Ганчулууныг "Зууны мэдээ" сонин “Өөр мэдээ” булангийнхаа зочноор урьж ярилцжээ.

-Та хэвлэлд тэр бүр ярьдаггүй. Анх уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би Баянхонгор аймагт дунд сургуулиа төгссөн. Цэцэрлэгт явах биш аймгийнхаа хүүхдийн “Тэмүүжин” театрт зургаан наснаасаа аравдугаар анги төгстөлөө явсан.

Тэр үеэс л урлагийн зах зухаас мэдэрч, дурласан хэрэг. Төгсөхдөө шууд шалгалт өгөөд СУИС-д тэнцэж байсан. Тэгээд Соёл урлагийн их сургуулийг 2008 онд төгсөөд ангийнхаа хэдэн нөхдийн хамт “Фантастик” продакшныг байгуулаад өнөөдрийг хүртэл хамтдаа явцгааж байна. Миний анхны албан ёсны гол дүр бол “Зүрхний хилэн” киноны Базар гэдэг залуу. Түүнээс өмнө туслах дүр цөөнгүй бүтээж байсан. Ер нь ихэнхдээ эерэг дүрд тоглодог. Бараг сөрөг дүр байхгүй шүү.

Анхны дүрээ бүтээхдээ хүмүүс яаж хүлээж авах бол гэхээс их айсан. Одоо бол сандрал арай багассан ч шинээр хийж байгаа уран бүтээл бүр дээрээ эмээдэг. Гэхдээ уран бүтээл хийх тусам өөртөө итгэлтэй болдог.

-Үзэгчид “37-р точка” киноны дараагийн ангийг тэсэн ядан хүлээдэг боллоо. Энэ тэсрэлт та бүхэнд мэдрэгдэж байна уу?

- “37-р точка” кино бол “Фантастик” продакшныхаа 10 жилийн ойд зориулж хоёр жилийн хугацаанд хийсэн төсөл. Бид ганц л зорилготой. Чанартай уран бүтээл хийхийг л хүсдэг. Тийм ч учраас бидний энэ хүчин чармайлт хөдөлмөрийн үр дүн эхнээсээ гарч байгаа юм болов уу. Энэ удаагийн уран бүтээл дээр зөвхөн “Фантастик гэлтгүй 700-аад уран бүтээлч хамтарч ажилласан нь олон нийтийн хүндэтгэлийг хүртэхэд нөлөөлсөн гэж бодож байна.

-“37-р Точка” кино 70-80-аад оны амьдралыг бодит баримтад тулгуурлан харуулсан. Тухайн үеийн амьдралаар амьдарч тоглох, өнөөдрийн бодит нийгэмд амьдрах хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

-Маш их ялгаатай. Би 1980-аад оны дундуур төрсөн. 1990-ээд оны нийгмийн байдлыг гадарлана уу гэхээс түүнээс өмнөхийг сайн мэдэхгүй. Тиймээс нэлээдгүй судалсан. Бодит судалгаан дээрээс тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал ямар байсан, хүүхдүүд яаж өсдөг байв, гэр бүлийн хүмүүжил ямар байсан гэх мэт олон талын гоо зүйн судалгааг хийсэн. Өөрөөрөө дамжуулж өөр үзэл бодолтой, тухайн үеийн нийгмийн амьдралыг харуулах учраас дүрийн судалгааг их хийсэн. Зохиолтой ажиллаж байгаад Болдын дүрийг өөртөө бий болгосон.

-Дүр бүр өөрийн дотоод сэтгэлзүйтэй. Тухайн дүрд байж болох сэтгэл зүйн олон үзэгдлийг яаж илэрхийлэхийг хичээдэг вэ?

-Жишээлбэл, “37-р точка” киноны Болд гэнэн томоогүй, сахилгагүй, хөгжилтэй дүр. Олон сэтгэл хөдлөлүүд гарна. Хөгжилтэй, хэцүү, дарамттай гээд. Хамгийн эхлээд Болд гэдэг хүний дүрийн шугамыг гаргаж ирнэ. Уйлахдаа яадаг юм, инээж, уурлахдаа ямар сэтгэл хөдлөл, гаднах төрхтэй байх вэ гэх мэт энэ болгон дээрээ бусад дүрээс онцлог байхыг хичээсэн. Ер нь дүрийнхээ онцлогийг харуулах зарчмаар ажилладаг. Үйл хөдлөлөөс л тухайн дүрийн зан байдал харагдаж байдаг учраас дүрийнхээ шугамыг алдаж болохгүй.

-Фантастикийн уран бүтээлүүдийн трейлер ихэнхдээ эрэмгий дайчин, зодоон ихтэй сөрөг үзэгдэл их гардаг. Ялангуяа, “37-р точка” кинонд “хүнд” хэсгүүд их бий?

-Магадгүй манай продакшны онцлог ч байж болно. Өнөөдөр залуу хүмүүс залуу хүний эрч хүчээр ажиллаж байна. Энэ бүхэн бидний оюун санаанаас гарсан. Яг өөрсдийн дотроо юу бодож, юу хүсэж мөрөөдөж байгааг цаасан дээр буулгаж, дүрсжүүлж гаргаж байгаа. Сэтгэлээрээ хийж байна. Магадгүй 10 жилийн дараа ийм кино хийхийг хүсэхгүй байх. Тэр үед драмын, уянгын, хайрын, инээдмийн гээд өөр жанрыг голчилж ажиллахыг үгүйсгэхгүй.

“37-р точка” бодит түүхээс сэдэвлэсэн кино биш. Бид ямар нэгэн он цаг заагаагүй. Энэ кинон дээр тухайн үед байгаагүй олон үйл явдал байгаа. Энэ болгон уран сайхны аргаар бидний оюун санаанаас гарсан. Залуу хүмүүс зорилготой зөв явахгүй бол яаж алддаг юм. Хэчнээн эрх мэдэлтэй, хөрөнгөтэй байсан ч хүн чанар, сэтгэлгүй бол нийгэм ямар болдгийг харуулахыг зорьсон. Залууст зөв хүн байх, аав ээж, эх орондоо хайртай байх зэргээр өргөн сэдэвтэй мессежүүдийг өгөхийг зорьсон.

-Залуу уран бүтээлчийн хувьд салбартаа болон нийгэмд ямар хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ?

- “Фантастик” продакшн ажлаа 2-3 жилээр төлөвлөдөг. Бид Монголын кино урлагийг хөгжүүлэх, өнөөгийнхөөс хэд дахин ахиулах зорилготой. Цаашдаа арай өөр салбар руу хүч үзэж мэднэ. Магадгүй урлагийн төрөл жанр шинээр гаргахыг үгүйсгэхгүй. Бид ямагт шинийг эрэлхийлж байна. Бусад улс оронтой хамтарч ажиллах тэдний урлагаас Монголд оруулж ирэх зэргээр аль болох хүрээгээ тэлэх, салбараа хөгжүүлэхэд чадах чинээгээр хувь нэмэр оруулахыг хүсдэг.

-Таны дараагийн дүр юу байгаа бол?

-Жүжигчин хүний мөрөөдөл хязгааргүй. Жүжигчин тэтгэвэрт гардаггүй мэргэжил учраас ямар ч дүр гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс жүжигчний хувьд ч гэсэн ямар ч дүрд тоглох чадвартай байх ёстой. Түүнээс байнга эерэг, сөрөг талын дүрд юм уу заавал баатар хааны дүрд тоглох юмсан гэх бодол байхгүй. Бүгд л сайхан дүр байдаг.

-Залуучуудад сонирхолтой байж магадгүй. Та өөрөө найруулагч, жүжигчин хүний хувьд ямар төрлийн кино үздэг вэ?

-Драмын төрлийн кино үзэх дуртай. Тухайн киног 10-20 жилийн дараа эргээд үзэж байвал тэр сайн кино гэдэг. Хуучны монгол кинонуудыг үзэх дуртай. Тэнд гарч байгаа дүр болгон миний багш. Их ч зүйл суралцдаг. Тэднээс хүнд байх олон сайн чанаруудыг олж хардаг.Сайн жүжигчин байхаас гадна сайн хүн байх ёстой гэдгийг ойлгодог. Тэднийг дагаад өөрийн эрхгүй хөдөлмөрлөж юм хийх хүсэл эрмэлзэл төрж хайрлаж хүндэлж явдаг.

Одоо бол сайн кино гэхээс илүү жүжигчин нь хэлэх санаагаа илэрхийлж чадаж байна уу гэх зэргээр мэргэжлийн талаас нь харах дуртай. Жүжигчин хүнд зөөлөн байх яагаад ч тохирдоггүй.

Манай мэргэжил хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Хамгийн гол нь дайчин, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Хүмүүсийн нүдэнд гоё мэт харагддаг боловч үнэндээ хар ажилчид шүү дээ. Тиймээс сэтгэлийн тэнхээ, эрүүл мэнддээ анхаарахаас гадна мэргэжилдээ үнэнч байхад бүгдийг л даван туулдаг даа.

-Та жүжигчнээс гадна найруулагч мэргэжилтэй. Бие даан найруулсан кино хэр олон байгаа вэ?

-“Параллель ертөнц” киног бие дааж найруулсан. Гэхдээ би найруулагч мэргэжилтэй биш. Манай ангид найруулагчийн сонгон ордог байсан. Төгсөхөд ангийн багш найруулагч

Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багш диплом дээр жүжигчин, найруулагч гэж давхар бичиж өгсөн юм. Жүжигчин хүний хамгийн гоё нь уран бүтээлээ хийж дуусаад үзэгчдийн хүртээл болгож тэднээс зэмлэл, магтаалыг зэрэг сонсох байдаг.

Зураг авалтын үед гэртээ очихгүй, дотныхоо хүмүүстэй уулзахгүй гээд ачаалал ихтэй ч уран бүтээл дуусахаар тайвширч сэтгэл сайхан болдог. Хамгийн гол нь мэргэжлийг маань нэг ч удаа үг, үйлдлээрээ эсэргүүцэж байгаагүй нь надад үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг шүү дээ.

Шинэ киноны зураг авалт эхлэхээр урд орой нь догдлоод нойр хүрдэггүй. Маргааш нь зурганд гарах нэг л сайхан. Энэ бол мэргэжилдээ хайртай хүн бүхний авдаг мэдрэмж байх. Үүгээрээ ч бахархдаг даа. Манай продакшнтай ахмад, дунд үеийн уран бүтээлчид хамтран ажилладаг. Тэднээс ажил амьдрал дээр суралцах зүйл их бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 55 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top