x

Ж.Батсуурь: ЦЭЦ-ээр “гар, хөл” хийж төрийн эргэлтийн шинжтэй үйлдэл хийж байгаад их харамсаж байна

УИХ-ын гишүүн Жамбын Батсуурьтай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцээс хэдэн ч сайд давхар дээлтэй байж болно хэмээн тогтоосныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хаврын чуулган завсарласнаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэдийн дийлэнх хувь нь амралтын байдалтай байна. Баяр наадам, амралт зугаалгын үеэр Үндсэн хуулийн Цэц хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн үр дүнг харахад хуйвалдааны шинж чанартай. Монголын ард түмний хүсэл, зорилгын эсрэг ноцтой шийдвэрүүд гарсан гэж би харж байна. Учир нь ард түмнээс сонгогдож төлөөлөл болсон УИХ-д хууль тогтоох бүх эрх нь хадгалагдаж байх ёстой. 2016 оноос хойш одоог хүртэл ард түмэн МАН-д төр барих эрхийг олгож, тэр тусмаа 2020 онд МАН-ыг УИХ-д дийлэнх олонх буюу 62-ын бүлэгтэй болгосон.

Монгол Улсын Засгийн газар, цагдаа, тагнуул, АТГ, хилийн цэрэг, батлан хамгаалах гэх зэрэг бүхий л төрийн бүтцийг МАНбарьж байна шүү дээ. Үүн дээр нэмж 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Ерөнхийлөгчийн институци нэмэгдэж хүч нэгтгэгдсэн. Ийнхүү бүх боломж нь байсаар байтал Үндсэн хуулийн Цэцээр “гар, хөл” хийж Үндсэн хууль болоод Монголын төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах төрийн эргэлт, хуйвалдааны шинж чанартай үйлдэл хийж байгаад маш их харамсаж байна.

ИХбиш, Цэц Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ямар урхагтай гэж та харж байна?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач байх ёстой.Үндсэн хуультай зөрчилдсөн бусад хуулийн зөрчлийг хянадаг байгууллага. Гэтэл өнгөрсөн жилээс эхлээд улстөрчид, эрх баригчдын захиалгаар ажиллаж байгаа нь ард түмний нүдэн дээр тодорхой байна. Ард түмэн сонгуульд оролцох шаардлагагүй хэмжээнд хүрч байна. Хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх, аль намыг ялуулах, ялсан хойно нь давхар дээлтэй байлгах уу, үгүй юү гэдгийг Үндсэн хуулийн Цэц шийддэг болчихвол УИХ гэж байгаад яах юм бэ. Ард түмний тусгал болсон УИХ өөрөө бүрэн эрхээ хадгалж эрх хэмжээгээ хэрэгжүүлж байх ёстой.

Одоогийн шийдвэрүүдийг гаргаж буй Үндсэн хуулийн Цэц гэж Монгол Улсын нэр нүүрийг түмний шившиг болгож байсан, шагнал урамшуулал болон бусад зүйлээр улстөрчдийн, улс төрийн намын гар хөл болж барьцаанд орсон хүмүүсийн цугларал болчихсон байна. Жишээ нь, төрийн албанд ажиллах насны дээд хязгаарт хүрсэн хүн Үндсэн хуулийн Цэцийн дарга хийж байна. Аль хэдийнэ чөлөөндөө гарчихаад байх ёстой хүнийг зориудаар албан тушаалд нь хадгалж Монголын төрд эргэлт хийх хэмжээний шийдвэрүүдийг гаргуулж улс орон, ард түмнийг бужигнуулсан үйлдэл болж байна. Энэ есөн хүн Монголын төрийг мэддэг болчихвол Үндсэн хуультай ч байгаад яах юм бэ. Их Хуралтай байгаад ч яах юм бэ. Аягүй бол Үндсэн хуулийн есөн гишүүн цаашид УИХ-аас баталсан улсын төсвийг өөрчлөх юм байна л даа. Ийм маягаар Үндсэн хуулийн Цэц үндсэн ажлаа хийж чадахгүй бол татан буугдаж Дээд шүүхэд эрхээ шилжүүлж өгөх хэрэгтэй гэж бодож байна.

Нөгөө талд УИХ өөрөө ард түмний өгсөн эрх мэдлийг хэрэгжүүлж чадахгүй, Засгийн газраа байгуулж хяналтандаа байлгаж чадахгүй, хийх ёстой ажлуудыг нь хийлгэж чадахгүй бол УИХ-ыг удирдаж байгаа Г.Занданшатар огцрох ёстой.

Үндсэн хуулийн Цэцэд хэн ч гомдол гаргаж болно л доо. Гэхдээ Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, төрийн тогтолцооны асуудлыг Улаанбаатар хотын УИХ-ын нэг тойргийн төлөөлөлтэй ХҮН-ын нэг нөхрөөр гомдол гаргуулаад тэрийг нь эх баригчдын хүсэл зорилгоор шийдвэрлэж байна. Яагаад тухайн асуудлыг Үндсэн хуулийн Цэц Дунд суудлын хуралдаанаар оруулахгүй байгаа юм бэ. Тэгсэн бол зөв буруу эсэх нь УИХ дээр олон талаас хэлэлцэгдэн бодит үнэн шийдвэр гарах боломжтой шүү дээ. Шууд Их суудлын хуралдаанаар шийдвэрлэж байгаа нь бүр цаанаасаа хуйвалдааны шинж чанартай байгаа нь илүү тод харагдаж байна.

УИХ-аар хэлэлцүүлчихвэл хэрүүл болно, Монголын ард түмний өмнө хуйвалдаан нь ил болно гэдгийг мэдэж байгаа болохоор шууд Их суудлын хуралдаанаар тогтоол гаргалаа. Найр наадмын үеэр ийн шийдвэр гаргаж байгааг би төрийн эргэлтийн шинж чанартай үйлдэл гэж харж байна.

-Төрийн бүх эрх мэдэл МАН-д төвлөрчихөөд байхад яагаад Цэцээр ийм шийдвэр гаргуулж нэр хүндийг нь шороотой хутгаж байна гэж харж байна?

-МАН, өнөөгийн эрх баригчид арчаагаа алдаж байна л даа. 1992 оноос хойших найман удаагийн сонгуулийн нэгээс бусдад нь төр барьсан, барилцсан улс төрийн хүчин шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн 26 жилд нь төр барьсан, барилцсан гэсэн үг. 2012-2016 онд АН-ыг төр барьж байх үед одоогийн эрх баригчид давхар дээлгүй болох хэрэгтэй гэцгээж өөрсдөө л Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталгаажуулсан шүү дээ.Давхар дээлтэй халууцаад байна гээд байсан хүмүүсийн улс төрийн карьер нь дуусчихсан дахиж давхар дээлийг оруулж ирэх замаар улс төрд нөлөөллөө тогтоохыг санаархаж байна.

2016 оноос хойш өнөөг хүртэл МАН эрх барьж байна. Төрөө хямралаас гаргана л гэсэн. Түмнээ ядуурлаас гаргана л гэсэн. Хүчээ нэгтгэе л гэсэн. Хүч нэгтгээд өгвөл улс орноо хөгжүүлээд, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэнэ гэсэн хаана байна вэ? Өнөөдөр бодит байдал ямар байна. Америк доллар 1700 төгрөгтэй тэнцүү байх үед Монгол орон сүйрэх гээд байна гээд орилоод байсан хүмүүс 3200, 3300 төгрөгтэй тэнцүү болгочихсон байна. Нэг хүнд ногдох зээл 15 сая төгрөг байна гээд байсан өнөөдөр 30 гаруй сая төгрөг болоод өсчихсөн байна. Монгол Улсын зээл 15 гаруй тэрбум доллар байсан. Өнөөдөр 30 гаруй тэрбум доллар болчихлоо. Бүтэн нугарчихлаа. Бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсчихөөд байна. Сайн сайхан үйлдэл хүч нэгдэж хийе гэвэл УИХ-ын 76 гишүүний 62 нь МАН-аас сонгогдож ямар ч хуулийг, ямар ч тээр саадгүйгээр хүссэн хугацаандаа гаргах боломж тэдэнд байна.Энэ бүхнээс үзэхэд Үндсэн хуулиар оролдож давхар дээлийг дэмжсэн шийдвэр оруулж байна гэдэг бол албан тушаалд улайрсан хоёрдугаар ээлжээ хоолонд оруулах гэсэн үйлдэл. Улс орон, ард түмний амьдралыг бодож байгаа зүйл огтхон ч алга.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хоёрхон жилийн өмнө хийсэн. Тэр үед үнэхээр төгс төгөлдөр боллоо гээд амаа олохгүй бүх телевизүүдээр магтаж байсан. Кино хүртэл хийсэн. Гэтэл хоёр, гурван жил ч бололгүй гэнэтхэн яагаад өөрчлөх болчихов. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт давхар дээл ярихаасаа илүүтэй валютын ханш, инфляцийг ярих ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд долларын ханш,инфляци зогсох уу, ядуурал буурах юм уу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсний дараа 30 гаруй тэрбум долларын өр зээл дарагдах юм уу. Үнэхээр тэгнэ гэвэл Т.Доржханд нь гомдол гаргана уу, Үндсэн хуулийн Цэц нь ямар шийдвэр гаргах нь хамаа алга. Энэ бүхний маргааш нь долларын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ буурах юм уу. Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ, экспорт өсөх юм уу. Энэ бүх асуудлууд давхар дээл өмссөний дараа шийдэгдчихнэ гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй.

Мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд байсан хаана байна. Давхар дээл ороод ирвэл дандаа улстөрчид яамдыг толгойлно. Мэргэжил нь таараа ч үү, үгүй ч үү.

Өнгөрсөн жилүүдийг харахад төрөө хямралаас гаргана. Түмнээ ядуурлаас ангижруулна гэсэн худлаа байлаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн худлаа байлаа. АН улс орныг самраад өр зээл тавиад байна гэсэн өөрсдийнхөө эрх барьж байгаа энэ зургаан жилд гэхэд л Монгол Улсын 26 жилийн хугацаанд бий болсон өрийг хоёр дахин илүү болгочихлоо. Харин ч АН-ыг төр барьж байх үед эдийн засаг өсөлттэй, инфляцийн түвшин хамгийн бага, тэтгэвэр тэтгэмж, цалин тухайн үеийн өргөн хэрэглээний үнээр амьдрах боломжтой байсан байна.

Сонгууль болохоор бид хамгийн мундаг нь ард түмэн бидний хүчийг нэгтгээд өгөөч гэсэн. Ард түмэн хүслээр нь хүчийг нь нэгтгээд л өгсөн. Хүчээ нэгтгээд ажлаа хийгээд явахад нь хаалт болох юм алга. Гэтэл заавал хүний гараар могой бариулж барьцаанд орсон хүмүүсээр муу муухай зүйл хийлгэж ард түмнийг доромжилж байна.

-Эрх баригчдыг хазаарлах хүмүүс нь АН. Гэтэл сөрөг хүчний гишүүд болох Н.Ганибал, Ш.Адьшаа нар энэ үйл ажиллагаанд нь хүч нэмсэн шүү дээ. Танай намын хоёр гишүүн давхар дээлний асуудалд хутгалдаад явж байгааг та юу гэж бодож байна?

-Энэ бол АН,АН-ын бүлгийн бодлого биш. Энэ хоёр гишүүний гомдлыг Дунд суудлынхаа хуралдаанаар хэлэлцэх ёстой шүү дээ. Тэгээгүй учир дээрх хоёр гишүүн тухайн хуралд суугаагүй юм билээ. Гэтэл гуя дагаж хүзүү гэдэг шиг үүнийг далимдуулж цаана нь улс төрийн хүсэл зорилготой татан оролцуулсан зүйл боллоо.

Өнөөдөр ХҮН намын Т.Доржханд Монголын төрд гайхамшигтай юм хийчихсэн юм шиг яриад байгааг би үгүйсгэж байгаа. Улсын хэмжээний асуудлыг үндэсний хэмжээний намууд ярих ёстой. Монгол Улс ямар том газар нутагтай билээ. Хэдэн сум, хэдэн аймаг, хэдэн баг, хороотой билээ. Тэр бүрийн санал Үндсэн хууль болон бусад хуулиудад сууж байх ёстой атал тойргийн нам, тохиолдлын нэг гишүүн Монголын ард түмнээр хэзээ ч тоглож болохгүй, эрх баригчдын гар хөл болж байгаа нь харамсалтай.

-Давхар дээлний асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан танай намын гишүүдийг Засгийн газарт оруулна гэсэн яриа бий. Үүнийг та юу гэж харж байна?

-Хаврын чуулган завсарласнаас хойш тойрогтоо ажиллаж байгаад саяхан ирлээ. Тиймээс харьцангуй мэдээлэл муу байна. Манай бүлгийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үйл ажилллагаа явуулж чадаагүй. Бидэнд хаврын чуулганы сүүлийн өдөр бүлгийн даргаа солих эрх зүйн боломж бүрдсэн. Ээлжит бус чуулганаар юм уу, намрын чуулганаар АН-ын бүлгийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж бүлгийн даргатай болох байх. Бүлэг дээрээ улс төрийн асуудлуудыг шийдэх байх. Би өөрийн дээрх байр сууриа бүлэг дээрээ илэрхийлнэ. Олонхын шийдвэр яаж гарахыг таашгүй.

Цаашид яаж явах нь эрх баригчдын гарт бүрэн байгаа шүү дээ. Парламентын 76 гишүүний 62 МАН-д байна. Тэдэнд саад болох зүйл алга. 2016 оноос хойш хийсэн бүх ажлууд нь бүтэлгүйтэж цааш алхах газаргүй болоод үүнийгээ бусадтай хуваалцана гэж байгаа бол би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь чадна гээд авсан бол чаддаг л байх ёстой. Бүх болж бүтэхгүй зүйлээ цар тахлаар халхавчилна гэвэл ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй.

Эрх баригчид хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд парламентад суудалгүй болон үндэсний хэмжээний биш тойргийн хэмжээний төлөөлөлтэй намуудад шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг “Хэдүүлээ УИХ-ынхаа гишүүдийн тоог нэмчихье. Давхар дээл, хувь тэнцүүлсэн системийг оруулчихъя. Тэгвэл та нар УИХ-д ороод ирнэ ш дээ” гэж горьдлого үүсгэж, нөгөөдүүл нь ч түүнд нь итгэчихсэн ард түмний дуу хоолой болж байх ёстой байтал эрх баригчдын цагаан хоолой болчихсон магтан дуулаад явж байна.

-АН-ын хуваагдал намын дэргэдэх байгууллагууд руугаа ороод эхэллээ. Та АН-ын даргад нэр дэвшиж байсан хүний хувьд буцаж эвлэлдэх гарцыг юу гэж харж байна?

-1990 оны хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл АН-ыг удирдаж байсан хүмүүс “би биш бол чи биш” гэсэн байр сууринаас татгалзах ёстой гэж харж байна. Эрх мэдэлтэй байхдаа өөрсдийнх нь дэмжлэгийг авч байсан хүмүүсийг дэргэдээ авчихаад намыг хуваагдмал байдалд оруулж хүчгүйдүүлээд байна. Энэ нь АН-ын нэг институци болж төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйлдлийг саармагжуулаад байна шүү дээ. Гарах гарц нь юу вэ гэхээр өнөөдрийн будлианыг тариад байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, дарга хийж байсан хүмүүс мөн АН-ыг удирдаж байсан хүмүүс арагшаа ухарч дунд, шинэ үеийнхэндээ АН-ыг удирдаад явах боломжийг олгосноор нэгдсэн АН үндэсний хэмжээнд бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болно.

Өнөөдрийн эрх баригчид Монголын нийт ард түмний 40 гаруй хувиар эрх мэдлийг авчихаад байна. Үлдсэн 60 хувь нь АН-ыг дэмждэг, ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг, хүний эрхийг дэмждэг хүмүүс байгаа юм.

-Та одоо аль АН-ын талд явж байна?

-АН-ыг шинээр эмхлэн байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлж, ард түмний дуу хоолой болъё гэж өнгөрсөн хавар АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байсан. Зориг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнтэй ач тач үзсэн. Гэтэл нэр дэвших үед хүчин төгөлдөр байсан намын дүрэм барианд орох буюу сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө Дээд шүүх дээр өөрчлөгдөн бүртгэгдэж эрх зүйн өөр орчин шинээр бий болсон. Тийм учраас би нэрээ татсан. Тэр цагаас хойш одоог хүртэл би дундын байр суурийг баримталж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top