x

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй цагт гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна.Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсөв дээр урсгал зардлын тухайд анхаарч, ядаж энэ оны хэмжээнд барих тал дээр анхаарч ажилламаар байна. Учир нь сүүлийн таван жилийн турш урсах зардлын хэмжээ тогтмол өсч байна. Урсах зардалд жилдээ дунджаар хоёр их наяд орчим төгрөг зарцуулж байна. Энэ хэмжээний мөнгийг хэмнэх оролдлого хийх нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байгаа. Энэ жилийн төсөв дээр зарим төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Тийм ч учраас урсгал зардлын хэмжээ энэ жилийнхээс нэмэгдсэн дүнтэй орж ирсэн байна лээ. Ирэх оны тухайд бидний өмнө нэлээд олон сорилт тулгарахаар байгаа. Миний бие хил гааль, боомтын асуудлаас үүдэн эдийн засаг муудах төлөвтэй байна. Тиймээс ханшаа алдах, инфляци өсөх төлөвтэй байгаа талаар 2021 оны хаврын чуулганы үеэр хэлж байсан.

Энэ оны мөнгөний бодлогын талаар УИХ-аар хэлэлцэх үед Монголбанкнаас инфляцийг 6 хувиар төсөөлж орж ирсэн. Инфляцийг зургаан хувьтай байна хэмээн төсөөлсөн нь бол мөнгөний бодлоготой огтхон ч уялдаагүй.

Гэтэл төд удалгүй Орос, Украины хооронд дайн гарснаас үүдэн манай улс эдийн засгийн олон хүндрэлтэй асуудалтай нүүр тулсан. Одоо ч энэ хүндрэл арилаагүй байгаа учраас ирэх жил ханш, инфляцийн өсөлт хэвээр байхаар байна. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төсөөлөл энэ хэвээр батлагдсан тохиолдолд Мөнгөний бодлогоо хатууруулж оруулж ирэхээс өөр аргагүй байдалд орно. Тэгэхээр ирэх жил дотоодын санхүүжилтийн эх үүсвэр өндөр өртөгтэй байх нөхцөл байдал харагдаж байна.

Гэхдээ Засгийн газар энэ жил төмөр замын бүтээн байгуулалтуудаа дуусгаснаар орлого талаа нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж, орлогоо хангалттай хэмжээнд олно хэмээн төсөөлсөн байна. Хамгийн гол нь уг төсөөллөө бодит болгохын тулд Засгийн газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай болох байх.

-Эдийн засгаа сэргээхийн тулд бизнес эрхлэгч иргэд, ААН-үүдээ дэмжсэн бодлого явуулах нь маш чухал. Гэтэл ирэх онд мөнгөний бодлогыг улам хатууруулбал арилжааны банкууд бүх төрлийн зээлээ хумихаас өөр аргагүй байдалд орно. Энэ нь эдийн засгаа сэргээх Засгийн газрын бодлогын эсрэг үйлдэл болох юм биш үү?

-Угтаа бид өнгөрсөн жил мөнгөний бодлогоо хатууруулах байсан. Цаг хугацаа их алдсан. Монголбанк өнгөрсөн оны есдүгээр сараас бодлогын хүүгээ өсгөж, нэмэгдүүлэх ёстой байсан. Энэ арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн. Үүний гор, төлөөсийн нэг хэлбэр нь өнөөдрийн инфляцийн өсөлт. Цаашид орлогоо нэмэгдүүлж ажиллах ёстой. Байгаа хөрөнгө оруулалтаа экспортыг дэмжсэн дэд бүтцийг нэмэх, боловсролын салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлдэх чиглэлд зарцуулах ёстой. Ингэж гэмээнэ цаг хугацааны хувьд зөв голдирол руугаа орно. Хамгийн том асуудал юу байна гэхээр ОХУ, БНХАУ цаашлаад аль ч улс оронтой худалдааны нөхцөлүүд буюу манайхаас гарах бүтээгдэхүүний татварын хэмжээг тохирох ёстой. Бид тохиролцохгүйгээр зөвхөн айлын талаас тавьсан импортын татвараар бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Үүнээс үүдэн манай улс зөвхөн түүхий эд гаргадаг улс болсон.

Цаашид нэмүү өртөг шингээсэн, боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргая гэж байгаа бол боловсруулсан бүтээгдэхүүний татвар одоо хэд байгаа, цаашид хэд болгох хүсэлтэй байгаагаа наад зах нь хоёр хөрштэйгөө тохирчихсон байх ёстой. Ийм тохиролцоог хийж чадаагүй тохиолдолд бүх төрлийн боловсруулсан бүтээгдэхүүн 28 хувийн татварын хана мөргөсөөр байвал БНХАУ руу гарахгүй л байхгүй юу. Энэ тохироог хийснээр ажлын байр нэмэгдэж, валютын урсгал сайжирна.

-Ирэх оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал нэмэхгүй байгаа нь төсвийн бас нэгэн шинэчлэл гэж зарим эдийн засагчид, судлаачид дүгнэж байна. Гэхдээ өмнө нь төсөвт суулгасан бүх хөрөнгө оруулалтыг дуусгах нэрийдлээр их хэмжээний хөрөнгө төсөвлөх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Ирэх оны төсвийг сайн болсон гэж үзэх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдээс тойргийн хөрөнгө оруулалтын санал авахгүй байгаа. Үндсэндээ улсын хэмжээний төслүүд ирэх оны төсөвт сууж байгаа. Хоёрдугаарт, олон жил царцсан хөрөнгө оруулалтын төсвүүдээ дуусгах шийдвэр гаргасан нь үр дүнтэй шийдвэр болсон. Энэ бол том амжилт. Харин зарим нэг хөрөнгө оруулалтуудыг танах, хасах боломжтой гэж үзэж байгаа.

Тухайлбал, соёлын төвүүд, ахмадын өргөөнд зарцуулагдах хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байгаа. Үүнийг танах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь ийм хэмжээний 80 төсөл бий. Эдийн засгийн хямралтай, элдэв хориг саад бүрэн арилаагүй, хүндрэл бэрхшээл үргэлжилж байгаа энэ үед соёлын төв зэрэг бүтээн байгуулалтын ажил бол тэвчиж болох зардал хэмээн харж байна. Тиймээс төсвийн үр ашигтай зарцуулалтад Төсвийн байнгын хороо болон тус хорооны ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллах ёстой. УИХ-аас төсвийн зарлагыг хуулийн дагуу нэмэх боломжгүй. Харин хасах боломжтой.

-Өмнөх жилүүдийг бодвол цар тахлын болоод геополитикийн эрсдэл тулгарч болох талаар төсөөлөлтэй байгаа. Гэтэл ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 19.6 их наяд байхаар төсөөлсөн. Уул уурхайн орлогоос ихээхэн хамаардаг манай улс төсөөлсөн орлогоо олж чадахгүй бол ямар хүндрэл үүсэх бол?

-Эрсдэлтэй байна гэж үзвэл бид эрсдэлтэй үеийн төсөв, батлах ёстой. Өөрөөр хэлбэл, одоо байгаа төсвийн төсөөллөөсөө илүү танасан төсөв оруулж ирэх учиртай. Тиймээс ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт талыг хангалттай болсон гэж үзэж байгаа. Харин хуучин тавигдсан хөрөнгө оруулалтуудаа үр өгөөжийн байдлаар нь ангилж, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудыг хойшлуулах нь зүйтэй. Хоёрдугаарт, урсгал зардал дээр тодорхой хэмжээний, хэмнэлт, таналт хийх учиртай. Ингэж байж бага боловч хэмнэсэн төсвөөр эрсдэлтэй байдалтай нүүр тулбал орлого тал нь төсөөлөлдөө хүрэхгүй байсан ч эрсдэлийн хэмжээ буурах боломжтой.

-Хүүхдийн мөнгийг ялгаатай байдлаар олгох асуудал олны анхаарлын төвд байна. Таны байр суурь?

-Бид халамжаас хөдөлмөрт шилжих талаар олон жил ярилаа. Манай улс нийгмийн халамжийн бодлогодоо том хэмжээний реформ хийхгүй бол болохоо больчихлоо. Миний бие Мэргэжлийн боловсролын хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Нэг зүйл маш тод ажиглагдаж байгаа нь халамж давхардаж олгогдож байгаагаас гадна эзнээ, байгаа онохгүй байна. Мөн ажилгүйдлийн тоо өндөр байгаа хэрнээ нээлттэй зарласан ажлын байран дээр ажиллах хүн олдохгүй байна. Энэ бол үндсэндээ иргэд хөдөлмөрлөх сонирхолгүй байна гэсэн үг. Гадаадын туршлагаас харахад халамж хүсэгч иргэнээс саналыг нь асууж, тохирсон сургалтад төрөөс үнэгүй хамруулаад, сурч байх хугацаанд нь л халамж олгодог. Сургалтад хамруулсны дараа ажлын байранд зуучилж өгдөг. Зуучилж өгсөн ажлын байранд ажиллахгүй бол халамжийг нь зогсоодог. Бид энэ системийг нэвтрүүлэх цаг нь болсон л гэж үзэж байгаа. Тиймээс ч Мэргэжлийн боловсролын хууль дээр энэ концепцийг тусгах чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд төсөв байнга алдагдалтай баталж байгаа. Ирэх жил төсвийн алдагдлыг 1.5 их наяд байхаар төсөөлсөн нь сайшаалтай үзэгдэл мэтээр Сангийн сайд танилцуулсан. Төсвийн алдагдал гэдэг бол гадаад өр гэсэн үг. Ирэх жил төлөх гадаад өрийн хэмжээ өндөр байгаа энэ үед төсвийг огт алдагдалгүй батлах боломжтой юу?

-Тоонууд дээр ажиллах хэрэгттэй. Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломж бий. Ирэх жилийн орлого, зарлагын хэмжээн дээр ажиллах ёстой. Орлого хэд байхаас хамаарч зарлагаа тооцох биш, зарлагаа байж болох хамгийн бага хэмжээнд аваачиж, орлогоо төсөөлөх нь зүйтэй. Миний бие 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэд хэдэн хууль санаачилсан. Тэдгээрийн нэг бол Хөрөнгө оруулалтын тухай хууль. Яагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь манай улсад нэн шаардлагатай гэдэг нь одоо улам бүр тодорч харагдаж байна. Гаднаас доллар орж ирдэг гуравхан урсгал байдаг.

Тухайлбал, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, зээлээр дамжиж гаднаас доллар орж ирдэг. Манай улсын гадаад өр, зээлийн хэмжээ хэдийнэ таазандаа тулчихсан. Экспортын тухайд хил гааль, боомтын хязгаарлалтаас үүдэн санасны зоргоор нэмэгдэхгүй байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүртгэлийг нь хялбаршуулахад анхаарах ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр БНХАУ-аас оруулж ирсэн хууль хэмээн нийтээрээ шуугьсан. Үүний дараа ковидын үеийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар түр хороо байгуулах санал гаргасан. Санал өгөөд хоёр жил болж байна. Одоо ч хариу ирүүлээгүй байна. Тус түр хороог байгуулах хэрэгцээ шаардлага юу байсан гэхээр ковидын үед гадаад худалдааг хэрхэн хөнгөвчилж, импорт, экспортын хэмжээг хэрхэн яаж сайжруулах, хил гааль боомтын гацааг богино хугацаанд шийдэх боломжтой байсан.

Мөн Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулиуд, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах тал дээр түр хороо байгуулж, асуудлаа ярихыг хүссэн боловч байгуулсангүй. Том зургаар нь харвал өнгөрсөн хугацаанд олон төрлийн оновчтой бодлого гаргасан боловч зарим нэг асуудал хоцрогдож байна. Тухайлбал, одоо болтол Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж чадаагүй байна. Ийм байхад гаднаас доллар олох боломж хумигдсан хэвээр л байна.

-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг бүхий л салбарт татахаар ажиллаж байгаагаа зарласан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаагүй цагт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хууль эрх зүйн асуудал уриа лоозон болж хувирна гэсэн үг үү?

-Манайх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, их хэмжээгээр татах тал дээр бэлэн бус байна л гэсэн үг. Учир нь одоог хүртэл манай улс хөрөнгө оруулалтын бүртгэл талдаа хүнд сурталтай, хугацаа алддаг хэвээр л байна. Монголчууд гадаадын аль нэг оронд компани байгуулахад 1-2 хоног, зарим тохиолдолд 1-2 цагийн дотор цахимаар байгуулах боломжтой. Гэтэл манайд гадаадынхан орж ирээд дээр дурдсан хугацаанд компани байгуулах боломж хараахан бүрдээгүй байна.

Хоёрдугаарт, гадныхан хөрөнгө оруулалт хийх салбарууд нь тодорхой бус байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан боловч гадныхан орж ирээд яг аль төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой нь тодорхой бус бaйна. Гадны хөрөнгө оруулагчдыг урьсан бол боломжуудыг нь нээж өгөх ёстой.

Гуравдугаарт, татварын бодлоготойгоо уялдуулж өгөх ёстой. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөнгөлөлт үзүүлэхээр заасан боловч Татварын хуульд хөнгөлөлт эдлэх зүйл заалт нь байдаггүй. Дөрөвдүгээрт,манай улсад хөрөнгө оруулалт татах боломжтой гол салбар бол ердөө л уул уурхайн салбар. Тэгвэл уул уурхайн салбарт ужгирсан асуудлуудаа нэг тийш нь шийдэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нь юу л бол.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар яаж үйлээ үзэж байна. Гадны хөрөнгө оруулалтаар ч бай, хувийн хэвшлийнхэн ч бай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад асар их хүндрэл, бэрхшээлийг туулж байгаа. Тиймээс эдгээр асуудлуудыг хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой. Хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг цогцоор нь харах учиртай. Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг баталсан нь нэг алхам урагш алхсан үзэгдэл байлаа. 

Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд Ашигт малтмалын тухай хууль болоод холбогдох хуулиудаа шинэчилж найруулах учиртай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top