x

Өнөөгийн нөхцөлд татварын мөнгөөр үхэрчинд үхрийн ээмэг авч өгөх нь арай л хээнцэрдэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн шинэ сайд Х.Болорчулуун ажлаа аваад хийх байх ажлаа олж чадахгүй гүйж яваад үхрийг ээмэгжүүлье гэдэг мэргэн санаа сэдэн тэрийгээ нийтэд зарлав аа. Энэ ажилд нь 14 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн нь олны анхаарлыг татаж, шүүмжлэлийн бай болоод байна. Ер нь малыг ямар тохиолдолд, ямар шаардлагаар ээмэгжүүлдэг вэ? Нэг кг нь 300 ам.долларын үнэтэй махтай үхэр үржүүлэхийн тулд тухайн үүлдрийг хэдэн үе удмаар нь судалж, зоотехникийн аргаар эрлийзжүүлж гаргаж ирдэг. Ийм л махны чиглэлийн өндөр ашиг шимт үхэрт ээмэг зүүдэг. Өдөрт 80 литр сүү өгдөг үнээтэй болохын тулд хэдэн үе удмаар нь нарийвчилсан тооцооллоор үржил селекцэд оруулж бий болгодог. Ийм арвин сааль өгдөг сүүний чиглэлийн үнээндээ ээмэг зүүж кодлодог. Дэлхийн хүн төрөлхтөн хөдөлмөрлөж, хөлс хүч, хөрөнгө, технологи, инновациа шингээн байж гаргаж авсан нарийн нандин үүлдрээ бусад үүлдэртэй холилдчих вий гэж болгоомжилж, олон жилийн турш хийсэн “бүтээл”-ээ хамгаалахын тулд тусгай кодтой энэ ээмгийг үхэртээ зүүдэг юм. Ээмэгнийх нь кодыг уншуулахад тухайн үхрийн талаарх бүрэн мэдээлэл гарч ирдэг учиртай. Үхрийг ээмэгжүүлнэ гэдэг өргөн хүрээний, үндэс суурьтай ажил л даа, дэлхийн жишгээр бол.

Харин Монголын нөхцөлд өөр. Өөр гэдэг нь хэцүү гэсэнтэй адил. Ямар ч засаг захиргаагүй, хаа таарсан уулын мухарт суудаг хариуцлага, сахилга бат гэж огт мэдэхгүй. Өсгөсөн малынх нь махыг идсэн бусад хүн, хүн төрөлхтөн хордох, хордохгүй талаар ямар ч хариуцлага, үүрэг, ойлголтгүй. Үүргээ ухамсарлаагүй ийм хүмүүс Монголын малчид, үхэрчдийн дийлэнхийг эзэлнэ. Улсын эдийн засаг хүнд өнөөгийн ийм нөхцөлд хариуцлага, сахилга батгүй үхэрчин гэх хүмүүсийн үхэрт ээмэг хийж өгнө гэдэг бол арай л хээнцэрдэж, гялгардаад байна.

Монголд үхэр ээмэгжүүлэх нь одоохондоо ямар ч үр дүнгүй шүү. Уул уулын аманд ганц ганц гэрээрээ байгаа айлууд бол манай малчид. Бүхнээс хол зайдуу, уулын мухарт юу ч хийсэн тэдний л дур. Үхрээ ээмэгжүүлэх эсэх нь тэдний дурны ажил. Ээмэгжүүлсэн гээд л хэлчихэж мэдэх улс. Сумаас цаадах амьдралыг энд дүрсэлж бичье л дээ. Нийслэл, төв сууринд эхлүүлсэн ажил сумаас цааш яаж үргэлжилж, улмаар хэрхэн замхардгийг мэдэх үү.

За ямар ч байсан өнөөх ээмэг сумын малын эмч дээр очно оо. Малын эмч “А” дансаар хэдэн үхэр байгааг, хэнийх хамгийн олон үхэртэй гэх зэрэг тооцоолол гаргана. Олон үхэртэй айл руугаа шууд давхиад гарчихгүй. Хэдийгээр очихоо, үхэрээ бэлчээрт гаргахгүй барьж бай гэх зэргээр холбоо тогтоож тов хэлнэ. Товлосон өдрөө очиж чадахгүй. Бороо орно, цасаар шуурна. Бензин нь дуусна. Мотоциклийнх нь дугуй хагарна. Товлосон өдрийн маргааш нь яаж ийгээд очиж таарна. Малчин гадаанаа үхэргүй сууж байна. Яав ийв гэж малын эмч нь гайхан асуухаар “Юу яасан, ийсэн. Өчигдөр ирнэ гэхээр нь зөндөө харлаа. Хэдэн үхэр турж үхэх гээд орилолдоод байхаар нь тавиад явуулчихлаа” гэнэ. Эмч нь “Одоо хураагаад ир” гэнэ. Уулаар тарчихсан, өвс хөөж яваа үхрийг хэн хураах юм. Хураах хүн ч байхгүй, хураагаад ирлээ ч барих хүн байхгүй. Байгаагаас ганц би л байна, бярууны хүзүү ч нугалж дийлэхгүй байж үхэртэй ноцолдож сэжүүлээд юү хийхэв гэсэн яриатай 50 гарсан хижээл малчин. Малын эмч нь нөхрөөрөө мотоциклио бариулаад хамт ирсэн байж таарна. Нөхөр нь бажийнктай. Үхэртэй ойртохын ч аргагүй. Ойртвол хөлөө хуга гишгүүлнэ. Малчны хотонд үхэр ээмэгжүүлэх өнөөх сүрт том ажил ингэж эхэлж байгаа юм. Нөхцөл байдал нь үнэндээ ийм л байна. За одоо тэр гурав яах вэ? Нөхөр нь малчин эртэй хоймор хавьцаа сууж халамцаад ирнэ. Малын эмч хүүхэн байдаг зүхлээ бараад яахаа мэдэхээ байна. Эцэст нь “Би танд үхрийн чинь тоогоор ээмэг үлдээчихье, ээмэглэчихээрэй” гэхээр малчин “Өө, тэгэлгүй яахав. Би дор нь залуучууд цуглуулаад ээмэглэчихье” гэснээр тэдний ажил шуударч, малын эмч нөхөртэйгөө буцчихна. Малчин шуудайны тал хэртэй өнөөх ээмэгнүүдээ илүү гэртээ хоёр гурван сар байлгаж байгаад ачааны нэмэр, энэ хогоор яадаг юм гээд хаяад нүүнэ. Малчнаас малын эмчдээ бүгдийг нь ээмэгжүүлсэн гэдэг мэдээ өгнө. Сумаас “Бүгдийг нь ээмэгтэй болгочихлоо” гэдэг тоог дээшээ явуулна.

Х.Болорчулуун сайдын хэлээд байгаа 5.5 сая үхэрт 14 тэрбум төгрөгөөр ээмэг зүүж өгөх ажил Монголын хөдөөд ерөнхийдөө ийм л дүр зурагтай явна даа. Хариуцлагатай байгаад ганц нэг үхрийг ээмэглэлээ гэхэд ээмэгтэй тэр малынхаа чихийг ямар л сум, ямар л товчоогоор гарна, хот руу явна тэр болгонд л үзүүлээд байна. 22-ын товчоонд ирээд ийм тийм мал гэж тайлбар хэлээд ээмэгтэй чих “дагуулсан” махаа аваад Улаанбаатар руу орчихно. Буцаад гарахдаа ээмэгтэй чихээ аваад харьчихна. Дараагийн оруулж ирэх махандаа тэр чихээ дахиад л хамт аваад хүрээд ирнэ. Эхний удаад товчооны ажилчидтай уулзаж ярьж байснаасаа хавь илүү “туршлагажаад” яриад сурчихсан байх учир хот руу шурдхийгээд ороод ирчихнэ. Ийм л маягаар төсвийн, татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөг үрэгдэнэ шүү. Гашуун нь хөдөөгийн амьдрал ийм л байдаг.

Сайд та гэнэн, мэдээгүй байж болно. Ард түмэнд хэрэгтэй гоё ажил хийе хэмээн сэдээд ингэж яриад гүйгээд байгаа байх. Таны сэдсэн наад ажлыг чинь дөгөөж байгаа улсууд чинь дагаж гүйж байгаад энэ ажлаас нь мөнгө унагая л гэсэн бодолтой байгаа. Хөдөөний тухай, малын тухай, бодит амьдралын тухай түй ч мэдэхгүй хүмүүс шүү, наадуул чинь. Насаараа л дөрвөн хананы дунд сууж, яамнаасаа гарч үзээгүй улсууд. Ээмэгжүүлнэ гэдэг кампанит ажил иймэрхүүдүү л өнгөтэй юм болох гээд байгаа учир татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй үрэн таран хийхээ эрт дээр нь больж үз. Тэгээд ч манай хагас зэрлэг малд юуных нь ээмэг хэрэг болох юм. Тугал байхад нь ээмэглэлээ гэж бодъё. Чононд бариулаагүй бол нэг аз болно. Бяруу болонгуут нь идэшинд явуулчихна. Бяруунд нь идэшинд явуулахгүй үлдээлээ гэхэд шүдлэн, хязаалангаас дээш байлгахгүй. Мах нь хатуурчихна, хулгайн нүд орчихно, тэргэнд хөллөх биш, хий дэмий тэжээл идэхийн нэмэр гээд бушуухан “нухчихдаг”. Үхрийг хязаалангаас дээш өсгөдөггүй. Ингэхээр сайдын ганган гоё ээмэг дөрвөн жилийн л настай байх нь. Үхрийг 14 тэрбумаар ээмэгжүүлнэ гэдэг энэ ажил чинь ийм олон асуудал дагуулж, үл бүтэх нөхцөлд хэрэгжинэ ээ л гэж байхгүй учир наад “гоё” санаагаа орхиорой гэж дахин хэлье.

Нөгөө талд энэ шуугианыг дагасан нийгмийн нэгэн үзэгдэл тод ажиглагдаж байна. Үхрийг ээмэгжүүлэх тухай энэ яриаг ихэд шоолж, баалж инээлдэж байна. Шүүмжлэл, олон нийтийн санаа бодол цаг үеэ олбол их сайн. Гэтэл хэрэгтэй чухал, яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлыг огтоос хэрэггүй арзаганасан явдал болгож хувиргачихаад байдаг буруу юм харагдах боллоо. Хэрэгтэй ажлыг арзаганаад унагачихдаг, хэрэггүй ажлыг ч арзаганаад унагаж байдаг явдал бүр тогтлоо. Ингэж арзганацгаахынхаа оронд учрыг нь гаргаж ирж, эрүүл мэтгэж, гарц гаргалгаа хэлдэг болцгоогооч . Юу ч мэддэггүй, ямар ч боловсролгүй хүмүүсийн хувьд өөрийгөө авч гарах ганц арга байдаг нь марзаганах. Ямар нэгэн асуудал гарч ирэхэд шоглож, инээж маазарч, тоглоом шоглоом хийдэг чинь хүчгүй, бядгүй, баягүй (хөрөнгөгүй) хүмүүсийн гаргадаг зан. Марзаганаад хамаг ажлын хүчийг сулруулдаг энэ зангаа монголчууд татмаар байна. Юм болгонд хошуу дүрж, элий мэт инээж маазардаг сошиал эмгэгээ өөгшүүлмээргүй байна, Монголчууд аа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    гайгүй залуу гэж боддог байсан үнэн тэнэг мал байж
    2023 оны 02 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top