x

Социалист үнэ тогтоох комисс

Социалист нийгэм-улс төрийн байгуулалттай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бараа, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоож байсан. Иймээс тухайн бараа нь есийн тос, төгрөг дөчийн талх, хорин дөрвийн чихэр гэх мэтчилэн үнээрээ нэрлэгдэж хэвшсэн байв. Бид ардчилсан нийгэм, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн хэдий ч нийтийн тээвэр, цахилгаан, дулаан, эрчим хүч зэрэг төрийн хэт оролцоотой цөөн салбар хэвээр үлдлээ. Үнийн хатуу зохицуулалттай эдгээр салбарын алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр татаас хэлбэрээр санхүүжүүлж, хүчээр амь тариа хийж гол зогоосоор өдийг хүрлээ. Нэг үгээр бол ажил хийж байгаа иргэн, аж ахуй эрхэлж байгаа байгууллагын нуруун дээр алдагдлыг үүрүүлсээр яваа. Эрдэнэтийн галт тэргээр ганц аяга кофены үнэ хүрэхгүй мөнгөөр зорчоод байгаагийн цаад шалтгаан энэ. Гэвч урт хугацаандаа үнийг хүчээр барих нь тухайн салбараа борцолж орхидог гэмтэй учир энэ салбарууд зах зээлийн хуулиар үнэнд гүйцэгдэж өвдөг сөхөрч байх шиг байна.

***

Үнэ чөлөөлөгдсөн бусад бүх салбарт өрсөлдөөний зарчмаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтож байгаа. Худалдаа наймаа нь хууль эрх зүйгээс өмнө үүссэн төдийгүй өөрийн жам ёсны зүй тогтолтой. Чөлөөт зах зээлийн энэ амин сүнсийг ямар ч хуулиар, ямар ч албан тушаалтан зохицуулах боломжгүй. Гэвч хүчээр үнийг барих бодлого явуулах, мөн чөлөөт үнийг баримталсаны төлөө торгож хураадаг хуучин нийгмийн сэтгэхүй, арга барил амь бөхтэй хэвээр.

Чөлөөт эдийн засагт маш цөөн тохиолдолд тухайлбал монополь, давамгай аж ахуйн нэгжүүдийн хувьд үгсэн тохиролцож үнэ тогтоох картель болон үнийг өртгөөс нь санаатай бууруулж өрсөлдөгчөө шахах демпинг хийх зэрэгт төр оролцдог. Бусдаар бол бизнест төр оролцож, үнэ тогтоохыг хуулиараа хориглосон. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжвэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа бодит үнэ тогтож, бараа элбэгшиж эцсийн дүндээ хэрэглэгч хождог. 

***

Сүүлийн жилүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т хошуу дүрэхгүй бизнес гэж алга болж. Гурил, цемент, мах, интернэт үйлчилгээ, шатахуун гээд оролдохгүй салбар үлдээгүйн зэрэгцээ сүүлдээ цагаан сараар ууц буузны хэрүүлд хутгалдаад орох боллоо. 

Нэртэйгээр нь бизнесийн бүх салбарт үнээ яг хэдэн хувиар нэмэх ёстойг, мөн хэрхэн тогтоох тухай урьдчилсан заавраа нэг мөр өгөөд түүнийгээ мөрдүүлээд явчихвал бизнесийнхэн хэзээ торгуулах бол гэж яс хавталзаж суухгүй амар баймаар юм. Гэхдээ ашгийг нь төрөөс хорьж байгаа бол алдагдлыг бас нөхөх нь шударга ёсонд нийцнэ.


***

Цементээр жишээ авья. Цементийн импортын гаалийн татварыг 20 хувиар тогтоож, Хөтөлийг нийгэмчилж, Дарханы зам руу дотоодын цементийн ихэнхи хувийг хүчээр татсан макро хүчин зүйлсээс шалтгаалж урт хугацаанд улс даяар цементийн хомсдол үүсч эхэлсэн. 2022 оны 6 сараас ачаа тээврийн хомсдол, нийлүүлэлтийн хязгаарлалт, уутны хомсдол зэрэг богино хугацааны шокууд нэмэгдэж улсын хэмжээнд нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлт явагдсан. Эцэст нь улсад очсон Хөтөлийн үйлдвэр маань анхдугаар таван жилийн гавшгайчаар тодрох гэж улайрч байгаад үйлдвэрээ шатаасны гороор цементийн үнэ 9 сард оргил цэгтээ хүрсэн. Найр наадмын дараа ид барилгын ажлын сёзоноор “Үйлдвэр төлөвлөгөөт засварт орсон” гэж бүлт үсэрсэнийг та бид харсан. Барилга бүтээн байгуулалтын салбар амсхийж, цементийн үйлдвэр ч дагаад сул зогсдог өвлийн улиралдаа засварын ажлаа хийдэггүй юм гэнэ.Эцэст нь Засгийн газар импортын гаалийн 20 хувийн татвараа яаран тэглэсэн.

Барилгын үндсэн талх гэгддэг цемент, бетон зуурмагын салбарт хомсдол үүсч, үнэ нэмэгдсэний улмаас дагаад орон сууцны үнэ өссөнд Засгийн газрын бодлого, шийдвэр нөлөөлсөн гэдэг нь тодорхой. 

Харамсалтай нь ичсэн хүн хүн алахын үлгэрээр улсын хэмжээнд “цементийн хомсдол үүсгэж, үнэ өсгөсөн хэрэг”-т зах зээлийнхээ мянганы нэгд ч дөхөхгүй жижиг лангууны худалдаачдыг буруутган ченжүүд гэх нэр хоч өгч, торгож шийтгэж, шонд өлгөж үзүүлсэн шоуг улс даяар үзүүллээ. Үүр цүүрээс үдшийн бүрий болтол хүртэл хэдэн уут цемент зарчих санаатай өвөр зуураа өрсөлдөж яваа завгүй хэдхэн худалдаачдыг элэг барих амар бололтой. Бизнес эрхлэгчид тэртэй тэргүй зовж зүдэрсэн он жилүүд өнгөрч байхад манай төрийнхөн нэмж зодоод маньяктаад байх юм.


***

Өрсөлдөөний тухай хуульд зааснаар “бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулах”-ыг төрийн байгууллагуудад хориглосон нь ШӨХТГ-т шууд хамаатай. Хуулиараа төр нь бизнесийн үйл ажиллагаанд хутгалдахгүй гэсэн үг. 

Гэвч ШӨХТГ нь “хэрэглэгчийн хохироосон хууль бус худалдааны арга” гэх тангад ном шиг цээжилсэн үгээр түрий барьж үнэ өсгөсөн болгонтой үзэж тарж эхэллээ. Хууль бус гэхээр ямар нэгэн хууль зөрчсөн байж таарна. Гэтэл барааны үнээ өөрөө тогтоох, үнэ нэмэхийг хориглосон хууль хаана байна? Хохирсон гэх хэрэглэгч нь хувийн хэвшлийн чөлөөт худалдаанд өөрөө зөвшөөрч сонголт хийгээд байхад л төрийн байгууллага өмнөөс нь санаа нь зовоод нойр нь хүрэхгүй байгаа юм байх. Байтлаа чөлөөт эдийн засагтай зах зээл дээр нийлүүлэгч үнээ өөрөө тогтоосон, нэмэгдүүлсэн шалтгаанаа үндэслэлтэй эсэхийг шүүхээр шүүлгэх юм гэнэ. Орлого, өртөг зардал, үнэ, ашиг, өгөөж тэдэн хувь гээд бизнесийн ноу-хаугаа дэлгэж үзүүлэх болж байна уу? Үнэ үндэслэлтэй, үндэслэлгүй гэсэн яг ямар шалгуур байна вэ, ер нь орлого ашиг нь хэмжүүртэй байх ёстой юу?

Дэлхий нийтээрээ хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашигтай ажиллахыг хамгийн ашигтай амжилттай яваа бизнес гэж үздэг. 


***

Улс даяар инфляцид нэвт идэгдэж, бүх барааны үнэ өссөн суурь хүчин зүйл нь мөнгөний хэт нийлүүлэлтээс шууд хамааралтай. Улсын төсвийнхөө тэн хагастай тэнцэх хэмжээний 10 их наяд төгрөгийг хэвлэснээс шалтгаалж юмны үнэ өсөх нь энгийн зүй тогтол. Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. 

***

Төмс шиг бодлоготой төртэй учраас ойроор нь төмсөн дээр жишээ авья. Өнгөрсөн зун улс даяар төмс хомсдоод сүйд болсон. Төмсний үнэ 5000 төгрөг хүрч тэнгэрт хадаад хагас кило махтай тэнцээд л, сошиалоор дүүрэн нийслэл саладны мөрөөсөл, рестораны хачираас төмс хасагдсан өдөр хоног үргэлжилсэн. Энэ бол барааны нийлүүлэлт багасах нь үнэ өсдөгийг харуулсан хэвийн үзэгдэл бөгөөд эсрэгээр барааны илүүдэл үүсвэл үнэ буурна гэхчлэн ямартай ч зах зээл өөрийн зарчмаар эрүүл байгаагийн шинж юм. Гэтэл манай төрийн нийтлэг байр сууринаас бол төмсний үнэ өссөнд төмс зарсан этгээдийн шууд буруу гэж хардаад торгоод байгаад асуудал байна. 

***

Сар шинийн баяраар манай малчид онд тарган тавтай орсон малынхаа тарга тэвээргийн тайлан болох үхрийн өвчүү, хонины ууцнаасаа шилэн зочдоо дайлдаг сайхан уламжлалтай. 

Гэтэл мал ахуйгаас хол хотожсон хэсэг нь огт танихгүй айлын малын өвчүүний зузаан, өөхний таргыг өөр бусдад гайхуулах нэрэлхүү зангаа тавьж чадахгүй атлаа “ууц бүтэн хонины үнэтэй” боллоо гэж гоморхоцгоов. ШӨХТГ нь хэрэглэгчдийн хямд авах, бүр болж өгвөл үнэгүй хүртчих санаатай далай шиг их хүсэл шуналыг нь далимдуулан ууцан дээр ээлжит улс төрөө хийсэн сурагтай. Эрэлт нь байгаад зарж чадвал тэр л биз дээ, харин төрийн нэр барин дөвчигнөж өөрсдийн “ууцаа хугалах” хэрэг юун.

Удахгүй та бидний хаалгыг тогшоод “Иргэн та өөрийн байраа анх авсан үнээсээ яагаад өндрөөр зарж орон сууцны үнэ хөөрөгдөөд байна” гэж зандарвал юугаа хэлж хуйхаа маажнаа!?

***

Францын Сангийн сайд Жан Баптиз Голберт 1681 онд бизнесийн төлөөлөгч Ли Жендре гэх эрхмийг хүлээн авч уулзаад Засгийн газрын зүгээс бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн хамгийн сайнаар туслах вэ гэж эелдгээр асуужээ. Хариулт нь “Төрийн хамгийн сайн тус бол Laissez- faire – юунд ч битгий оролц, биднийг тайван орхи” гэв.

Б.БАЯРАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 30 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top