x

Өрийн тоолуур, одон медаль, жендэр, дүрэмт хувцас

Нэг.

Монгол Улсын гадаад өр 2023 оны эхний хагас жилийн байдлаар 33.8 тэрбум ам.доллар боллоо гэж Үндэсний статистикийн хороо зарлажээ. Сүүлийн арван жилд энэ тоо гурав дахин, хүүгийн хэмжээ 40 дахин өссөн гэж эдийн засагч тооцоолсон байна. Барагцаалбал, нийт өрийн гуравны нэг Засгийн газрын, гуравны хоёр нь хувийн компаниудын, түүний тэн хагас Оюутолгойн зээл гэх мэтчилэн задарна.

Бид энэ их өрийг төлж чадахаасаа өнгөрч байх шиг. Сангийн сайд Б.Жавхлан үе үе өрийн гайхамшигтай менежмент хийлээ, төлбөр тулчихсан байсан бондийг бага хүүтэйгээр солилоо, улс орноо аварлаа гэж зарладаг. Гэхдээ энэ бол өмнөх өрийг дараачийн өрөөр төлж хойшлуулсан төдий учраас 2030 он гэхэд бид хүүнд гүйцэгдэнэ гэсэн тооцоо бас байна. Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олдохгүйн үлгэрээр хэдэн арван их наядын өртэй болсон бид тэртээ алсад бүдэгхэн улалзаж буй цорын ганц найдвар “манай хойч үе төлчих байх өө”-г эс тооцвол тоохоо ч больжээ.

Гэхдээ бид зүгээр сууж таарахгүй, сүрийг үзүүлье. Монгол Улсын гадаад өрийн тоолууртай дэлгэцийг Сүхбаатарын талбайн урд Төрийн ордон руу харуулж зооё. Тэндээс манай гурав “Өмнө зүгт өрийн тоолуур бий гэдгийг надад өглөө бүр сануулж бай” гэж худлаа ч хамаагүй томроод сууж байг. Даанч тэр зүгт манай өрийг хойт зүгийнхэн шиг өршөөхгүй, жишээлбэл, Монгол банкны своп хэлцлийг 2011 оноос хойш сунгасаар байгаад хуримтлагдсан хоёр тэрбум доллар Монгол Улсын өрөнд тооцогддог эсэхийг би мэдэхгүй байна, яадаг ч байсан хятадууд түүнийгээ хэзээ нэгэн цагт заавал буцааж авч байж сална. Ер нь салах ч үгүй биз.  

Аймаар дарамттай дэлгэц санагдвал өрийн тоолуурыг эхний удаад цахимаар хийж болох. Америк ах нарын бэлэн туршлага энд байна. Манайхаас өөр, дотоод өр хэдий ч бид санаа авахуйц, төрөл, ангилал тус бүрээр, нэмэлт бүх мэдээлэлтэй.

Эндээс "амьдаар" нь үзнэ үү:

(Цахим явдал хариуцсан Н.Учрал сайдад хандав)

Хоёр.

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ?

Төрийн нууцад хамаараагүй бол одон, медалийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад овог нэрийг одон медаль, гавъяа зүтгэлтэй нь бүрэн жагсаачихад яагаад болохгүй гэж? Тэнд алдарших нь эзэндээ ч нэр төртэй баймаарсан.

Ерөнхийлөгч зарлигдсан цол, одон медалиа бүгдийг өөрөө зүүж өгдөг байх ёстой гэж бодлоо. Тэгвэл ядахдаа хөл гараа цуцахыг бодоод Ерөнхийлөгч хэмжээ хязгаартай олгоно. Тэгдэггүй учраас яам, агентлаг, нийслэл, дүүрэг, сум хороо, бараг л байгууллага болгон дээр “Ерөнхийлөгч өгчихөөрэй” гэсэн, ямар ч сүр сүлдгүй арга хэмжээ болох юм.

Гурав.

Жендерийн үндэсний хороог Хүний эрхийн үндэсний комисст нэгтгэе. Чиг үүрэг нь элбэг багтаад орчихно. Тэгэхгүй бол энэ хороо төрийн байгууллага, албан тушаалтнуудаас бичиг цаас, ам тангараг, төлөвлөгөө, тайлан нэхэж залхааж байна гэнэ. Удалгүй хаа нэгтээ жендер судлалаар эрдэмтэн доктор бэлтгэх сураг дуулдав. Жендерийг яаж ч өөрөөр тайлбарлаад нэгдүгээр тавьдаг зорилго нь эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд тавих явлал болжээ. Би 200 хувь дэмжиж байна, харин үүнийгээ яг энэ чиглэлээр төрөлжсөн, мэргэшсэн, төрийн агентлагийн хэмжээнд хүрч томорсон, төсөв санхүү нь тэрбум тэрбумаар хэмжигддэг болсон ХЭҮК-ын хүрээнд хийвэл илүү үр дүнд хүрнэ.

Өнөөдөр Жендерийн үндэсний хороо Бага тойруугийн нэгэн барилгын талыг эзэлдэг. Урьд нь Куба улсын ЭСЯ байрлаж, түүнээс өмнө Жамсрангийн Самбуу болон тухайн үеийн нам, төрийн бусад зүтгэлтнүүд амьдарч байсан түүхэн барилга. Одоо тэр барилгыг суллаад төрийн олон яам, агентлагийн нэгэнд өгч дахиад нэг тансаг офис барих зардал мөнгө, газрыг хэмнэсэн нь дээр.

Дөрөв.

Хичээл сургууль жигдэрч сурагчийн дүрэмт хувцасны асуудал ирэх зун “үнэ өслөө, чанаргүй байна, Хятадаас орууллаа” гэж дахин шуугилдаж эхлэх хүртэл намжлаа. Дүрэмт хувцас өмсөх эсэх тухайд нэг хэсэг ширүүн мэтгэлцээд баян (эцэг, эхийн) хүүхдүүд хувцсаараа ялгарах нь муухай гэж үзээд бүгд ижил форм өмсдөг байсан өмнөх цаг үеийн уламжлалыг үргэлжлүүлсэн билээ

Харин өнөөдөр хөдөө, сумын төвд сургууль руу, сургуулиасаа алхаж яваа охид, хөвгүүдийн өмссөн зүүсэн хотынхноос, гэр хорооллын хүүхдийнх хотын төвийнхтэй яг адилхан болсныг анзаарахгүй байхын аргагүй. Бүгдээрээ ориг, ориг биш нь огт ялгагдахгүй, брэндийн үг үсэгтэй жинсэн өмд, гадуур куртка, өнгө алагласан үүргэвчтэй болжээ. Монголд байтугай дэлхий даяараа хувцас нэг хэлбэр загвартай төдийгүй хүртээмжтэй болж ардчилагдсан юм биш үү?

Санал байна. Хүүхдүүд сургууль дээрээ хувцсаар ижилсэх шаардлага, 12 жилийн турш тасралтгүй өсдөг насандаа яваа хүүхэд ганц хоёрхон жил болоод хувцсаа томруулж солиход хүрдэг, хэд хэдэн хүүхэдтэй өрхийн төсөвт дарамттай, материал, загвар сайн муу, биенд эвтэй эвгүй тухай элдэв асуудал, маргааны нэгмөсөн шийдэл нь дүрэмт хантааз байж болмоор. Иж бүрэн дүрэмт хувцас бус, сурагчид тус тусын “баян”, “ядуу”, дуртай, эвтэй, олдсон нь тэр ямар ч хувцсан дээрээ өмсөнгүүт бүгд ярайтал жигдрэх тийм хантааз. Тэгвэл наад зах нь үнэ өртгийн хувьд хамаагүй хямд, угааж цэвэрлэхэд хялбар. Олон халаас, зүүлт, гэрэл ойлгогч гээд бүх юмтайгаар загварчилж болно.

Мэдээж Монгол Улсын бага, дунд, ахлах сургуулийн сурагчийн дүрэмт хантааз нэг стандарт загвартай байх ёстой, гэхдээ аймаг, сургуулиараа өөрийн зарим нэг онцлог, бичиг тэмдэглэгээ, оруулгатай байг. Говь-Алтай ба Хэнтийн сурагчдын дүрэмт хантаазны өнгө өөр байвал сонин бус уу? Нөгөө яриад байдаг ижилсэл ба ондоошил.

Д.Цэрэнжав /2023.09.27/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • kino Urlag hugjij ih ashig olog (172.69.252.166)
    Saihan Sanaa bn
    2023 оны 10 сарын 01 | Хариулах
  • Иргэн (172.69.252.165)
    Өр тавьсан үе үеийн ЗГ, УИХ, эрх баригч нарын нэрсийн жагсаалт гаргаж зарим нөхдүүдэд хуулийн хатуу ял шийтгэл хүлээлгэж хөрөнгийг хурааж Улсын өрийг барагдуул! Төрөөс үндэслэлгүй баяжсан нөхдүүдийн хөрөнгийг хурааж улсын өрийг барагдуул!
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 1 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top