x

Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмжийг үзэгчидтэй хуваалцахыг хүсдэг

"Сэр сар салхи" киноны найруулагч П.Лхагвадуламтай хөөрөлдлөө.

-Японд анх удаа ирээд Осакагийн кино наадамд оролцож байна. Ямар санагдаж байна?

Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Венецийн Олон Улсын Кино Наадамд дэлхийн нээлтээ хийж удалгүй Торонто, Пусаны гээд томоохон наадмуудад шалгаран оролцлоо. Африк тивийн хамгийн том наадам Морокко улсад болдог Марракеш Олон Улсын Кино наадамд бас оролцлоо. Анх удаа Японд ирлээ. Азийн орны үзэгчдээс бас огт өөр мэдрэмж авлаа. Илүү хүлээцтэй, гүн тусгаж хүлээж авч байх шиг санагдаж байна. Гадаадын үзэгчдэд бол сонин содон санагдаж, сонирхон үзэж байгаа боловч яг утгыг нь мэдэрч, цаана орших философийг нь ухаж ойлгож үзэж байгаа нь азиуд болов уу. Нүдэнд харагдахгүй ч бидний дунд байгаа сүнслэг оршихуй, биет бус зүйлийн тухай азиудад их ойрхон ойлгогддог болов уу? Барууны болон Европын орнуудад монотеиз буюу нэг бурхантай гэсэн ойлголт илүү давамгай оршдог. Энэ амьдралдаа бус үхсэний дараа бурхантай уулзана гэдэг ч юм уу сүнсэн амьдрал дараагийн ертөнцөд бий гэсэн ойлголттой байхад Азид бол бидний дунд сүнсэн оршихуй бий гэж үздэг. Ертөнцийг харах өнцөг арай өөр өөр юм л даа.

-Монгол, Франц, Португал, Нидерланд, Герман, Катар улсын хамтарсан “Сэр сэр салхи” кино олон улсын хамтын уран бүтээл. Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад ямар байдаг вэ?

-Шилүүс” гэдэг киноны зураглаач маань магистрт хамт сурч байсан энэтхэг хүн байсан. Бид хоёрын арга барил хамт сураад бие биенээ ойлгодог болчихсон байсан учраас ч тэр үү ажиллахад их амар байсан. Бүрэн хэмжээний кинондоо бол Португалын компаниас хөрөнгө оруулсан учир португал зураглаач ажилласан. Гайхамшигтай байсан. Гадаадаас хамтран ажиллах хүмүүсээ зүгээр нэг авьяастай, сайн гэдгээр нь сонгохгүй. Хэр гар нийлж, ажиллаж чадах уу гэдэг л хамгийн чухал байдаг. Авьяас бол мэдээж байх ёстой. Дээр нь олон улсын төсөл дээр ажилласан туршлагатай, португал зураглаач маань Африк болон Европын нэлээд олон орноор ажиллаж байсан, өөр хэл соёл, зан заншилтай хүмүүстэй ажиллаад сурчихсан, улс орон бүрийн киноны ажлын арга барил, дадал нь өөр, өөр байдаг гэдгийг ойлгоод тухайн хүмүүсийн аясаар ажиллаж бас тэднээс суралцаж, ажиллахыг мэддэг хүмүүстэй хамтарч ажиллах нь их чухал. Дууны оператор бас франц хүн. Их олон төсөл дээр, хамгийн сүүлд Киргиз улсад ажилласан туршлагатай мэргэжлийн улсууд байсан юм.

-Манай Монголын кино уран бүтээлчид тэднээс юугаараа давуу, эсвэл сул тал ч юм уу ер нь юу ажиглагддаг вэ?

-Монгол уран бүтээлчид үүрэг гүйцэтгэхдээ маш сайн. Ажлыг маш сайн хийдэг. Кино урлагт чин зүрх сэтгэлээсээ хайртай, бор зүрхээрээ, хувийн амьдралаа хаяад ч хамаагүй зүтгэдэг хүмүүс. Үнэхээр кино урлагт үлдэж, оршин байхыг тэд хүсдэг, ажил гэдэг утгаар нь ч биш, кинондоо дурлан, чин сэтгэлээсээ ажилладаг. Сэтгэх, бүтээлч байх тал дээр л жаахан учир дутагдалтай байдаг. Туршлага дутдаг гэх үү. Ихэнх найруулагч яг энийг, энийг гээд хэлээд, тушаагаад тогтчихдог. Тэрийг л багийнхан нь яс гүйцэтгэдэг байх жишээний. Миний арга барил бол багийн уран бүтээлчдээсээ нэг кадр авах боллоо гэхэд гурван өөр хувилбарын санал бодлыг сонсохыг хүсдэг. Би багийн уран бүтээлчдээсээ криэтив буюу бүтээлч сэтгэлгээ, санаа оноог нь хүсээд байна гэсэн үг л дээ. Найруулагч хүн бол мэдээж аль хувилбар гэдэг дээр эцсийн шийдээ өөрөө гаргана. Өөр өөр сэтгэсэн сонголтуудыг би аль болох сонсохыг хүсдэг л дээ. Магадгүй надтай ажиллахад энэ нь яршигтай санагдаж магад. /Инээв/ Мэргэжлийн хүний санааг нь сонсох гээд л тэднээс юм л хүлээгээд байдаг. Тэдний санаа оноон дээр тулгуурлаж би шийдээ гаргахыг хүсдэг.

-Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад ямар бэрхшээл тохиолддог вэ?

-Тэдний арга барил нь огт өөр, цагийн хувиарлалт зэрэг зүйлүүд дээр зөрөлдөх тохиолдол гарч байсан л даа. Найруулагч хүн мэдээж боломжийнхоо хэрээр л зургаа авахыг хичээнэ. Гэхдээ би нэг тийм хийсвэр баримтлал, төлөвлөгөө, цагийн давчуу хөтөлбөрт баригдах дургүй л дээ. Цагийн төлөвлөгөө хэдэн долоо хоногийн өмнө гарчихна. Зураг авалт эхлэхэд гарцаагүй өөрчлөлт энэ тэр орох нь ойлгомжтой. Тэгэхэд хэдэн долоо хоногийн өмнө гаргачихсан төлөвлөгөөндөө амьд процессыг багтаах гээд байдаг яршигтай зан бас гадаад уран бүтээлчдэд байдаг. Уян хатан байдал жаахан дутагддаг гэх үү. Зураг авалтын талбай дээр гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломжийг Монголд илүү их болгомоор санагддаг юм. Маш их зүйлийг харилцан суралцдаг. Одоогоор бидэнд туршлага солилцох хамтын ажиллагаа их дутагдаж байна. Европт бол хил хязгаар нь ойрхон болоод ч тэр үү уран бүтээлчид нь их олон улсаар аялаад ажиллачихсан байдаг. Арга барил, мэдээлэл солилцоо, амьд хөгжил тэр уран бүтээлчдийн дунд халуунаар өрнөөд буцлаад байдаг. Харин монгол уран бүтээлчдэд минь олон улсын уран бүтээлч нартай хамтарч ажиллах нөхцөл бололцоо сайн бүрдэхгүй байна.

-Найруулагч гэдэг багын л мөрөөдөл байсан уу?

-Ээж шигээ эмч болъё гэж боддог байсан ч эцсийн сонголт минь найруулагчаар сурах болоод алс холын Турк улсад сурч төгсчихөөд хэдий аав ээждээ амласан эмч болоогүй ч хүний сэтгэлийг эмчилж, илааршуулах кино урлагт хөл тавьсандаа маш их баярлаж байсан юм. “Шилүүс” богино хэмжээний киногоо 2019 онд хийж, Каннын кино наадамд анх удаа дэлхийн нээлтээ хийж байсан. “Есдүгээр сарын цас” кино маань 2021 онд Венец, Торонто наадамд дэлхийн нээлтээ хийсэн. Киноны орчинд байж зураг авалтын талбайд ажиллана гэдэг жинхэнэ өөрийгөө мэдэрч, маш онцгой санагддаг юм л даа.

-Киногоо “Сэр сэр салхи” гэж нэрлэсний учир юу вэ?

-“Сэр сэр салхи” киноны зургаа гуч гаруй хоногт авсан. Кино дууны найруулгадаа эндээс тэнд хүртэлх нүдэнд үл үзэгдэх салхи сэвэлзэж байгаа амьд орчинг бүтээхийг хичээсэн. Салхи гэдэг бол харагддаггүй, агаарт хийн орчинд гарцаагүй орших байгалийн үзэгдэл. Бидний амь амьдралын эх үүсвэр хий агаар, орон зай. Гол утга санаа нь бидний дунд харагдахгүй ч гэсэн онгод тэнгэр, сахиус оршиж л байгаа гэдгийг үзүүлэх гэсэн юм. Сэр, сэр гэдэг үгэнд бас сэрч, сэхээрэх, босох гэсэн утгыг агуулж буй. Энэхүү киногоороо Монголын залуучууддаа хүч энерги өгөхийг хүссэн.

-Чухам юу тэдэнд дутагдаад байна?

-Орчин үед бие биенээ тогтож, чин сэтгэлээсээ харахаа байчихсан, зарим нь хүний нүд рүү эгц харахгүй, дальдчаад байдаг. Залуучууд бие биенээ тогтож харж, дотно сайхан харилцаа үүсгээсэй, кинон дахь өвөг дээдсийн онгод тэнгэртэй харьцаж байгаа бөөгийн зан үйл нь харагдахгүй, байхгүй хүмүүстэй холбоо үүсгэхийг хэлдэг шүү дээ. Түүнтэй адил бидний дунд ч сүнсэн харилцаа байгаа. Чин зүрх сэтгэлийн харилцаа ялангуяа хотын залуучуудад их дутагдаж байна гэдгийг киногоороо дамжуулан хэлэх гэсэн юм.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ?

-Зүгээр нэг гоё санаа олох бус өөрийн сайн мэддэг, холбоотой зүйлээ хийхийг хүсдэг. Киноны санаа надад бол дүрсээр бууж ирдэг. Саяны кино гэхэд нэг залуу хүүхэд бөөгийн нүүрний халхавчаа хуулаад зогсож буй дүрсээр түүнтэй холбоотой олон мэдрэмжүүд хамт орж ирсэн. Манай залуучууд их олон юманд санаа зовж, өөртөө ачаа үүрч, сэтгэлдээ их юм тээж явдаг. Гэтэл барууны залуучууд бодож санах юмгүй зүгээр хөгжиж баясаж, залуу насаа өнгөрөөдөг. Энэ бол бидний дүр төрх. Энэ олон мэдрэмжүүд ой санамжнаас миний оюун санааны гүнд бас сэтгэлд ч бууж ирдэг. Болоод өнгөрчихсөн зүйлийг эргэн санаж байгаа юм шиг санагдтал сэтгэлд ороод тогтсон юм шиг болдог. Түүнийг барьж авах ёстой юм байна гэж бодоод кино зохиолоо бичиж эхэлдэг. Киноны хэллэг өөрийн хэлэмжтэй. Зөвхөн кино урлагаар юуг илэрхийлж болох билээ? гэж үргэлж би өөрөөсөө асуудаг. Уран зохиол, уран зураг, бүжгээр илэрхийлж, өгүүлж болох зүйлийг би кино урлагаар хийхийг хүсэхгүй байна. Кино урлагт хамгийн чухал зүйлийн нэг цаг хугацаа. Мэдээж хөгжим бол байна. Кино олон урлагийн төрлийг агуулдаг болохоор хүний сэтгэлд их хүчтэй нөлөөлдөг.

-Цаг хугацаа гэдэг нь?

-Цаг хугацаа миний хувьд хувьсгалыг мэдрүүлдэг. Үгээр илэрхийлж болохгүй зүйлийг кино урлагаар хайж, эрэлхийлэхийг хүсдэг. Үгээр хэлэхгүй ч гэсэн киноныхоо үйл явцаар өгөх мэдрэмж, яг энэ юмны тухай гэж хэлэхэд хэцүү, гэхдээ дараа нь бодогддог. Нүдэнд үзэгддэг, эсвэл сэтгэлээс гардаггүй тийм мэдрэмжийг л үзэгчидтэй хуваалцахыг хүсдэг. Цаг хугацааг үндсэн элементээ болгосон. “Сэр сэр салхи” кинондоо өсвөр насны хүүхэд нэг өдөр босоод л нэг охиныг үнсээд л том хүн болчихгүй. Цаг хугацааны урсгалд олон зүйл тохиолдож, даван туулж байж том хүн болно. Тэрхүү хувьсалыг л харуулахыг зорьсон юм. Киноны эхэн дэх Зэ, төгсгөлд гарч буй Зэ хоёр тэс ондоо болчихсоныг үзэгчдэд өөрийн эрхгүй мэдрүүлэхэд л оршиж байгаа юм. Хүүхдээс том хүн болсон тэрхүү хувьслыг үгээр тайлбарлахад хэцүү зүйлийг л кинондоо илэрхийлж явахыг хүсдэг дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top