x

Ц.Туваан: Засгийн газар хаврын тариалалтаас өмнө улаан буудайн үнийг зарлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таны гишүүнээр нь ажиллаж байгаа Гурилын үнийн өсөлтийг судлах ажлын хэсгийн хурал өнөөдөр (өчигдөр) боллоо. Тус хурлаар ямар асуудлыг хөндөж ярилцсан бэ?

-Засгийн газраас гурилын гаалийн татварыг чөлөөлөх хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ нь нэлээд маргаан дагуулж байгаа. Нэг талдаа гурилын үнийг бууруулж, иргэдэд очих үнийн дарамтыг бууруулах зорилготой. Гэвч нөгөө талдаа стратегийн хүнс болох гурил үйлдвэрлэгч, улаанбуудай тариаланчдад хүнд цохилт болно гэсэн хоёр байр суурь байгаа. Тиймээс энэ ажлын хэсэг парламентаар хэлэлцэхэд аль нь зөв байх вэ гэдэг дээр зөвлөмж, мэдээллийг гаргаж өгөх зорилготой байгуулагдсан. Мөн дэд ажлын хэсэг бий. Түүнд нь тариаланчид, мэргэжлийн холбоод, ХХААХҮЯ, Сангийн яам, Хөдөө аж ахуйн корпораци, гааль гээд олон салбарын төлөөлөл орсон. Өнөөдөр (өчигдөр) хурлаа хийлээ. Миний хувьд энэ асуудал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Гурил үйлдвэрлэл, улаанбуудайн тариалалт хоёрыг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Тийм учраас тариаланчдын хэлээд байгаа өнцгийг авч үзэх шаардлагатай гэдгийг ярьсан. Мөн гурилын үйлд вэрүүдтэй холбоотой зүйлүүдийг ч ярьж байгаа. Өнгөрсөн 2022 онд 280 мянган тонн улаанбуудай импортоор авсан. Гэтэл үүнээс болоод тариаланчдын улаанбуудай борлуулалтгүй болж байсан. Тэгэхээр энэ удаагийн нөхцөл байдал ч ялгаагүй. Хуулийн төслийг баталж болно. Гэхдээ миний хувьд хугацаа болон хэмжээг оруулж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Анх ХХААХҮЯ-наас 25 мянган тонн гурилыг долдугаар сарын 1 хүртэл импортлох санал өгсөн ч хугацаа, хэмжээг нь авсан. Харин яамныхан дээрх байр суурь дээрээ одоо ч байгаа юм билээ. Угаасаа хэмжээ, хязгааргүй явуулах нь манай улсын газар тариаланд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, ямар хэмжээний улаанбуудай хураан авч, хэдэн төгрөгөөр борлуулах вэ гэдэг тариаланчдын хамгийн хүнд асуудал байдаг. Тиймээс энэ асуудлыг Засгийн газарт оруулж, улаанбуудайн үнийг эртхэн зарла гэсэн байр суурийг би илэрхийлсэн. Удахгүй шийдвэр болж гарах байх гэж бодож байгаа.

-Гурилын үйлдвэрүүд тариаланчдын улаанбуудайг зэрэглэл бууруулж авдаг. Төлбөрийг нь өгөхгүй уддаг гэдг ийг тариаланчид хэлж байсан. Тэгэхээр биржээр улаанбуудайг худалдаалах асуудал энэ удаад хөндөгдөх үү?

-Бүх зүйл хоёр талтай. Манай тариаланчдын улаанбуудай чанартай, чанаргүй гэдэг асуудал яригдсаар ирсэн. Өнөөдөр зах зээл дээр борлуулагдаж байгаа нийт улаанбуудайн 60 орчим хувь нь дөрөвдүгээр сортын буюу хамгийн бага зэрэглэлийнх байдаг. Энэ бодит үнэн.

Тэгэхээр гурилын үйлдвэрүүдийн худалдан авч байгаа улаанбуудай чанартай байж гэмээнэ гурил нь чанартай гарна. Тийм учраас стандарт тавьж авах нь аргагүй. Хоёрдугаарт, улаанбуудайн чанарт байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн нөлөөлдөг. Ноднин жилийн намар 17 хоног хур бороо орсонтой холбоотойгоор тариа түрүүн дээрээ соёолсон. Энэ бол маш ховор тохиолддог үзэгдэл. Тэгээд хураан авсан тариан дотор нь ногоорчихсон тариа бас холилдсон. Харамсалтай нь түүнийг ялгах боломж өнөөдөртөө Монголд байхгүй тул улаанбуудайн үнэ буурсан. Хэрэв үүгээр гурил хийвэл гурилын чанар эрс муудна. Тиймээс салбар яамнаас 80 мянган тонн улаанбуудайг чанар сайжруулах байдлаар авч Цагаан сарын гурилын хэрэгцээг хангасан. Бид гурилын үйлдвэрүүдээр очиж танилцсан. Гэтэл өнөөдрийн яриад байгаа шиг гурилыг 3000 орчим төгрөгөөр зарж байгаа асуудал алга. Стандартын шаардлагад хүрсэн улаанбуудайг тэд тонныг нь 1.1-1.2 сая төгрөгөөр авсан гэдгээ хэлж байна. Харин үйлдвэрээс зарж байгаа үнэ 1900, иргэдийн гарт 2100-2200 төгрөгөөр 50 килограммын г у рил очиж байна. Харин нэг килограммаар савласан, томоохон супермаркетуудаар зарж байгаа үнэтэй холилдоод байна. Тиймээс жаахан ялгаж зааглаад яг хаана үнийн нэмэгдэл яваад байгааг ярих шаардлагатай. Ажлын хэсэг дээр үйлдвэрлэгч, тариаланч, хэрэглэгчээ бодсон алтан дундаж шийдвэрийг олох хэрэгтэй. Түүнээс биш аль нэг талаа татаж унагаж болохгүй. Мөн хамгийн чухал нь Засгийн газар хаврын тариалалт эхлэхээс өмнө тариаланчдаас улаанбуудайг худалдан авах үнэ болон хэмжээгээ эртхэн зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Гурил хэт өндөр үнэтэй байгаа баруун аймгуудад буюу хэсэгчилсэн байдлаар импортын гурилыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн санал зарим гишүүнээс гарч байсан. Ингэж ер нь болох уу?

-Болно. Болохгүй юм огт байхгүй. Үнийн нэмэгдэл бол тээвэр ложистиктэй холбоотой. Улаанбаатар хотоос алслагдсан байдлаас шалтгаалан үнэ өсөөд байна. Тэгэхээр баруун аймаг буюу нийслэлээс хол амьдарч байгаа нь та нарын хохь гээд орхиж болохгүй. Тиймээс бүсчилсэн байдлаар асуудлыг харж, бүсийн нэмэгдэл, бодлогын асуудал яригдах ёстой гэж бодож байна. Асуудлыг ул суурьтай авч үзэж, ярилцахгүй бол Улаанбаатараас хол тэр бүс нутагт амьдрах иргэн үлдэхгүй. Үүнийг бодолцож, бодлогоор энэ асуудлыг шийдэх ёстой.

-УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн эсэхийг шалгаж, хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэж байсан. Ажлын хэсгийн зүгээс энэ шалгалтыг хийх үү?

-Ажлын хэсэг дөнгөж өчигдөр (уржигдар)-өөс ажиллаж эхэлж байна. Гурилын үйлдвэрүүдээр орж мэдээллээ авсан. Монголд 10 гаруй гурилын үйлдвэр ажиллаж байгаа. Үүнээс 4-5 том компани нь улаанбуудайн 90 орчим хувийг худалдан авдаг. Харин гурилын үйлдвэрүүдийн хүчин чадлаасаа бараг тав дахин өндөр хэрэгцээтэй болчихсон. Тэгэхээр өрсөлдөөн гарах боломж нөхцөл бүрдсэн. Мэдээж үнийг ийм өндөр байлгаад байж болохгүй. Үндэслэлгүй өндөр үнэтэй гурил хэрэглэж байна уу. Хаанаа үнийн өсөлт нь яваад байгааг харах ёстой. Гурилын үнэ 2022 онд 46, 2023 онд 16 хувь буюу нийтдээ 62 хувиар нэмэгдчихээд байгаагийн бодит өсөлт нь хаана байгааг нарийн харах хэрэгтэй. Ингэж байж үнэн, зөв шийдвэр гарна.

-Танай намын дарга Л.Гантөмөр “ЗГХЭГын дарга энэ салбарыг самрах гэж байна” гэсэн утгатай зүйлийг цахимд бичсэн. Түүний хариуд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ихэнх гурилын үйлдвэрүүд АН-ынх” гэсэн. Үнэхээр гурилын үйлдвэрүүдийн эздүүд танай намын харьяалалтай, түүгээрээ дамжуулж нөлөөлөөд байгаа зүйл бий юу?

-Улстөржих, улстөржихгүй сэдэв гэж байх ёстой. Миний хувьд гурилын үйлдвэр, үнэ дээр улстөржмөөргүй байна. Яагаад гэхээр чөлөөт эдийн засагтай, хувийн өмчийг дээдэлсэн системээр явж байгаа орны хувьд гурилын үйлдвэрүүдээ тэр, энэ намынх гэх нь буруу. Гурилын үйлдвэр хүнд салбар. Тиймээс гурилын үйлдвэрүүд, үнэ дээр битгий улстөржөөсэй л гэж би бодож байна. Гурил стратегийн гол хүнс. Дээрээс нь инфляцид нөлөөлдөг гол гурван бүтээгдэхүүний нэг нь. Гадны гурил хязгааргүйгээр гаалийн татваргүй ороод ирлээ гэхэд дотоодын үйлдвэрлэлд нөлөөлж л таарна. Улаанбуудайн экспорт байхгүй учраас түүний борлуулалтад ч нөлөөлнө. Тиймээс эрүүлээр харж, асуудалд хандах нь зөв.

-Энэ жилийн өвөл, хавар нэлээн чанга болж байна. Нийтдээ 20 орчим сая толгой мал хорогдоно гэсэн тооцоолол гарсан. Та орон нутгаар яваад ирсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөдөө явж байхдаа 80аас дээш насны ахмадуудтай уулзаад асуухаар ийм зуд үзээгүй гэж байна лээ. Тэгэхээр ямар хэмжээний байгалийн гамшиг гэдэг нь тодорхой. 1944 онд болсон мичин жилийн зуднаас ч илүү хүнд нөхцөлтэй байлаа. Үүнийг харгалзан Засгийн газар гамшгийн зэрэг тогтоогоод зарласан. Улсын хэмжээнд 20 аймгийн 220 сум зуданд өртсөн. Газар дээрээ үнэхээр аймшигтай нөхцөл байдалтай байсан. Увс аймгийн нутагт л гэхэд 50 градус давж хүйтэрсэн. Мөн 40-өөс дээш хэмийн хүйтэн 35-38 хоног үргэлжилсэн. Харин одоо бол бид бодлогын асуудлаа ярих хэрэгтэй. Мөн зудын хохирлыг барагдуулахад анхаарах ёстой. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс малчдын зээлийг тэглэе гэсэн санал гаргасан. Гэхдээ бүх зээлийг биш. Малчид нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зээлтэй. Эдгээрээс хохирол харьцангуй их байсан малчдын зээлийг тэглэж болно. Хоёрдугаарт, малжуулах хөтөлбөрт зарцуулах 22 тэрбум төгрөг ХНХ-ын сайдын багцад байгаа юм билээ. Гэтэл энэ мөнгөөр тооцоод үзэхэд 500-600 өрхийн л асуудлыг шийдэж болно. Нийтдээ 15-20 сая мал хорогдоно гэж тооцоод 500 малаар дундажлаад үзэхээр 30-аад мянган өрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Тиймээс үүнийг нэлээд өргөн хэмжээнд шийдэх хэрэгтэй. Үгүй бол төв суурин газрыг чиглэсэн 2000-аад оны их нүүдлийн хоёр дахь давлагаа явахыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр мал тооллогыг хагас жилээр дахин хийгээд их хохирол амссан малчдад урт хугацаа, маш бага хүү, эргээд малаар нь юм уу, мөнгөөр төлж болох нөхцөлтэй малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Ер нь цаашдаа мал аж ахуйн цогц бодлого гаргаж, өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Учир нь дэлхийн дулаарал бусад улсад халуун нэмэгдэх байдлаар илэрч байгаа бол манай улсад хур тунадас нэмэгдэж байна шүү дээ.

-Залуу малчдыг байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, хадлан бэлдэх, ногоон тэжээлээ тарих зэрэгт сургах ажлыг хийх хэрэгтэй гэдгийг хүмүүс хэлж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Залуу малчдад хандсан бодлого зайлшгүй байх ёстой. Хөдөөд залуу малчны тоо эрс багассан. Дээрээс нь залуу малчдын гэр бүл гэж Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар асуудал болсон. Уг нь үүнийг шийдэх их амархан. Малчдын үйлдвэрлэж байгаа мал, мах, түүхий эдийг нь үнэ цэнтэй болгосноор шийдэгдэнэ. Өнөөдөр арьс, шир хог болсон. Нэг хонины нэхий ядаж 25 кг гурил болдог хэмжээнд байвал тэнд байх хүмүүс дур сонирхолтой байна. Яагаад гэхээр орлогоороо амьдралаа аваад явчихдаг болчихвол хөдөөдөө амьдарна шүү дээ. Одоо орлого нь хэрэгцээнд нь хүрэхгүй болохоор илүү ихийг хайж суурин газар бараадаад байна.

Хоёрдугаарт, Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилсан гэр бүлгүй залуу малчдын чуулга уулзалтыг хүмүүс шоолоод л байсан. Гэтэл тэндээс 20 гэр бүл бий болсон. Тэгэхээр үүн шиг бодлогыг илүү сайжруулж хийх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор манайхан охидоо сургуульд явуулаад хөвгүүдээ мал дээр авч үлдсээр байтал гэр бүл зохиох асуудал нь маш хүнд болсон. Үүнд төрөөс маш сайн анхаарал хандуулахгүй энэ чигээр нь явуулбал тун удахгүй малчингүй болно. Малчингүй болчихвол Монгол яах вэ гэдэг маш том асуудал үүснэ.

-Малчдын зээлийг тэглэх тал дээр талцал үүсдэг. Дээрээс нь малчид маань залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна гэсэн шүүмжлэлүүд ч гарсан. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Малчид бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс огт биш. Үүн дээр би эсрэг байр суурьтай байна. Монголчуудын амьжиргаа хүнд байгаа энэ цаг үед хамаг ачааг малчид л нуруун дээрээ үүрч яваа. Хөдөөнийхнөөсөө махныхаа хэрэгцээг үнэгүй хангадаг маш олон айл бий. Хэрэв тэд өнөөдрийн ханшаар өдөр бүрийн махны хэрэгцээгээ худалдаж авбал авч байгаа цалин нь амьдралынх нь бусад хэрэгцээний хаана ч хүрэхгүй. Хоёрдугаарт, гамшгийн үед бид малчдаа зөнд нь хаяад суух юм уу. Нөгөө ардчиллын хамгийн том төлөөлөл болсон АНУ-д ковидын үед иргэд, компаниуддаа маш их хэмжээний бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлсэн. Мөн Японд болдог газар хөдлөлт, цунамигийн үеэр ч ийм дэмжлэгүүдийг үзүүлдэг. Энэ бол дэлхийд байдаг практик. Ардчилал, зах зээл төгс хөгжсөн улсуудын жишээ энэ. Ганцхан Монголд үүнийг хийгээд малчдыг давраагаад байгаа юм байхгүй. Үүнээс гадна бид мал аж ахуйгаа суурин байдал руу бүгдийг нь шилжүүлэх эдийн засгийн нөөц огт байхгүй. Суурин маллагаатай болгоод тэжээнэ гэдэг чинь ам руу нь мөнгө хийж байна л гэсэн үг. Одоо орлого нь хүрэхгүй байгаа шүү дээ.

-13 настай охиныг цагдаагийн дөрвөн албан хаагч бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэргийг шалгах ажлын хэсэгт та орсон. Энэ асуудал дээр ажлын хэсэг ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?

-Даваа гаригийн АН-ын бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Бүлэг дотроосоо байгуулсан гэсэн үг. Үнэхээр маш муу, ичгэвтэр зүйл болсон. Бүх монголчуудын сэтгэлийг сэртхийлгэлээ. Бага насны хүүхдийг, тэр дундаа тэдний эрхийг хамгаалж байх ёстой байгууллагын албан хаагчид бүлэглэн хүчирхийлэл үйлдэнэ гэдэг маш жигшүүртэй хэрэг. Олон улсын түвшинд энэ асуудал яригдвал Монгол Улсаараа дэлхий нийтийн өмнө ичгэвтэр байдалд орно. АН энэ талын асуудлыг дандаа хөнддөг, хуулийг чангатгахыг зорьдог. Тийм ч учраас ажлын хэсгийн үндсэн зорилго бол энэ төрлийн гэмт хэрэг дахиж гаргахгүй байх, нийгэм үүнийг жигших, хуулийг чангатгахын төлөө ажиллах юм.

-Хуулийг чангаруулахаас гадна цагдаагийн алба хаагчдын ёс суртахууныг дээшлүүлэх гэдэг асуудлыг олон нийт хөндөж байна. Тэгэхээр энэ талын ямар ажлуудыг хийвэл дээр вэ?

-Хүмүүсийн хамгийн их дургүйцэж, зэвүүцэж байгаа нь мэдээж бага насны хүүхдийг хүчирхийлсэн явдал. Дээрээс нь ар гэр нь хамгаалуулах гэж цагдаад хандаж байхад албаны нууцад хамаарах байдлыг нь далимдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, бүлэглэн хүчирхийлсэн. Энэ бол үнэхээр соёлт хүн төрөлхтний бүх хэм хэмжээсүүдийг давсан жигшүүрт хэрэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх тал дээр хаа хаанаа анхаарах шаардлагатай. Мөн ёс зүйн хэм хэмжээний сургалтыг хийхгүй бол болохгүй нь. Саяхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны хариуцлагыг нэмэгдүүлснээр тухайн зөрчил эрс буурсан. Яг үүн шиг энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулах шаардлага байна. Дээрээс нь хууль хүчний байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүс дотооддоо сургалт явуулж, хүний нөөцөө бүрдүүлэхдээ анхаарах ёстой.

-Энэ хэргийг АТГ шалгахаар болсон. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Цагдаа шалгахгүйгээр АТГ-аас шалгасан нь зөв ч байж магадгүй. Тусгай субьектын гэмт хэрэг гээд тэгж байгаа байх. Ер нь цагдаа шалгахаар өөрөө, өөрийгөө шалгах болчихоод байгаа юм. Тиймээс АТГын мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг тусгай хэлтсийнхэн үнэн зөвөөр тогтооно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top