x

Ж.Баярмаа: Хоригдож байх хугацаандаа иргэн амиа алдаж байгаа асуудлыг зүгээр орхиж болохгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дэргэд байгуулсан “Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа.

-Хорих 461 дүгээр ангид 21 настай залуу амь хохирсноос улбаалаад Хяналтын сонсголыг нэн яаралтай хийлгэх хүсэлтээ УИХ-ын даргад долдугаар сард гаргасан. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?

-Энэ оны долдугаар сард цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид төрийн байгууллагын шийдвэрээр эрхээ хязгаарлуулан хоригдож байх үедээ эмнэлэгт очиж нас барсан хэрэг гарсан. Мөн цэргийн алба хааж байгаа цэргүүд дүрмийн бус харилцаанд өртөх, хууль сахиулах байгууллагуудад мөрдөн шалгуулах ажиллагааны явцдаа эрүү шүүлтэд өртөх, хүнлэг бус харилцаанд орох зэрэг асуудал удаа дараа гардаг учраас УИХ хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэж, нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ асуудлын учир шалтгаан нь юу юм. Яагаад буурах, алга болох нь бүү хэл улам даамжираад байна вэ гэдгийг иргэдэд нээлттэйгээр хүргэх, ярилцах шаардлагатай гэж үзээд долдугаар сард хүсэлтээ Их хурлын даргад өгсөн. Энэ хүсэлтийг өгөхийн тулд хуулийн дагуу доод тал нь 15 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой байдаг бол миний энэхүү хүсэлт дээр надаас гадна 21 гишүүн гарын үсгээ зурсан. Мөн хуулийн дагуу УИХ-ын дарга энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлдэг юм байна лээ. Энэ дагуу байнгын хороо хэлэлцээд өнгөрсөн сарын 10-нд энэ нийтийн сонсголыг хийхээр тогтсон. Гэвч дахин хуралдаж хойшлуулах шаардлагатай гэж үзсэн. Учир нь хүний эрхийн асуудал гэж анх оруулсныг хэтэрхий ерөнхий байна. Тиймээс сэдвээ нарийвчил гэсэн. Үүний хүрээнд сонсголынхоо цар хүрээг хумьж, нарийвчилсан. Одоо агуулга нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус хэрцгий харьцаанаас ангид байх хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаарх нийтийн сонсгол гэсэн нэртэй болсон. Харин арваннэгдүгээр сарын 20 болгосны учир нь УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухайн хуулийн 126 дугаар зүйлийн 5 дахь заалтад хяналтын сонсгол зохион байгуулах журмыг УИХ-ын тогтоолоор батална гээд заачихсан юм байна.

Энэ заалт нь сонгуулийн өмнөхөн буюу зургадугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлтөөр орсон байсан. Тийм болохоор нарийвчилсан журам гарах ёстой гээд нэлээд хойшоо тавьсан. Одоо ажлын хэсэг гараад хуулийн дагуу нарийвчилсан журмын төслийг нь гаргачихсан байгаа. Байнгын хороодоор орж, УИХ-аар тогтоол болж батлагдах ёстой. Ийм шалтгаанаар хойшилсон.

-АН-ын бүлгийн дэргэд байгуулсан “Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Ер нь хуулиараа нийтийн сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан тохиолдолд харьяа байнгын хороо нь зохион байгуулалтыг нь хийдэг юм байна. Тиймээс цаашаа санаачилсан хүмүүсээс юу ч хамаарахгүй болж байна гэсэн үг. Мэдээж тухайн байнгын хорооны гишүүн бол хуралдаан дээр нь үгээ хэлээд яваад байж болно. Гэтэл харьяалагддаггүй гишүүд санаачилга гаргасан тохиолдолд оролцоогүй болчихож байгаа юм. Ийм болохоор хүний эрхийг онцгойлон авч үздэг намын хувьд Ардчилсан намын бүлгийн дэргэд “Эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бус хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Ахлагчаар нь миний бие ажиллаж байгаа. Зөвхөн байнгын хороонд хариуцуулаад орхих биш, бид санаа тавих ёстой гэдэг агуулгаар энэ ажлын хэсгийг байгуулсан. Хүний эрхийн комиссын тайлан, илтгэлүүд, Эрүү шүүлтийн эсрэг албаны тайлантай танилцаж, зарим албан тушаалтнуудаас мэдээлэл авсан. Нэмээд хэлэхэд, заавал нарийвчилсан журам гэлгүйгээр хийж болох байсан боловч заавал хийнэ гээд хойшлуулсан нь миний хувьд харамсалтай байгаа. Одоо нэгэнт товоо тогтчихсон учраас процессын ажлуудыг хийж байна.

-Хорих ангид нас барсан 21 настай залуугийн талаар ХЗДХ-ийн сайд, ХЭҮК, ХХЕГ-ын удирдлагатай уулзаж, АТГ, УПЕГ, ЦЕГ-ын дарга нараас хариулт авсан гэж байсан. Ирүүлсэн хариуг хэлж өгч болох уу?

-Ажлын хэсгийн хүрээнд сүүлийн 30 жилийн нөхцөл байдлыг цогцоор нь авч үзэж байна. Сүүлийн гурван жилийн тухайд энэ сэдэв нийгэмд хамгийн их хэлэлцэгдэж байна. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт төрийн албан хаагчдыг шалгуулах гомдол, мэдээлэл 300-500 орчим ирж, түүнээс гурав орчим хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж байна. Тухайн хэрэгт хамгийн их холбогдож байгаа нь цагдаагийн алба хаагчид байгаа бөгөөд нийт гомдлын 93 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Тийм ч учраас бид энэ байгууллагын үйл ажиллагаа, тогтолцоог сайжруулах чиглэлээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлтэй хамтран ажиллаж байгаа. ЭШУСАЭ гишүүнээс мөн үйл ажиллагааны болон нөхцөл байдлын талаар ажлын хэсэг дээр мэдээлэл авсан. Мөн тодорхой асуудлаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас мэдээлэл авахаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг урьсан. Харамсалтай нь АТГ-ын холбогдох хүмүүс бидний урилгад хариу өгөлгүйгээр ирээгүй. Зөвхөн 21 настай амь хохирогчийн тухайд бус хилийн заставт гарсан хоёр цэргийн асуудлаар бас тодруулга авсан юм. Яагаад хоёрын хоёулаа зэрэг хагалгаанд орсныг нарийн шалгамаар л юм байна лээ. Ар гэрийнхнээс нь надад өргөдөл ирсэн. Тухайн 21 настай амь хохирогчийн тухайд АТГ хэргийн нууц гээд ирж мэдээлэл өгөөгүй ч бусад байгууллагын хариунд эрүү шүүлт тулгасан байж болзошгүй цагдаагийн ажилтнуудад хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн байсан. Хэрэг үүсгэсэн нь сайн ч мөрдөх ажиллагаа арай л удаан явагдаж байна. Аль нэг сараас хойш шүү дээ. Хоёр цэргийн асуудлаар ХЭҮК очиж шалгалт хийсэн дүгнэлтэд дүрмийн бус харьцсан нь тогтоогдсон байна лээ. Мөн холбогдох албан тушаалтнуудад хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэсэн байсан.

-Тухайн залууг өөрөөс нь хамгаалж гавтай байлгасан гэдэг яриа явж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Удаан хугацаанд хорьж байж өөрсдөө өвчнийг нь оношилж чадахгүй, дараагийн шатны эмнэлэгт үзүүлж оношлуулаагүй. Гавтай нь эмнэлгийн орон дээр нас баруулж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудын үйл ажиллагаа доголдсон. Хүний эрхийн мэдрэмжгүй, хууль эрх зүйн хувьд яаралтай өөрчлөх хэм хэмжээнүүд байна гэж дүгнэж болохоор байна.

-Тухайн залуу өөрийг нь эрүүдэн шүүсэн цагдаа нарыг АТГ-т хэлэхээр очих үед нь баривчилсан байдаг. Тэгэхээр цагдаад АТГ-ын мөрдөгч л хэлсэн гэсэн үг үү. Үнэхээр ингэдэг бол үүнийг хэрхэн хянаж, зохицуулах шаардлагатай вэ?

-Бид хараагүй, үзээгүй тул яг тэгсэн гэж мэдээж хэлж чадахгүй. Гэхдээ бидний үзэж байгаагаар эрүү шүүлт тулгасны дараа тухайн иргэнийг хорьж шалгасан явдлыг тогтолцоо алдагдаж ажилласан байж болзошгүй гэж хардаж байгаа. Бид хардах эрхтэй. Нөгөө талаасаа, эрүүдэн шүүсэн байж болзошгүй цагдаа нарыг таниулах ажиллагаа хийхээр амь хохирогч залууг авч гарах гэхээр АТГ-т прокуророос зөвшөөрөл олгоогүй гэж ойлгосон. Ер нь иймэрхүү асуудлаар тусдаа бие даасан хараат бус мөрдөх алба байгуулах хэрэгтэй. Мөн Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколд нэгдэж орсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хороо болон бусад Хүний эрхийн гэрээний хороодоос Эрүүдэн шүүхийн эсрэг Үндэсний урьдчилан сэргийлэх хараат бус, бие даасан механизмыг байгуулж ажиллуулах талаар удаа дараа Монгол Улсад зөвлөмж өгч ирсэн юм билээ. Монголд энэ механизм бүрдсэн хэдий ч бүрэн бие даан, хараат бусаар ажиллаж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байна. Ер нь л бүх хууль тогтоомжийг Монгол Улс нэгдэж орсон Хүний эрхийн чиглэлийн конвенцуудын дагуу филтерээр оруулах ёстой юм билээ. Эрх зүйн хувьд ямар ч зөрчил, алдаа, цоорхой байх ёсгүй, дээрээс нь хэрэгжилтийг хангах механизмыг нь улам сайжруулах ёстой.

-Сүүлийн үед хэд хэдэн сонсгол хийсэн. Гэвч олигтой үр дүн гараагүй гэдэг шүүмж байдаг. Тэгвэл энэ удаагийн сонсголоос бид ямар үр дүн хүлээх вэ?

-Сонсгол үр дүнд хүрэхгүй байна гээд хүний амь насыг хамгаалах үүрэгтэй газарт хоригдож байх хугацаандаа хүн амь хохирч байгаа, мөн эх орноо хамгаалахаар явсан бор цэргүүдээ дарамталж, дүрмийн бус харьцаж байгаа зэрэг ноцтой асуудлуудыг зүгээр орхиж болохгүй. Мэдээж энд холбогдох байгууллагад ажилладаг бүх хүмүүс бус зарим нэгэн хүмүүсийг л ярьж байгаа. Тиймээс холбогдох байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд хийх ёстой ажлаа хийх л үүрэгтэй. Ер нь бол төрийн хамгаалалттай газар иргэн эмчилгээ авч чадалгүй нас барж байгаа нь бидний бүтээх гэж зорьсон иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгэм гажуудсан байгаагийн илрэл гэж хэлж болно. Бид энэ удаагийн сонсголын үр дүнд иргэдийнхээ эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанд өртөж хохирч ирсэн бүх үнэн байдлыг ил гаргах, иргэдийн эрхийг хамгаалах үүрэгтэй төрийн алба, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд цогц дүгнэлт хийх, хууль эрх зүйн хувьд хэрхэн хүн төвтэй, хүний эрхийг бодитоор нь хамгаалж чадах системийг бүтээх асуудлуудыг цогцоор нь шийдэх шийдэлд хүрэхийг зорьж, хүсч байгаа.

-Сонсголд оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа гэсэн?

-Цөөхөн иргэн бүртгэх юм билээ. Тиймээс эрүү шүүлтэд өртөж хохирсон, хэлмэгдсэн, төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас хохирсон иргэд, тэдний ар гэр, хууль ёсны төлөөлөгчдийг энэ сонсголд бүртгүүлж, эрхээ сэргээлгэх, хамгаалахад дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсч байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.181)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top