x

Томхон жорлон бариад тууз хайчилдаг төрийнхөн нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ

Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал өнгөрсөн сарын сүүлээр болж өнгөрлөө. Тодруулбал, Дорнод аймгийн Матад суман дахь газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу-1” газрын тосны ордын нээлтийг аравдугаар сарын 25-нд хийсэн юм. Гэвч төр засгийн хэмжээнд ч, олон нийтийн анхааралд ч тэр бүр хүрсэнгүй. Хувийн хэвшлийн том төсөл учраас олон нийтэд хүргэх, сошиалд сэвүүлэх зэрэгт дэмий мөнгө үрээд яах вэ гэж үзсэн байх л даа.

Аль болохоор зардлаа танах нь бизнесийн байгууллагын хувьд чухал учраас үүнийг ойлгож болно. Харин томоохон жорлонгийн нээлтэд хүртэл батгана аятай шавчихсан, цагаан бээлий, хайчтайгаа зогсож байдаг төр, засгийн томчууд маань огт үзэгдсэнгүй. Тэр бүү хэл энэ талаар ам ч ангайсангүй нь хачирхалтай. Үүнийг л огт ойлгосонгүй. Нэгэнт шат, шатны сонгуулийн үр дүн гарчихсан учраас дараагийн сонгууль болтол энэ мэт зүйлд очих нь төвөг гэж үзсэн ч байж магадгүй л юм.

Орд илэрсэн “Матад-ХХ” талбай нь 10340 км квадрат талбайг хамардаг бөгөөд Дорнод аймгийн Матад сумын нутагт буй Тамсагийн сав газрын баруун урд үзүүрээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийг дамнаж оршдог байна. Харин ордыг илрүүлсэн “Петроматад” компани нь Петровис компанийн санаачилгаар 2005 онд байгуулагдсан, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай үндэсний компани аж. Түүнчлэн “Петроматад” компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын газрын тосны хайгуулын салбарт нийт 120 орчим сая ам.доллар зарцуулсан гэж байгаа. Петровис компанийн захирлаар ажиллаж байсан талийгаач Ж.Оюунгэрэл агсан “Петроматад” компанийг 2007 онд байгуулан хайгуулын ажлыг зогсолтгүй хийсээр ирсэн байдаг. Олон жилийн хөдөлмөр, зорилго нь өдгөө биеллээ олж, одоогийн байдлаар туршилтын журмаар өдөртөө 200 баррель газрын тос олборлох төлөвлөгөөтэй ч дотоодын нийт хэрэгцээний 55 хувийг хангана гэсэн том амбицтай юм билээ.

Харин манай улсын Засгийн газрын эхлүүлсэн нөгөө Газрын тосны үйлдвэр нь нэмж зээл аваад байхаас ажил урагшлахгүй өдий хүрч байна. Эхлээд Энэтхэг улсын Экзим банкнаас тэрбум гаруй ам.долларын зээл авч эхлүүлсэн ч 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. Саяхан л гэхэд дахиад 461 сая ам.долларын зээл авах шаардлагатай гэж Засгийн газраас үзээд, МАН-ын бүлэг хэлэлцэн дэмжсэн. Одоо авчихсан байгаа зээл нь 25 жилийн хугацаатай, жил бүр 68 сая ам.доллар төлнө гэж байсан ч Сангийн сайд Б.Жавхлан хугацааг нь 20 жил, төлөлтийг нь 64 сая, 14 сая гэх зэргээр ярих болсон гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байгаа. Энэ бүхнээс хувийн хэвшлийн болон төрийн ажлын ялгаа заагийг маш сайн харж болно. Дарга нарт унацгүй учраас энэ том төслийн нээлтэд анхаарал хандуулаагүй байж мэднэ. Түүнээс биш манай үе, үеийн дарга нарт тууз хайчилсан арвин их түүх бий.

УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн үерийн далан дээгүүр тавьсан дөрвөн метр хүрэхгүй гүүр нээж байсан бол Арслантай гүүрэн дээр байгуулж, одоо нэгэнт ажиллахаа больсон “Шээдэг оргилуур”-ыг дарга даамлууд сүртэйхэн эхлүүлж байв. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан “Төрийн хатан эх” гэгддэг Д.Сарангэрэл II төрөх эмнэлэгт дөрвөн орыг ёслол төгөлдөр хүлээлгэн өгч байсан бол УИХ-ын дарга асан М.Энхболд, гишүүн асан Ж.Мөнхбат нар “Нэг цонхны үйлчилгээ”-ний байрыг нээж хэл аманд өртөж байлаа. Үүнээс гадна шороон зам, эрүүлжүүлэх байр, худаг, тэр ч бүү хэл жорлон нээж тууз хайчилсан дарга нарын зураг өдгөө ч цахим орчинд бий. Харин улсдаа анх удаа нефтийн цооногтой болсныг дарга нар тоогоогүй нь үүнээсээ ч илүү анхаарал татаж байна.

Зүүн бүсээс сонгогдсон 10 гишүүн, харьяа яамны сайд, төрийн гурван өндөрлөг гээд очиж болох хүн уг нь захаас аваад бий. Хувийн хэвшлийнхэн том төслөө амжилттай хэрэгжүүлсэнд уур нь хүрсэн үү. Эс бөгөөс шатахуун, түлшний Оросоос хараат байдлыг үгүй хийснээр өөрсдөд нь ашиггүй байдал бий болгоно гэж тооцсон уу бүү мэд. Нэг бол “Ах нар” нь анхаарал хандуулж, ар өврөөр нь гүйгээд үзээрэй гэж сануулсан ч байж мэдэх юм. МАН-ын угшилтай гишүүд, дарга нарт энэ мэтчилэн олон талын шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Ер нь МАН байнга л хувийн хэвшлээ дэмжинэ, татвар бууруулна гэж ярьдаг, ар хударгаар нь энэ бүхнээсээ эсрэг зүйл хийдгийг ард түмэн мэднэ.

Өнөөдөр ч гэсэн “Төр-хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сайхан зүйл яриад байгаа ч төртэй түншилсэн хувийн хэвшил тийм ч их биш л байна. Дандаа ямар нэгэн байдлаар тэдний хамаарал бүхий хэдхэн компани л тендер авдгийг ч хувийн хэвшлийнхэн хэлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой агентлаг нь сонгуулийн мөнгө гаргаж өгсөн байж мэдэх гэрээний жагсаалт ил болж, дуулиан тарьж байгаа шүү дээ. Харин хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам уг нь орсон биз дээ. Тэд яагаад адилхан таг чиг байхыг сонгов. Засагт хамтарч, найман сайдтай болсны нэг нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам. Олон жил төрд сонгогдсон туршлагатай улстөрч Ц.Туваанд энэ яамаа хариуцуулсан. Монголын нэг компани Дорнодын талаас газрын тос орд олоод, нефтийн цооногтой болж, өдөрт 200 баррелийг олборлож, улсынхаа хэрэгцээний 55 хувийг хангах нь тийм ч чухалд тооцогддоггүй бололтой.

“Петроматад” компани 8.7 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг 2021 онд бүртгүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлөө энэ ондоо багтаан авсан байдаг. Гэвч орон нутгаас өгөх зөвшөөрөл удсанаас болж, олборлолтоо эхлүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж байгаа. Тэгэхээр бас л төрийн албаны хүнд суртал, авцаа өгцөө харсан байдал энэ төслийг өдий хэмжээгээр хойшлуулсан байж мэдэх юм. Гэхдээ ямар ч байсан нээлтээ хийчихсэн учраас одоо цаашдаа төр засгаас дэмжиж чаддаггүй юм гэхэд гай болохгүй байх хэрэгтэй. Жорлонгийн нээлтэд тууз хайчилж, жалга довоороо талцан хэрэлдэж, улсын төсвөөс өөртөө таван тэрбум төгрөг авчих санаатай элдэв хор найруулж явахад чинь хувийн компани улсынхаа тал хэрэгцээг хангахаар зүтгэж байгааг ойлгох хэрэгтэй шүү, дарга нар аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top