x

Монголын ард түмний амин зуулга юу юм бэ

Энэ асуултад элдэв хариулт мундахгүй. Эрх чөлөө нь хэтэрчихсэн ард түмэн тул ам амандаа зоргоороо нэрлэх байх. Хийж бүтээхээ больчихоод нүүрсний хэдэн уурхай ширтээд сууж байгааг би их шүүмжилдэг. Ядаж дор бүртээ амьдрал ахуйгаа өөрсдөө аваад явчихдаг, бие хаа тархи толгой эв эрүүл насанд хүрсэн монгол бүх хүн ажил амьдралын төлөө тэмүүлдэг болчихоосой гэж мөн ч их ерөөх юм даа. Даан ч байдаггүй. Улс төрчидтэйгээ барьцаад гүрийчихсэн. Энэ эрчээрээ явсаар Шинэ жилээр нэг гэгээнд гараад , Цагаан сартай золгож гэдэс гараад, тэгээд хаврын хахир хүйтнийг утаа тортог, түгжрэл, хэрүүлтэй туулаад “Эрүүл явбал улсын наадам үздэг” их Нацагдоржийн ерөөлөөр Наадамтай золгоод... Энэ л амьдралын цикл болчихсон.

Энэ ч яахав, би арай өөрөөр бичих гэж байна. Ингэхэд Ерөнхий сайд маань Хятадын түншдээ хандан жилд 100 сая тонн нүүрс авна уу гэж уриалж гуйж байх юм. Энэ бол өнгөн талаасаа Та бидний ойлголтоор эх оронч уриалга, жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэл мөн л дөө. Өнгөн талын цаана юу байдаг гэж санана. Хүлэмжийн хийн эсрэг зогсож, НҮБ-ын өмнө хатуу үүрэг хүлээчихсэн өмнөд хөрш маань ёстой биднийг л гэж бодон наанаа инээд алдан, цаанаа гуниглан нүүрс авч, бид тэдэн рүү шахаж байгаа юм. Нэмүү өртөг шингээгээд ядаж угааж цэвэрлээд бүтээгдэхүүн болгоод Хятад руу нүүрсээ илгээх талаар ажиллаж л байдаг байгаа даа, манайхан.

Ингэхэд монголчуудын амин зуулга нь нүүрс одоогоор мөн юм аа. Нүдэнд харагдаж хэрүүлийн алим (“нүүрсний хулгай”) болж байгаагаараа. Гэтэл хэрүүлийн алим биш бөөн хардлага дагуулдаг өөр нэг салбар (бас л уурхай) байнаа. Хөрөнгөтөн нийгэм, хөрөнгөтнүүдийг үзэн ядах коммунист хийрхлийн нэг сэдэв нь. Ам л ангайвал дайрч давшилна.

Эдийн засгийн үр нөлөөгөөрөө (орлого) монголчууд бид Оюу толгойн ордын үр өгөөжийг 100% хүртэж байдаг юм шүү дээ. Гуравдагч хөршөөс орж ирсэн, одоогоор хамгийн том хөрөнгө оруулалт. Стратегийн онц ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт.  

Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1994 онд батлахдаа л тийм хөрөнгө оруулалтыг томъёолж, тусгаар тогтнолын маань нэгэн баталгаа гэчихсэн байгаа шүү дээ. Популизмын өнцгөөс бус геополитикийн өнцгөөс, ирээдүйг маш том зургаар харж 1994 оны хоёр Үзэл баримтлалыг УИХ-аараа баталсансан.

Ганц нэг тоо баримт. Өнөөгийн байдлаар энэ лут уурхайд гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид $15.7 тэрбумыг зарцуулсан. 2009 онд гэрээ байгуулагдаж 2010 оноос хойш Оюу толгой ажиллахдаа татвар хураамж, үндсэн ажилтнуудын цалин, худалдан авалтад, гэхдээ Монголд маань зарцуулсан. 2010 оноос хойш манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг Оюу толгойн хөрөнгө оруулалт дангаараа эзлэж байна. 2024 оны эцсийн дүнгээр 70%. Энэ хэрээр (хувь ба мөнгөн дүн) манай эдийн засаг тэлж, энэ хэмжээгээр монголчуудын орлого нэмэгдсэн гэсэн үг юм.

Дахиад л том зургаараа гэж ярья. Оюу толгойгоос Монгол Улсын хүртэх өгөөж ногдол ашгаас илүү геополитикийн ач холбогдол гэж нэг юм цаана нь байнаа. Хоёр хөрш мэдээж бидэнд амин чухал хамаатай. Гэхдээ хоёр хөршийг давж гуравдагч хөрштэй байя болъё гэж, олон улсад, дэлхийн хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөх гэж Ардын хувьсгалаас аль өмнө нь манай өвөг дээдэс-эх орончид олон үеэрээ олон арван жил (феодализм, социализм, капитализм ялгаагүй) тэмцэж ирсэний бодит биелэл нь өнөө цагт Оюу толгой юм л даа. Арай өмнөх нь Говь (японы шууд хөрөнгө оруулалт) болов уу.

Ардчилал, нээлттэй эрх чөлөөт нийгмийн нэг сул тал гэх үү дээ. Төр-засгийн, бизнесийн нийт ажил үйлс ард түмний нүдэн дээр шилэн хэлбэрээр ил явдаг. Оюу толгой ч үүнийг тойроогүй биш дайрсан. Амтай болгон шаагилдаж, хардах нь хардаж, хараах нь харааж зүхэн байгааг арай ололт гэхгүй л дээ. Тэнэглэл ба тэвчээргүйтэл гэх үү? Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 7 жил тутам хэлэлцэнэ гээд заачихсан. Хоёр талаасаа, зөвхөн уурхайн шүү дээ, асуудлаа ярьчих юмыг улс үндэстний асуудал болгоод шаагичихдаг. Бөөн тэмцэгчтэй. Бүгд ам хэлээ билүүдэх завтай. Нөгөө тал маань гайхшаа бараад дууссан.

Энэ их хэрүүлийн дор шийдэх асуудал хуримтлагдсан. Ирээдүйг түлхүү харсан олон асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүчний хамаарлаа бууруулах, тийм хамаарлаас гарах, төмөр зам тавих, зэс хайлуулах үйлдвэр барих гэх мэт бодитой ажлууд хүлээгдэж байна. Ам хэлээ билүүдэж суухаар үр хүүхэд, хөвгүүд охидоо уул уурхайн бизнесийн ухаанд суралцуулж, нээлттэй ажлын байруудад очуулах хэрэгтэй байна. Стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд монголчууд оролцог, бүр удирдаг! Оюу толгой гэлтгүй, Бадрах энержи гэх мэт гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуй монголчуудад нээлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж хүнээ, хүний нөөцөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Ёстой ажиллаж чадвал сайн сайхан амьдрал Монголын маань хил дотор Танай гэрийн хаяанд байна!

Мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг бүрдүүлсэн Оюу толгой гэдэг маань олон улсын аж ахуйн нэгж. Ганц Монгол ба монголчуудад хамаарахгүй. Иймд монголчууд, монголын улс төрчид эх оронч байхын сацуу олон улсын дүрмээр тоглож сурмаар байна. Дэлхий биднийг нүд цавчилгүй харж байна.

Хөрөнгө оруулна гэдэг нь гарын үзүүрээр хийгддэг, мурийтэй тоглоом шиг юм биш. Бэлэн зэлэн байж байдаг, үргэлж ундарч байдаг ундарга биш. Манайхны бэлэнчлэх, амарчлах сэтгэлгээ их олон ажил үйлсэд тээг болдогийн тодорхой жишээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад хандах өлөв долов (бөөн сул мөнгө!), өлөн хоосны атгаг санаа юм. Дуртай цагтаа зогсоож, дуртай цагтаа хөдөлгөж болдог зүйл хэмээн ташаа бодоод бид будилаад байна. 

Гэтэл Монголын Төр арай өөрөөр харж ирсэн. Ухаалаг зам хайж ирсэн. Гадаад бодлого, гадаад харилцаандаа гадаадын хөрөнгө оруулалтыг хүндтэй байранд тавьж ирсэн байдаг юм. Монгол Улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчин бүрдүүлнэ гэдгийн чинь нэг гол утга нь энэ шүү дээ.

 Монгол руу зориглож хөрөнгө оруулахыг бид олон жил эрэлхийлж, гуйж гувшиж, өөрийгөө (байгалийн нөөц) үнэлэн байж дуудаж авчирсан хөрөнгө оруулагчдаа бага ч болов ойлгохсон. Тэд мөнгөө зарцуулж зарцуулж, энэ 2025 оноос л Оюу толгойн борлуулалтын орлого нь зарлагаасаа давж байна. “Эерэг мөнгөн урсгал” гэж үүнийг бизнесийн хэлээр нэрлэнэ. Ийм урсгалтай болж эхэлснээр дөнгөж л хөрөнгө оруулалтын үр өгөөжөө бид хүртэж эхлэх гэж байна. 

Хөрөнгө оруулагч тал оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авах нь бизнесийн зарчим. Монгол гэхлээрээ энэ зарчим хамаарахгүй, ард түмний шаардлага (гүтгэх, хардах, юу дуртайгаа нэхэх гэх мэт) толгой дээр нь мөнхөд сандайлж байх юм шигээр гэнэнээр төсөөлмөөргүй байна. Гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулна гэдэг нь Монголд зориулсан буяны үйлс биш юм. Тэд эхлээд хөрөнгөө гаргаж Монгол руу оруулан бүтээн байгуулалт хийнэ, түүнийхээ өртгийг бүтээн байгуулсан тэр үйлдвэрлэлээсээ тооцож авна. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ашгаа хуваах тухай ярина. Тэд маань хөрөнгө оруулалтаа нөхөж эхлэх гэж байна. Энэ бол орчин цагийн бизнесийн нийтлэг зарчим юм л даа. Үүнийг ойлгох ухаан монголчуудад эрхбиш байдаг гэдэгт итгэе. Гэхдээ монголчууд өгөөжөө хүртээд эхэлсэн. Хөрөнгө оруулагч, Монгол аль аль нь үр өгөөжөө зэрэг хүртэнэ цаашдаа.

Нэгэнтээ хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр биш тул хөрөнгө оруулагч ба Монголын талын хооронд хөдлөшгүй гэрээ гэж байх боломжгүй. Хоёр тал хэлэлцээний ширээний ард суугаад, аль аль талдаа ашигтайгаар асуудлаа шийдэх нь олон улсын жишиг юм. Тэр дагуу л уул уурхай түшсэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын маш том бүтээн байгуулалт явагдаж байна.  

Оюу толгойн хувьд нөгөө талын хөрөнгө оруулагч хамтрагч маань “Рио Тинто”. Манайхан ч ёстой нэг элдэвлэж өгсөн дөө. Хэн ч гэж боддог юм, юу ч гэж боддог юм? Тэд өөрсдөө манайхны өмнө буруутан аятай гөлөлзөөд л. Даян дэлхийд алдраа цууриатуулсан олон улсын томхон компани шүү дээ. Монголын олон зуун залуус “Рио Тинто”-гийн олон уурхайнуудад гадаадад орнуудад ажиллаж байдаг юм шүү дээ.

Харин манай иргэд үе үе, улс төрчид солигдох тоолондоо “Рио Тинто”-той үзэж таарна. Байн байн нэг улс төрч гарч ирээд том томоор загнана, сүүлдээ бүр сонсгол нэрээр улсаараа нийлээд “Рио Тинто”-г дээрэмчин тонуулчнаар нь дуудаад гөлөлзүүлээд ирэхийн цагт гуравдагч хөршүүд маань дахин хөрөнгө оруулалт хийх үү, дэлхийн бизнес, санхүүгийн ертөнц биднийг юу гэж харах бол гэдэгт ухаанаа уралдуулах цаг тулсан мэт санагдана. Дураараа авирлахад цаг нар гэж баймаарсан.

“Рио Тинто”-гийнхон одоо болтол нэгдсэн дуу хоолойгоор манай шаардлагад хариу өчиж ирсэн. Юу гэвэл Монгол Улсын Засгийн газрын шаардлага хүсэлтүүдэд татгалзаж, хатуу байр суурь илэрхийлж байсан тохиолдол байхгүй. Олон Засгийн газруудын олон хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллаж ирсэн гэж.

Ганц баримт дурдъя. Холын жишээ биш. Эрх баригч намын (МАН болов уу) урилгаар ХКН-ын Төв Хорооны төлөөлөгчид Монголд айлчилж гэнээ. Нийслэлд нөхөрсөг уулзалтаа хийж, хөдөө орон нутагт айлчлуулах (голдуу Тэрэлж) болоход хятад нөхөд юу гэсэн гээч? “Тэрэлж явахгүй, баярлалаа”, “Харин тэр Оюу толгойг чинь очиж үзье. Тийшээ зочлуул?”. Тэгээд зочилжээ.

Ихээхэн гоочилж байж гуравдагч хөршүүдээ үргээчихдэг, нөгөөдүүл нь оруулсан хөрөнгөө эргүүлж олж авахын тулд хөрөнгө оруулсан энэ сайхан уурхайгаа урд хөршид зарчихдаг. За тэгээд тэмцэл, шаардлага хаашаа эргэхийг төсөөлж байна уу, монголчууд аа!  

Ард түмнийхээ амин зуулга болсон ганц уурхайгаа хүндэтгэж, тэвчээртэй хүлээцтэй хандахсан даа. Мөнгө баялаг мөдхөн урсана шүү дээ! Уул уурхайгаас өөр мөнгөний эх үүсвэр одоогоор алга!

Гадаадын хөрөнгө оруулалтаар сэвхийтэл босоод ирсэн, хөгжил нь жигдэрсэн улс үндэстэн дэлхийд олон. Үлгэр жишээ, туршлага болохоор. Уул уурхайдаа гадаадын хөрөнгө оруулалт цутгуулж, эцэст нь дэлхийн Топ-30 улсын дотор ороод ирсэн Казахстаныг жишээлж болж байна. Казахууд биднээс тархи толгой илүү учраас хөгжчихсөн юм биш, арай ухаалаг тэвчээртэй хандсандаа юм шүү дээ. Тэд гадаадын хөрөнгө оруулалттай ясаа цайтал үзэлцээгүй тулдаа уул уурхайгаа цэцэглүүлээд авсан... Туршлага биш гэж үү?

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (104.223.110.245)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your Cryptocurrency BTC. They help you retrieve your stolen currency, in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top