x

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв

Эх орныхоо өнцөг булан бүр, дэлхий даяар тархан суугаа, эрх чөлөөт Монгол Улсын иргэн Танд шинэ ардчилсан Үндсэн хуулийн өдөр, 34 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Ардын Их Хурлын 430 депутат 1992 оны 1-р сарын 13-нд төр улсын оршин тогтнохуйн баталгаа, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан нийгмийн гэрээ болсон Монгол Улсын Үндсэн хуулиа улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, эв санал, хүсэл эрмэлзэл нэгдэн тунхаглан баталсан билээ.

Үндсэн хууль бол иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын үндсэн эрхүүд, үндсэн зарчмууд, үнэт зүйлсийг өөртөө бүрнээ цогцлоон шингээсэн, хүн бүр эрх чөлөөтэй, хуулийн өмнө эрх тэгш байх, засгийн эрх гагцхүү ард түмний гарт байх, төр, ард түмний итгэлцлийн эрхэм дээд илэрхийлэл болсон баримт бичиг билээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд тунхаглан заасан иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах нь ард түмний эрхэм дээд шийдвэр, сонголтоор бүрэлдсэн Улсын Их Хурлын эн тэргүүний үүрэг. Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх нь нэг талаас тусгаар тогтнол, чөлөөт нийгмийн замыг сонгосны түүх, нөгөө талаас хүний эрхийг сахин хамгаалахын төлөө хийх ажил, шийдэх асуудлаа тунгаан хэлэлцэхийн утга учир. Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэхийн үр шим хүн бүр, хэн бүхэн төрөхөд цуг заяасан жам ёсны эрхээ нандигнан хамгаалах мэдлэгээ ахиулж, мэдрэмжээ дээшлүүлэхэд оршино. Учир нь улсын эрх бол иргэний эрх. Хүний эрх бол хүн Таны эрх.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 34 жилийн ойг тэмдэглэхдээ, эх орны ирээдүйн эзэд болсон хүүхдийн эрх, өнөөдрөөс илүү маргаашийг өөрсдийн гараар бүтээх эдийн засгийн эрх чөлөөг онцгойлон авч үзэж байна.

Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Хүүхдийн эрхийг хамгаалахгүйгээр хүний эрхийг хамгаалах тухай хөндөх боломжгүй. Та бидний ажил, мэргэжил, амьдран суугаа газар нутаг, хувийн сонирхол хоорондоо өөр боловч үр хүүхдүүдээ эсэн энх, эрүүл саруул, ээлтэй аюулгүй орчинд өсгөн торниулах, эрдэм боловсролтой, дэлхийн монгол хүн болгож, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх хүсэл сонирхол нэгэн цул ээжүүд аавууд билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т "…Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР ХАМГААЛНА;" хэмээн тунхаглан заасан. Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бүрдсэн хэдий ч хүүхдийн эрхийн зөрчил буурахгүй байна. Монголын энхрий үрс зүрх сэтгэл шимшрүүлсэн ноцтой гэмт хэргүүдийн хохирогч болсоор байгаа нь биднээс үүрэг хариуцлага, үр дүн нэхэж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүрийн илтгэлдээ онцлон анхааруулсаар ирсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол, зөрчил, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт бүрийн цаана энхрий үрсийн урссан нулимс бий. Аврал эрж, айж зовсон гэмгүй олон хүүхдийн гуниг дүүрэн харц бий. Алдрай жаахан хүүхдүүдийн алдарсан амь, хохирсон эрүүл мэнд, булаагдсан ирээдүй бий.

Хамгаалж чадаагүй хоцорсон, хаягаар нь хүрээгүй хөшүүн хойрго тусламж, үйлчилгээ, хууль, тогтоомжийн хагас хугас хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаагүй уялдаа, хангалтгүй хамтын ажиллагаа, хайр энэрэл дутсан хайнга буруу хандлага, хариуцлагын хохирогч нь хүүхэд.

Улсын Их Хурал 2023 онд 8.0 тэрбум, 2024 онд 14 тэрбум, 2025 онд 20 тэрбум төгрөг болгон жилээс жилд хүүхэд хамгаалалд зориулах татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгийг өсгөн нэмж, төсөвлөн баталсаар ирсэн боловч, эзнээ олоогүй, үр өгөөжгүй, зориулалтаараа зарцуулагдаагүй санхүүгийн зөрчил дагуулсан алдаа дутагдал илэрсээр байна. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн үр өгөөжийг ч бууруулж байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 онд шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхлээд бүтэн жил болж байна. Хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 журмаас эрүүл мэнд, боловсрол, хууль зүйн салбарт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад зориулах 14 журмыг өдийг хүртэл батлаагүй байна. Хүний хүслийг хяссан хүнд суртлын журам, дүрэм зохиохдоо нүх цоорхой олж, өндөр хурд гаргадаг шигээ Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжүүлэх журмуудыг түргэн шуурхай батлахыг Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ дагуу хатуу шаардаж, хараа хяналт тавих болно гэдгийг онцлон анхааруулъя.

Хүүхэд хамгаалах түр байр байгуулах хөрөнгө мөнгийг баталж шийдээгүй зургаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг төрийн хууль, хүүхдийн эрхийн өмнө хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг онцлон анхааруулж байна.

Улсын Их Хурал 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарах жил болгоно. Хүүхдийн төлөө "За" гэж хоосон хэлэх биш, хүүхдийн төлөө заавал хийх жил болгоно. Улсын Их Хурлын хаврын чуулганаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эн тэргүүнд хэлэлцэн батална. Улсын Их Хурал хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсан. Үүнийг амилуулан хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг төслийг шуурхай хэлэлцэн батална. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болно.

Улсын Их Хурал 2023 онд "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 35 дугаар тогтоол баталсан. Гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр заасан боловч хэрэгжилт хангалтгүй байна. Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог уг үндсээр нь эргэн харахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, олон улсын жишгийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах "Шинэ саран" агентлаг байгуулах болно. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай албыг байгуулан ажиллуулна.

Үндсэн хуулийн 34 жилийн ойг тохиолдуулан иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг хүлж багласан чөдөр тушааг тайлах "Чөлөөлье" санаачилгын талаар онцолж байна. Улсын Их Хурлын даргын хувьд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүлээс, хүнд суртлын гох дэгээг тайлах энэ санаачилгыг боловсруулан дэвшүүлж, төрийн бодлогын түвшинд бодит ажил хэрэг болгож эхэлсэн.

Зөвшөөрөл нэртэй хориглолт, авилгын хөрс тэжээл болсон хүнд суртлын чөдөр тушаанаас хүний хийж бүтээх хүсэл мөрөөдөл, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх замыг элдэв саад тээгээс чөлөөлөх болно. Иргэн, компани, хуулийн этгээд "хориглоогүй л бол шууд зөвшөөрөгдөж", бизнесийн 30 гаруй төрлийн үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүйгээр шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуульчлан нээх болно.

Алтан нарны илч гэрлийг хүртэл алга дарам цаасаар хаасан 15 шат дамжлага, сэргээгдэх эрчим хүчээ төвийн шугамд хүнд сурталгүй нийлүүлэх замыг чөлөөллөө.

Улсын Их Хурлын цахим талбар d.parliament-д хиймэл оюун ухааны дүн шинжилгээний цэс нэмлээ. Хүссэн хэн бүхэн гар утсаа ганц хоёр товшоод өргөн мэдүүлсэн хуулиуд Үндсэн хуульд заасан хүний эрхийг хязгаарлах, зөрчих эсэхийг иргэд өөрсдөө олуулаа хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашиглан эрх чөлөөгөө хамгаалах бололцоог нээлээ.

Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш хамгаалахад оршдог. Энэ бол Үндсэн хуулийн амин сүнс. Тодруулан хэлбэл, Үндсэн хууль иргэнээ төрөөс хамгаалдаг. "Чөлөөлье" санаачилга бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэй юм.

Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш. Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм.

Энхрий үрс минь инээж байг!

Эрх чөлөөний наран иргэн бүхийг алагчлалгүй ивээг!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top