x

Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулж байна

УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шадар сайдын хувьд шинэ он гарснаас хойш нэлээд олон аймагт ажилласан байна. Өвөл хэрхэн болж өнгөрөв. Мөн яг одоогийн байдлаар хаваржилтын нөхцөл байдал ямар байна, хавар цаг л хүндхэн байдаг гэж ярьдаг шүү дээ?

-Харьцангуй тогтуун, тайван өвөл боллоо. Ялангуяа хөдөө орон нутгийн малчин иргэдийн хувьд нөхцөл байдал хүндрэлийн хэмжээнд хүрээгүй. Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд Улсын Онцгой комисс нэг удаа цахимаар, нэг удаа танхимаар хуралдаж, аймаг, орон нутгуудад тодорхой чиглэлүүд өгсөн. Эрсдэлтэй аймгуудаар өнгөрсөн 11, 12 дугаар сард ажиллаж, нийтдээ 7-8 аймагт очсон. Мөн улсын төсөв батлагдсантай холбоотойгоор орон нутгийн төсөвт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгө тусгах үүрэг, чиглэл өгсөн. Нэгдүгээр сард аймгуудын Засаг дарга нартай гэрээ байгуулсан. Ажил хүлээн авснаас хойш нийт 13-14 аймагт ажилласан байна. Ялангуяа гамшгийн эрсдэл өндөр болон нэн эрсдэлтэй бүс нутгуудад түлхүү анхаарсан. Цагаан сарын өмнө хангайн бүсээр ажиллаж, Өвөрхангай, Баянхонгор аймгийн урд сумд, Архангай аймагт очоод ирлээ.

-Одоогийн байдлаар хэдэн аймаг зудын нөхцөл байдалтай байна вэ. Та бүхэн юунд голлон анхаарч ажиллаж байна?

-Сүүлийн мэдээллээр, 11 аймгийн 43 сум зудын нөхцөл байдалтай байна. Гэхдээ гамшгийн зэрэглэл тогтоох хэмжээнд хараахан хүрээгүй. Тийм нөхцөлд хүргэхгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн 12 дугаар сард бүх аймагт 50 хүртэлх тонн түлш, шатахууны дэмжлэг үзүүлсэн. Цас их орсон бүсүүдэд техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн. Отроор явж байгаа болон эрүүл мэндийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа зарим сумын Эрүүл мэндийн төвүүд, Онцгой байдлын албанд автомашин, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн. Мөн өвс, тэжээлийн хомсдол үүсч болзошгүй аймгуудад Улсын Онцгой комиссоос тодорхой хэмжээний нөөцийн асуудлыг шийдвэрлэсэн.

-Өвөлжилт харьцангуй гайгүй боллоо гэж байна. Энэ утгаараа малын хорогдол өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байв уу?

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40 гаруй мянган толгой мал хорогдсон. Энэ нь нийт малын 0.06 хувь гэсэн үг. Энэхүү тоон үзүүлэлт хоёр хувь болвол гамшгийн зэрэглэл тогтоодог. Тиймээс одоогоор гамшгийн зэрэглэл тогтоогоогүй байна. Нөгөөтэйгүүр, Өвөрхангай аймгийн таван суманд 20 гаруй мянган толгой мал хорогдсон тохиолдол бий. Гэхдээ улсын хэмжээнд авч үзвэл нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна гэж ойлгох хэрэгтэй. Хаваржилтын бэлтгэлтэй холбоотойгоор ойрын хугацаанд Улсын Онцгой комисс дахин хуралдахаар бэлтгэл ажлаа базааж байгаа.

Ер нь том зургаар нь харвал төвийн бүсийн аймгуудын хойд хэсэг, зүүн бүсийн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орсон. Бусад нутгаар цас харьцангуй гайгүй байна. Хэт хүйтрэл ч төдийлөн ажиглагдаагүй. Хаваржилтын бэлтгэлийн хувьд бүс бүр өөрийн онцлогт анхаарах шаардлагатай. Зүүн бүсийн аймгууд цасан шуурганы эрсдэлд бэлтгэх, мөн ой, хээрийн түймрийн бэлэн байдлаа хангах ёстой. Харин төв болон хойд бүсийн аймгуудад ойн түймрийн эрсдэл өндөр байдаг. Өнгөрсөн онд 270 гаруй удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс хаврын улиралд эдгээр чиглэлд онцгой анхаарал хандуулна.Цаашид хаврын улиралд малын хорогдлыг нэмэгдүүлэхгүй байхад бүх шатны байгууллагуудын уялдаа, орон нутгийн бэлтгэл, иргэдийн хариуцлага чухал байна.

-Гурван жилийн өмнөх их зудын дараа хандив өрнөж “Шинэ хоршоо” зэрэг санаачилга гарч байсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг та бодит байдал дээр хэрхэн дүгнэж байна вэ?

-“Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байна. Өмнө нь Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн дагуу тодорхой санхүүжилт олгогдож байсан ч хэрэгжилт жигд бус явж ирсэн. Хуулиар бол улсын болон орон нутгийн төсвийн дор хаяж нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулах ёстой. Энэ хөрөнгийг тусгай санд төвлөрүүлж, бэлэн байдлыг хангах учиртай. Гэвч олон жил дараалан энэ заалт бүрэн хэрэгжээгүй, зарим тохиолдолд огт батлагдаагүй явсан. Үүний улмаас бодит асуудал үүсэхэд орон нутагт нөөцгүй, шууд УОК-оос дэмжлэг хүсдэг тогтолцоо тогтсон. Тиймээс бид Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Зорилго нь тодорхой. Нэгдүгээрт, эрсдэлийн санхүүжилтийг тогтмол, ил тод болгох. Хоёрдугаарт, орон нутгийн хариуцлагыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, гамшгийн тохиолдол бүртгэгдэхээс өмнөх урьдчилан сэргийлэх шатанд бодитой хөрөнгө зарцуулдаг тогтолцоог бүрдүүлэх. Гамшиг тохиолдсоны дараа арга хэмжээ авах бус, өмнө нь эрсдэлийг бууруулдаг, төлөвлөдөг, санхүүжүүлдэг систем рүү шилжих нь хамгийн чухал гэж харж байна.

-Одоогийн хуулиар гамшгийн нөхцөл байдал үүсэхэд Засгийн газар хэлэлцэж, тогтоол гарсны дараа арга хэмжээ авах зохицуулалттай. Гэтэл зуд, ой хээрийн түймэр зэрэг байгалийн аюулын үед шийдвэр гарах хугацаанд хохирол аль хэдийнэ гарчихсан байдаг шүү дээ. Энэ процессыг шуурхай болгоно гэсэн үг үү?

-Өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн Нөөцийн тухай болон холбогдох хуулиудын дагуу гамшгийн зэрэглэл тогтоох, шийдвэр гаргах процесс тодорхой хугацаа шаарддаг байсан. Зарим тохиолдолд хохирол гарсны дараа шийдвэр нь гардаг байдал бий. Тиймээс бид энэ процессыг хөнгөвчилж, шуурхай болгохоор ажиллаж байна. Цаашид гамшгийн тохиолдол, зэрэглэл тогтоохдоо олон улсын шалгуур, жишигт нийцсэн аргачлал хэрэглэнэ. Энэ нь хэдэн мал хорогдлоо гэдгээр шууд шийдвэр гаргана гэсэн үг биш. Харин тодорхой хувь хэмжээ, эрсдэлийн түвшинг илүү нарийвчлан тогтоож, шаардлагатай бол шийдвэрийг богино хугацаанд гаргах боломж бүрдүүлнэ. Жишээлбэл, ОБЕГ-аас санал ирсэн тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан сайд буюу Шадар сайд шуурхай тушаал гаргаж, арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд өөрчлөлт хийнэ.

-Таны хариуцсан салбарын хөрөнгө оруулалт, төсвөөр хийгдэх томоохон ажил юу байна вэ?

-Бид Азийн хөгжлийн банкнаас 100 орчим сая ам.долларын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан цаг уур, эрсдэлийн урьдчилан таамаглах системийг Монгол Улсад нэвтрүүлнэ. 1-5 жилийн хугацаанд хэрэгжих энэ системийн гол зорилго нь цасан шуурга, ой хээрийн түймэр, үер зэрэг эрсдэлийг 1-2 хоногийн өмнө илүү нарийвчлалтай таамаглах, мэдээллийг тухайн бүс нутгийн иргэдэд шуурхай хүргэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах боломж бүрдүүлэхэд оршино. Ингэснээр малчид бага насны хүүхэд, мал сүргээ эрсдэлтэй үед гадагш гаргахгүй байх зэрэг бодит хамгаалалтын шийдвэрийг урьдчилан гаргах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн үеийн технологид тулгуурласан гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгоно.

-Хаваржилтын бэлтгэлийн хүрээнд бүс нутгуудад ямар чиглэл өгч ажиллах вэ?

-Ирэх долоо хоногт УОК аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, хаваржилттай холбоотой тодорхой чиглэлүүд өгнө. Бүсчлэн авч үзвэл баруун аймгууд шар усны үертэй холбоотой далан, суваг шуудуугаа цэвэрлэх, бэхжүүлэх шаардлагатай. Төв болон хойд бүсийн аймгууд ойн цэвэрлэгээ хийж, ой хээрийн түймрийн эрсдэлийг бууруулахад анхаарах ёстой. Зүүн бүсийн аймгууд хаврын шуурганы бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. Говийн бүсэд малын гоц халдварт өвчин он гарсаар 13 удаа бүртгэгдсэн тул вакцинжуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна. Цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ, хүмүүнлэгийн хариу арга хэмжээг салангид биш, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь чухал. Ингэж байж эрсдэлийг бодитой бууруулж, хохирлыг багасгах боломжтой гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр өдөр шөнөгүй иргэдээс дуудлага ирдэг. “Машин цасанд суучихлаа, арга хэмжээ авч өгөөч” гэх мэт. Тиймээс сая баталсан гамшгийн төлөвлөгөө гэдэг маань хариуцлагыг тодорхой болгож, шат шатандаа үүрэгжүүлж байна гэсэн үг. Бид Эрсдэлийн шуурхай удирдлагын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Нийслэлийн Онцгой байдлын газрын одоогийн шуурхай төв бол орчин үеийн шаардлага хангахгүй. Тиймээс системийг нь шинэчилж, хиймэл оюун ухаантай холбож байна. Мөн Улаанбаатар хотод 30 гаруй өндөр цэгт өндөр нарийвчлалтай камер байршуулна. Аль нэг объектод түймэр гарсан тохиолдолд мэдээлэл шууд удирдлагын төвд ирнэ. Тэндээсээ гал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл автоматаар дамждаг системийг энэ жил хэрэгжүүлнэ. Ер нь технологи нэвтрүүлэхгүйгээр хүн хүч, төсвийн хязгаарлалтыг даван туулах боломжгүй.

-Төсвийн хувьд ямар байгаа вэ?

-Энэ жилийн ОБЕГ-ын төсөв 350 тэрбум төгрөг. Мөн ойролцоогоор 100 сая ам.долларын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд тоног төхөөрөмжийн шинэчлэл, албан хаагчдын хувийн хэрэглээ, хамгаалах хэрэгслийн сайжруулалт багтсан. Гэхдээ бүх асуудлыг зөвхөн улсын төсөв, зээлээр шийдэх боломжгүй. Тиймээс бид 250 суманд сайн дурын баг байгуулна. Монгол Улсыг долоон бүсэд хувааж, иж бүрэн сургалтын төвүүдийг ирэх жилээс байгуулж эхэлнэ. Сайн дурын багуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтад хамруулна. Ажилласан хоногоор нь урамшууллын зардлыг улсаас шийддэг болно. 250 суманд мэргэжлийн сургалтын офицер байршуулж, гамшгийн үед сайн дурынхныг удирдан зохион байгуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Өнгөрсөн зуны ой хээрийн түймрийн үед иргэд сэтгэлийн дуудлагаар очоод яахаа мэдэхгүй байдал үүссэн. Бэлтгэлгүй, зохион байгуулалтгүй оролцох нь өөрөө эрсдэл. Тиймээс сургалт, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийг хослуулна. Манай улс өргөн уудам нутагтай. Бүх сум, багт байнгын анги нэгж байгуулах боломжгүй. Тиймээс мэргэжлийн цөм бүрэлдэхүүн нэмдэг нь сайн дурын бүтэц гэсэн хосолсон загвар руу шилжиж байна.

-Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр техник хэрэгслийн чадамжийн асуудал яригдсан. Энэ тал дээр ямар дүгнэлт хийв?

-Судалгаа хийсэн. Жишээлбэл, зарим автомашин стандартын шаардлага хангахгүй, өндөр барилга руу ус цацах кран нь хүрэхгүй байсан. Олон улсын жишгээр шаттай автомашинуудын хамгийн дээд суналт 46 метр орчим байдаг. Тиймээс хот байгуулалт, барилгын стандарт, онцгой байдлын техник хэрэгслийн уялдаа холбоог цогцоор нь авч үзэх шаардлага бий. Цаашид бид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ. Гэхдээ үүнийг зөвхөн нэг удаагийн худалдан авалтаар биш, системийн шинэчлэлтэй уялдуулж хийнэ. Ер нь бол төсөв, технологи, хүний нөөц, сайн дурын оролцоо гэсэн дөрвөн тулгуур дээр гамшгийн эрсдэлийн удирдлагыг шинэ шатанд гаргах зорилт тавьж ажиллаж байна.

-Онцгой байдлын алба хаагчдын хувцас, техник хэрэгслийн хангалт ямар түвшинд байна вэ?

-Энэ жилээс Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж эхэлснээр хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт 86 орчим хувьд хүрнэ. Ирэх жилээс илүү өндөр түвшинд очно. Гэхдээ техник хэрэгсэл жил бүр шинэчлэгдэж байх ёстой. Хуучрал, стандартын шаардлага хангахгүй болох асуудал байнга гардаг. Мөн зөвхөн УОК, Онцгой байдлын асуудал биш. Стандарт, хэмжил зүй, техникийн тохирлын хууль хэрэгжилт ч чухал. Жишээлбэл, хий, шатахуун тээвэрлэдэг автомашинд зөвшөөрлийг салбарын яам олгодог ч техникийн шаардлагыг шинэчлэх асуудал орхигдож ирсэн. Энэ бол системийн түвшний асуудал. Нөгөөтэйгүүр энэ жилийн төсөв батлахдаа боловсрол, эрүүл мэнд, гамшгийн буюу онцгой байдлын салбарын урсгал зардлыг нэг ч төгрөгөөр танахгүй баталсан. Гэхдээ хөрөнгө оруулалтын төсөв дээр асуудал гардаг. Ихэвчлэн Засгийн газрын нөөц сан, үерийн далангийн төсвийг танах санал гардаг. Харин сургууль, цэцэрлэг зэрэг объектын төсөв рүү шилжүүлэх тохиолдол бий. Гэтэл гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг төгрөг маргааш учирч болзошгүй 10-15 төгрөгийн хохирлоос хамгаалдаг. Үер, түймрийн нэг удаагийн тохиолдлоор баригдсан сургууль, цэцэрлэг, дэд бүтэц бүхэлдээ сүйдэх эрсдэлтэй. Тиймээс төсвийн хэлэлцүүлгийн үеэр иргэдэд ойлголт өгөх, гишүүдэд бодит мэдээлэл хүргэх нь чухал. Урьдчилан сэргийлэх хөрөнгө оруулалтыг танахгүй байх соёл тогтох ёстой.

-Сүүлийн үед мөсөн дээгүүр явж байгаад машинтайгаа живэх тохиолдол нэмэгдэж байна. Томоохон гүүр барих боломжгүй нөхцөлд эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

-Ирэх долоо хоногт аймаг, орон нутгуудад өгөх чиглэлд гол, нуурын мөсөн дээр зохион байгуулагддаг арга хэмжээ, баяр, уралдааны аюулгүй байдлыг чангатгана. Нэгдүгээрт, мөсний зузааныг тогтмол хэмжиж, олон нийтэд мэдээлэх ёстой. Хоёрдугаарт, зориулалтын гарц, тэмдэг тэмдэглэгээ, анхааруулах самбарыг байршуулна. Гуравдугаарт, эрсдэлтэй үед тээврийн хөдөлгөөнийг бүрэн хориглох хүртэл арга хэмжээ авна. Мөн иргэдийн хариуцлага маш чухал. Мөсний даац тодорхойгүй үед гэр бүлээрээ автомашинаар зорчих нь өөрөө өндөр эрсдэл. Зарим бүс нутагт энэ өвөл өмнөх жилүүдээс дулаан байлаа. Үүний улмаас мөсний зузаан харилцан адилгүй, зарим газар нимгэн байна. Иймд гуравдугаар сараас эхлэн мөсөн дээр зохион байгуулах баяр, уралдаан, аялал жуулчлалын арга хэмжээг зогсоох чиглэл өгнө.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 12 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 17 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 21 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 22 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top