x

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэмээх төөрүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах тухай хуулийн төсөл олон нийтийн анхааралд өртөж, алга ташуулсан боловч УИХ-ын гишүүдийн хувьд жинхэнэ маргаан дагуулсан сэдэв болж хувирав.

Уг асуудлыг тойрч байр сууриа илэрхийлсэн гишүүдийн олонх нь “парламентын дархлааг сулруулах гэлээ", "УИХ-ын бүрэн эрхэнд халдлаа, Үндсэн хууль зөрчлөө” гэх мэдэгдлүүдийг хийв. “Жоомоо алах гээд гэрээ шатаах вий” гэж зарим нь сүрдүүлж үзэв. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр “Гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл нь эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентат төрийг сулруулах аюултай” хэмээн айлгасан ч байна.

Нэг зүйлийг сануулахад парламент бол эв нэгдэл дээр тулгуурлах бус, эрүүл саруул мэтгэлцээн дээр суурилдаг бодлогын институц. Үүний тулд бид олон намын тогтолцоог бий болгосон. Бодлогын намуудыг, намуудын төлөөллийг парламентад оруулж ирэхийн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, хувь тэнцүүлсэн сонгууль гэдгийг хийж эхэлсэн гэх мэтчилэн. Харин Ерөнхийлөгчийн хувьд “Үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, Үндсэн хуулийг дээдлэн сахих” тангарагтай хүн.

Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийн талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар өнгөрөгч долоо хоногт /2026.02.27/ нийтэд мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах, иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс энэ хуулийн төслийг санаачлан боловсрууллаа” гэсэн билээ.

Хуулийн төслийг санаачилсан, боловсруулсан цаг хугацаа чуулган завсарласан үеэтэй давхцаж таарсан болохоор уу, эсвэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж, хариуцлага нэхэж эхэлсэнтэй холбоотой юу, гишүүдийн зүгээс их л эмзэг хүлээж авах шиг боллоо. 

Нэгд, Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчвөл УИХ түүнийг эгүүлэн татна” гэж цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт нь гарчихсан нэг гишүүн /УИХ-ын дэд дарга асан/ одоо хэр нь бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж л байна. Яагаад эгүүлэн татахгүй байгаа юм бэ? гэсэн чинь “Нэг хэрэгт хоёр удаа шийтгэхгүй, нэг голын усанд хоёр удаа орохгүй” ч гэлүү. УИХ-ын дэд даргаас чөлөөлсөн нь хангалттай юм гэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ хийх ёстой ажлаа хийхгүй, хуулиа биелүүлэхгүй байна аа л гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл өргөн барих нь Үндсэн хуулийг зөрчлийг арилгаж, өргөсөн тангаргаа биелүүлж буй хэрэг.

Хоёрт, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг “дархан эрх” гэж ойлгосон, дархлагдсан нөхөд хэтэрхий олон болж байна. Учир нь манай парламентад гишүүний бүрэн эрхтэй холбоотой ганц л дүрэм үйлчилдэг. “Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдвал”, эсвэл “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол” нөхдийг буруутай гэж үзнэ. Бусад бүх тохиолдолд суудалдаа дархлагдана. “Таны төлөө морь, нохой мэт зүтгэнэ” гэж амлаж гарч ирээд тангараг өргөснийхөө маргаашнаас танигдахаа байчихдаг. Өргөсөн тангараг энэ тэрээ хааш нь чихэж орхидгийг ёстой чөтгөр бүү мэд.

Наад захын боловсрол мэдлэггүй, дээр нь ёс суртахууны асар доройтолтой, олон нийтийн өмнө биеэ авч явах, өөрийгөө хянах ямар ч чадваргүй нөхөд “намын жагсаалт” нэрээр гарч ирчихээд толгой дээр бараг хүндэрч байна шүү дээ. Намын жагсаалт гэдэг чинь нам нь сонгосон гэсэн үг биш, нийт ард түмний саналаар гарч ирсэн гэсэн үг. Тиймээс тэр хэмжээний ёс зүйтэй, ухамсартай нэгэн байх ёстой.  

Тийм нөхдийг жишээ нь нэр дэвшүүлсэн нам нь өөрөө эгүүлэн татдаг болох ёстой. Тэрний төлөө хууль гаргах хэрэгтэй бол гаргах ч ёстой. Яагаад намын жагсаалт гэж байгаа юм, ар шилэн дээр чинь нэг нөхөр “исгэрээд” зогсч байгаа шүү л гэсэн үг биз дээ. Дараачийн хүнийг нь оруулж ирээд тангараг өргүүлэхэд л болно. Намд ямар ч хохиролгүй, харин ч нэрээ цэвэрлэсэн, хариуцлагыг сайжруулсан алхам болно. Уг нь бол Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй асуудал. Атал намууд нь өөрөө төлөвшөөгүй, төлөвшиж чадахгүй, хариуцлагын механизм ажиллахгүй байгаа учраас хуулиар шийдэхээс өөр аргагүй болж байна л даа.

Хуралдаа нэг ч удаа суугаагүй гишүүнийг хэдэн жил татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх вэ, жишээ нь. Тиймээс намын эв нэгдэл, гишүүний дархан эрхээр шалтаглаад парламентын засаглалаа битгий сулруулаад, нэр хүндийг нь унагаад, олон нийтийн өмнө шившиглээд байгаач ээ. Парламентын засаглалаа авч үлдэхийн тулд парламент өөрөө нээлттэй, ил тод, иргэдийн хяналттай, хашгирсан ч цуурай нь хүрдэг байх ёстой шүү л гэсэн санаа шүү дээ.

Гуравт, Ерөнхийлөгч хууль санаачлах эртэй юу? Эрхтэй. 1993 онд баталж, 2020, 2021 онд өөрчлөлт оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан. Хуулийн 12-р зүйл “Ерөнхийлөгчийн бүрэн эрх” хэсэгт “Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” /12.6/ гэсэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль.

Тэгэхээр Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй юу? гэдэг асуулт тавигдах ёсгүй. Үндсэн хууль зөрчсөн гэдэг яриа ч бас үндэслэлгүй. Харин ч Үндсэн хуулийг чандлан сахиулах, өргөсөн тангаргаа биелүүлэхийн төлөө явж байна гэж ойлговол зохилтой. Тэгээд хамгийн гол нь “айсан хүнд аргал хөдөлнө” гэдэг шиг УИХ дээр төсөл нь орж ирээгүй, өргөн баригдаа ч үгүй байхад манай гишүүд яаран “нуруугаа хугалмааргүй” байна. Ядаж л хуулийн төсөлтэйгээ танилц, үз хар. Далимд нь сайн муу, сайхан муухайгаа нэг сайн ярилцаад ав. Эцсийн дүнд хуулийг батлах нь УИХ шүү дээ.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 12 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 17 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 21 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 22 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top