x

12 дахь долоо хоног: Ойрх Дорнодын дайны улмаас хийн үнэ өслөө

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд анхаарал татсан хэд хэдэн үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Хятад, Америкийн худалдаа-эдийн засгийн хэлэлцээ Парист болсон бол Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д айлчиллаа. Мөн Ойрх Дорнод дахь мөргөлдөөн Европт төдийгүй дэлхий даяар хийн үнэд нөлөөлж эхэлснээс гадна агаарын тээврийн компаниуд тийзний үнээ нэмэв. Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Хятад, АНУ-ын талууд худалдааны маргаанаа шийдвэрлэхээр тохиролцлоо

Францын нийслэл Парис хотноо АНУ, Хятад хоёр улсын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалт гуравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болж, талууд тариф болон хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцээнд БНХАУ-ын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэн, АНУ-ын төлөөлөгчдийг Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар ахлан оролцжээ. Зөвлөлдөх уулзалтын дараа хоёр тал санал зөрөлдөөнийг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэдгийг дахин мэдэгдлээ. Түүнчлэн хэлэлцээгээ үргэлжлүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хамтын ажиллагааны механизмыг боловсруулахаар тохиролцов.

Европт хийн үнэ огцом өслөө

АНУ, Израил улсууд Иранд агаарын цохилт өгсөөр байгаатай холбоотойгоор Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 115 ам.доллароос давж, байгалийн хийн үнэ огцом өслөө. Нидерландын TTF бирж дээр дайнаас өмнө 30 орчим евро байсан хийн үнэ нэг мегаватт/цаг нь 72 еврод (83 ам.доллар)  хүрч огцом нэмэгджээ.

Шингэрүүлсэн шатдаг хийн дэлхий дээрх хамгийн том үйлдвэр оршдог Катарын аж үйлдвэрийн Рас-Лаффан цогцолборт Иранаас пуужингийн цохилт өгсний дараа үнэ өсжээ. Цохилтын улмаас "ихээхэн хохирол учирсан" гэдгийг үйлдвэрийн оператор компани болох “QatarEnergy” мэдэгдсэн байна. Рас-Лаффанд дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн 20 хувийг үйлдвэрлэдэг бол үүний 80 хувийг Ази руу нийлүүлдэг. Пакистан зэрэг зарим улс бараг 100 хувь Катарын хийнээс хамааралтай байдаг. Ойрын болон дунд хугацаанд Катарын хийн нийлүүлэлтийг орлуулах боломжгүй тул дэлхий даяар хийн хомсдол үүсэж болзошгүй гэдгийг газрын тос, байгалийн хийн салбарын шинжээчид анхаарууллаа.

Д.Трамп Рас-Лаффан дахь хийн цогцолбор руу хийсэн Ираны довтолгоог буруушааж, хэрэв Катарт дахин цохилт өгвөл Ираны “Өмнөд-Парс” хийн ордыг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Энэхүү орд бол газрын тос, байгалийн хийн дэлхий дээрх хамгийн том орд юм. Өнгөрсөн онд тус ордоос өдөрт 730 сая шоо метр хий олборлосон нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал огцорлоо

АНУ-ын терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Жо Кент Ираны эсрэг явуулж буй Америкийн цэргийн ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн албан тушаалаасаа огцорлоо. MAGA хөдөлгөөний дайныг эсэргүүцэгч жигүүрийн төлөөлөгч болох тэрбээр “Иранаас АНУ-д шууд аюул учруулаагүй” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг "аюулгүй байдлын асуудлаар мэдлэг муутай" гэж шүүмжлээд “Иранаас ямар ч аюул занал учрахгүй гэж энэ хүн үзэж байгаа учир огцорсон нь сайн хэрэг боллоо” хэмээн мэдэгдэв. 

Жо Кент Ираны эсрэг ажиллагааны улмаас огцорсон Д.Трампын засаг захиргааны анхны өндөр албан тушаалтан боллоо. Терроризмтой тэмцэх төвийн захирал огцорсныг “Бүгд Найрамдах нам дотор хагарал гарч байгаагийн шинж тэмдэг” гэж “The New York Times” сонинд дүгнэн бичсэн байна.

Израилын арми “Хезболла”-гийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүллээ

Израилын Батлан хамгаалах арми (IDF) “Хезболла” хөдөлгөөний эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулан Ливаны өмнөд нутгийн иргэдэд хандан нүүхийг уриалжээ. Изриалын цэргүүд Бейрутын төвд, мөн Ливаны өмнөд нутагт агаарын цохилт өгсөн байна.

Израилын арми Ливантай залгаа хилийн дагуу цэргүүдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, Литани голын гүүрнүүдийг эвдэж эхэлсэн нь газраар довтлоход бэлтгэж байж магадгүй гэж үзэж байна. “Хезболла” хөдөлгөөний эсрэг Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ливанд 950 гаруй хүн амиа алдаж 1 сая орчим хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрчээ.

Трамп Кубын талаарх үг яриагаа улам ширүүсгэв

Дональд Трамп "Кубаг ямар нэгэн хэлбэрээр эзлэн авах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно, би тэнд хүссэн бүхнээ хийж чадна” гэж мэдэгдлээ. Арлын тус улсад эрчим хүчний хямрал хүндэрч, сая сая хүн 24 цаг гаруй тог цахилгаангүй болсон юм. АНУ-ын эрх баригчид гурван сарын өмнө Кубад нефть нийлүүлэхийг хориглосноос хойш тус улсад ямар ч түлш орж ирээгүй байна. Энэ үед Коста-Рикагийн Ерөнхийлөгч Родриго Чавес Хавана хот дахь Элчин сайдын яамыг хаах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Д.Трампын холбоотон болох Чавес Кубын засгийн газрыг хууль ёсны гэж үздэггүй гэдгээ илэрхийлж, “Бид коммунистуудыг цэвэрлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Пакистан, Афганистаны зэвсэгт мөргөлдөөн түр зогслоо

Пакистан, Афганистан улсууд Рамадан сарын мацаг барих зан үйл дууссаныг тэмдэглэдэг Ид аль-Фитр баярыг тохиолдуулан мөргөлдөөнөө түр зогсоохоор тохиролцлоо. Дөрвөн өдөр үргэлжлэх уг тохиролцоонд Пакистаны цэргүүд Кабулд агаараас цохилт өгсний дараа хүрчээ.  Уг довтолгооны улмаас 143 орчим хүн амиа алдсан байна. Талибуудын засгийн газраас мэдэгдэхдээ, эмнэлгийг онилон өгсөн цохилтод өртөн амиа алдсан хүний тоо 400-д хүрсэн гэсэн бол Пакистаны тал үүнийг няцааж, террористуудын дэд бүтцэд оновчтой цохилт өгсөн гэж мэдэгджээ. 

Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираны эсрэг дайны улмаас БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр гуравдугаар сарын 31-нд Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байсан юм. Трампын хэлснээр, түүний айлчлал “таваас зургаан долоо хоногийн дараа” болно.

Японы Ерөнхий сайд Таикачи Санаэ АНУ-д айлчиллаа

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзлаа. Энэхүү уулзалт Д.Трамп Ормузын хоолойг хамгаалахад Японоос дэмжлэг үзүүлэхээс татгалзаж байгаад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэний дараа боллоо. Уулзалтын үеэр Т.Санаэ Иран улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Япон улс  эсэргүүцэж байгаа гэдгийг мэдэгджээ. Тэрбээр мөн Ойрх Дорнод төдийгүй дэлхий нийтийн "аюулгүй байдал ноцтой аюулд ороод" байгаад санаа зовж буйгаа илэрхийлээд, зөвхөн Ерөнхийлөгч Трамп л дэлхий дахинд энх тайвныг цогцлоож чадна гэдэгт найдаж байгаагаа хэлэв. Хоёр удирдагчийн хэлэлцээ ойролцоогоор нэг цаг хагасын турш үргэлжилсэн бөгөөд Ираны эсрэг дайн болон АНУ-д оруулж буй Японы хөрөнгө оруулалтын талаар хэлэлцсэн байна.

Агаарын тээврийн компаниуд тийзний үнээ нэмлээ

Агаарын тээврийн компаниуд түлшний үнэ огцом өссөний улмаас зардлууд нэмэгдэж байгааг анхааруулжээ. АНУ-ын агаарын тээврийн гурван том компани болох “Delta”, “United”, “American Airlines”-ийн удирдлагуудын мэдээлснээр, зөвхөн гуравдугаар сард гэхэд компаниудын зардал 400 сая орчим ам.доллароор нэмэгджээ. Скандинавын агаарын тээврийн хамгийн том компани болох SAS нислэгийнхээ тоог цөөрүүлж байна. Европ болон Сингапурт онгоцны түлшний үнэ дайн эхэлснээс хойш хоёр дахин нэмэгдсэн байна.

Төв банкууд бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 3.5-3.75 хувийн түвшинд хэвээр үлдээлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард бодлогын хүүгээ бууруулсан АНУ-ын Төв банк эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өссөнөөс үүсэх инфляцын эрсдлээс болгоомжлон оны төгсгөл хүртэл бодлогын хүүг хэвээр хадгална гэж трейдерүүд таамаглаж байна. Бусад Төв банкууд мөн Персийн булан дахь дайнаас үүдэн гарах эрсдэлүүдээс болгоомжилж буйгаа харууллаа. Японы банк хүүгээ хэвээр хадгалсан бол Европын Төв Банк мөн геополитикийн хурцадмал байдал даамжирч, еврогийн бүсийн инфляц, эдийн засгийн талаарх урьдчилсан таамагт нөлөөлж байгаатай холбогдуулан бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Гуравдугаар сарын 22-нд цэвэр усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой Дэлхийн усны нөөцийн өдөр, мөн Дэлхийн цаг уурын өдөр тохионо. Энэ өдөр мөн Словенид парламентын сонгууль болно.
  • Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 15 дугаар бага хурал (CMP COP15) гуравдугаар сарын 23-29-ний хооронд Бразилын Кампо Гранде хотод болно.
  • Олон улсын дугуйн холбооны (UCI)  "World Tour" ангиллын олон өдрийн “Volta Ciclista a Catalunya” дугуйн уралдаан гуравдугаар сарын 23-нд Испанид эхэлнэ.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Цар тахлын тухай хэлэлцээрийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын ажлын хэсгийн зургаадугаар хурал гуравдугаар сарын 23-28-ны хооронд болно.
  • Гуравдугаар сарын 24-нд Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чехийн Прага хотод эхэлнэ. 
  • Гуравдугаар сарын 24-нд Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохионо.
  • Гуравдугаар сарын 27-нд Дэлхийн театрын өдөр тохионо. 

Монцэмэ Агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top