x

Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ?

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт нь Монголд төдийгүй дэлхийн олон улсад олон нийтийн санааг зовоосон нийгмийн ноцтой асуудал болон хувирчээ. ЮНЕСКО-гийн мэдээлэлд дурдсанаар, жил бүр дэлхийн улс орнуудад 246 сая хүүхэд янз бүрийн хэлбэрээр дээрэлхэлтэд өртөж байна.

Ийм төрлийн хүчирхийллийн улмаас сурагчид хичээл номондоо төвлөрч чадахгүй болж, хичээлээ олон хоногоор тасалж, нийгмийн идэвх нь эрс сулардаг тул олон сая хүүхдийн сурах эрх ноцтойгоор зөрчигдөж байна.  

Томас Хьюзийн бичсэн “Том Брауны сургуулийн он жилүүд” гэдэг роман 1857 онд хэвлэгдэн гарсны дараа үе тэнгийнхний дээрэлхэлт буюу буллингийн асуудалд олон нийт анхаарлаа хандуулж эхэлжээ. Дотуур байртай сургуульд сурдаг нэгэн хүүг өөрөөс нь илүү хүчтэй том хүүхдүүд байнга дээрэлхдэг байсан тухай энэ номонд өгүүлдэг. Үүнээс хойш бүхэл бүтэн 100 гаруй жилийн дараа Швед, Норвег улсуудад эл үзэгдлийг системтэйгээр судалж эхэлжээ.

1973 онд сэтгэл судлаач Дан Олвеус Стокхолм хотын 700 гаруй эрэгтэй хүүхдүүдийг хамарсан судалгаа хийж “зодуурын золиос хүүхдүүд ба сургуулийн хулигаанууд” гэдэг ном гаргажээ. Тэрбээр эмэгтэй хүүхдүүдийн дунд буллинг гэдэг үзэгдэл дэлгэрээгүй хэмээн үздэг байсан тул ийм судалгаа хийх шаардлагагүй гэж дүгнэжээ. Гэтэл өнөөдөр бодит байдал ямар байгааг Улаанбаатар хотод 16-17 насны охид нэгнийгээ бүлэглэн зодож буйu харуулсан нүд хальтрам бичлэгээс харж болно.

Өнгөц дүгнэхэд, ядуу буурай орнуудад ийм үзэгдэл газар авсан байдаг мэт боловч бодит байдал дээр хөгжингүй орнуудад ч хавтгайрсан байдаг тул эдгээр улсууд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, багасгахад чиглэсэн янз бүрийн бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Финланд 

Сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн асуудалд 1990-ээд оноос анхаарал хандуулж эхэлсэн байна. 1998 онд дунд сургуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сурагч бүр аюулгүй орчинд сурах эрхтэй гэдгийг хуульчилжээ. 2003 онд дахин нэг өөрчлөлт оруулж, боловсролын байгууллага бүр өөрийн гэсэн буллингийн эсрэг бодлого буюу сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг боловсруулахыг үүрэг болгожээ. 1996 оноос эхлэн дээрэлхэлтэд өртөж буй сурагчдын хувь харьцааг тодорхойлсон судалгааг байнга явуулсаар иржээ. Эл харьцаа буураагүй төдийгүй жил бүр өссөөр байна.

Эцэг эх, ах эгч нарынхаа дарамтанд байнга өртөж байдаг хүүхдүүд өөрсдийн үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд нэг ангид сурдаг сул дорой хүүхдүүдийг дээрэлхдэг бөгөөд ингэснээр сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг бий болгодог байна. Мөн хохирогч хүүхдүүд эцэг эхийн дарамтад байдаг тул гэр оронд нь аюулгүй, бие биенээ хайрладаг орчин үгүй тул дээрэлхүүлсэн тухайгаа барагтай бол ярьдаггүй байна. Насаар ахмад, биеийн хүчээр илүү бөгөөд илүү ухаалаг нь гэр бүл дэх журмыг тогтоож, гэр бүлийн хүмүүжлийн тоглолцоог бий болгож байна. Буллингийн талаарх эцэг эхчүүд ба хүүхдүүдийн ойлголт ялгаатай байдаг нь уг үзэгдлийг таслан зогсооход саад болдог. Эцэг эхчүүд буруутныг шийтгэх буюу  асуудлыг газар дээр нь шуудхан шийдэхийг эрмэлздэг бол хүүхдүүд буллингийг зогсоохыг хүсдэг. Ийм учраас эхлээд сонсож, итгэл үнэмшил төрүүлж, дэмжиж, тэвчээртэй хандсаны дараа мэдээллийг өгснөөр буллингийг зогсооход хөндлөнгөөс оролцох хувилбаруудыг судалж үзэх нь зүйтэй.

Иймээс Финландын Боловсрол, соёлын яамнаас буллингийг таслах зогсооход чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөр боловсруулахыг Турку их сургуульд даалгажээ. Удалгүй KiVа гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байнга сайжруулж, илүү үр дүнтэй болгож байна. Иймээс уг хөтөлбөрийг Финландын төдийгүй дэлхийн 20 гаруй улсын сургуулиудад өргөнөөр хэрэглэж байна. KiVa гэдэг нь фин хэлний “kiusaamista vastaan” буюу “дээрэлхэлтийн эсрэг” гэсэн утгатай үгийн товчлол юм.

KiVa-гийн гол онцлог нь дээрэлхэгч болон хохирогчийг шийтгэхээс илүүтэй анги хамт олны доторх уур амьсгалыг эергээр өөрчлөхөд оршино. Буллингийн эсрэг өдөр тутмын сургалтын хөтөлбөрт “буллинг гэж юу вэ?”, бие биедээ хүндэтгэлтэй хандах, буллингтэй тэмцэх сэдэв бүхий роликууд болон бусад материалыг оруулсан байна. Сургалт, хэлэлцүүлэг явуулахдаа интерактив тоглоомыг өргөнөөр ашиглаж, сурагчдад дээрэлхэлтийг хэрхэн зогсоох талаар заах бөгөөд буллингийг харж байсан боловч ямар нэгэн үйлдэл хийгээгүй “гэрч” сурагчдыг идэвхтэй оролцуулахад чиглэдэг ажээ.  

Финландын сургуулиудад завсарлагааны үеэр шар хантааз өмссөн багш нар сурагчдын үйл хөдөлгөөнийг ажиглана. Буллингтэй тэмцэхэд ахиц гарсан эсэхийг тогтоохын тулд эргэх холбоо бүхий цахим санал асуулгуудыг явуулна.

7 настнуудад зориулж сэтгэл хөдлөлийн картыг бий болгож, хичээлийн үеэр ашиглуулснаар сэтгэл хөдлөлийн янз бүрийн хэлбэрүүдийг таниулдаг байна. Ингэснээр дээрэлхэлтэд өртсөн нэг ангийнханд нь ямар мэдрэмж төрдөг болохыг бусад хүүхдүүдэд ойлгуулна. Буллингийн золиос болох ямар хэцүү болохыг бяцхан хүүхдүүдэд ойлгуулна. Энэ сэдвээр янз бүрийн түүхийг зохиохоос гадна буллингийн золиос болж байсан хүмүүсийн дурсамжийг яриулна. Насанд хүрсэн хойно ч гэсэн буллингийн тохиолдол амьдралд нь нөлөөлж буйг яриулна. Тэд энэ талаар өнөөг хүртэл мартахгүй санаж, тэр ч бүү хэл уйлж байгааг хараад бяцхан хүүхдүүд гайхна. Сурагчид буллингийн янз бүрийн тохиолдлууд ба тэдгээрээс гарах арга замуудыг санаанаасаа зохиож бодож олно. Буллингийн эсрэг цахим тоглоомууд байдаг бөгөөд хичээлүүдтэй нягт уялдуулдаг.

Ингээд KiVа хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш ганцхан жилийн дараа бодит үр дүн гарсан байна. 2016 онд Финландын 80 орчим бага сургуулийн 7000 гаруй сурагчийг хамруулан явуулсан судалгаагаар KiVa-г хэрэгжүүлсэн сургуулиудад дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн сэтгэл гутрал буурч, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн болох тогтоогджээ.

Норвег

Норвегид боловсруулсан Olweus Bullying Prevention Program (OBPP) хөтөлбөр бол дэлхийн олон оронд хэрэгжиж буй дээрэлхэлтээс сэргийлэх хөтөлбөрүүдийн нэг юм.

Бодит байдалд дүгнэлт хийвээс, буллингийг бууруулахын тулд зөвхөн дээрэлхэгчийг шийтгэснээр асуудлыг шийдэх гэж оролдох нь өрөөсгөл юм. Харин сургуулийн орчныг бүхэлд нь хамарсан бодлого хэрэгжүүлэх, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхийн хамтын ажиллагааг хангах шаардлагатай.

Хөтөлбөрийн хүрээнд:

- Сургуулийн орчныг бүхэлд нь хамарсан бодлого хэрэгжүүлэх

- Багш, ажилтнуудыг тусгай сургалтад хамруулах

- Анги доторх дүрэм, харилцааны соёлыг тодорхой болгох

- Буллингт өртсөн хүүхдүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлдэг байна

Европ

  • Францад “хамтын кибербуллинг”-ийг хориглосон хуулийг баталжээ. Тодруулбал, хэрвээ 100 ба түүнээс тооны хүмүүс цахим сүлжээгээр ижил утга агуулгатай мессежийг хэн нэгэнд илгээх аваас эдгээр хүмүүс бүгдээрээ шийтгэл хүлээнэ.
  • Испанийн сургуулиудад шинээр ирж буй сурагчдын эцэг эхчүүдэд зориулан тусгай лекцийг зохион байгуулдаг бөгөөд сургуулийн дүрэм журмыг танилцуулж, шинэ орчинд хэрхэн дасан зохицох, буллингийг хэрхэн таньж тодорхойлох, хүүхэд нь дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөгөө өгдөг байна.
  • Дээрэлхэлтийн эсрэг баг – энэ бол зан байдлын загваруудыг таниулан ойлгуулах систем юм. Тодруулбал, дээрэлхэлтэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, хүчирхийлэл ба ганцаардлын хүрээг таслах,  дээрэлхүү олонхийн дайралтыг хэрхэн даван туулах вэ гэдгийг хүүхдүүдэд тоглоомын хэлбэрээр тайлбарладаг.

АНУ

Америкийн дунд сургууль бүрд буллингийн үзэгдэл бий гэдгийг PASER буюу Дээрэлхэлтийг таслан зогсоох үндэсний төвийн төлөөлөгч Жуди Френч хүлээн зөвшөөрч байна. Буллинг бол зан байдлын олдмол хэлбэр учраас түүнийг засаж залруулах боломжтой бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг нэг хоёр жил бус харин байнга хэрэгжүүлж байх ёстой. Хүүхдэд хандах хандлагыг шударга байлгахын тулд 1970-аад оны сүүлчээр АНУ-д хэд хэдэн хуулийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн зүгээс тусламж дэмжлэг авах болсон байна. Ийм хүүхдүүд эрүүл хүүхдүүдтэй харьцуулахад 2-3 дахин олон удаа дээрэлхэлтэд өртдөг учраас  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд тусалдаг ашгийн бус, хараат бус байгууллага болох PASER уг үзэгдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг.

 

Тус байгууллага нь эцэг эхчүүд ба мэргэжлийн хүмүүст зориулсан, цэцэрлэгийн ахлах бүлгийн ба бага сургуулийн сурагчдад зориулсан, 11-18 насны өсвөр үеийнхэнд зориулсан гурван цахим хуудастай ажээ. Цахим хуудаснууд хүүхдүүдийн хүсэлтийг цахим шуудангаар хүлээн авна. Түүнчлэн цахим хуудсан дахь тусгай багананд хүүхдүүд асуултуудаа байршуулдаг байна.  

Австрали

Австрали бол буллингийн статистик үзүүлэлтээр улс орнуудын дунд хавьд ордог улс юм. Эрдэмтдийн хийсэн тооцооллоор, таван сурагч бүрийн нэг нь долоо хоногт дор хаяж нэг ба түүнээс дээш удаа дээрэлхэлтэд өртдөг байна. Ялангуяа 7-8, 11-12 насны хүүхдүүд. Бага сургуульд байхдаа дээрэлхүүлж байсан сурагчид дунд сургуульд дээрэлхүүлэх магадлал 53 хувьтай байдаг гэсэн статистик үзүүлэлтийг хүртэл гаргажээ. Улмаар хүүхэд насандаа дээрэлхэлтэд өртсөн хүмүүс насанд хүрсэн хойноо ч гэсэн сэтгэл гутрал, түгшүүрт автсаар байдаг байна.

Австрали улсад буллинг гэдэг үзэгдлийг “илүү нөлөө бүхий этгээд болон бүлэг этгээд эрх мэдлээ хортойгоор ашиглаж буй байнга давтагддаг үйлдэл” гэж тодорхойлдог байна. Буллинг нь биеийн хүчээр, хэл амаар ба интернэтийн орчинд үйлдэгддэг.

Тус улсад 1994 онд сургуулийн орчин дахь хүчирхийллийн талаарх талаарх холбооны парламентын тайланг танилцуулжээ. Үүний дараа парламентын гишүүд бүх бүс нутагт очиж, сургуулиуд дахь хүчирхийллийн нөхцөл байдалтай танилцсан байна. Улмаар 2003 онд аюулгүй сургуулийн талаарх үндэсний хэмжээний анхны хөтөлбөрийг баталж, 2007 онд сэтгэцийн эрүүл мэндийн анхны тогтолцоог бий болгосон байна.

Хөтөлбөрийн хүрээнд, юуны түрүүнд сургуулийн газрын зургийг зохиосон байна. Энэ бол ердийн нэг газрын зураг бөгөөд түүн дээр хоолны газар, танхимууд, тоглоомын талбайнуудын байршил тодорхой харагдана. Эдгээр байршлын алинд нь өөрийгөө илүү аюулгүй орчинд байна гэж мэдэрдэг вэ гэсэн асуултыг сурагчид, багш нарт тавьжээ. Ингээд аюулгүй бүсийг ногооноор, зарим үед аюулгүй байдаг орчныг ягаанаар, аюултай бүсийг улаанаар тэмдэглэсэн байна. 

2014 онд цахим аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай комиссар гэдэг албан тушаалыг бий болгосон бөгөөд энэ хүн цахим аюулгүй байдал, кибербуллингийн асуудлаар багш нарт хичээл заадаг ажээ.

Канад

Тус улсад “Харилцааг дэмжиж, хүчирхийллийг арилгах сүлжээ” гэдэг нэртэй тусгай байгууллага ажилладаг бөгөөд буллингийн үзэгдлийг бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний стратегийн бодлогыг хэрэгжүүлдэг. Уг сүлжээн нь 27 их дээд сургууль ба үндэстэн ястны 52 бүлгийг төлөөлсөн 62 эрдэмтнээс бүрдэнэ. Канадын туршлагын өвөрмөц онцлог бол буллингтэй тэмцэхийн тулд эцэг эхчүүдэд гол анхаарлыг хандуулдаг. Эцэг эхчүүд ба сургуулийн ажилтнууд юуны түрүүнд хүчирхийлэгчдийг таньж тодорхойлоход суралцах ба тэдэнтэй тулж ажиллах ёстой.

Үүний зэрэгцээ үр дүнтэй нь нэгэнт батлагдсан Финландын KiVa хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Энэ бол буллинг илэрсэн тохиолдолд  хүлээх хариуцлагыг хуваарилахад чиглэсэн хөтөлбөр юм. Дээрэлхэлт болоход дээрэлхэгч ба хохирогч төдийгүй сургуулийн соёлын орчин, үе тэнгийнхний дарамт шахалт, гэр бүл дэх харилцаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс хариуцлагыг хуваан үүрүүлснээр бусдыг хүндлэх, өрөвдөх, аюулгүй байлгах орчин бүрдэнэ.

Их Британи 

Ихэнх сургуульд буллингийн эсрэг тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд хичээлийн бус цагаар дэг журмыг сахиулдаг. Жишээ нь, дээрэлхэгчид сургуулийн орчны ямар газруудад хүүхдүүд рүү халддаг болохыг дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд цахим карт дээр тэмдэглэдэг байна. Багш нар нь картыг байнга шинэчилдэг бөгөөд шинээр үүсэж буй аюултай газруудыг шалгадаг. Сургууль дээр харилцан туслалцах дугуйлан зохион байгуулж, ахлах ангийн сурагчид дээрэлхэлт болон бусад бэрхшээлийг хэрхэн даван туулсан тухайгаа доод ангийн хүүхдүүдэд ярьж өгнө.

Үерхлийн сандал /Buddy Benches/ — энэ бол бага ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай сандал юм. Ганцаардсан, бусадтай үерхэхийг хүсэж буй хүүхдүүд суудаг бөгөөд тэднийг багш нар ажиглаж, бусад хүүхэдтэй үерхэхэд нь тусална.

Хувийн ба нийгмийн боловсролын хичээлүүд /Personal and Social Education/– Ийм төрлийн хичээлийг долоо хоног бүр зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр хамт олны дотор үүссэн асуудлуудыг хэлэлцдэг. Ихэнх тохиолдолд сурагчид хамтран тодорхой нэг сурагчтай холбоотой асуудлыг хэлэлцдэг бөгөөд ингэснээр нэгдэж нягтарсан багийн уур амьсгал бүрдүүлдэг тул буллингийн эрсдэл мэдэгдэхүйц буурдаг.

Зовнил түгшүүрээ хуваалцах нь /Method of Shared Concern/ - Дээрэлхэгч хүүхэд ба буллингийн золиос болсон хүүхэд хоёр хоорондоо илэн далангуй ярилцана. Ихэнх тохиолдолд хулигаанууд бусдыг ямар хүнд байдалд оруулдаг гэдгээ төдийлөн ойлгодоггүй тул хохирогчидтой уулзаж ярилцсанаар тэдний сэтгэлийн шаналлыг ойлгож мэдэрдэг. Энэ бол буллингийн эсрэг маш үр дүнтэй арга юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top