x

Д.Ганмаа: Бодлогын өрсөлдөөнөөс илүү эрх мэдлийн зөрчлөөс үүдэлтэй солигдолт давамгайлж байгаа нь асуудал юм

УИХ-ын гишүүн Д.Ганмаатай ярилцлаа.

-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна. МАН албан тушаал, эрх мэдлийн төлөө улс орны амьдралыг доройтуулж гүйцлээ. Эрх баригчид Засгийн газраа дахиад л унагаачихлаа. Засаг төр бужигнаантай байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Миний харж байгаагаар шалтгаан нь ганц хүн, ганц намын асуудал биш.

Засгийн газар солигдох нь ардчилсан тогтолцоонд байдаг үзэгдэл. Харин юунаас болж унаж байна вэ гэдэг нь тусдаа асуудал. Нэгдүгээрт, институциасаа илүү хувь хүн, фракцын нөлөө давамгайлсан улс төр байна. Хоёрдугаарт, нам доторх шийдвэр гаргалт хаалттай эсэх асуудал бий. Гуравдугаарт, бодлогоос илүү албан тушаал, томилгооны тэнцвэр ярьдаг соёл тогтсон. Ийм нөхцөлд эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн урт хугацааны бодлого хамгийн түрүүнд хохирдог.

-Нам доторх зөрчил, фракцын тэмцэл ил болж байна. Энэ нь төрийн бодлогод ямар сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

-Нам доторх зөрчил бодлогын хэлэлцүүлэг хэлбэрээр явагдвал эрүүл үзэгдэл. Харин фракцын тэмцэл давамгайлах үед бодлого тасалддаг.

Үүнийг шийдэхийн тулд бодлогын хороодыг бодитоор ажиллуулж, нам доторх шийдвэр гаргалтыг институцижүүлэх шаардлагатай. Улс төрийн маргаан биш, бодлогын өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байх ёстой. Харин зохист хэм хэмжээнээс хэтэрвэл төрийн бодлогод сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр бодлогын зөрчлөөс илүү эрх мэдлийн зөрчлөөс үүдэлтэй солигдолт давамгайлж байгаа нь асуудал юм.

-Та намынхаа дотоод шинэчлэлийг яаж явуулах ёстой гэж үздэг вэ?

-Пропорционал тогтолцоо нь улс төрд мэргэжлийн хүмүүсийг оруулж ирэх зөв алхам болсон. Үүнийг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай.

Ялангуяа нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг ил тод, ур чадварт суурилсан болгох нь чухал. Ингэж байж улс төрийн чанар дээшилнэ.

-Засгийн газар солигдох бүрд бодлого тасалдаж байна. Үүнийг зогсоохын тулд институцийн ямар өөрчлөлт хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, таван жилийн хугацаатай салбарын мастер төлөвлөгөөг УИХ-аар баталж, Засгийн газар солигдсон ч өөрчлөгдөхгүй суурь баримт бичиг болгох ёстой. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын бодлогын чиглэлийг миний удирдсан ажлын алба боловсруулж, батлуулсан. Хоёрдугаарт, МАН-ын дэргэд бодлогын хороодыг байгуулсны нэг болох Эрүүл мэндийн бодлогын хороог би ахалж ажиллаж байна. Манай хороо салбарын бодлого, мөрийн хөтөлбөрүүдийн алдаа, оноог дүгнэж, дараагийн шатны бодлогыг боловсруулж байна. Эдгээр хороод нь УИХ дээр байгуулагдсан ажлын хэсгүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, ямар ч Засгийн газар байгуулагдсан хамтран салбарын гол асуудлуудыг тасралтгүй шийдээд явах боломжийг бүрдүүлж байгаа. Тиймээс УИХ дээр эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Мэдээж төрийн нарийн мэргэшсэн албан тушаалуудыг улс төрийн нөлөөлөл, халаа сэлгээнээс хамгаалах нь маш чухал. Төрийн мэргэшсэн алба тогтвортой байж гэмээнэ бодлого хэрэгжинэ. Тиймээс өнөөдөр улс төрийн маргаанаа хойш тавьж, бодлого, тулгамдсан асуудлуудаа ярилцаж, шийдэхэд илүү анхаарах цаг болсон гэж үзэж байна.

-Иргэдийн улс төрд итгэх итгэл буурч байгаа энэ үед парламентын гишүүд ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Парламентын гишүүн хууль батлаад зогсохгүй, өөрөө үлгэрлэх ёстой.

Нэгдүгээрт, ирц, санал хураалт, ашиг сонирхлын мэдээлэл, төсвийн байр сууриа бүрэн нээлттэй болгох. Хоёрдугаарт, худал амлалт өгсөн бол улс төрийн хариуцлага хүлээдэг соёлыг тогтоох. Гуравдугаарт, ёс зүйн асуудал дээр “Өөрийн хүн” гэж өмгөөлдөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Итгэлийг сэргээх цорын ганц арга бол ил тод байдал, хариуцлага, үр дүн юм.

-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг та хэрхэн дэмжиж байгаа вэ. Хэрэв энэ хууль хэрэгжвэл өрсөлдөгчөө намнах улс төрийн зэвсэг болно гэж судлаачид эсрэг байр суурь илэрхийлж байгаа?

-Ард түмний төлөөлөл болж УИХ-д сууж байгаа нь эрх мэдэл биш, харин өндөр хариуцлага, үүрэг юм. Ялангуяа ёс зүйн өндөр шаардлагыг чанд сахих нь чухал. УИХ-ыг хэн бүхний байдаг танхим мэт ойлголт, хандлагыг нийгэмд өгч болохгүй. Мөн аливаа буруу үйлдэлд хариуцлага тооцдог байх нь зарчмын хувьд зөв. Энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-аар нягтлан хэлэлцэх нь зүйтэй. Санаа нь зөв боловч засаглалын хуваарилалтын үндсэн зарчимд хэр нийцэж байгааг сайтар судалж шийдвэрлэх шаардлагатай.

-Та бол парламентад эрүүл мэндийн салбарыг төлөөлж буй гишүүн. Манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг бодлогын түвшинд хэрхэн шийдэх ёстой гэж та үзэж байна вэ?

-Шийдэл нь салангид биш, цогц байх ёстой. Манай эрүүл мэндийн салбарын асуудал бол тогтолцооны түвшнийх. Үүнийг хэсэгчилсэн арга хэмжээгээр бус цогцоор нь, тогтолцоог бүрдүүлэгч зургаан блок бүтцийн шинэчлэлээр шийдэх шаардлагатай. Юуны өмнө санхүүжилтийг үр дүнд суурилсан тогтолцоонд бодитоор шилжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгууллагыг биш, гаргасан үр дүнг санхүүжүүлдэг болох ёстой. Мөн урьдчилан сэргийлэх тусламжид чиглэсэн санхүүжилтийг дорвитой нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнтэй зэрэгцээд эмчийн цалин, карьер, ур чадварын шатлал, лицензийн тогтолцоог шинэчилж байж салбарын суурь асуудал шийдэгдэнэ. Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хатуу хэрэгжүүлж, хэмжиж, ил тод мэдээлэх шаардлагатай.

-Эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашиг, зарцуулалтын тухай олон шүүмжлэл бий. Эмнэлгүүдийн санхүүжилт тасарч, эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өндөр байгаа нь иргэдэд дарамт болж байна. Үүнийг бууруулахад төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Төрийн оролцоо зах зээлийг орлох биш, шударга дүрэм тогтоож, ил тод байдлыг хангах чиглэлд хүчтэй байх ёстой. 2024 оны эцсийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2.034.2 тэрбум, зарлага 2.073.9 тэрбум төгрөгт хүрч, зарлага орлогоос давсан байна. Үүний дотор эмийн үнийн хөнгөлөлтийн зардал өмнөх оноос 52.8 хувиар өссөн нь системийн дарамтыг илтгэж байна. Эрүүл мэндийн даатгалын санг зүгээр төлбөр дамжуулагч, хуваарилагч биш, бодлого хэрэгжүүлэгч худалдан авагч болгох шаардлагатай. Үүний тулд сангийн зарцуулалтыг бүрэн ил тод болгож, гүйцэтгэлд суурилсан хяналтын тогтолцоо нэвтрүүлэх хэрэгтэй. Эмийн үнийн хувьд төр идэвхтэй зохицуулагч байх ёстой. Нэгдсэн худалдан авалт, лавлагаа үнэ тогтоох, генерик эмийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр үнийн өсөлтийг бодитоор бууруулах боломжтой. Тиймээс би дөрвөн шийдэл санал болгодог. Нэгдүгээрт, ЭМДС-гийн худалдан авалт, гэрээ, төлбөрийн урсгалыг бүрэн нээлттэй болгох. Хоёрдугаарт, эм, хэрэгслийн төвлөрсөн худалдан авалтыг өрсөлдөөнтэй, цахим, үнийн хяналттай явуулах. Гуравдугаарт, даатгалын сангаас санхүүжүүлэх тусламжийн тарифыг бодит өртөгтэй уялдуулж шинэчлэх. Дөрөвдүгээрт, иргэн эмийн үнийг харьцуулж чаддаг цахим системийг бодит хэрэглээтэй болгож, үнийн хөөрөгдөлтэй шууд тэмцэх ёстой.

-Эрт илрүүлгийн бодлого бодитоор үр дүнгээ өгч чадаж байна уу. Сүүлийн үед дотоодын эмнэлгүүд оношоо буруу гаргаж байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Үүнээс болж валют гадагшаа урссаар байна шүү дээ. Эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд ямар шийдэл хэрэгтэй вэ?

-Эрт илрүүлэг бол зөв бодлого. Гэхдээ зөвхөн хамрагдалтын тоогоор амжилтыг хэмжиж болохгүй. 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 1.5 сая хүн хамрагдсан нь зорилтот хүн амын 47.1 хувьтай тэнцэж, хамрагдсан иргэдийн 62 хувьд нь ямар нэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Энэ нь эрт илрүүлэг шаардлагатай байсныг баталж байгаа ч дараагийн шатны оношилгоо, эмчилгээ, хяналтын чанар сул байвал бодлого хагас замдаа зогсоно гэсэн үг.

Буруу оношийн эрсдэлийг багасгахын тулд гурван чиглэл санал болгож байна. Нэгдүгээрт, эмчийн лицензийг нэг удаа аваад орхих биш, тасралтгүй сургалт, шалгалт, ур чадварын үнэлгээтэй уях. Хоёрдугаарт, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд “хоёрдогч дүгнэлт”-ийн тогтолцоог цахимаар нэвтрүүлэх. Гуравдугаарт, магадлан итгэмжлэл, чанарын аудит, эмнэлзүйн алдааны бүртгэлийг илүү хатуу болгох шаардлагатай.

Эрт илрүүлэг зөв бодлого боловч чанарын баталгаажуулалт сул байна. Үүнийг шийдэхийн тулд оношилгоонд double read­ing буюу давхар хяналтын тогтолцоо, стандарт протоколыг заавал мөрдүүлэх хэрэгтэй. Мөн эмч нарын ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог албажуулах шаардлагатай.Технологийн хувьд хиймэл оюун ухаан, алсын зайн зөвлөгөөний системийг төгөлдөржүүлснээр оношийн алдааг бууруулж, гадагш чиглэсэн урсгалыг багасгана.

-Улсын эмнэлгийн эмч нарын дийлэнх нь хувийн эмнэлэгтэй. Тэд хоёр оюун санаагаар ажилладаг болохоор эрүүл мэндийн салбарт ахиц гарахгүй байна уу?

Би эмч хүн хувийн хэвшилд ажиллаж болохгүй гэж үзэхгүй. Гэхдээ энэ нь бодит ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл дагуулдаг. Иймд асуудлыг хориглох замаар бус, зохицуулах замаар шийдэх ёстой. Жишээлбэл, ажлын хэлбэрийг тодорхой болгох, ашиг сонирхлын мэдүүлэг шаардах хэрэгтэй. Мөн улсын эмчийн цалин, нийгмийн баталгааг бодитоор нэмэгдүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломжгүй. Үгүй бол сайн эмч нар системээс гарсаар байна. Зохицуулалт болон урамшууллыг хослуулсан бодлого шаардлагатай. Харин улсын эмнэлэгт ажиллаж байхдаа өвчтөнөө хувийн эмнэлэг рүү чиглүүлэх, улсын нөөцөөр нэр хүндээ өсгөж хувийн орлогоо нэмэгдүүлэх, хүлээлгийг зориуд үүсгэх зэрэг нь байж болохгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 16 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 15 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 20 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top