x

С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд байхгүй жишиг

-НЭН ЯАРАЛТАЙ ГОРИМООР ӨРГӨН БАРЬЖ БАЙГАА ХУУЛИУД ДЭЭР ЕРӨНХИЙ САЙДААС ТАЙЛБАР СОНСДОГ БОЛНО-

Улсын Их хурлын дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-УИХ-ын Тамгын газраас “Парламент ба хэвлэл мэдээлэл” сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулж байна. Энэ сургалтын ач холбогдол юу байх вэ?

-УИХ-ын нэр хүнд одоо тийм ч сайнгүй байгаа. Энэ нь УИХ-ын үйл ажиллагаа олон нийтэд сайн хүрэхгүй, нээлттэй, ил тод биш байгаатай холбоотой байх гэж ойлгож байна. Энэ үүднээсээ УИХ-ыг илүү ил тод, нээлттэй, иргэд олон нийтдээ ээлтэй бодлого явуулдаг байх. Иргэд, олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг байх тал дээр тодорхой бодлогын өөрчлөлт хийхээр зорьж ажиллаж байна. Мэдээж УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд гүүр нь болж дамжуулдаг хүмүүс бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагчид байдаг. Тийм болохоор эхний ээлжинд сэтгүүлчид маань парламентынхаа үйл ажиллагааг ойлгодог, онцлогийг мэддэг, бодлого шийдвэрийг хэлбэр талаас нь биш, агуулга талаас нь хардаг. Хуулийн төслийн агуулга, үр өгөөж, зорилгыг илүү харуулдаг болчих юм бол тэр хэмжээгээрээ УИХ-ыг ойлгох ард түмний ойлголт өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Энэ үүднээсээ УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлч нарынхаа дунд сургалт хийж байна. Их хурал ямар бодлого, шийдвэртэй ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Цаашдаа УИХ-ын үйл ажиллагаанд хэт маргалдаж байгааг нь биш, мэтгэлцэж байгааг нь, хэрүүлийг биш хэлэлцэж байгаа асуудлын ач холбогдлыг иргэд, олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх тал дээр анхаараасай гэж хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа. УИХч өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг өөрчлөх, сайжруулах чиглэлээр УИХ-ын хуулиудын төслийг өргөн барьсан. Өөрчлөлтийг Их хурал өөрсдөөсөө эхэлье. Дэг журмыг гишүүд маань өөрсдөөсөө эхэлж тогтооё. Ингэж байж УИХ-ын үйл ажиллагаа сайжирна. Нэр хүнд нь дээшилнэ. Ингэх юм бол парламент, төрдөө итгэх ард түмний итгэл нэмэгдэнэ.

Энэ удаагийн парламент бол өмнөхүүдээ бодоход илүү их онцлогтой. Тиймээс энэ парламентын талаар сэтгүүлчдийн хүргэх гол агуулга нь юу байгаасай гэж та бодож байна вэ?

-Энэ парламент өөрөө 126 гишүүнтэй, холимог системтэй. Хамгийн олон буюу таван намын төлөөлөл сонгогдсон, хүчтэй сөрөг хүчинтэй парламент. Харин 2016-2024 оны хооронд болохоор нэг нам дангаараа хэт олонх, сөрөг хүчин их цөөн байсан. Тэгвэл энэ удаагийн парламент илүү ардчилсан, нээлттэй, мэтгэлцээн дээр суурилсан парламент. Тийм болохоор энэ парламентын үйл ажиллагаа илүү зөвшилцөж, ойлголцож, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж асуудлыг шийдэх ёстой. Улстөржихөөсөө илүү эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж байж зөвшилцөөн бий болно. Тийм ч учраас УИХ-ын гишүүд маань нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэж тангараг өргөдөг. Тиймээс улс орныхоо хөгжлийн төлөө бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, зөвшилцөж ойлголцдог, улстөржих асуудлаа ялгаж салгадаг байх ёстой. Үүнийг нь парламентын сэтгүүлчид маань яг энэ бүхнийг нь ялгаж гаргадаг байгаасай. Дээрээс нь парламентын сэтгүүлчид маань Их хурлын гишүүдийг хэлбэр талаас нь буюу хэрүүл хийж байгаа байдал, өмсөж зүүж байгааг нь биш агуулга, бодлого талаас нь УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн үр өгөөж нь юу юм. Ямар ач холбогдолтой, хэн хэн гэдэг гишүүд санаачилж, хэн нь ямар байр суурь илэрхийлж ярьж байна. Аль өнцөг нь зөв, аль нь буруу байх шиг байна гэдгийг нь гаргадаг, ярьдаг байх юм бол парламентын үйл ажиллагааг хүлээж авах олон нийтийн хандлага зөв болно. Мэдээж олон хүн сайнтай муутай, уулын мод урттай богинотой. Хэрэлдэж, маргалдах, бухимдах зүйл байдаг. Харин үүнийг нь түлхүү гаргаад байвал УИХ маань тэгж харагдаад байдаг. Энэ хандлагыг өөрчлөхөд парламентын сэтгүүлчид маань илүү анхаараасай гэж л хүсч байна.

-Таны ярьж, дэвшүүлж байгаа “Сайн парламент” гэж яг юу вэ. Үүнийг юугаар илэрхийлэх вэ?

-“Сайн парламент” гэдэг нь парламентын үйл ажиллагаа сайжирч, парламентад итгэх ард иргэдийн итгэл нэмэгдэж, ардчилсан парламентын засаглал Монгол Улсад хэрэгтэй юм байна гэдгийг иргэд маань тодорхой хэмжээнд ойлгодог болоосой л гэж хүч байгаа юм. Ингэж чадах юм бол “Сайн парламент” гэсэн бодлого үр дүнгээ өгнө. Хүн бүр л парламентын засаглалд хайртай, Монгол Улсад парламентын засаглал хэрэгтэй гэж ярьдаг. Үнэхээр тийм, эрх эрх чөлөөгөө дээдэлье, ардчилсан парламентын засаглалаа бэхжүүлье гэж бодож байгаа бол парламентын үйл ажиллагаа сайжирч байж, бодлого үйл ажиллагаа нь ард иргэдэд ээлтэй, ил тод хүрдэг, олон нийт сэтгэл хангалуун байдаг болж байж сайн парламент бий болно. Тийм болохоор ерөөсөө ийм л болгохыг хүсч байна. Үүний төлөө л бодлого зорилтоо дэвшүүлээд, холбогдох хуулийн төслүүдийг боловсруулада ажиллаж байгаа.

-Та түрүүн яриандаа анх удаа сонгогдсон, олон сонгогдсон гэж гишүүдийг ялгаварлахгүй байх бодлого баримтална гэж хэлсэн. Тэгэхээр өмнөх парламентуудын үед ийм ялгаварлал байсан гэсэн үг үү. Цаашдаа ялгаварлахгүй гэхээр ямар бодлого барина гэж ойлгох вэ?

-Манай энэ удаагийн парламент 126 гишүүнтэй. Тэдгээрээс 81 нь шинэ буюу анх удаа сонгогдсон гишүүн байгаа. Энэ дотроо жагсаалтын тойргийн, эрэгтэй эмэгтэй, олон болон цөөн сонгогдсон гээд ерөнхий ялгаанууд байдаг. Ялангуяа шинэ гишүүдийн хувьд үүн дээр нэлээд эмзэглэдэг. Биднийг жагсаалтаар сонгогдсон гэж ялгаварлаж байна. Эмэгтэй гээд өөр хандаж байна. Анх удаа сонгогдсон гээд ингэж байна зэрэг хандлагууд байдаг. Тийм болохоор ийм хандлагууд байх ёсгүй. Энэ дээр УИХ-ын даргын хувьд ямар нэгэн байдлаар ялгавартай бодлого явуулахгүй. Хэн парламентын гишүүнийхээ ажлыг идэвхтэй сайн хийж байна. Ард иргэдэд хэн нь ээлтэй, нээлттэй зөв бодлого хэрэгжүүлж, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллаж чадаж байгаад нь илүү боломж олгоё. Харин би олон сонгогдсон гээд хуралдаа ирдэггүй, ажлаа хийдэггүй. Ийм байж олон сонгогдсон надад давуу эрх эдлүүл гэдэг хандлага байх ёсгүй гэдэг үүднээс асуудлыг би анх УИХ-ын дарга болж байх үедээ барьж байсан. Энэ зарчим хэвээрээ байгаа. Парламент бол зөвшилцөөний талбар. Бид аливаа асуудлыг зөвшилцөх, ойлголцох зарчмыг эрхэмлэж шийдэх ёстой.

-Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьж байгаа хуулиуд дээр Ерөнхий сайдаас тайлбар сонсдог байх тухай ярьж байсан. Үүн дээр нэг тайлбар өгөөч?

-Нэн яаралтай горимоор өргөн барьсан хуулиудыг яагаад яаралтай юм гэдгээ гишүүд ойлгохгүйгээр хэлэлцэх асуудлыг нь дэмжих санал өгөөд байгаа юм. Ийм учраас улс орны эдийн засгийн аюулгүй байдалд чухал. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд маш чухал учраас гэдэг үндэслэлээр л өргөн барьдаг. Тэгвэл яагаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд чухал юм бэ гэдгийг УИХ-ын гишүүд ойлгож байж дэмжих, дэмжихгүй гэдэг кнопоо дарах ёстой. Танилцуулга хийдэггүй учраас ойлгохгүй, мэдэхгүй, дуртай дургүй, хүчээр кноп дардаг байдал гарч байгаа. Тиймээс танилцуулгыг нь сонсоод үнэхээр чухал юм байна, дэмжье. Чухал нэрийн дор далимдуулж оруулж ирсэн байна, дэмжихгүй гэдэг итгэл үнэмшилтэй болгох үүднээс үүнийг хийж байгаа юм.

-Парламент Засгийн газраа бүрэн хянаж, шахаж ажиллуулж чадаж байна уу?

-Засгийн газрыг хянаж, шахаж ажиллах бүрэн боломж парламентад байгаа. Харамсалтай нь энэ боломжоо бид бүрэн ашиглаж чадахгүй байгаад байна. Тийм болохоор Их хурлын хэлэлцэж байгаа хуулиуд дээр УИХ-ын хяналт, шалгалтыг илүү сайжруулах, үр дүн, өгөөжтэй болгох, Засгийн газрыг илүү шахаж, шаардаж ажиллах тал дээр тодорхой зохицуулалтууд боловсруулж буй хуулийн төслүүд дээр орж байгаа. Жишээлбэл, сар бүр хоёр удаа “Асуулгын цаг”-тай болно. Баасан гарагийн 14 цагаас асуулга тавьж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар сонсдог болно. Тулгамдсан, ард иргэдийн амьдралд нэн яаралтай, олны анхаарал татсан бэрхшээлтэй асуудлуудаар хугацаа харгалзахгүйгээр Их хурал санаачилга гаргаж авч хэлэлцдэг байх зохицуулалтууд мөн орж байгаа. Тийм болохоор энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаанд илүү хяналтаа тавих боломжууд бий болно.

-Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга хүн нам бус байх ёстой гэдэг асуудлыг хүчтэй тавиад байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна. Ер нь ийм байх боломжтой юу?

-Ардчилсан намын Х.Тэмүүжин нарын гишүүд ийм асуудлыг анх хөндсөн. Намайг УИХ-ын дарга болох үеэс л яригдаж байсан. Харин дараа нь би үүнийг судалж үзсэн. Тэгвэл дэлхий дээр парламентын засаглалтай 100 гаруй улс байгаагаас ганцхан Англи улсад л ийм байдаг юм билээ. Гэхдээ ингэж үүргийг нь хүлээлгэсэн шигээ дараагийн сонгуулиар дахин гишүүн болгох байдлаар эрх эдлүүлдэг. Ер нь энэ бол дэлхийд байхгүй жишиг гэсэн үг. Тэгэхээр энэ бүхнээ ойлгоод Х.Тэмүүжин гишүүн энэхүү асуудлаа эргүүлэн татах юм шиг байна лээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 16 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 16 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 20 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top