x

УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё

Төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх, эсвэл өөр албан тушаалаар дамжуулан улс төрд нөлөөгөө мөнхжүүлэх оролдлогыг өнгөрсөн 30 гаруй жил хийж ирлээ. Нэг үе Монголын хаан болж байсан Намбарын Энхбаяраас эхлээд Ухнаагийн Хүрэлсүх хүртэлх өндөр албан тушаалтнууд төрийн гурван өндөрлөг гэгдэх УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудалд шилжин, дамжин суух сонирхолтой байдгийг улс төрийн замнал нь нотолсоор байгаа. Дараа үеийн улстөрчид ч ялгаагүй энэ зам, мөрөөр явахыг л бодно. УИХ-ын дарга болчихвол дараагийн карьер нь сонгуулийн циклиэс хамаараад Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд болохын төлөө хүрээллээ тэлж, нөлөөллөө тогтоодог.

Товчхондоо төрийн гурван өндөрлөгийн аль нэгэнд нь суусан улстөрч өөрийгөө Монголын хаан болгохын төлөө л зүтгэнэ. Ёстой чөмгөө дундартал эрх мэдлийн төлөө зүтгэдэг гэдгийг монголчууд 1990 оноос хойш төрийн гурван өндөрлөгт суусан хүмүүсээс харж байна. Угтаа ардчиллын гол зарчим бол эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байх. Харин Монголын улс төрд эсрэгээрээ эрх мэдлийг аль болох удаан хадгалах, албан тушаалаа сольж үргэлжлүүлэн эрх барих сонирхол л их байна. Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгодог болсон. Энэ бол зөв шийдэл. Учир нь Ерөнхийлөгч дахин сонгогдохын төлөө ажиллах бус, улсын эрх ашгийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлсэн. Гэвч зөвхөн Ерөнхийлөгч дээр ийм зохицуулалт байгаад хангалтгүй байна. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ч гэсэн бүрэн эрхийн хугацааны хязгаартай байх ёстой.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэдэн ч удаа сонгогдож болох эрх зүйн орчинтой байна. Намын дэмжлэг, улс төрийн нөхцөл бүрдвэл олон жил дараалан, эсвэл завсарлаж байгаад дахин дахин төрийн өндөр албан тушаал хаших боломжтой. Энэ нь ардчиллын зарчимтай нийцэхгүй. Нөгөөтэйгүүр ардчилсан оронд дарангуйлал гаарахын шалтгаан нь энэ болчихоод байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нарыг нийтдээ хоёр бүрэн эрхийн хугацаа буюу найман жилээс илүү ажиллахгүй байх эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байна, УИХ-ын гишүүд ээ. Та бүхэн бөхийн цол, чимэг, эрэмбэ дарааг хуульчлах гэж хөгөө чирж, үндэсний дархлааг унагааж суухаар парламентын засаглал, ардчиллын дархлааг нэмэгдүүлсэн дээрх эрх зүйн өөрчлөлтийг санаачилж, энэ парламентаараа хэлэлцүүлээч.

УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг Ерөнхийлөгчтэй адил нэг удаад дээд тал нь найман жил байх хуулийн хязгаарлалтыг хийхээс гадна эдгээр албан тушаалыг хашсан хүний УИХ-ын гишүүнээр сонгогдохыг нь хүртэл болиулах шаардлагатай байна. Учир нь ямар ч хүн, ямар ч нам, ямар ч удирдагч удаан хугацаанд эрх мэдэлтэй байх тусам төрийн байгууллагууд хувь хүний нөлөөнд орж эхэлдэг. Албан тушаалын томилгоо нэг хүрээллийн хүмүүсээр дүүрдэг. Шүүмжлэл багасдаг. Хяналт суларддаг. Энэ бол дарангуйлал руу хөтөлдөг эхний шат юм. Өнөөгийн Монголын төр яг л ийм л байгаа шүү дээ.

Өнөөдөр Монголд хэний хамаатан, садан, найз нөхөд, улс төрийн хамтрагчид, бүлэглэл хүчтэй байна вэ. Ямар хүмүүсийн бизнес нь өргөжиж, улс төрийн карьер нь дээшилж, хүссэн албан тушаалдаа очиж байна вэ. Үнэндээ өнөөдөр “Хүүкийн хамаатнууд л гоё байна” гэж дуулдаг шиг Монголын нийгэм, улс төрийн хүрээн дэх эрх мэдлийн хуваарилалт, боломжууд нь тийм л байна. Ингээд бодохоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байгаа нь ч урт санагдаад байгаа юм. Цаашид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр зөвхөн нэг удаа парламентаасаа сонгодог болох ёстой. Нөгөөтэйгүүр анхны 126 гишүүнтэй парламент бүрэн эрхийн хугацааныхаа талд нь орж байна. Энэ хугацаанд эрх баригчид Засгийн газраа гурван удаа солилоо. Их хурлын даргаа хоёр ч удаа солилоо. Цаашид хэдэн УИХ-ын дарга, хэдэн Ерөнхий сайд гарч ирэхийг таашгүй.

Хамгийн гол нь төрийн гурван өндөрлөгийн аль нэгийг хашиж байгаа хүн бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа нөгөө хоёр луугаа зүтгэдэг, зүтгэнэ гэсэн эрх мэдлийн зорилготой байгаа нь буруу юм. Эрх мэдлийн төлөөх энэ хандлага л Монголын төрийг толгойноос нь ялзруулж байна. Энэ утгаараа өнөөгийн УИХ-ын даргыг сонгох асуудал дээр сөрөг хүчний зүгээс С.Бямбацогтоос ам мөчгийг нь авч байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, түүнийг анх нэр дэвшихэд нь намаасаа түдгэлз, УИХ-ын даргын албан тушаалыг дараагийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох гишгүүр болгохгүй шүү гэж амыг нь асууж байж дэмжицгээснийг олон нийт санаж байгаа байх. Тиймээс өнөөгийн парламент эрх мэдлийн тогтолцоо буруу байгааг олж харсан гэсэн үг.

Үнэндээ С.Бямбацогтоос УИХ-ын даргын албан тушаалыг хашчихаад дараа нь Ерөнхийлөгч болохгүй гэдэг нотолгоог аман байдлаар авна гэдэг дэндүү хөнгөн шийдвэр. Аман тохироогоор төрийн ажил хийгдэх ёсгүй л дээ. Тиймээс одоо үүнийгээ хуульчлах хэрэгтэй, гишүүд ээ. Тэгэхгүй бол төрийн гурван өндөрлөгийг зорилго, мөрөөдлөө болгосон улс төрчид аль нэг суудалд нь очихтойгоо зэрэгцээд дараагийн эрх мэдлээ олж авахын төлөө л Монголын төрд ажиллаж байна. Сүүлийн хэдхэн жилд төрийн гурван өндөрлөгт эрх баригч намын хэдхэн нөхөд л ээлж дараалан сууж байгаа.

Г.Занданшатар өмнөх 76 гишүүнтэй парламентын үед УИХ-ын дарга байсан. Дараа нь сонгуулиар Төрийн ордонд биш, Тусгаар тогтнолын ордондоо үлдсэн. Гэсэн ч улс төрийн нөхцөл байдлаа харж байгаад Ерөнхий сайд болоод Төрийн ордонд буцаад ороод ирж байгаа юм. Одоо түүнийг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа кандидат гэж улс төрийн хүрээнд үздэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн албан тушаалын аль нэгэнд нь хүргэх шат дамжлага болгосоор ирсэн, болгох сонирхол хэн хүнд ч байгаа жишээг үүнээс бодитой харж болохоор байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал өмнө нь УИХ-ын даргын суудалд суусан.

Энэ мэт улстөрчид насаараа албан тушаалын өндөрлөгт байж байх эрх мэдлийн шуналаас болоод төрийн нэр хүнд, ардчилсан орны хөгжлийн бодлого уруудсаар байна. Хамгийн аймшигтай нь Монголд дарангуйллын далд систем улам бэхжиж байна шүү дээ. Иймээс төрийн гурван өндөрлөгийн аль нэгийг хашсан хүн нөгөө өндөрлөг албан тушаалд очдоггүй байх тухай зарчмын зохицуулалтыг хэлэлцэх цаг иржээ, гишүүд ээ. Ерөнхийлөгч болсон хүн дахин Ерөнхий сайд болохгүй. Ерөнхий сайд болсон хүн дараа нь Ерөнхийлөгч рүү шилжихгүй. УИХ-ын дарга байсан хүн мөн адил төрийн бусад өндөрлөг албан тушаалд очихгүй. Ингэснээр төрийн эрх мэдэл хувь хүнээс ангид үлдэнэ. Өнгөрсөн 30 жилийн сургамж, Монголын улс төрийн түүхэнд төрийн өндөр албан тушаалуудыг дамжин хашсан олон улс төрч бий. Гол асуудал нь хэн нэгэн хүн биш. Асуудал нь хэн ч байсан эрх мэдлийг удаан хугацаанд төвлөрүүлэх боломж олгодог тогтолцоо өөрөө юм.

Дэлхийн улс төрийн түүхэнд удаан хугацаанд эрх барьсан удирдагчдын жишээ олон бий. Путин, Эрдоган, Лукашенко, Ким Жон Ун, Мадуро нарын жишээ юуг харуулж, улс орноо яаж сөнөөж байгааг дэлхий даяар мэднэ. Эдгээр орны нөхцөл байдал Монголтой ижил биш ч нэг нийтлэг сургамж бий. Эрх мэдэл удаан төвлөрөх тусам институци сулардаг, хувь хүний нөлөө хүчирхэгждэг. Монгол бол ердөө гурван сая гаруй хүнтэй жижиг улс. Ийм улсын хувьд эрх мэдэл нэг хүний эргэн тойронд удаан төвлөрөх нь бүр ч өндөр эрсдэлтэй. Учир нь улс төр, бизнес, төрийн алба, хамаатан садны холбоо хоорондоо амархан огтлолцдог. Тиймээс л бид хуулиар хаан төрөх боломжийг Монголд хаах хэрэгтэй. Ардчилсан улс оронд сайн хүн гарч ирэхийг хүлээхээс илүү муу тогтолцоо бий болохоос сэргийлэх нь чухал байдаг. Энэ утгаараа төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүсийн ёс суртахуунд найдах бус, эрх мэдлийн хугацааг хуулиар хязгаарлах нь хамгийн зөв гарц болно.

Ерөөсөө л Үндсэн хуульдаа Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно, Ерөнхий сайд нийтдээ найман жилээс илүү ажиллахгүй, УИХ-ын дарга нийтдээ найман жилээс илүү ажиллахгүй, төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг дамжин хашихгүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссан хүн УИХ-д нэр дэвшихгүй, төрийн өндөр албан тушаалыг хашсан хүн тодорхой хугацаанд улс төрийн томилгоот албан тушаал эрхлэхгүй гээд л тусгачих хэрэгтэй. Ингэж чадвал Монголын улс төрд "Мөнхийн удирдагч" төрөх боломж үндсэндээ хаагдана. Ардчиллыг хүн биш, хууль хамгаалдаг болно. Ямар ч хүн анх гарч ирэхдээ ард түмний төлөө ажиллана гэж амладаг. Гэвч эрх мэдэл уртсах тусам төрийг хөгжүүлэхээс илүү эрх мэдлээ хадгалах сонирхол, шунал нь нэмэгддэг. Тиймээс ардчиллыг хамгаалах хамгийн найдвартай арга бол сайн удирдагч хүлээх биш, хэн ч гарсан эрх мэдлийг хязгаарладаг хуультай байх явдал юм. Угаас сайн удирдагч гэж байдаггүй бололтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top