x

Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө

Монгол хэлэнд “хөшөө” гэдэг үг сонин утгатай. Хөшсөн, хөдөлгөөнгүй, цаг хугацааны өмнө бууж өгсөн мэт атлаа түүхийг дуугүйгээр өгүүлдэг зүйл. Өнгөрснөө санахын тулд, дахин давтахгүйн учир хүн төрөлхтөн хөшөө босгодог. Харин Монголын улс төр нэг шинэ практик үзүүлэв. Хөшөө бол хөдөлгөөнгүй зүйл биш, хөдөлгөж болдог, тэгэхдээ шөнийн гурван цагт хөдөлгөдөг аж.

Монголчууд хөшөөтэйгээ үргэлж улс төрийн өнгөөр харилцаж ирсэн ард түмэн. 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр Х.Чойбалсангийн хөшөө рүү улаан будаг цацсан нь зүгээр нэг вандализм байгаагүй, хядлага, хэлмэгдүүлэлтээр олон жил хуримтлагдсан цусны толбо нь тэр. Дараа нь Б.Цэрэндоржийн хөшөө бас улаан будгаар “мялаалгасан”. Хөшөө буруугүй ч эзнийхээ нүгэл буяныг чулуун нүүрээрээ хүртдэг гэдгийг монголчууд тэгэхэд харуулсан.

Сталины хөшөөг бид олон нийтийн санал, улс төрийн өөрчлөлтийн үр дүнд буулгасан. Лениний хөшөөг ч ил тод шийдвэрээр зайлуулсан. Зөв үү, буруу юу гэдэг нь өөр асуудал, энэ бүхнийг гэгээн цагаан өдрөөр гүйцэтгэсэн. Гэтэл С.Зоригийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа шөнөөр болжээ. Хот нойрсож, гудамж нь хоосорч, гэрчийн нүдэнд өртөх магадлал хамгийн бага цагийг сонгосны учир юу вэ?

Дэлхийн түүхэнд хөшөө хулгайлсан хэрэг олон бий. Шинэ Зеландад хоёр метр өндөр хүрэл гномыг хулгайлаад гурван долоо хоногийн дараа Авралын армийн үүдэнд малгай өмсгөөд орхисон байдаг. Хулгайч нь ядаж хувцаслаад, хүмүүнлэгийн байгууллагад хүргэж өгсөн байгаа юм.

Лондонд боксчны хөшөөний гутлыг нь үлдээгээд аваад явжээ. Лос-Анжэлэст хотын үйлчилгээний ажилчны хувцас өмссөн хулгайчууд сонин зардаг хүүгийн хөшөөг тайван гэгч нь ачаад явсан бөгөөд хажуугаар нь гарсан хүмүүс “Хотынхон засвар хийж байгаа юм байна” гэж бодоод өнгөрсөн гэдэг.

Австралид бикинитэй эмэгтэйн баримлыг далайн хар шуурга далимдуулан хулгайлсан ч удалгүй мянган километрийн цаана вандан сандал дээр тухалж суухад нь олжээ. Энэ мэт хулгай инээдтэй, хошин шогийн өнгө аястай. Хөшөөг ихэвчлэн хүрлээр үйлдэх тул түүхий эдээр тушааж мөнгө олох сэдэлтэй хулгайлах нь элбэг.

Монголд болсон явдал инээдтэй ч инээхэд бэрх. 2026 оны наймдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагт С.Зориг агсны хөшөөг сууринаас нь салган авч оджээ. Сонирхолтой нь хөшөөний шинэ суурийг урьдчилан бэлдчихсэн байв.

Дэлхийн хөшөөний хулгайчууд хөшөөг хулгайлдаг бол манайхан “түр нүүлгэсэн” гэдэг тайлбар хийв. Монголын улс төр “түр” гэдэг үгийг хайр гамгүй хэрэглэдэг. Түр хороо, түр комисс, түр түдгэлзүүлэлт... одоо бүр түр хөшөөтэй болчихов.

Хөшөөг бүтээсэн уран барималч Б.Дэнзэн “Энэ бол миний өмч биш. Хотынх, ард түмнийх. Бэлгэдэл нурсны дараа улс орон нурдаг юм” гэжээ. Шөнөөр хөшөө хөдөлгөсөн явдалд холбогдох хамгийн ноцтой өгүүлбэр. Асуудал хөшөөндөө бус бэлгэдэлдээ байгаа.

С.Зоригийн хөшөө санамсаргүй хойшоо харж зогсоогүй. Өглөө бүр ажилдаа алхдаг байсан зам дээр нь, гартаа “Стюардес” янжууртай дүрсэлсэн. Олон нийтийн хандиваар босгож, суурин дээр нь "Монголын ард түмнээс" гэсэн бичээс бий. Тэгэхээр ард түмний өмч, ардчиллын бэлгэдлийг хэнд ч хэлэлгүй “хувийнхаа хашаа”-нд “түр” аваачихын учир юунд байв?  

Б.Дэнзэн бэлгэдлийг агаартай зүйрлэжээ. Агаартай байхад хүн анзаардаггүй, дутагдаад ирэхээр амь тэмцдэг. Бэлгэдэл ч ялгаагүй, байж байхад нь тоодоггүй, алга болоход үнэ цэнийг нь ойлгодог. Иргэд энэ үлгэрээр С.Зоригийн хөшөөг, ардчиллын бэлгэдлээ уйгагүй нэхэв.

Хотын дарга Б.Пүрэвдагва энэ үйлдлийг “хулгайн сэдлээр хийгдсэн” хэмээн тодорхойлж, хөшөөг буцаан байрлуулах шийдвэр гаргав. Ингээд Монгол Улс дэлхийн хөшөөний хулгайн түүхэнд нэг өвөрмөц төрөл нэмлээ. Шинэ Зеландад гном буяны байгууллагын үүдэнд очдог. Австралид баримал далайн эрэг дээр амардаг. Лондонд гутлыг нь үлдээдэг. Монголд хөшөө шөнөөр “түр нүүж”, өглөө төр нь “хулгайн сэдэлтэй” гэж тайлбарлаад буцаан авчирдаг шинэ маяг гаргалаа.

Хөшөө хөдөлсөнд асуудал байгаа юм биш, ард түмний өмч, түүхэн бэлгэдлийг хэн хүссэн үедээ шөнөөр зөөж болно гэдгийг харуулсанд асуудал оршино. Хөшөө ярьдаггүй ч хөдөлгөсөн хүмүүс нь бусдаас чангаар дуугарчээ. АН-ын дэд дарга Л.Мөнхбаясгалан “Төр нь зайлуул гэсэн, нам (АН) нь авахгүй гэсэн. С.Зориг агсны хөшөөг МоАХ авалгүй яах вэ” гэжээ. Олон нийтийн эзэмшлийн, түүхийн дурсгалт хөшөөг шөнийн 03:00 цагт, нууцаар, нэг улстөрчийн хувийн шахам байгууллагын үүдэнд “түр амарч бай” гээд авч явдаг ямар хууль, ямар ёс зүй вэ?

Хөшөө хүртэл шөнөөр нүүдэллэж, хууль ёс нь харанхуйд зангидагддаг нийгэмд монголчууд хөшсөн ардчилалтай суугаа юм биш үү? 

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 3 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top