x

Амнаас гарах эвгүй үнэр өвчин, үрэвсэл буйг илтгэдэг

Хүмүүс өдөр тутам хоорондоо харилцан ажиллаж, амьдардаг. Бидний хамгийн гол харилцааны хэрэгсэл бол хэл яриа. Ярилцах үед зарим хүний амнаас эвгүй үнэр гардаг. Энэ эвгүй үнэр сүүлийн үед бүр ихэсч, хаана ч явсан, бүр гудамжинд ч үнэртэх болжээ. Өглөө автобус хүлээх зуурт хоёр гурван алхмын цаана зогсох хүнээс салхиар дамжин ирэх таагүй үнэр, автобусанд ойрхон явах хүнээс, гоё ганган залуусаас ч сэнхийхийг харахаар муухай. Амны муухай үнэрт дуртай хүн гэж үгүй. Амнаас нь эвгүй үнэр ханхлах нэгэнтэй ярих үедээ бид нүүрэн дээр нь мэдэгдэхгүйг хичээвч, дотроо арвалзаж, дургүйцдэг, “Паа пүү, балиар заваан юм. Өөрт нь үнэртдэггүй, мэдэгддэггүй юм байх даа” гэж далдуур ярьдаг. Үнэндээ хэлэхэд хэцүү, ярихад эвгүй сэдэв шүү дээ. Тийм учраас мэргэжлийн эмч нартай уулзаж шалтгааныг нь асуун, хүмүүст өөрийгөө хянах, анхаарах сэдэл үүсгэхийг зорив.

Эвгүй үнэрийн эхний шалтгаан эрүүл ахуйтай холбоотой

Эхлээд “Alpha dent” эмнэлгийн нүүр амны мэс заслын их эмч, анагаах ухааны магистр, шүдний эмч Т.Золжаргалтай уулзлаа.

-Амнаас эвгүй үнэр гарах нь юуны түрүүнд амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой. Мөн дотор эрхтний үрэвсэл, өвчлөлөөс ч үүдэх талтай. Хоол идсэнийхээ дараа шүдээ угааж, зориулалтын шингэн, сод, давстай усаар зайлахгүй бол хоолны үлдэгдэл хуримтлагдаж шүд өнгөртэй болно. Шүдний өнгөрийг дутуу цэвэрлээд байвал аажимдаа хатуурч муухай үнэртэй чулуу болж тогтоно. Чулуу буйлыг үрэвсүүлж, буйлнаас цус шүүрч үнэр улам ихэснэ. Зарим хүн чулуугаа авхуулахаар шүд сийгдэг гээд эмчид ханддаггүй, бохир нянгаар үрэвссэн зүйлээ тээгээд, муухай үнэр ханхлуулаад явдаг. Мөн шүдээ угаахдаа хэлээ угааж хэвшээгүй бол хэлэнд дээр өнгөр хуримтлагдаж, нян үржээд амны хөндий эвгүй үнэртэй болдог. Мөн шүдээ угаах үед 25-ны агт араа буюу хамгийн арын шүд муу угаагдаж, шүд буйлны завсарт хоолны үлдэгдэл үлдэн ялзардаг. Амны хөндийд цоорлын хүндрэл болсон том хөндийтэй, архаг үрэвсэлтэй шүднүүд байх нь амны эвгүй үнэрт нөлөөлөх томоохон шалтгаан юм. Цоорсон үрэвсэлтэй шүднээс болж хамрын хөндийд гайморит өвчин үүсдэг. Гайморит буюу хоншоорын хөндийн архаг үрэвсэлтэй хүмүүсийн ам залгиур руу байнга идээ орж байдаг учраас амнаас нь муухай үнэр гарна. Энэ үрэвсэл рентгэн зургаар оношлогддог, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэхгүй бол дотор эрхтэн, нүүр, тархинд ч халдвар нь тархдаг их аюултай өвчин. Мөн хиймэл шүдээ орой бүр цэвэрлээд усанд хонуулж хэвших, 2-3 жил болоод солиулж шинээр хийлгэх хэрэгтэй. Кофе, байхуу цай их уудаг, тамхи татдаг хүмүүс амны хөндийн ариун цэврийг дээд зэргээр сахихгүй бол эвгүй үнэртэй болно. Ер нь хүмүүс 3-6 сард нэг удаа шүдний эмчид хандан зөвлөгөө авч, үрэвсэлтэй бол эмчлүүлдэг эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болох хэрэгтэй юм. Ер нь амны хөндийн эвгүй үнэр нь ямар нэг үрэвсэл, өвчин буйг илтгэх үзүүлэлт учраас яаралтай эмчид хандаж оношлуулах, эмчлүүлэх нь чухал юм.

Эвгүй үнэрийн шалтгааныг олохгүй удвал бүх эрхтэнд муугаар нөлөөлдөг

ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Д.Уянга ийнхүү ярьж байна.

-Амны хөндийн эвгүй үнэр нь олон шалтгаантай байдаг. Түүний нэг нь тагнайн гүйлсийн үрэвсэл байж болно. Үүнийг хүмүүс хоолойн мах гэж хэлдэг. Тэр булчирхай нь нүхэрхэг бүтэцтэй бөгөөд байнга хоолой нь өвдөж, ханиад хүрдэг биеийн эсэргүүцэл султай, өвчлөмхий хүмүүсийнх нүхжилт нь ихэсч, тэнд нь хоолны үлдэгдэл, нян бактери, цэр идээ хуримтлагдсаар шар будаа шиг хатуу чулуурхаг зүйл болоод тогтчихдог. Амны хөндийгөө байнга цэвэрлэж, хоолойгоо давс, содтой усаар зайлдаг бол ийм байдал үүсэхгүй. Харин нэгэнт эвгүй үнэртэй болж, нүхжил ихсээд шар будаа шиг хатуу зүйлсээр дүүрсэн бол арилгах амаргүй. Гадаадад бол тэр булчирхайг угаадаг. Манайд бол их үрэвссэн тагнайн гүйлсийг мэс ажилбар хийж авдаг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл гэдэг нь хэсэг газрын шинжээр илрэх бүх биеийн өвчин юм. Энэ өвчлөл, амны муухай үнэрийг эмчлүүлэхгүй удвал хоруу чанар ихтэй, түүнээс улбаалан зүрхний хавхлага, үе мөч, бөөр, тархи, мэдрэл өвчилж, арьсанд ч нөлөөлдөг. Тэгэхээр амнаас нь эвгүй үнэр гарч буй хүн юунаас шалтгаалж буйг оношлуулж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Амны эвгүй үнэр бол өвчлөлийн шинж тэмдэг, ахуйн соёлын хувьд ч маш муухай зүйл шүү дээ. Тэгэхээр гэр бүл, ойр дотны хүмүүс нь хэлж анхааруулах, эмчид үзүүлэхийг шаардах хэрэгтэй.

Бид эвтэйхэн ойлгуулж, эрүүлжүүлэх зөвлөгөө өгдөг

МУИС-ийн эмнэлгийн эрхлэгч, дотрын их эмч З.Гаравсүрэн ийнхүү зөвлөв.

-Амнаас эвгүй үнэр гарна гэдэг бол олон шалтгаантай байдаг. Манайхан ихэвчлэн шүдээ угаагүй, амны хөндийн ариун цэврийг сахиагүйтэй холбоотой гэж боддог. Энэ бол нэг том хүчин зүйл мөн л дөө. Өөр бас дотрын шалтгаанууд байна. Юуны өмнө гүйлсэн булчирхайн үрэвсэл байна. Энэ уг нь дархлааны захын эрхтэн. Гэтэл дотор нь бактери үржээд өвчний үүр болчихоор амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Мөн уушгины шалтгаантай байж болно. Хүн олон дахин ханиад хүрч, хатгаа аваад түүнийгээ олигтой эмчлэхгүй болохоор бронк дотор маш их хэмжээний цэр хуримтлагддаг. Тэр цэр хуимтлагдаж, идээрч үмхийрээд, тэр агаар дээш амаар гарна. Бас ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, хүчиллэг ихдэх, хоолны үлдэц ялзарсантай холбоотой байж болно. Ер нь амнаас яагаад эвгүй үнэр гарч байна вэ гэсэн шалтгаанаа олох нь маш чухал. Өтгөн нь их хатдаг хүмүүс байдаг. Нэг өдрийн өтгөн хаталт хоёр хайрцаг тамхи татсаны дайтай хордлого өгч байдаг. Энгийнээр бодоход л хуримтлагдсан өтгөн ялгарсныхаа дараа ямар үнэр гаргадаг билээ. Биеэс гарахгүй байхаар бүдүүн гэдсэнд ялзрал явагдаад, аливаа хий дээш гардаг учраас амнаас үнэртэнэ. Дотоод экологийн бохирдол гэдэг зүйл амнаас эвгүй үнэр болж гардаг. Тэгэхээр амны хөндийн эрүүл мэндийг сахиж, өглөө оройд шүдээ сайн угаах, хоол идсэнийхээ дараа амаа зайлах, цүнхэндээ байнга шүдний утас авч явч дадах хэрэгтэй. Мөн дотоод эрхтний эрүүл мэндийг шинжлүүлж, эмчлүүлэх хэрэгтэй. Тэгж байж л амны муухай үнэрээс сална.

Манайхны дунд амны эвгүй үнэртэй хүн маш олон байдаг. Эмч нар бол хүн бүртэй нүүр тулж ярилцаж, уулздаг. Эвгүй үнэр ханхлаад байх хэцүү ч мэргэжлийн хүний хувьд тэвчиж, аль болох эвтэйхэн ойлгуулахыг, шалтгааныг нь олж, эрүүлжүүлэх талаас нь зөвлөгөө өгдөг дөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ганцэцэг (66.181.180.214)
    Сайн уу яаж арилгах вэ эхлээд ямар эмчид хандах вэ
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.90.114)
    Яаж арилгах вэ, хэлээч
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
    • Яаж арилгах вэ
      2020 оны 08 сарын 12
  • Good (66.181.181.245)
    Сайн нийтлэл болжээ.
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top