УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой олон жил төсвийн аналистаар ажилласан туршлага, Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд УИХ-ын ээлжит бус чуулганг зарлан Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт, 2027 оны улсын төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.
-Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол оруулах төслөө өргөн барилаа. Та энэ тодотголыг ерөнхийд нь хэрхэн харж байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл өөрчлөгдөж болно, орлого тасарч болно, нийгмийн зайлшгүй хэрэгцээ гарч болно. Харин тодотгол хийх болгондоо бид төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тусгай шаардлага, төсвийн сахилга батын зарчмыг барих ёстой. Төсөв бол хүссэн бүхнээ багтаадаг улс төрийн жагсаалт биш, хязгаартай нөөцийг хамгийн үр ашигтай хуваарилах санхүүгийн төлөвлөгөө. Энэ удаагийн тодотголын онцлог нь нэг талаас 1.44 их наяд орчим төгрөгийн “хэмнэлт” ярьж байгаа атлаа нөгөө талаас нэгдсэн төсвийн зарлага 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1.05 их наядаас 2.048 их наяд төгрөг болж бараг хоёр дахин өсч буй явдал. Тиймээс “Хэмнэсэн үү, эсвэл нэг зардлаас нөгөөд дахин хуваарилсан уу” гэдгийг ялгаж ярих хэрэгтэй. Мэдээж ахмадын тэтгэвэр, багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтны цалин, эрчим хүч, стратегийн нөөц зэрэг нийгмийн зайлшгүй асуудлыг шийдэх шаардлага бий
Гэхдээ орлого тасарч байгаа үед байнгын шинжтэй зардлыг нэмэх нь дараагийн жилүүдийн төсөвт суурь дарамт болдог. Иймээс эх үүсвэр нь тогтвортой юу, дараа жил энэ ачааллыг даах уу гэдгийг заавал тооцох ёстой.
-Төсвийн тодотголын хууль зүйн үндэслэл дээр та нэлээд шүүмжлэлтэй байгаа юм байна, тийм үү?
-Засгийн газар өргөн барьсан төсвийн тодотголыг Төсвийн тухай хуулийн 34.1.4-т заасан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлагыг үндэслэл болгож. Тодорхой зардлыг бууруулаад цалин, тэтгэвэр, эрчим хүч зэрэгт шилжүүлж байгаа хэсгийг энэ заалтаар тайлбарлаж болох талтай. Харин энэхүү заалтын гол санаа нь төсвийн нийт зарлагыг нэмэхгүйгээр төсвийн зохицуулалт хийх юм. Гэхдээ энд миний тавьж байгаа асуулал өөр. Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд дахин хуваарилалт хийх болон нэгдсэн төсвийн нийт зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх нь ижил ойлголт биш. Хагас жилийн гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн байхад тодотголоор төлөвлөсөн алдагдлыг дахин өсгөж байна. Энэ өсөлтийн хууль зүйн болон эдийн засгийн үндэслэлийг Засгийн газар маш тодорхой тайлбарлах ёстой. Парламентын үүрэг бол Засгийн газрын оруулж ирсэн тоог механикаар гар өргөн батлах биш. Төсвийн сахилга бат, хуульд нийцэл, эх үүсвэрийн бодит байдлыг шалгах явдал.
-Засгийн газар урсгал зардал, хөрөнгө оруулалт, нийслэлийн үнэт цааснаас нийт 1.4 их наяд төгрөг хэмнэнэ гэж байгаа. Үүнийг та бодит хэмнэлт гэж үзэхгүй байна уу?
-Хэмнэлт гэдэг үгийг зөв хэрэглэх хэрэгтэй. Урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг бууруулж байгаа нь сайн. Ялангуяа гэрээ байгуулаагүй, шүүхийн маргаантай хөрөнгө оруулалтыг танаж байгаа нь төсвийн үр ашгийн талаасаа зөв алхам. Гэхдээ энэ хөрөнгийг өөр зардал руу шилжүүлээд, дээрээс нь нийт зарлага 998 тэрбумаар өсөж байгаа бол макро түвшинд “төсөв 1.4 их наядаар агшлаа” гэж ойлгуулж болохгүй. Энэ бол голчлон дахин эрэмбэлэлт, дахин хуваарилалт. Иргэдэд тоог үнэн зөв нэрээр нь тайлбарлах нь төсвийн ил тод байдлын нэг хэсэг.
-Тодотголоор зарлагын өсөлтийн талаарх таны байр суурь ямар байгаа вэ?
-Хоёрхон сарын өмнө бид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулан, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэн, ахмад настны суурь тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр шийдсэн. Гэтэл батлагдсан хууль хэрэгжиж эхлээгүй байхад Засгийн газраас дахин өөрчлөх гэж байгаа нь Засгийн газрын бодлого, судалгаа хангалтгүй, бодлогын тогтворгүй байдлыг илэрхийлж байна. Иргэдийн бодит орлого инфляцид идэгдэж байгаа үед цалин, тэтгэврийг хамгаалах шаардлага бий. Тодотголд тэтгэврийн нэмэгдэлд 196.3 тэрбум, цалингийн нэмэгдэлд нийт 844.6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан байна. Иргэдийн орлогыг хамгаалахдаа инфляцийг бууруулах зорилгоор мөнгөний бодлогыг хатууруулж буй Монголбанкны бодлогыг төсвийн бодлогоор дэмжих үү, төсвийн зарлага, алдагдлыг тэлж инфляцийг өдөөх үү гэдэг бодлогын сонголтыг хийх ёстой. Мөн бид хэзээг хүртэл эрчим хүчний салбарын үнийг өртөгөөс нь доогуур барьж, төсвийн хөрөнгөөр татаас, засвар шинэчлэлийн ажилд 200 тэрбум зарцуулж байгааг өөрчлөх л ёстой. Эрчим хүчний салбарын үнийг чөлөөлж, үнэнтэй нүүр тулах ёстой. Гэхдээ төсвийн бодлогын хувьд хоёр эрсдэлийг зэрэг харах хэрэгтэй. Нэгдүгээрт, цалин, тэтгэвэр бол нэг удаагийн биш, цаашид жил бүр үргэлжлэх байнгын зардал. Хоёрдугаарт, эдийн засгийн нийлүүлэлт хангалттай нэмэгдэхгүй үед төсвөөс эрэлтийг хүчтэй өсгөвөл инфляцийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс нэмэгдлийг зөвхөн өнөөдрийн улс төрийн хэрэгцээгээр бус, 2027, 2028 онд санхүүжүүлэх тогтвортой эх үүсвэртэй нь хамт харах ёстой гэж үзэж байгаа.
-Орон нутгийн өмнөх оны мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг ашиглаж зарлагыг нэмэгдүүлэх асуудал бас байна?
-Тийм. Өмнөх оны ашиглаагүй мөнгөн үлдэгдлийг ашиглах нь санхүүжилтийн эх үүсвэр байж болно. Гэхдээ энэ бол давтагдахгүй, нэг удаагийн эх үүсвэр. Нэг удаагийн орлогоор байнгын шинжтэй зарлага санхүүжүүлэх нь төсвийн тогтвортой байдлын хувьд хамгийн болгоомжлох ёстой зүйлсийн нэг. Тиймээс би орлогыг хоёр ангилж харах ёстой гэж үздэг. Тогтвортой, жил бүр давтагдах татварын болон бусад орлого юу вэ, нэг удаагийн ногдол ашиг, үлдэгдэл, хөрөнгө таталт юу вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Байнгын зардлыг аль болох тогтвортой орлогоор санхүүжүүлэх нь төсвийн үндсэн зарчим. Харин байнгын зардлыг нэг удаагийн орлогоор санхүүжүүлж байгаа нь ирэх жилүүдийн төсвийн төлөвлөлтийг шахаанд оруулж, эрсдэлтэй нөхцөлийг үүсгэнэ.
-2027 оны төсвийн төсөл рүү оръё. Таны хувьд хамгийн анхаарал татсан тоо юу байна вэ?
-Төсөв хурдтай тэлж байгаа нь эрсдэлтэй. Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн орлого 45.7 их наяд төгрөгт хүрч, 2026 оны тодотгосон төсвөөс 26.5 хувиар, харин төсвийн зарлага 43.6 их наяд төгрөг болж, 28.3 хувиар тус тус өсөхөөр төлөвлөжээ. Гэтэл тухайн жилийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ердөө 5.8 хувь гэж төсөөлөгдсөн байна. Төсвийн орлого, зарлагын өсөлт нь нэрлэсэн эдийн засгийн өсөлтөөс ойролцоогоор тав дахин өндөр байгаа нь төсөв эдийн засгийн өсөлтөөс хавьгүй хурдтай тэлж байгааг харуулж байна. Төсвийн зарлага эдийн засгийн өсөлтөөс хэт хурдан тэлэх нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх, төсвийн алдагдал болон өрийн дарамтыг өсгөх, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулах, хувийн хэвшлийг шахах, улмаар эдийн засгийн өсөлтөөс хамааралтай төсвийн тогтвортой байдлыг сулруулах эрсдэлтэй. 2027 онд татварын орлого 13.6 хувиар өсөхөөр байгаа бол татварын бус орлого 188.9 хувиар огцом нэмэгдэж, 2.86-8.28 их наяд төгрөг болохоор тооцож. Энэ өсөлтийн гол эх үүсвэр нь ногдол ашгийн орлого буюу татварын бус орлогын 81.1 хувь буюу 6.71 их наяд төгрөгийг ногдол ашгаас төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Гэтэл ТӨААН-үүдээс төвлөрүүлэх ногдол ашиг нь 2026 оны бодит ашгийн түвшнээс шууд хамаарна. Харин ТӨААН-үүдийн санхүүгийн эрсдэлийн шинжилгээгээр тэдгээрийн ашигт ажиллагаа, хөрвөх чадвар дунд, эрсдэлтэй түвшинд байгаа юм.
-Гадаад өр, зээл болон төгрөгийн ханшийн хувьд ямар тооцоолол харагдаж байна вэ?
-Өрийн дарамт, ханшийн эрсдэл өндөр байхаар байна. Засгийн газрын нэрлэсэн өр 2025 оны эцэст 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байсан бол 2026 оны эхний хагаст 36.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.5 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон 60 хувийн хязгаарт ойртсон, Засгийн газрын өрийн үндсэн төлбөр зургаан их наяд төгрөг буюу өмнөх жилүүдийн бодит гүйцэтгэлээс даруй 3-4 дахин их байхаар тусгагджээ. Нийт өрийн 96 гаруй хувь нь гадаад валютаар байгаа тул валютын ханшийн хэлбэлзэлд маш өртөмтгий хэвээр байна. Энэ нь инфляци өсөхөд нөлөөтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 5.77 их наяд төгрөг. Алдагдал, өндөр өрийн үйлчилгээ, шинэ зээллэг, хөрөнгө оруулалт өндөр зарцуулалт зэрэгцэх үед төсөл бүрийн өгөөж, бэлэн байдал, эрэмбэ хамгийн чухал болно. Судалгаа, зураг төсөв, эдийн засгийн үр өгөөж нь хангалтгүй төслийг зээлээр санхүүжүүлэх нь ирээдүйн татвар төлөгчдөд өр үлдээнэ. Томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжих чадавх, гүйцэтгэлийг сайтар нягталж, тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалтыг цаасан дээр бус, бодит амьдралд чанартай сургууль, эмнэлэг болгон үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон нийтийн хяналт чухал. Сангийн яамнаас боловсруулж буй Хөрөнгө оруулалтын удирдлагын тухай маш чухал хуулийн төсөл явж байгаа. Анх санааг мөн гаргаж байсан гишүүний хувьд энэхүү чухал хуулийг батлуулахын тулд ажлын хэсгийг ахалж ажиллах чин зорилго эрмэлзэлтэй байгаа.
-Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тогтвортой байдлын асуудлыг та яагаад онцлоод байна вэ?
-Төсвийн хүрээний мэдэгдэл бол дараагийн жилүүдэд төсөв ямар хүрээнд байхыг урьдчилан тогтоосон дунд хугацааны “хязгаар” энгийнээр “хөнжил” юм. Иргэдийн дунд “хөнжлийнхөө хэмжээгээр хөлөө жийх” гэдэг хэлц үгээр өрхийн төсвийг ухаалгаар удирдах зарчим байдаг. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол тэр хязгаарыг тогтоож өгдөг, төвсийн ерөнхийлөн захирагч нарын тогтвортой хэрэгжүүлэх ёстой “үндсэн хууль”, зарчим юм. Миний баримталдаг зарчим маш энгийн. Төсвийн дүрэмд төсвөө нийцүүлэх ёстой болохоос төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй. Засгийн газар солигдсон ч төсвийн сахилга батын үндсэн дүрэм тогтвортой байх ёстой. Хэрэв жил бүр зарлагаа төлөвлөснийхөө дараа хязгаар, босго, хүрээний үзүүлэлтээ өөрчилдөг бол fiscal rule буюу төсвийн дүрэм нь хязгаарлалт биш, гаргасан шийдвэрээ зөвтгөх хэрэгсэл болж хувирна. Өргөн барьсан дунд хугацааны тооцоонд 2027 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 34.78 их наяд, нийт зарлага 36.49 их наяд, тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай, Засгийн газрын нийт өр ДНБ-ий 50 хувьд байхаар тооцсон байна. 2028 онд алдагдлыг 1.2 их наяд болгон бууруулах төсөөлөл байгаа нь эерэг. Гэхдээ хамгийн чухал шалгуур бол өмнө баталсан дүрмээ өөрчлөөгүй байсан бол энэ төсөв шаардлага хангах байсан уу гэсэн асуулт.
-Төсвийн тусгай шаардлагуудыг өөрчилж байгаад таны санал юу байна вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-ын нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ нь ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх гэсэн заалтыг хассанаар зарлагыг хязгаарласан хамгийн чухал тусгай шаардлагыг байхгүй болгож байна. Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “3.1.1.2.Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана”, “3.1.2.1.Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зохицуулалтыг хялбарчлан, салбаруудын болон хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ” гэсэнтэй нийцэхгүй байгаа юм. Дээрх тусгай шаардлагыг өөрчилснөөр 2027 оны төсвийн нийт зарлагыг ДНБ-ийг 37.8 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж олгох. Эсвэл Н.Учралын танхим эхлээд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө өөрчлөн батлуулах хэрэгтэй болно.
-Засгийн газрын өргөн барьсан дагалдах хуулиудаас ямар өөрчлөлтүүдийг онцлох вэ?
-Дагалдах хуулиар төсвийн тогтвортой байдлын хууль, төсвийн хүрээний мэдэгдлийн хууль, төсвийн тусгай шаардлагуудаа өргөн барьсан төсөвтөө нийцүүлэн өөрчлөхөөр оруулж ирж. Хамгийн харамсалтай, төсвийн сахилга батыг зөрчиж байгаа үйлдэл юм. Мөн дагалдах хуулийн багцад татвар, төсвийн удирдлага, өрийн асуудлыг хамарсан нэлээд том өөрчлөлтүүд орж ирсэн. Цахилгаан автомашин, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх төхөөрөмж, нарны зайн хавтан зэрэгт гаалийн татварын дэмжлэг үзүүлэхээр санал болгосон. Энэ нь шатахууны импортын хамаарал, агаарын бохирдлыг бууруулах бодлоготой нийцэж болно. Гэхдээ татварын чөлөөлөлт бүр төсвийн өртөгтэй. Төсөлд энэ арга хэмжээ 2027 оны төсөвт 110 орчим тэрбум төгрөгийн нөлөөтэй гэж тооцсон байна. Мөн иргэн гэр, амины орон сууцаа дулаалах материал худалдан авбал ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх, хувийн хэвшил цахилгаан автомашины ногоон цэнэглэх өртөө байгуулахад ААНОАТ-ын хөнгөлөлтийн хүрээнд дэмжих санал байна. Харин төрийн болон орон нутгийн өмчит компаниудын нийгмийн хариуцлагын зардалд татварын хөнгөлөлт эдлүүлэхийг хязгаарлаж, ийм зардлыг батлагдсан төсөв, бизнес төлөвлөгөөний хүрээнд ил тод болгох чиглэл нь зөв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг иргэдийн саналд үндэслэн, үлдэх 50 хувийг тодорхой чиг үүрэгт орон нутаг хуваарилах өөрчлөлт орж ирсэн. Энд иргэдийн оролцоог сулруулахгүй байх баталгаа маш чухал.
-Оюутолгойн ногдол ашигтай холбоотой тусгай зохицуулалт анхаарал татаж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Дагалдах төсөлд Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос гурван их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо, үүнээс хоёр их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудалд зарцуулах санал туссан байна. Энд хоёр асуудлыг салгаж харах ёстой. Нэгдүгээрт, Монгол Улс байгалийн баялгаасаа бодит өгөөж хүртэх нь зөв. Хоёрдугаарт, ийм том хэмжээний нэг удаагийн буюу мөчлөг дагасан орлогыг ямар зарчим, ямар шалгуураар зарцуулах вэ гэдэг нь бүр ч чухал. Дагалдах төсөлд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зарим зардлыг төсвийн тусгай шаардлагад хамааруулахгүй байх зохицуулалт орж ирсэн нь парламентын түвшинд маш нухацтай хэлэлцэх асуудал. Fiscal rule-ийн зорилго бол сайн үед ч зарлагыг хязгаарлаж, муу үед хэрэглэх орон зай үлдээх. Тиймээс тусгай эх үүсвэр нэрээр төсвийн дүрмийн гадуур зарлага бий болгох бүрд бид урт хугацааны үр дагаврыг нь шалгах ёстой.
-Нийслэлийн 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаатай дахин санхүүжүүлэх төсөл орж ирсэн байна. Энэ талаар?
-Сэлбэ дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр 2024 онд 500 сая ам.долларын, 7.75 хувийн хүүтэй, 2.75 жилийн хугацаатай үнэт цаас гаргасан. Төслийн хугацаа хойшилж, 2026 оны наймдугаар сарын 10-ны байдлаар гүйцэтгэл 30.4 хувьтай, харин бондын төлбөр 2027 онд тулж байгаа учраас дахин санхүүжүүлэх, шинээр гаргах 500 сая ам.доллар хүртэлх үнэт цаасанд Засгийн газрын баталгаа гаргах санал орж иржээ. Энэ бол зөвхөн санхүүгийн техникийн асуудал биш. Анхны төсөл сонголт, хугацаа, мөнгөн урсгал, өрийн бүтэц хэр бодит байсан бэ гэдэг хариуцлагын асуудал. Өрийг дахин санхүүжүүлэх шаардлага гарч болно. Гэхдээ орон нутгийн эрсдэлийг улсын төсөв рүү шилжүүлэх бүрд татвар төлөгч ямар эрсдэл хүлээж байгааг ил тод тооцож, УИХ хяналт тавих ёстой.
-Тэгэхээр 2027 оны төсвийг УИХ ямар зарчмаар хэлэлцэх ёстой гэж үзэж байна вэ?
-Миний хувьд таван шалгуур тавина. Нэгдүгээрт, орлогын төсөөлөл бодитой юу. Нүүрс, зэс, татварын орлого, төрийн өмчит компанийн ногдол ашиг зэрэгт хэт өөдрөг төсөөлөл хийсэн эсэхийг шалгана. Хоёрдугаарт, байнгын зардлыг тогтвортой орлогоор санхүүжүүлж байна уу. Гуравдугаарт, өр болон баталгааны эрсдэлийг зөвхөн ДНБ-д эзлэх хувиар биш, хүү, үндсэн төлбөр, валютын эрсдэл, дахин санхүүжилтийн эрсдэлээр нь харна. Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтын төсөл бүрийн бэлэн байдал, эдийн засгийн өгөөж, эрэмбийг шалгана. Тавдугаарт, төсвийн дүрэм, дунд хугацааны хүрээг тухайн жилийн зарлагад тааруулж өөрчилсөн эсэхийг харна. Энэ бол Засгийн газрыг ажил хийлгэхгүй гэсэн байр суурь биш. Харин хийх ажлаа санхүүгийн боломжтойгоо уялдуул, хамгийн үр өгөөжтэйгөө эхэл. Өр тавьж байгаа бол ирээдүйд ямар орлогоор төлөхөө тодорхой болго гэсэн шаардлага.
-Эцэст нь, энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгээс олон нийт юу хүлээх ёстой вэ?
-Олон нийт төсвийн хэлэлцүүлгийг “хэн хэдэн төгрөг авсан бэ” гэдэг түвшнээс илүү өргөн харах хэрэгтэй. Төсвийн алдагдал өнөөдөр үүсээд, маргааш алга болдог тоо биш. Тэр нь өр, хүү, инфляци, татварын дарамтаар дамжаад иргэдийн амьдралд буцаж ирдэг. Төсөв бол үе хоорондын гэрээ гэж би хардаг. Өнөөдрийн хэрэглээг ирээдүйн орлогоор санхүүжүүлж байгаа бол бид хүүхдүүдийнхээ төлөх өрийг өнөөдөр шийдэж байна гэсэн үг. Тиймээс парламент төсвийн хэлэлцүүлгээр Засгийн газарт хамгийн өндөр шаардлага тавих ёстой. Миний байр суурь бол нийгмийн зайлшгүй хэрэгцээг шийдэхийг дэмжинэ, эдийн засгийн өсөлт авчрах хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Харин эх үүсвэргүй амлалт, нэг удаагийн орлогоор байнгын зардал нэмэх, төсөвтөө тааруулж дүрмээ өөрчлөх, судалгаагүй төслийг өрөөр санхүүжүүлэхийг дэмжихгүй. Төсвийн сахилга бат гэдэг бол тоо хасах тухай биш. Иргэдийн мөнгийг хариуцлагатай зарцуулах тухай ойлголт юм.
Өдрийн сонин



