Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг Монголын хүүхдийн ордны 68 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын аваргууд, эрдэмтэн судлаач, урлаг, соёлын зүтгэлтэн, эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг иргэдийг бэлтгэдэг үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч болон хүүхэд багачуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэв. Эрдэм боловсрол, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, эрүүл чийрэг бие бялдартай, хөдөлмөрч хичээнгүй хүүхэд багачуудыг бэлтгэх цогц орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг байх учиртайг хэлэв. Мөн хүүхдийн хөгжилд өнөөдрийн зарцуулсан хөрөнгө маргаашийг бүтээдэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үздэгээ илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын хүүхдийн ордны дэргэд үндэсний бахархалт амьтан мазаалайг бэлгэ тэмдгээ болгосон “Мазаалай” спорт цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ирэх жилийн зургаадугаар сар гэхэд ашиглалтад орох энэ цогцолборт спортын 13 төрлийн дугуйлан тогтмол ажиллаж, жил бүр 7000 гаруй хүүхдийг хамруулна. Мөн 40 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж бүрдэх аж. Ерөнхийлөгч цогцолборыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч “Тотал идеал” компанийн удирдлагуудад захилаа.
Нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн ордны шанз хөгжмийн багш Д.Саруулд гавьяат багш, ахлах нягтлан бодогч М.Байгалмаад гавьяат эдийн засагч цол хүртээсэн бол “Алтан гадас” одонгоор зургийн багш Д.Соёлмаа, драмын дугуйлангийн багш Ө.Нямсүрэнг, Хөдөлмөрийн хүндэт медалиар бүжгийн багш Б.Сумъяагэрэл, жижүүр Э.Энхдэлгэр нарыг шагналаа.
Ордон жил бүр 24 төрлийн дугуйланд 4000 гаруй хүүхдийг хамруулж, олон мянган хүүхэд, багачуудад соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил Монголын хүүхдийн ордны 486 сурагч 28 улсад зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцон, үндэсний өв соёлоо сурталчлан таниулсан байна. Энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчдад зориулсан IELTS, TOEFL-ийн шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, герман хэлний анги нээжээ. Цаашид нийслэл, дүүргийн алсалсан бүсэд амьдарч, суралцаж буй 30 мянга гаруй хүүхдийг урлагийн мастер класс сургалтад хамруулж, урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улс хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, үндэсний урлаг, соёлын өвийг өвлөн тээгч иргэдийг бэлтгэх, урлаг, спортоор дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 1958 онд Монголын хүүхдийн ордон байгуулсан түүхтэй. Өдгөө 100 гаруй багш, ажилтантай, 4,000 гаруй хүүхэд төрөл бүрийн дугуйланд суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд 170 мянга гаруй хүүхэд төгсөн гарчээ.








