x

Шүүхийг цэвэрлэх үү, эсвэл шүүгчдийн нэр төрийг цэвэрлэх үү ?

- УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх- 


Монголын өнөөгийн нийгэмд давхаргын ялгаа нэгэнт үүссэн гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Ер нь ийм ялгаа аль ч нийгэм, цаг үед байсаар ирсэн. Ажил мэргэжлийн ялгаа гэдэг шиг энэ ялгаанаас үүдсэн орлогын ялгаа байх ёстой нь маргашгүй үнэн. Гагцхүү энэ ялгаа шударга үнэний хэмжүүрээр бий болж чадсан эсэх нь асуудал. Энэ утгаар харах юм бол өнөөгийн Монголын давхаргын ялгаа нь шударга буюу зүй ёсны хэмжүүр дээр үндэслэж чадаагүйд л хүмүүс бухимддаг. 
Орлогын ялгаа нэгэнт үүссэн, магадгүй шударга бус байдал дээр суурилсан гэдгийг нь зөвшөөрөөд цагаатгаад цаашаа явъя гэлээ гэхэд энэхүү ялгаа нь дараа, дараагийн зүй бус ялгааг үүсгээд байгааг тэвчиж боломгүй санагддаг. Энд яриад буй орлогын ялгаа нь хуулийн дээр ба доор амьдрагсад гэх ялгааг үүсгэж, энэ эцэс сүүлдээ тэдний хооронд үл ойлголцол, өширхлийг бий болгож буй нь улс, үндэстний хувьд аюулын харанга дэлдэж байгаагаас ялгаагүй. Баян, ядуугийн ялгаан дээрээс бус хуулийн дээр ба доор амьдарч буйгаас үүдэлтэй дотоодын тэмцэл, дажин үүсч мэдэхээр хэмжээнд хүрвэл яах вэ?!


Тэгвэл энэ хэдхэн монголчуудын хэд нь, хэн нь хуулиас давсан гортиг дотор тарвалзах, мөн хэчнээн нь, хэн нь хуулийн дор бөхийхийг шийдэх эрх мэдэл хэний гарт байх вэ? Эрх мэдэлтэн, тэр дундаа хууль хяналт, шүүх засаглалд л тэр эрх мэдэл бий. Гэхдээ эдгээр байгууллага бүхлээрээ шударга бусаар дүүрчихсэн, системээрээ гажуудсан гэвэл хэтэрхий том гүтгэлэг, дэгсдүүлэг болно. Магадгүй, энэ систмеийн нэг хэсэг нь хуулийн дээр ба доор гэх ялгааг үүсгэхэд гар бие оролцоод байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлэхүйц мэдээлэл, үйл явдлууд үеийн үед өрнөсөөр ирсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гаргаж хэлсэн “хөрөнгөжсөн хурандаа нар” гэх хэллэг /бараг хараал ч байж магадгүй/, одоо нэр бүхий гишүүдийн ил хэлээд байгаа “хөрөнгөжсөн шүүгч нар”-ын тухай баримтууд том мөсөн уулын орой байхыг үгүйсгэхгүй. 


Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил гарснаас хойш бараг хагас сар өнгөрч байна. Тэр дундаас Улсын Дээд шүүхийн гишүүдийн өөрсдийнх нь болон өрхийнх нь өндөр орлого, өндөр дүнтэй үл хөдлөх хөрөнгө болон хадгаламж, хуь эзэмшдэг компаниудын нэр зэрэг нь олны анхаарлыг татсан. Шударга үнэний дэнсийг тогтоож буй шүүгчид маань хуулийн дээр ба доор амьдрах заагийг мөнгөний хүчин зүйлээр шийдвэрлэдэг юм биш биз гэсэн хардлагыг хөрөнгө орлогын мэдүүлэг лавшруулсан. УИХ-ын “дэвшилтэт долоон” гишүүн энэ сэжмийг тийм ч амархан хаяхгүй нь. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар өчигдөр мөн энэ сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийжээ. 


Мэдээлэлдээ тэд ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ онцоллоо. Түүнчлэн “Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу гэх асуултыг тавьжээ. Товчхондоо нэр бүхий гишүүд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго. Тухайн шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.” гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “ялзарсан шүүх” гэж дүгнэж, шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг ил болсны дараа Улсын Дээд Шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд бичиг явуулж, үүндээ гишүүний үйлдэл илэрхий хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн Шүүгчдийн хороо ч үүнтэй холбоотойгоо байр сууриа илэрхийлэн албан бичиг төлөвлөсөн мэдээлэл бий. Утга нь шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдалд нөлөөлж, цахим орчинд гүтгэх, доромжлох нөхцөлийг бүрдүүлсэн гэх буруутгал.


Шүүгчдийн зэвсэг нь хууль байх ёстой. Харин мөнгө байж болохгүй. Хэрэв мөнгөний үйлчлэл ороод эхэлбэл хуульт ёсыг завхруулж, хуулийн дээр ба доор амьдрах “тавиланг” хүмүүст оноож эхэлнэ. Шүүх шударга ажиллаж чадахгүй бол ардчилал ч оршин тогтнох боломжгүй. Хэн нь ойлгох ийм энгийн логик шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс илэрхий уншигдаж байгаа учраас өнөөхөнд шүүгчид илт эсэргүүцэн үймж чадахгүй байна.


УИХ-ын гишүүд хууль, шалгалтын байгууллагад хандаж байгаа бол өөрсдийн хардлагаа мухарлатал явж эцсийг нь үзэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, шүүхийг цэвэрлэх, эс бол шүүгчдийн нэрийг цэвэрлэх ёстой. Тэдний эхлүүлсэн давлагаа ийм хоёр үр дүнгийн аль нэгээр төгсч таарна. Харин аль хариулт нь сонгогдохыг цаг хугацаа л мэдэх байх.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top