Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатовичийн хамт энэ сарын 8-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтаж авлаа. Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана. Мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж байсан. Энэ үеэр дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн юм. Монгол Улс, Монтенегро Улс 2006 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон байна.
Товч намтар
Төрсөн огноо: 1986 оны 12 дугаар сарын 7-нд Монтенегро Улсын нийслэл Подгорица хотноо төрсөн.
Боловсрол: Монтенегрогийн Их сургуулийн эдийн засгийн бакалавр, Оксфордын Их сургуулийн эдийн засгийн магистр
Ажлын туршлага: Словенийн “NLB Banka” банкны Подгорица хот дахь салбарын эрсдэлийн шинжээч 2010 – 2012
ХБНГУ-ын “Deutsche Bank”-ны төв салбарт Зээл, эрсдэлийн шинжээч 2010 – 2012
Бухарест хот дахь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Балканы бүс нутгийг хариуцсан эдийн засгийн ахлах шинжээч 2014 – 2020
Эдийн засгийн хөгжлийн сайд 2020 – 2022
“Европ одоо!” улс төрийн намын үүсгэн байгуулагч, дэд дарга 2022 – 2024
Монтенегро Улсын Ерөнхийлөгч 2023.05.20-ноос хойш
Гадаад хэл: англи, итали, испани





