“Туулын хурдны зам” гэгч “аймаар” төсөл хэдэн ч хүнийг хэрэгт чирчихэв? Сүүлдээ энэ талаар дуугарахаас эмээдэг болсон бололтой. Гэтэл нийслэлийнхний түгжрэл хэвээрээ. Дугаарын хязгаарлалт мэтийн хэрүүлийн алим түр зуурдаа л гэхээс хэтдээ аврах гарц биш нь туйлын ойлгомжтой.
Яаж цэгцлэх вэ? Тойрог замыг мартах уу? Үгүй дээ, туулаад гарахаас өөр аргагүй. Харин алдаагаа давтаж болохгүй. Үүний тулд та бүхэнд нэгэн төслийг танилцуулъя. Юуны өмнө ширхэг бургас тайрахгүй, хэнийг ч нүүлгэн шилжүүлэхгүй гэдгийг яаран өчье.
Давхар гүүрэн замын төсөл буюу “Тэнгэрийн тойрог” гэгч энэхүү төслийг Монгол Улсын зөвлөх инженер, Хотын Зам ХХК-ийн захирал Б.Атарбаяр асан анх 2013 онд санаачилсан бөгөөд дэлхийн, тэр тусмаа Азийн улс орнуудад төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй давхар замын төслүүд хэрхэн эрчимжиж, түгжрэлийг бууруулж чадаж байгааг ойлгон мэдэрч Улаанбаатар хотын Их тойруу дагуу давхар зам хийх нь зүйтэй хэмээн үзсэн байдаг. Одоогоор түүний хүү А.Энхзаяа төслийн удирдагчаар ажиллаж байна. Төслийн гол үзэл санаа нь улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр гадаад додоод шууд хөрөнгө оруулалтаар барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх юм байна.
“Их тойруу” гэж бидний ярьдаг тойруу бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг тойрсон авто замын систем бөгөөд аливаа тээврийн хэрэгсэл хотын төвийг дайран өнгөрөх бус тойрч гарах байдлаар түгжрэлийг задлах зорилготойгоор хийгдсэн төлөвлөлт юм. Өнөөдөр энэ Их тойруугийн ачаалал дээд цэгтээ хүрч хотын төвийн хэсгийн түгжрэлийг задалж чадахгүйгээр зогсохгүй хотын төвийн хэсэг нэгэн том уулзвар, түгжрэлийн төв болон хувирсан нь авто замын түгжрэлийн гол асуудал, зангилаа болсон байна.
Давхар замын “Тэнгэрийн тойрог” төслийн трасс нь Баянбүрдийн тойргоос -Сансарын тойрог-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- Таван богдын уулзвар - Баруун 4 зам – Гэсэр сүмийн уулзвар - Баянбүрд тойрогт ирснээр нийт 13 км тойрог хэлбэрийн давхар зам байхаар төлөвлөсөн бөгөөд эдгээр уулзваруудыг олон түвшний уулзвар болгоод зогсохгүй хооронд нь давхар замаар холбож байгаагаараа онцлог нэгэн давуу талтай юм байна.
Та бүхний сайн мэдэх Их тэнгэрийн ам руу ороход угтдаг “Хаан хаалга” гэдэг сүрдэм хаалга, Багшийн дээд, Сансрын нүхэн гарц зэргийг барьсан арвин их түүхтэй “Хотын зам” ХХК сүүлийн арван жилд өөр ямар нэг тендерт оролцохгүйгээр зөвхөн “Давхар гүүрэн замын төсөл” буюу “Тэнгэрийн тойрог” төсөл дээрээ тогтож ажиллажээ.
“Тэнгэрийн тойрог” төслийн баг хамт олон 2016 оноос хойш олон дарга, сайд, үе үеийн хотын дарга, холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж төслөө танилцуулж дэмжлэг авч 2020 оны Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн юм байна. Харин хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатартай уулзах хүсэлт удаа дараа тавьсан боловч уулзаагүй юм гэдэг. Ингээд Хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай даргатай уулзахад өөдөөс нь трамвай төслөө ярихад нь “Давхар замын төсөл”-ийн залуус их л гайхаад өрөөнөөс нь гарсан гэдэг. Гэтэл 2024 оны өвөл нийслэлээс “Шинэ тойрог зам” гээд тендер зарласан байв. Тендрийн зарыг нь хартал тэдний зураг төслийн концепцийн 80 хувийг нь дуурайлгаад хийчихсэн байж. Ингээд хотын удирдлагуудтай, уг асуудлыг хариуцсан дарга нартай уулзахыг хүссэн албан бичиг илгээсэн боловч хариу өгөөгүй байна.
Эцэст нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлтийн дарга Баатар гэдэг хүний ахалсан, Нийслэлийн авто замын инженер нарын 6-7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөлтэй арайхийн уулзаж “Яагаад манай зурагаар тендер зарлаж байгаа юм бэ” гэхэд “Бид нэг жилийн хугацаанд судалсан. Ер нь та нар энэ тендерт орох Хятадуудтай яриад учраа олчих” гэжээ. Ингээд урьдчилсан ТЭЗҮ, макет, дүрст видео зэрэг зүйл дээр нийт 16,9 тэрбум төгрөгийн тендер зарлачихсан, нөгөөхийг нь хятад компани авах гэж буйг мэджээ. “Давхар гүүрэн замын төсөл”-ийн залуус “Хятадуудтай ярилцах шаардлагагүй. Яагаад гэвэл та нарын зарласан тендерт зарласан бүх ажлыг бид өнгөрсөн бид арван жилийн турш, яг энэ трассын дагуу хийгдсэн бүх судалгаа шинжилгээ, зураг төсөл, макет, видео танилцуулгыг хийгээд Оюуны өмчөө бүртгүүлээд баталгаажуулчихсан” гэдгээ хэлэхэд дээрх дарга нар “Нэгэн хувийн компани Нийслэлийн “Их тойруу”-гийн зам талбай, газрыг өмчлөхгүй” гэсэн хариугаар ам хаасан аж. Төслийнхөн ч “Бид газар өмчилж байгаа юм биш ээ, 2020 онд Засгийн газраас баталсан тогтоолтой төсөл шүү дээ” гэж тайлбарлаад нэмэр болсонгүй.
Энэ тухай тодотгоход, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед танилцуулж Засгийн газрын тогтоол гаргуулж байсан. Тэр үед С.Амарсайханы “Дүүжин тээвэр” төсөл дангаараа явж өгөхгүй байсан тул “Давхар гүүрэн замын төсөл” буюу “Тэнгэрийн тойрог” төсөлд хавчуулагдаж концесст орж Засгийн газрын тогтоолд орж байсан түүхтэй аж. Учир нь уг төсөл олон нийтэд танилцуулагдсаар дасал болчихсон. Харин “Дүүжин тээвэр” ойлгогдож, дэмжигдэж чадахгүй, маш их шүүмжлэл дагуулж байж л дээ.
Ийнхүү УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн хөтөлбөрт ч хотын төвдөө давхар гүүрэн замтай болно гэж тусгасан байдаг. Гэтэл 2020 оны сонгууль дуусав уу, үгүй юу “Давхар гүүрэн замын төсөл” буюу “Тэнгэрийн тойрог” төслийн талаарх Засгийн газрын тогтоолыг “судалгаанд буцаасугай” гэж буцаагаад гацааж эхлэх нь тэр. Гэвч буцаалаа гээд одоо байгаагаас цааш судлах зүйл байсангүй. Учир нь нь гурван боть ТЭЗҮ, замын хөдөлгөөний эрчмийн судалгаа гэхчлэн бүгд судлагдсан байжээ. Тиймээс судалгаанд буцаана гэдэг нь ердөө л гацаах шалтаг байв.
Одоогоор “Дүүжин тээвэр” төсөл Яармагаас хэрэгжиж эхэлж байна. Энэ бол түгжрэлийг шийдэх гарц биш. Өвөл болохоор бүр хэцүүднэ гэсэн эрсдэл бий. Ямартай ч нийтлэлч миний бие хамгийн түрүүнд тэрхүү “Дүүжин тээвэр”-ээр зорчиж сурвалжлан уншигчдадаа хүргэнэ гэдгээ олон нийтийн сүлжээгээр Хотын дарга Б.Пүрэвдагвад илэрхийлчихээд хүлээж буй.
Ингээд “Давхар гүүрэн замын төсөл” буюу “Тэнгэрийн тойрог” төслийнхөн 2020 оноос хойш гацаад цаасан бичиг шидэлцүүлж зөөдөг л ажилтай болжээ. Засгийн газар солигдож Хотын даргаар Х.Нямбаатар томилогдоход одоо л залуу хүн гарч байна дэмжих нь гэж горьдсон атал харин ч эсрэгээрээ өөрсдөө давхар замын “Тэнгэрийн тойрог” төслийг хуулбарлан “Шинэ тойрог зам” нэртэй тендер зарлаад эхэлж. Үүнийг нь “алдсан хүн арван тамтай” гэгчээр төслийн залуус гомдол гарган АТГ-т өгсөн байдаг.
Эдүгээ дуулиантайгаар хоригдож, суллагдаж буй Т.Даваадалай, түүний эхнэр, дүү нартай холбогдох авлигын асуудлаар шалгагдаж буй нь бүгд дээрх хүсэлт, баримт материалуудтай холбоотой юм билээ. Хамгийн гол нь АТГ-аас “Давхар гүүрэн замын төсөл”-ийнхөнд хариу хэлэхдээ “Танай төслийг хуулбарлсан гэх 16.9 тэрбум төгрөгийн төсөвтэй “Шинэ тойрог зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ тендерийн трасс нь Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн трассаар бус танай төслийн трассаар хийж ажлын даалгаврыг өөрчилсөн авилга албан тушаалын хэргийн талаар шалгаж байнаа” гэсэн аж. Дахиад Хотын дарга солигдлоо. “Одоо л манай үеийн залуу Хотын даргаар дахин солигдлоо. Давхар замын төслөө үргэлжлүүлье” гээд итгэж хүлээж сууна.
Төслийн талаар тодотгоход, хүмүүс давхар зам гэхээр л Нарны гүүр, Энхтайваны гүүр шиг гүүр барих гээд байна гэж боддог. Гэтэл эдний төслийн давуу тал, ач холбогдол нь Их тойрууг тойруулаад газар чөлөөлөлт байхгүй, мод ус хядахгүй, айл нүүлгэн шилжүүлэхгүй, яг одоо байгаа нэгдүгээр түвшний зам дээр давхарлаад хоёр дахь замыг барих юм байна. Өөрөөр хэлбэл давхар гүүрэн зам түүний буулт, суулт, орц гарцыг газар чөлөөлөлтгүйгээр шийдсэн байна. Түүнчлэн хамгийн сонирхолтой нь төлөвлөж буй давхар замын дам нуруунд mono rail нийтийн тээврийг шийдэж байгаа юм. Тодруулбал, давхар замын дам нуруу буюу гүүрийн доод хэсэгт нийтийн тээврийн Monorail Монголчилбол агаар дээрх метрог хийхээр төлөвлөжээ. Төслийн багийн залуус уг Mono rail нийтийн тээврийн асуудлаар ОХУ, БНХАУ-ын талтай танилцуулах уулзалтууд хийгээд, цаг уурын онцлогтоо тааруулж хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж. Уг нийтийн тээврийн Mono rail-ийн шугамд гүүрэн доор хийгдэх тусгай байгууламжаар бууж, сууна. Тухайн байгууламж нь явган хүний гарц байдлаар давхар ашиглагдахаар төлөвлөгджээ.
Төслийн эхний үе шатанд Их тойруу дагууд 13 км, хоёрдугаар үе шатанд тойргоос цацраглан гарсан 5 чиглэлт нийт 36 км давхар зам хийгдэнэ. Үүнд:
Таван богдын уулзвараас Яармаг Нисэхийн тойрог хүртэлх - 9 км
Нарантуулын уулзвараас Улиастайн гүүр хүртэлх - 7 км
Дарь эхийн уулзвараас Дамбадаржаагийн гүүр хүртэлх - 6 км
Баянбүрдийн тойргоос 21-р хороолол хүртэлх - 7 км
Нарны гүүрээс 5 шар хүртэлх - 7 км зэрэг давхар замууд хийгдсэнээр Улаанбаатар хот 49 км давхар замын системтэй болох юм байна.
Тэд хэлэхдээ “Туулын хурдны зам хэрэгжихэд бид дургүйцээгүй. Гол усаа эвдэж, байгаль экологийн тэнцвэртэй байдлаа алдагдуулахгүй л бол дээрх чиглэлтэй нэгдэж нийслэл бүхэлдээ том тойрогтой давхар замтай болох төсөл ч бас яригдаж байгаа шүү дээ” хэмээж байна. Дүүжин тээвэр утсаар бэхлэгддэг бол mono rail замаасаа бат бэхлэгддэг учраас савлагаа байхгүй. Их тойруугаас харууц нь маш гоё. Арван хэдэн метрийн дээрээс. Үүнийг дагаад аялал жуулчлал хөгжинө. Эхний ээлжинд урьдчилсан ТЭЗҮ хийчихсэн гурван боть, үүнийгээ эмхэтгээд хоёр зузаан боть болгосон. 2025 онд шинэчилсэн судалгаа хийж эхэлсэн. Одоо бидэнд Нийслэл, Засгийн газрын дэмжлэг, хамтарч хийе гэвэл гадныхантайгаа хамтраад нарийвчилсан ТЭЗҮ-ээ хиймээр байна гэв. Тухайлбал, газар дор юу байна, ямар шугам сүлжээ явж байна, түүнийг яаж шийдэх вэ, газар хөдлөлтөд тэсвэртэй П баганаа хаана суулгах вэ гэхчлэн бүх судалгаагаа дуусгачихвал энэ замаа барихад бэлэн аж. Товчхондоо, тэд нийт судалгааныхаа 30-аад хувийг хийчихсэн, харин одоо нарийвчилсан судалгаагаар үлдсэн 20 хувийг нь хийх гээд байгаа юм.
Одоо хэрэв төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар, Нийслэл дэмжье гэвэл бид бүтээн байгуулалтаа хийх төлөвлөлтөө хийх, хэвээ цутгахаар төлөвлөчихөөд байна. Хэрэв бөөн хөрөнгө, цаг хугацаа зарцуулж судалгаагаа хийсний дараа төслийг дахиад л хийлгэхгүй бол бид л хохирно гэцгээж байна.
Тэдний хэлж буйгаар 16.9 тэрбумын тендрийг зарлах ямар ч шаардлага байгаагүй. Манайд хандаад хамтраад хамтраад хийе гээд л хийхэд болчих байсан гэнэ. Үнэндээ “Давхар гүүрэн замын төсөл” буюу “Тэнгэрийн тойрог” төслийнхөнд оюуны өмчийн эрхээр баталгаажсан бэлэн тооцоо судалгаа, зураг төсөл нь байхад тендерт оролцож өрсөлдөх ямар ч боломж өгөөгүй маш шуурхай болоод өнгөрсөн аж. Ингээд НЗДТГ “CSCEC AECOM Consultant” зөвлөгөө үйлчилгээний компанитай 16 тэрбум 048 сая төгрөгийн гэрээ байгуулчихсан байдаг. Судлаад үзэхэд ажлын ямар ч түүхгүй, 1994 онд байгуулагдсан, зам гүүртэй ямар ч холбоогүй, зөвлөгөө үйлчилгээний компани байх юм. Мөн тэдний тендерт шалгарахдаа үзүүлсэн зураг ба шалгарсны дараа яг ажил хийх зураг нь хоорондоо эрс өөр байсан бөгөөд түүнийг нь хэлэхээр “Туулын хурдны замтай холбох гэж байгаа юм” гэж хариулдаг байжээ. Гэхдээ хамгийн ноцтой нь “Давхар гүүрэн замын” төслийн трассын 3D зургийг нь бас дуурайлгаж хийсэн.
Уг нь нийслэлчүүдийн нүднээ томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийснээрээ, ажлын туршлага, түүхээрээ “Хотын зам” ХХК-ийг бүгд мэднэ. Тэднийх энэ төсөлд дэндүү олон жил, урт удаан цаг хугацаа, маш их зардлыг гаргасан ч улсаас нэг төгрөг ч авч байсангүй. Хэдийгээр арав гаруй жил энэ ажилд хамаг цаг хугацаа, хөрөнгөө зарцуулсан ч тэд энэ ажлыг ганцаараа хийх гээгүй. Өнөөдөр зам, гүүрийн олон компани хаалгаа барьж буй олон компанитай хамтран ажиллаж, энэ гоё бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр орж, ганц баганыг нь ч гэсэн бариасай. Гадагшаа мөнгө гаргахаасаа илүү дотоод нөөц боломж, хүчин чадлаараа өөрсдөө хийчих юмсан гэсэн эрмэлзэлтэй байгаа аж. Хэрэв нийслэлийн удирдлагууд дэмжвэл тэд дээрх 13 км замыг 2-3 жилд хийчихнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ 2020 онд тооцоолж гаргасан дүнгээр 800 сая ам.доллар шаардлагатай байсан бол өнгөрсөн зургаан жилийн дараа барилгын материалын үнэ хэдийгээр өссөн ч бид одоогоор тооцооллоо хэвээр нь танилцуулж байгаа гэцгээж байв.
Зөвхөн давхар зам тавих биш, mono-rail нийтийн тээвэр, гүүрэн байгууламж, гэрэлтүүлэг, дуу хамгаалалт зэрэг багтсан. Мөн кабель шугам сүлжээ нь гүүрийн дам нуруунд бэхлэгдэнэ, түүнээс биш доор, дээрээ аалзны тор шиг шугам сүлжээ байлгахгүй гэхчлэн энэ төсөл ёстой л нийслэлчүүдийн эрэлт, хүлээлтэд нийцсэн, “нийгмийн захиалга” гэмээр санагдсаныг нуух юун. Ингээд уг төслийн талаар сонссон, харснаа дуулгаад шаардлагатай бол Нийслэлийн удирдлагуудыг очиж танилцах үед сурвалжлага хийж хүргэе хэмээн нийтлэлээ завсарлая.
У.Оргилмаа /baabar.mn/



