Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ийн Аялал жуулчлалын ажлын хэсгийн (TWG) хуралдаан Узбекистан улсын Ташкент хотод энэ сарын 9-10-нд боллоо.
Тус уулзалтаар Узбекистан, Туркменистан, Тажикистан, Пакистан, Монгол, Киргиз, Казахстан, Гүрж, Хятад, Азербайжан зэрэг гишүүн орнууд өөрсдийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэл, гол хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлаа танилцуулж, аялал жуулчлалын боломжит төслийн санааг тодорхойлон, CAREC-ийн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойших ахиц дэвшил, дараагийн алхмуудыг хэлэлцэв.
Энэ жилийн үйл ажиллагааны онцлог нь “Торгоны зам” (Visit Silk Road) цахим порталыг шинэчлэн сайжруулах, хиймэл оюунд суурилсан аяллын хэрэгсэл, Тогтвортой аялал жуулчлалын дэлхийн зөвлөл (GSTC)-ийн стандартыг бүс нутагт нэвтрүүлэх асуудлыг онцлон хэлэлцэж байгаа явдал юм.
Уулзалтад CAREC-ийн гишүүн орнуудын Аялал жуулчлалын ажлын хэсгийн томилсон төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны мэргэжилтнүүд, манай улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын төлөөлөл оролцлоо.
Оролцогчид бүс нутгийн аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.



