x

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөс хасагдаж байгаа болон хэвээр үлдэх саналууд...

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2019.08.08) үдээс хойш хуралдав.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын  Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх ажлын дэд хэсгийн танилцуулга, саналын томьёололтой танилцаж, санал, байр сууриа хуваалцав.

Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгийн ажлын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ, зөвшилцлийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим тодорхой шийдэлд хүрсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ажлын хэсэг ажлаа зохион байгуулж, шуурхай явуулахаар тогтож, хоёр төслийн саналуудыг нэгтгэн томьёолж ярилцаад явахаар тохирсон. Ингэхдээ тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болохоор ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн.

Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг саналын түвшинд хэлэлцэх, хуулиар хөндөж үл болохоор заасан хүрээ хязгаарыг барих, нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцож, энэ зарчмыг барьж ажиллаж байгаа гэлээ.    

Ингээд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа хуваалцав.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөөд зарим тодорхой шийдэлд хүрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн “Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна.

Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.

Харин Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ.

Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна.

Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээсэн байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн Ажлын хэсгийн саналын дагуу хассан байна.

Зөвшилцлийн ажлын хэсгээр дахин нягталж ярилцахаар нээлттэй үлдээсэн асуудлуудаас бусад төслийн заалтуудыг агуулга, үзэл санааны хувьд уялдуулж өөрчлөн найруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсэг төсөл, саналын бүх заалтыг нэгбүрчлэн авч үзэж зохих томьёоллыг боловсруулжээ. Тухайлбал, зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөл дэх улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж өөрчлөн найруулжээ. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 193, 194 дэх хэсгийг нэгтгэн “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулж томьёолжээ.

Харин нам байгуулах, түүнийг бүртгэхтэй холбоотой төслийн 192 дахь хэсгийн томьёоллыг зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан Ажлын хэсгийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэж аль болохоор бодитой тогтооход анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ажлын дэд хэсгийн зүгээс энэ хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёсны зарчим, 16 дугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчих тул хасах нь зүйтэй гэсэн үндэслэл, тайлбарыг хэлж байв.

Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж зохицуулахаар тусгасан. Иймээс төслийн энэ хэсгийг Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн саналтай нийцүүлэн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолсныг дэмжив.     

Харин хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж тусгасан төслийн 26.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв. Учир нь энэ заалт нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна гэж үзэж буйгаа гишүүд хэлж байлаа.

Ингээд хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлтэй уялдуулж, саналыг томьёолсон байдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, байр сууриа өнөөдөр хуралдах зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулна гэдгээ хэллээ.

Улмаар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд хэсэг болон Улсын Их Хурлын 68  дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж саналын томьёоллыг эцэслэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 5 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 7 цаг 15 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 7 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 7 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 7 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top