x

Эммануэль Макрон: Манайх сонгодог гэр бүл биш гэдэг нь үнэн. Гэхдээ аль ч айлаас дутахааргүй хайр халамж гэрт минь бий

Дэлхийн хэмжээний том улстөрчийн жирийн биш хайр дурлал, амьдралын тухай огт улс төргүй түүхийг багахан сонсох уу. 2017 онд Эммануэль Макрон ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод ялах үгүй нь тодорхойгүй дээсэн дээр дэнжигнэж байхад Брижит нэгэн хэвлэлд ярилцлага өгч байсныг санаж байна. Тэр ухаант бүсгүй залуу нөхрийнхөө давуу талуудыг тоочсоны дараа “түүнийг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Эс бөгөөс зургаан жил хүлээх хэрэгтэй болох нь. Гэтэл зургаан жилийн дараа би чинь 70 настай болчихсон байх нь шүү дээ, бурхан минь” гэж наргиан болгон ярилцлагаа дуусгаж байж билээ. Гурван хүүхэдтэй нас тогтсон эмэгтэй 25 жилийн өмнө дунд охиныхоо ангийн хүүтэй жиг ургуулж улмаар тэр холбоос нь дэлхийн тэргүүлэх улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай гэх хэмжээнд хүргэх хүртэл дээшилнэ гэж хэн мэдэх билээ. Францчууд ерөнхийлөгчөө улс төрд хутгалдан их, бага хэмжээгээр нийтийн танил болсон үеэс нь эхлээд л “найдваргүй гэр бүл, удахгүй сална” гэсэн үзэл бодолтойгоор угтсан ч тэд хамт амьдарсан хэвээр, улам л өнгө жавхаа нэмэн аз жаргал гэрэлтүүлэн алхаж л явна. Эммануэль Макрон нэгэнтээ “Манайх сонгодог гэр бүл биш гэдэг нь үнэн. Гэхдээ аль ч айлаас дутахааргүй хайр, халамж гэрт минь бий” хэмээн хэлсэн нь яг тэр гэр бүлд тохирсон тодорхойлолт. Амьен гэж Францын нэгэн жижигхэн хот байна аа. Хотын оршин суугчид аль айл ямар хоол хийж буй, хэдэн хүнтэй, хэнийх нь хүүхэд хэр зэрэг сахилгагүй вэ гэдгийг нэвт мэддэг тийм жижигхэн хот. 1993 оны зуны нэг өдөр La Providence дунд сургуулийн хурлын танхимд ахлах ангийнханд зориулан мадаам Озьер, Жана Тардьегийн “Инээдмийн хэл” жүжгийг найруулан тоглож байлаа. Жүжиг амжилттай өрнөж дуусах мөчид уг жүжгийн гол дүрүүдийн нэгд тоглосон тус сургуулийн онц сурлагатан, үлгэр жишээ сурагч Эммануэль Макрон сэтгэл хөдлөлдөө автан жүжгийн багш Озьер хатагтайн хацар дээр үнсэв. Нөгөөх нь нэг их дургүйцсэнгүй. Ингэж л 15 настай хүү, 40 настай багшийн хооронд дурлал эхэлж байжээ.Амттан худалдаалдаг сүлжээ дэлгүүрийн эзний гэрт төрсөн Брижит Троньэ 21 насандаа Андре Луи Озьер хэмээх банкиртай гэрлэж гурван хүүхэд төрүүлээд “хатагтай Озьер” болчихсон байхдаа насныхаа хайртай учирч буй нь энэ. Гайхалтай биш гэж үү. Дээр хэлсэнчлэн Амьен дэндүү жижигхэн хот учир латин, франц хэлний багш эмэгтэй сургуулийнхаа төгс онц сурлагатан сурагчтай хэтэрхий их цагийг хичээл заах нэрийн дор өнгөрөөх болсныг яаж дуугай үлдээх билээ, хов жив хөвнө биз дээ. Эммануэлийн эцэг,эх хүүгээ ангийнхаа охин Лоранстэй үерхэж байгаа гэж бодож байтал Лорансын ээж Брижит багштайгаа салж чадахгүй “наалдсаныг” сонсоод уулга алдаж байсан гэдэг. “Чи ядаж хүүг маань 18 нас хүрэхийг хүлээж чадсангүй юу” гэж Брижитийг загнаж байгаад Эммануэль Макроныг Парис руу “цөлж” байжээ. Харин Макрон явахдаа “та надаас тийм амархан сална гэвэл гоньж шүү. Юу ч болж байсан хамаагүй, эцэстээ би тантай гэрлэх л болно” гэж хэлээд салж явав. Дараа нь гурван жил үргэлжилсэн хайрын захиа, Брижитийн худал, үнэн шалтгаан заан Парис руу зорчих болсон жим, Андре Луигийн арван жилийн хүүд эхнэрээ алдсан хорсол, салалт, Амьен хотын оршин суугчдын “эмгэн, хүүхэд хоёрын үерхлийн үргэлжлэл”-ийн хугацаанд тавьсан бооцоот он жилүүд хөвөрсөөр 2007 онтой золгож Брижитийг 54-тэй, Эмманнуэлийг 30-тай байхад тэр хоёр даруухан хуримаа цогцлоожээ.

Франсуа Олландагийн багт Сангийн сайдын албыг хашиж байсан 38 настай Эммануэль Макрон ямар нэгэн улс төрийн тэмцлийн туршлага байхгүй мөртлөө бие даан ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зам шулуудсан тэр үед түүнийг зоригжуулж, зөв залсан хүн нь Брижит байсан гэдэг нь гарцаагүй. Сенна мөрний зүүн эрэгт анхны цуглаанаа зохиох гээд мунгинаж буй Макрон хэлэх үгээ бэлдээд En marche хөдөлгөөнийхөө үзэл нэгт нөхдийнхөө өмнө илтгэх үед Брижит үе үе алдааг нь засна. “Хоолой чинь хэтэрхий сул байна. Өгүүлбэр чинь даанч их нуршуу, урт учраас хүмүүс залхана” гэх мэтчилэн. Дараа нь ардууд цуглараад түүний илтгэлийг сонсож эхлэх үед Макрон шууд л “Брижит намайг хэтэрхий нуршуу ярилаа гэж зэмлэв” хэмээн үнэнийг нялзайтал хэлж байх шиг.

Эммануэль Макроны эхнэр угаасаа хэлний багш, дээр нь театрын урлагт чин сэтгэлээсээ дурлан амьдардаг нэгэн байсан тул залуухан нөхрийнхөө ерөнхийлөгчийн сонгуулийн цаашдын сунгаанд асар их нөлөө үзүүлсэн дэг. Тэгээд Макрон Елисейн ордны хүндэтгэлийн хаалгаар дуутай, шуутай орохдоо Францад үйлчилдэг бичигдээгүй хуулийг зөрчин эхнэрийгээ улс төрийн албан тушаалд тавина гэж хүртэл хэлж байв. Мэдээж тэр санаа нь хүчтэй эсэргүүцэлтэй тулж биелээгүй ч гэлээ Макрон бууж өгөөгүй “хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдсон л бол тантай хамт бүтэн өдрийг өнгөрүүлж буй хүн ямар нэг үүрэг рольтой л байх болно” гэж хэлээд миний эхнэр зөвхөн тэргүүн хатагтай гэдэг гуншинд сэтгэл ханаад зогсохооргүй дайчин эмэгтэй хэмээн магтсан. Францын ерөнхийлөгч байсан хүмүүс үе, үедээ ямар нэгэн байдлаар гэр бүлийн хууралтын бодит жишээ болж сонгогчдынхоо итгэлийг алддаг нийтлэг чанартай гэхэд болно. Франсуа Олланда л гэхэд 2014 онд найз бүсгүй Валери Триервейлерийгээ “араар нь тавьж” баахан бужигнуулсан, нөгөө эмэгтэй тэр талаар нь шар хэвлэлээр баахан шуугиулж францчуудын чихийг дэлдийлгэж байсантай харьцуулах юм бол өнөө цагийн ерөнхийлөгчийн гэр бүл цагаан хэрэм мэт бат бөх байсаар байгаа нь яалт ч үгүй гайхал татмаар. Сүүлдээ бүр “Брижит Макроны нөөлөг” гэдэг хөдөлгөөн үүсэх дээрээ тулав. Нөхөр нь ерөнхийлөгч болсон цагаас эхлэн тэргүүн хатагтай өдөрт хоёр зуу хол давсан захидал хүлээн авдаг гэнэ.

Захидлуудын гол утга нь юу байдаг гээч. “Жар, заримдаа бүр далан нас хүрсэн хатагтай нар Брижитэд захиа бичиж Merci гэж хэлье, энэ бүхэн боломжтой гэж би огт бодож байсангүй. 65 насандаа ийм тачаангуй харагдаж болно гэдэг урам өгсөнд баярлалаа” гэх утгатай захидлууд зөндөө ирдэг тухай ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Пьер-Оливер Коста хэвлэлд бичиж байлаа. Харин тэдний хуримын цогчин хийж байсан Марк Ферацци хэлэхдээ “Мэдээж тэд уламжлалт хосуудаас арай өөр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэр хоёрын хооронд дурлалын гал дүрэлзээд хорин жилийг өнгөрөөлөө шүү дээ. Хугацаа өнгөрөх тусам улам л бие биедээ уусаад шинэ үүд, хаалга нээгээд явж байна. Түүх нь жирийн биш ч гэлээ та бүхэн хүмүүс заримдаа ямар ч бэрхшээлээс үл шантран он жилүүдийн саад тотгорыг төвөггүй давах хайр дурлалтай амьдардаг юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн байна лээ. Амьдрал элдэв сонин зүйлээр арвин шүү. Дэлхийн хамгийн том эдийн засагтай долоон улсын нэг, Европын тэргүүлэх улсын ерөнхийлөгч Эммануэль Жан-Мишель Фредерик Макрон хэдий өөрийн төрсөн хүүхэд үгүй ч гэлээ эхнэрийнхээ үе чацуу гурван хүүхдийнх нь “аав”, долоон ач зээгийнх нь “өвөө” гэгдээд сэтгэл хангалуун эх орноо удирдаад, залаад явж байна гэдэг гайхамшиг.

Бэлтгэсэн Б.ХУЛАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 55 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 59 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 22 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 29 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 51 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 59 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 22 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top