x

“Давхар дээл”-тэй байхыг УИХ-ын гишүүд бараг тэр чигээрээ дэмжиж байна

"САЙДУУД СОЛИГДОЖ, ЗАСГИЙН ГАЗАР “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БАЙНА"

Л.Оюун-Эрдэнийн кабинетаас зарим сайд солигдож, Их хурлын гишүүдээс сайд томилогдох нь тодорхой юм байна. Яг хэдийд вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Шинэ он гарах болов уу...?!

Одоогоор намдаа, намын даргадаа нөлөөгөө алдаагүй байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд сайд нар нь УИХ дотроос байх нь зөв юм байна гэдэг дээр ганхахгүй байр суурьтай байгаа. Түүний бодлого, үг бол өнөөдөртөө бараг эцсийн шийдвэр хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан “Ер нь бол өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааг харж байхад сайдуудын дийлэнх нь парламент дотроос байх нь зөв байна. Ажил илүү хурдан урагшлах, асуудал шийдвэрлэгдэх талаасаа гүйцэтгэх засаглалд хууль тогтоогчдоос байх нь дээр. Парламентын гадна байгаа сайдууд өнөөдөр чуулганы танхим руу орохоос халагладаг болжээ. Учир нь гишүүд тэднийг ямар нэг байдлаар гоочилж, өөрсдийнх нь асуудлыг шийдэхгүй бол салбартай холбоотой асуудлыг нь, салбарынх нь хуулийг царцаах зэрэг амаргүй байдал үүсгэх боллоо. Яаж ч болохгүй байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогддог учраас гүйцэтгэх засаглалд бас төлөөлөх нь хууль эрх зүйн хувьд боломжгүй зүйл биш юм” гэжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газар “давхар дээл”-тэй байх байр суурийн тодорхой илэрхийлэл. Ер нь бол Ерөнхийлөгчийн бодлогоор бүх зүйл явах боломжтой. Учир нь энэ парламентын гишүүд 100 хувь багцлагдсан, У.Хүрэлсүхийн дэмжлэг, түүний шууд нөлөө, түүнд нээнтэггүйгээр сонгогдсон нэг ч гишүүн байхгүй. Шулуухан хэлэхэд, түүний өмнө ёсолж нэр дэвших эрхээ аваагүй УИХ-ын гишүүн байхгүй. Тийм учраас одоохондоо Ерөнхийлөгчөөс зөрж солиорох дурак байхгүй нь тодорхой. Сайдуудаас сугалах, өөрчлөлт оруулах процесс дээр заавал түүнээс үг авна. Хөндлөн дуугарах л юм бол алуулна.

“Давхар дээл”-тэй байх хоёр дахь том хүчин зүйл бол УИХ-ын гишүүд бараг тэр чигээрээ үүнийг дэмжиж байна. Ил тод илэрхийлэх хүн байхгүйгээс бус хаалганы цаана бүгд үүнийг хэлэлцэж байна. Шалтгаан нь тодорхой, ихэнхэд нь сайдын суудал ойрхон харагдаж байгаа. Үүнийг нийгэмд “дараагийн ээлжийнхэн хоолондоо орох” нь гэж ярьдаг. Юу гэж хэлэх нь тэдэнд хамаагүй, УИХ-ын гишүүний суудлаа сайдын суудалтай зэрэгцүүлэх нь чухал. Гэхдээ хуульд өөрчлөлт орж, сайд болцгоотлоо гишүүд тэвчээртэй, даруухан байх хэрэгтэй. Тэр жил Ж.Мөнхбат гишүүн маань төв талбай дээр “Давхар дээлээ тайлж хая” хэмээн сүрт жагсаал хийж, чихмэл шатааж, УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүн давхар байхын эсрэг цогтой тэмцсэн. Тэгсэн нэг жилийн дараа манай хүн УИХ-ын гишүүн болонгуутаа давхар Засгийн газрын гишүүнээр ажилласан нь өөрийгөө хүнд байдалд оруулсан юм. Ийм юм болов, намбатай, муу санаатай байхыг энэ гишүүдэд хэлэх байна. Улс төрийн маргаашийг хэлж мэдэхгүй. Хэн нь, юу ч болж магадгүй цаг үе. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн дарга байсан Ж.Эрдэнэбат гэж залуу нэг өглөө Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан хорвоо шүү дээ. Тэр Дамбий... хэн билээ байнгын хорооны дарга, задгай сайхан залуу чинь. Жишээ нь, тэр нөхөр сайд болж яагаад болохгүй гэж. Нөхрийг онцлоод байгаагийн учир нь яг л ийм гишүүнийг дундуураа гүйлгэдэг байхгүй юу, цаадуул чинь. Том ах нарынхаа үгнээс зөрөхгүй “шаадаг” учраас тэр. Гэх мэтчлэн сайдын суудал тун ойрхон гишүүд нэлээн байна. Өнөрболор гэдэг гишүүн хэн ч биш байхдаа БХБ-ын сайдын суудалд очоод буцаж байсан үе бий. Жишээ нь, энэ эмэгтэй дундуур нь гүйж болно, хөөрхөн мөнгөтэй, айхавтар амбицтай, нөхөр нь найруулаад байж мэдэхээр. Зориг зүрх муу, улс төрд суралцаж байгаа нь дутагдал болж магадгүй. За тэгээд хоёр, гурван удаа сонгогдсон гишүүд бүгдээрээ сайд болохоор зүтгэнэ.

Гурав дахь асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр холилдох эрх зүйн үндэс бүрдэнэ. Гэхдээ энэ бол асуудал биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад хийчихнэ. УИХ-д үнэмлэхүй олонх бол хуулийг яаж ч өөрчилж болдог нь өнгөрсөн 30 жилд тодорхой харагдсан. Хууль баталдаг хүмүүс нь сайд болох гэж байгаа ийм цаг үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нүд ирмэх зуурын асуудал. Цэцэд хэн нэгэн хандах нь инээдэм болно.

Энэ бүгдийг эцэслэн шийдэх хамгийн гол гогцоо асуудал бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь, хөдөлье гэсэн цаг хугацаа. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ улс төрөө л харна, цаг үеэ мэдэрнэ. Танхимаасаа ямар сайдуудаа сугалуулах уу гэдгийг тэр шийднэ. Тэрнээс УИХ дахь намын бүлэг нь хуралдаад, гишүүд амбицаараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулдаг, тэрийгээ сайд болгоно гэсэн муйхарлал байх боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хувьд олон нөхцөл шалтгаан, нийгмийн хандлагыг мэдэрч, цагийн аясыг харж сайдуудаасаа тодорхой заримыг мултлах нь тодорхой. Цаг үе яаж өөрчлөгдөх нь үү, эсвэл өөрчлөлтийг бий болгох уу гэхчлэн. Өчигдрийн бодит түүх байна, У.Хүрэлсүхийн Засийн газар огцрох нь тодорхой боллоо гэдэг мессэж хөл нүцгэн хүүхэн гарч ирэхээс хоёр хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн билүү төрсөн өдрийн цайллага дээр яригдаж байсан шүү дээ. Тэгсэн маргааш нь харанхуй шөнө, хар хүйтнээр, нялх биетэй таавчиктай хүүхэн гадаа гарч ирээд, талбай дээр Отгонбаатар гэж залуу түүнийг нь эсэргүүцэж нүцгэн гүйгээд, хүмүүс дэмжиж жагсаад, У.Хүрэлсүх Засгийн газрыг яаралтай хуралдуулаад... Монголын нийгмийн сэтгэл зүйгээр тоглох шиг болсон. Ард түмэн даяараа “Арай ч дээ, хөөрхөн эмэгтэйг...” гэж халаглаад л, нийгэмд боловсролтой, нэр нөлөөтэй, юмны учир мэдэх гэгддэг хүмүүс нь бүгдээрээ пүү паа болж сошиалд сэвээд явж өгсөн дөө. Энэ галыг дээд цэгт нь хүрэх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцролтоо зарлаж Ерөнхийлөгчийн сонгуулиа эхлүүлсэн. Иймэрхүү технологи бэлэн байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дурын асуудал. Тэр иймэрхүү технологио ашиглаж Засгаасаа сайд сугална гэвэл харанхуйгаар дэмжээд өгөх ард түмэн, сошиал ертөнц нь бэлэн байгаа. Тэднээр хийлгэчихнэ. Тэгэхгүйгээр “За түвэг, залхуутай юм, тэгсэнд орвол УИХ-ын гишүүдээ хөдөлгөе” гэвэл тэгсхийгээд хуулинд өөрчлөлт оруулаад шийдчихнэ. Энэ бүхэн бодит үнэн. Сайдууд солигдож УИХ-ын гишүүд сайд болох нь үнэн. Харин яг хэзээ вэ гэдгийг “Хэнтийн хоёр” товлоогүй байна. Тэгж байгаад товлох байх, Цагаан сар болно, тэгээд хавартай залгана... За тэгсхийгээд л хөдөлгөнө дөө, гайхах ч юм биш л дээ...

П.Хашчулуун

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 56 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 3 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 54 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 58 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 21 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 28 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 50 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 58 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 21 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top