УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.
-Танай нам шаардлага хүргүүлээд байсан. Ямар ч байсан Засгийн газраас энэ оны төсвийн тодотголоо өргөн бариад, УИХ ээлжит бус чуулганаараа хэлэлцэж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилсан намын бүлгээс өмнө нь шаардлага хүргүүлсэн. Ээлжит бус чуулганаа зарла, төсвийн тодотголоо өргөн барь гэж шахсан. Гэвч нэлээд хугацаа алдаж буюу, намрын чуулганы өмнөх долоо хоногт үүнийгээ хийж байна. Тиймээс би цаг хугацаа оройтсон гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, өмнө нь дандаа төсвын зарлагаа танах тодотгол орж ирдэг байсан. Харин энэ удаагийнх болохоор төсвийн алдагдлаа нэмэх байдлаар оруулж ирсэн. Энэ дээр АН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрөөр хэлбэл урсгал зардлыг нэмэхээр оруулж ирсэн гэж ойлгож болно.
-Урсгал зардлыг яг ямар байдлаар нэмэхээр оруулж ирсэн юм бэ?
-Өнгөрсөн 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүнд МАН, АН, ХҮН намууд орсон. Ингэхдээ “Тогтвортой хөгжлийн төлөөх зориг” гэсэн хамтарсан мөрийн хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлж эхэлсэн. Тийм болохоор энэ удаагийн дөрвөн жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр гурван намын хамтарсан гэж ойлгож болно. Энэ дотор төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудал бүгд орсон. Дээрээс нь энэ талаар Нийгмийн даатгалын багц хууль болон Татварын багц хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээрх ачааг хөнгөлөх асуудлыг хаврын чуулганаар шийдсэн. Харин энэ өөрчлөлтийн хугацааг энэ тодотголоор өөрчилсөн байна лээ.
-Тухайлбал?
-Ахмадын тэтгэвэр дээр суурь тэтгэврийн асуудлыг оруулж ирэх асуудлыг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх асуудал байна. Дараа нь 150 тэрбум төгрөгөөр стратегийн хүнс бүрдүүлэх гэдэг асуудал орж ирж байгаа. Энэ болохоор нөөцийн мах, улаанбуудай гээд бий. Энэ жил шинээр орж ирж байгаа нь хүсний ногооны нөөц бүрдүүлэх гэж орж ирсэн байсан. Мөн энэ удаагийн тодотголыг өмнөх алдааг зассан гэж хэлж болохоор байна.
-Тэр нь юу гэж байгаа хэрэг вэ?
-Өмнө нь багш нарын буюу боловсролын байгууллагын ажилтнуудын цалинг нэмэх шийдвэр гарсан. Ингэхээр энэ салбарын цалинд 650 гаруй тэрбум төгрөгийн шаардлага үүссэн. Үүнийг нь өгөхийн тулд зайлшгүй тодотгол хийхээс өөр аргагүй болсон. Мөн эрүүл мэндийн болон бусад салбарын төрийн албан хаагчдын цалингийн асуудал байна.
-Хавар эрчим хүчний салбарынхан цалингаа нэмүүлье гээд жагссан шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Бусад бүх төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал орж ирж буй нь нэлээд томоохон хэмжээний мөнгөн дүн яригдаж байгаа юм.
-Энэ оны төсвийн тодотголыг хэвээр нь баталчихаар ирэх оны төсвийн 11 орчим их наяд төгрөгийн тэлэлттэй байгааг тэр чигээр нь батлахаас өөр аргагүй байдалд хүргэнэ гэсэн шүүмжлэлийг зарим гишүүн хэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад, төрийн өмчит компаниуд нь ашиггүй ажиллавал дараа, дараагийн жилдээ яах вэ гэдгийг яриад байна. Үүн дээр юу хэлэх вэ?
-Үнэн, ер нь урсгал зардлыг нэмээд ирэхээр гинжин урвал шиг дараа, дараагийнхдаа нөлөөлөөд явдаг. Энэ чинь 2026 оны нэмэгдэл юм аа, ирэх онд байхгүй гэж хэлэх боломжгүй. Тийм болохоор цаашдаа төсвийн тэлэлт, түүнийгээ бүрдүүлэх асуудал хүндэрнэ. Энэ жил манай уул уурхайн бүтээгдэхүүний голлох түүхий эд болох нүүрс, зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа. Ийм байхад төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихаад байна. Дараа нь үнийн уналт болвол яах вэ гээд таны асууж байгаа зөв.
-Тэгэхээр энэ тодотгол, ирэх оны төсөв та бүхний шаардаж байсан шиг орж ирж чадсан уу?
-Чадахгүй байгаа. АН-аас сонгогдсон гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Бүсээ чангална л гээд байгаа. Гэтэл өмнөх оны татварыг урьдчилж аваад энэ оны төсвөө гүйцээсэн. Тэрийгээ бүрэн авч чадахгүй байгаа. Бүрдүүлэлт дээр их асуудал бий. Тийм болохоор яг ийм үед төсвөө тэлж буй нь ямар учиртай вэ гэдэг дээр АН-ынхан хандаад байгаа гэдгийг хэлье. Мөн ирэх жилийн төсөв дээр нэлээд асуудал бий. Яг гар дээр орж ирээд харсныхаа дараа ярьсан нь зөв байх гэж бодож байна.
-АН-ынхан Засгийн газарт хариуцлага тооцно гээд гарын үсэг цуглуулж байна гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Үүн дээр хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Миний хувьд гарын үсгээ зурсан. Ч.Лодойсамбуу гишүүн зураагүй, Ж.Баясгалан гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар зураагүй гэсэн л мэдээлэлтэй байгаа.
-Таны хувьд орон нутаг, тойргоороо нэлээд явах шиг боллоо. Хүмүүс яг юу хүсэж, ярьж байна вэ?
-Иргэд их бухимдалтай байна. Учир нь амьдралынх нь чанар улам муудаад байна шүү дээ. Орлогогүйтэй л холбоотой. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүст ямар ч орлого байхгүй болсон. Энэ тодотголын үеэр худалдааны салбар эрс уналтад орлоо гэдгийг ярьж байна. Сум, орон нутагт энэ үнэхээр бодитоор харагдаж байгаа. Дээрээс нь энэ жил шатахууны тасалдал иргэдийг үнэхээр бухимдууллаа. Тасалдаад эргээд зүгээр болчихсонгүй. Үнэ нь нэмэгдчихсэн. Түлш хотод 4790 байгаа хэрнээ орон нутагт 5500 болоод явчихаж байна. Шатахууны үнэ ч 4000 дөхчихлөө. Энэ чинь хүмүүсийн өдөр тутмын амьдралд их нөлөөлж байна. Дээрээс нь шатахуун, түлшний үнийн өсөлт чинь орон нутагт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж хүргэдэг манайх шиг улсад үнэ өсөх гол шалтгаан болчихоод байгаа юм.
-Дээр хэлсэн хүнсний ногооны нөөц бүрдүүлэх гэж юу гэсэн үг вэ. Салбар яамнаас бараг л түүхэндээ байгаагүй ургац авна гээд байсан шүү дээ?
-Монгол Улсын хүнсний тухай хуульд стратегийн хүнс гэдэг ойлголт байдаг. Үүнд улаанбуудай, мах, гурил ордог. Энэ бүхнийг зохицуулж, тохиргоог нь хийдэг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгууллага бий. Харин нэг сонин юм нь энэ жил хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ гэж орж ирсэн. Үүн дээр би нэлээд гайхаад өчигдөр/уржигдар/ Төв аймгийн Жаргалан суманд очиж ногоочидтой уулзсан. Ногоочид маань сөрөг хандлагатай байгаагаа хэлсэн. Энэ асуудлыг би чуулганаар нэлээд нухацтай асууж, хэлэлцүүлнэ.
-Та Оюу толгойн ногдол ашгийг улсын төсөвт татан төвлөрүүлэх шийдвэрт хэрхэн хандаж байгаа вэ?
-Монголчууд “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэж хэлдэг шиг юм болох вий гэж бодож байна. Энэ компани чинь ТУЗ-ийн хурлаа хийгээд, ямар ашигтай ажилласан, түүнээсээ хэдийг нь ногдол ашиг тараах юм гэсэн шийдвэр нь гараагүй байгаа. Тэгэхээр гараагүй шийдвэрийг бид урьдчилж яриад буй нь худлаа зүйл болох вий л гэж болгоомжлоод байгаа юм.
-Нэг хүнд 857 мянган төгрөг ногдоно гээд тооцоо гаргачихсан байна лээ шүү дээ?
-Гурван их наяд орчмын төгрөг яриад, түүнийгээ хүмүүсийнхээ тоонд хуваахаар тийм тоо гараад байгаа байх. Гэхдээ энэ тоог хаанаас гаргаж өгсөн юм. Ний нуугүй хэлэхэд, манайхан өөрсөд шигээ л бодоод байх шиг байгаа юм. Төрийн өмчит компаниуд дээрээ очоод л энэ хэмжээний мөнгийг бэлд гэдэг шигээ хандаад байх шиг байна. Тиймээс үүн дээр нэлээд болгоомжтой хандах ёстой.
-Ногдол ашгийг улсын төсөвт нэгтгэх дээр юу хэлэх вэ?
-Ногдол ашиг гэдэг монголчууд л хүртэх ёстой зүйл болов уу. Би өөрөө санхүүгийн хүн биш учраас төсөвтэй холих дээр сайн хэлж мэдэхгүй, гайхаад л байгаа юм. Яг төсөв хэлэлцэгдээд ирэхээр нарийн мэдээллүүдийг нь харж байж хэлэх нь зөв байх.
Өдрийн сонин



