x

Монголчуудын анхны томоохон бүтээн байгуулалтыг мялааж Ерөнхийлөгч сүү өргөв

Ерөнхийлөгч Х.Баттулга Тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны Тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны Зургадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүнбаян өртөөнд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монголчуудын өөрсдөө барьж байгуулсан анхны томоохон бүтээн байгуулалтыг мялааж, сүү өргөв.

Харин төмөр замын эхлэлийн цэг буюу шинээр барьж байгуулсан Цогтцэций өртөөнд ажиллах үеэрээ “Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө Зүүнбаянгаас Цогтцэций сум хүртэлх 416 км төмөр замын шавыг Мандах сумын нутагт тавьж байсан. Өнөөдөр бид ажлуудаа дуусгачихаад “0” цэгээс эхэлж байгаа Цогтцэций өртөөний 120 айлын орон сууцны нээлтэд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Энэхүү төсөлд оролцсон “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье!

Энэ төмөр зам ашиглалтад орж, төслийг Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, улмаар Бичигт боомт рүү үргэлжлүүлэх юм бол Монголын эдийн засаг сэргэж, эзэнгүй болж байгаа говь эзэнтэй болж, говийн баялгийг ашиглах дэд бүтэцтэй болж байгаа юм. Ингэснээрээ Монголын эдийн засаг 3-5 дахин өсөх тооцоо гарсан байгаа. Энэ том ажлын ард гарсан Та бүхэнд дахин баяр хүргэе” гэлээ.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан юм.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.

Тус төсөл дээр ажилласан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дотоодын аж ахуйн нэгжүүд төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах туршлагыг хуримтлуулж, техник, хэрэгслийн нөөцтэй болсон учир Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг өөрсдийн хүчин чадлаар барьж байгуулах бүрэн нөөц бололцоотой болсон юм.

Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой.

ТӨСЛИЙН ОНЦЛОХ ТОО, БАРИМТ:

  • Газар шорооны ажил: 24.5 сая куб.метр

  • Хамгийн том ухмал: км урт, 16 метр гүн ухмалын ажил

  • Хамгийн өндөр чулуун далан: 1.2 км урт, 15 метр өндөр далан буюу 95-98 хувийн нягтралттай 30 см өндөртэй 50 үе

  • Ус өнгөрүүлэх хоолой: 595 ширхэг

  • Гүүр: 27

  • Хамгийн урт гүүр: 200 метр урт

  • Гарц: 8

  • Чулуу бутлуурын үйлдвэрийн тоо: 6 үйлдвэр

  • Бетон зуурмагийн үйлдвэр: 20 үйлдвэр

  • Дээд бүтцийн балласт: 819,000 куб.метр

  • Нийт машин, техникийн тоо: 4,000 орчим

  • Нийт ажилласан хүний тоо: 10 мянга орчим

  • Хугацаат цэргийн алба хаагчид: 1,000 орчим

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 63 аж ахуйн нэгж оролцож байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг дайран өнгөрөх нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам нь нийтдээ 2 өртөө, 6 зөрлөгтэй байх юм.

Төмөр замын эхлэлийн цэг буюу Тавантолгой өртөөний дэргэд баригдаж буй зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх тойрог замын барилгын ажил 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин нүүрс тээвэрлэх тойрог замаас эхэлсэн төмөр замын трассын дагуу 201.2 км дээд бүтцийн барилга угсралтыг дуусгажээ.

Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төгсгөлийн цэгтээ буюу Монгол Улс-БНХАУ-ын хилд тулж ирснээр хил холболтын асуудлыг шийдвэрлэх асуудал үлдээд байна.

Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, жилд 30 сая  тонн коксжих болон эрчим хүчхний нүүрсийг экспортлох боломжтой болно. Ингэснээр Монгол Улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр гаргаж чадна.

Түүнчлэн дотоодын нүүрс тээврийн зардлыг 4 дахин бууруулахаас гадна бэлчээр сүйтгэх, тоосжилт, чимээ шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасаж, байнгын 2,000 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Тус төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 7 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 7 цаг 46 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 7 цаг 52 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 7 цаг 59 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 8 цаг 9 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 8 цаг 29 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 8 цаг 40 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 8 цаг 44 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 8 цаг 48 мин Орон сууцны үнэ өсжээ 8 цаг 53 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 8 цаг 57 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 9 цаг 19 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 9 цаг 26 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 9 цаг 33 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 9 цаг 37 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 9 цаг 43 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 9 цаг 47 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 9 цаг 52 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 9 цаг 55 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 9 цаг 59 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top