x

9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв

 /Kazinform/ 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод террорист халдлага болж, Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг сүйдсэнээс хойш яг 25 жил өнгөрч байгаа хэдий ч уг халдлагыг зохион байгуулсан гэж буруутгагдаж буй Халид Шейх Мохаммедийн хэргийн үндсэн шүүх хурал өнөөг хүртэл эхлээгүй байна. Тэр ч бүү хэл шүүх хурлыг эхлүүлэх хугацааг өнгөрсөн сард дахин хойшлуулж, 2028 онд болгожээ.

Халид Шейх Мохаммедийг 2003 онд баривчилж, 2006 онд Гуантанамогийн цэргийн баазын шоронд хүргэжээ. Түүнээс хойш түүний хэрэг хууль эрх зүйн олон маргаан дагуулж, шүүх хурлыг нь олон удаа хойшлуулсаар ирсэн байна. 

АНУ-ын түүхэнд хар толбо үлдээсэн уг террорист халдлагатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа яагаад 25 жил үргэлжилж байгаа, үндсэн шүүх хурлыг эхлүүлэхэд юу саад болж байна вэ?

2001 оны есдүгээр сарын 11-нд юу болсон бэ?

2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө террорист “Аль-Каида” байгууллагын 19 гишүүн АНУ-ын зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг барьцаалж, хоёр онгоцоор нь Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөснөөр 110 давхар хоёр барилга бүрэн сүйдэж олон хүний амь эрсэдсэн юм. Гурав дахь онгоц Вашингтоны ойролцоох Арлингтон хотод орших АНУ-ын Батлан хамгаалах яамны барилга болох Пентагоныг мөргөсөн бол дөрөв дэх онгоцны зорчигчид барьцаалагчдыг эсэргүүцэхийг оролдсоны дараа уг онгоц Пенсильвани муж улсад унажээ.

Уг халдлагын улмаас нийт 2 977 хүн амиа алдсаны 2 753 нь Нью-Йоркт, 184 нь Пентагонд, 40 нь дөрөв дэх онгоцонд амиа алджээ. Амиа алдсан хүмүүс 90 улсын иргэн байсан байна.

Хожим нь халдлагыг “Аль-Каида” бүлэглэл зохион байгуулсныг тогтоожээ. Тус бүлэглэлийн тухайн үеийн толгойлогч Усама бен Ладен АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн болсон юм. Түүнийг 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистаны Абботтабад хотод явуулсан ажиллагааны үеэр АНУ-ын тусгай албаныхан устгасан билээ. Халдлагыг зохион байгуулахад оролцсон гол хүмүүсийн нэг бол Халид Шейх Мохаммед юм.

Халид Шейх Мохаммед гэж хэн бэ?

Халид Шейх Мохаммедийг есдүгээр сарын 11-ний халдлагын төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэхэд оролцсон гэж буруутгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны материалд дурдсанаар, тэрбээр халдлага үйлдэх анхны санааг гаргаж Усама бен Ладенд танилцуулсан гол хүн нь аж. Улмаар Мохаммед террорист ажиллагааг бэлтгэхэд шууд оролцож, онгоц барьцаалагчдыг сонгох, тэднийг АНУ руу явуулах ажлыг зохион байгуулжээ.

Түүнийг 2003 оны гуравдугаар сарын 1-нд Пакистанд баривчилжээ. Гэвч түүнийг АНУ-ын эрүүгийн шүүхийн тогтолцоонд шууд шилжүүлээгүй байна. Мохаммед хэдэн жилийн турш Тагнуулын төв газрын нууц шоронд хоригдож байсан бөгөөд тэнд хатуу ширүүн байцаалт, эрүү шүүлтэд өртөж байсан нь хожим ил болжээ. Тухайлбал, түүнд “waterboarding” гэдэг аргыг хэрэглэжээ. Энэ нь нуруугаар нь хэвтүүлэн хоригдлын нүүр лүү ус асгаж, живүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байцаалтын арга юм. 2006 онд Мохаммедийг Куба дахь АНУ-ын цэргийн баазын шорон руу шилжүүлжээ.

2012 онд түүнд болон өөр дөрвөн хүнд есдүгээр сарын 11-ний халдлагатай холбоотойгоор цэргийн комиссын хүрээнд албан ёсоор ял тулгасан байна. Тэднийг гэмт хэрэг үйлдэхээр хуйвалдсан, энгийн иргэд рүү халдсан, хүн амины хэрэг үйлдсэн, онгоц барьцаалсан, террорист халдлага үйлдсэн зэрэг хэрэгт буруутгажээ.

Хожим нь яллагдагчдын нэг болох Рамзи бин аль-Шибхийн хэргийг эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан тусад нь шийдвэрлэхээр болжээ. Одоогоор Халид Шейх Мохаммедийн хамт Валид бин Атташ, Али Абдул Азиз Али, Мустафа аль-Хавсави нарыг шалгаж байна.

Ийнхүү есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш 25 жил, Халид Шейх Мохаммедийг баривчилснаас хойш 23 гаруй жил өнгөрсөн боловч хэрэг нь шүүх хэлэлцүүлэгт шилжээгүй хэвээр байна.

Шүүх ажиллагаа яагаад 25 жил сунжирч байна вэ?

Шүүхийн үйл явц ийнхүү сунжирч буйд хэд хэдэн шалтгаан бий. Тэдгээрийн хамгийн төвөгтэй асуудлуудын нэг нь Тагнуулын төв газрын нууц шоронд хоригдож байх үед авсан мэдүүлгийг нотлох баримт болгон ашиглаж болох эсэхтэй холбоотой юм.

Дээр дурдсанчлан, Халид Шейх Мохаммедийг баривчилсныхаа дараа АНУ-ын Тагнуулын төв газрын нууц хорих газруудад саатуулж байв. Өмгөөлөгчид эрүүдэн шүүх замаар олж авсан мэдээллийг шүүхэд нотлох баримт болгон ашиглах боломжгүй гэж мэдэгдэж байгаа аж. Түүнчлэн эрүүдэн шүүлт, дарамт шахалтууд нь өгсөн мэдүүлэгт нь мөн нөлөөлсөн байх магадлалтай гэж мэдэгджээ. Энэ маргаан өнөөг хүртэл үргэлжилж байна. Халид Шейх Мохаммедийн 2007 онд Гуантанамод Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар ашиглахыг цэргийн шүүгч Майкл Шрама өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хоригложээ. Яллах тал эдгээр мэдүүлгийг сайн дураар өгсөн гэдгийг нотолж чадаагүй гэж тэрбээр дүгнэсэн байна. Эл шийдвэр нь хэргийн цаашдын явцад ихээхэн нөлөөлнө гэж Америкийн хэвлэлүүдэд бичжээ. Учир нь Тагнуулын төв газрын нууц шоронд байцаагдсаныхаа дараа Холбооны мөрдөх товчоонд өгсөн Мохаммедийн мэдүүлгийг прокурорууд хэргийн чухал нотлох баримтуудын нэг гэж үзэж байсан байна.

Ингээд сэжигтнүүдийг байцаахдаа хэрэглэсэн арга барил нь хожим өөрөө хууль зүйн томоохон маргааны эх үүсвэр болж, тэдний гэм бурууг шүүхээр нотлоход хүндрэл учруулжээ.

Гэхдээ хэрэг зөвхөн энэ шалтгаанаар сунжраагүй байна. Хоёр дахь асуудал нь шүүх ажиллагааны цар хүрээ юм. Үндсэн шүүх хурал эхлэхээс өмнө талууд ямар нотлох баримтыг ашиглаж болох, ямар нууц материалыг өмгөөлөгчдөд шилжүүлж болох, ямар гэрчийг дуудах боломжтой, тангарагтны шүүхэд ямар мэдээлэл танилцуулахыг шийдвэрлэх ёстой.

2026 онд нийтлэгдсэн цэргийн комиссын баримт бичгүүдээс үзэхэд, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, нууц мэдээлэл болон талуудын гаргасан олон тооны хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх ажил үргэлжилж байгаа ажээ.

Хэргийг яагаад Гуантанамод хэлэлцэж байна вэ?

Халид Шейх Мохаммедийн хэргийг АНУ-ын холбооны шүүхэд бус, Гуантанамогийн цэргийн комисст хэлэлцэж байгаа юм.

Цэргийн комисс нь дайны хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгагдаж буй гадаадын иргэдийн тодорхой ангилалд хамаарах хэргийг хэлэлцдэг шүүхийн тусгай механизм юм. Энд нотлох баримт, нууц мэдээлэл болон бусад процессын зохицуулалт нь холбооны шүүхэд мөрдөгддөг журмаас ялгаатай байдаг.

Америкийн эрх баригчид хэргийг иргэний шүүхэд шилжүүлэхийг оролдож байжээ. 2009 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер Халид Шейх Мохаммед болон өөр дөрвөн яллагдагчийг Нью-Йоркийн холбооны шүүхээр шүүнэ гэж мэдэгдсэн байна. Гэвч уг шийдвэр улс төрийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэднийг АНУ-ын нутаг дэвсгэрт авчрах, аюулгүй байдал болон шүүх ажиллагааны зардалтай холбоотой маргаан улам ширүүссэн байна. Эцэст нь уг төлөвлөгөө хэрэгжээгүй бөгөөд 2011 онд хэргийг дахин цэргийн комисст шилжүүлжээ. 2012 онд Мохаммед болон өөр дөрвөн хүнд Гуантанамод дахин ял тулгасан байна. Ийнхүү хэрэгтнүүдийг хаана, ямар эрх зүйн журмын хүрээнд шүүх тухай олон жил үргэлжилсэн маргаан нь шүүх ажиллагаа сунжрахад нөлөөлжээ.

Гэм буруугаа хүлээх тохиролцоо яагаад хэрэгжээгүй вэ?

2024 онд Халид Шейх Мохаммед болон өөр хоёр яллагдагч прокурорын байгууллагатай тохиролцоонд хүрчээ. Тэд гэм буруугаа хүлээхээр зөвшөөрсний хариуд прокурорууд цаазаар авах ял шаардахаас татгалзахаар болсон байна. Хэрэв уг тохиролцоо хэрэгжсэн бол хэргийг бүрэн хэмжээний шүүх хуралгүйгээр шийдвэрлэх боломжтой байжээ.

Гэвч тохиролцоог зарласны дараа тухайн үеийн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин уг шийдвэрийг цуцалсан байна. Үүний дараа түүний шийдвэр хууль ёсны байсан эсэхтэй холбоотой шинэ шүүхийн маргаан эхэлжээ. 2025 оны долоодугаар сард холбооны давж заалдах шатны шүүх Остин тохиролцоог цуцлах эрхтэй байсан гэж шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд гэм буруугаа хүлээх тохиролцоо хэрэгжээгүй бөгөөд хэргийг шүүх хурлын өмнөх ажиллагаа үргэлжилжээ.

Шүүх хурал хэзээ эхлэх вэ?

2026 оны наймдугаар сарын 26-нд АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэд хурандаа, цэргийн шүүгч Майкл Шрама олон жил хүлээгдэж буй шүүх хурлыг эхлүүлэх шинэ товыг тогтоожээ.

Халид Шейх Мохаммед болон өөр гурван яллагдагчийн хэргийн үндсэн шүүх хэлэлцүүлгийг 2028 оны зургаадугаар сарын 5-нд эхлүүлэх ёстой. Прокурорууд шүүх хурлыг үүнээс нэлээд эрт буюу 2027 оны нэгдүгээр сард эхлүүлэх санал гаргажээ. Гэвч шүүгч шүүх хурал эхлэхээс өмнө нотлох баримтыг хүлээн зөвшөөрөх эсэх болон бусад процессын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн уг товыг дэмжээгүй байна. Ингэснээр прокуроруудын санал болгосон хугацаатай харьцуулахад шүүх хурал ойролцоогоор нэг жил хагасаар хойшилжээ.

Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, 2028 оны зургаадугаар сарын 5-ныг эцсийн тов гэж үзэхэд эрт байна. Шүүх хурал энэ өдөр эхлэх эсэх нь шүүхийн өмнөх бүх ажлыг хугацаанд нь дуусгаж чадах эсэхээс хамаарна. Хэрэв шинэ хууль зүйн маргаан, давж заалдах ажиллагаа үүсвэл шүүх хурлыг дахин хойшлуулж болзошгүй байна. 

Ийнхүү 25 жил өнгөрсөн боловч есдүгээр сарын 11-ний халдлагатай холбоотой хамгийн дуулиантай хэргийн үндсэн шүүх хурал эхлээгүй хэвээр байна. Одоо 2028 онд товлосон шүүх хурал энэ хэрэгт эцсийн цэг тавьж чадах эсэх, эсвэл шүүхийн үйл явц дахин сунжрах эсэхийг хүлээх л үлдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 1 цаг 54 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 11 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 3 цаг 21 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 5 цаг 17 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 9 цаг 14 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 9 цаг 20 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 9 цаг 26 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 9 цаг 33 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 9 цаг 43 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 3 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 10 цаг 14 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 10 цаг 18 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 10 цаг 22 мин Орон сууцны үнэ өсжээ 10 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 10 цаг 31 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 10 цаг 53 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 0 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 7 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 11 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 11 цаг 17 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top