x

Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй

Сошиал орчинд “Монгол, казах” гэх сэдвээр маргаан өрнөж байна. Улстөрчид, УИХ-ын гишүүдийн түвшинд асуудал яригдаж, сүүлдээ олны танил хүмүүс, инфлүүнсэрүүд, иргэдийн дунд талцал үүсгэж эхэлсэн. Тэгвэл уг асуудлаар түүхч, судлаач Ц.Нямтулгатай ярилцлаа.

-Сүүлийн үед сошиал орчинд “Монгол, казах” гэж хоёр талд хуваагдан маргалдах явдал ихэссэн. Та үүнийг түүхч, судлаач хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?

-Энд хамгийн түрүүнд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын иргэдийн дотор халх, казах, дөрвөд, баяд, урианхай, тува зэрэг олон ястан бий. Энэ бол Монголын бодит байдал. Хүн өөрийн угсаатны хэл, соёл, шашин, уламжлалаа хадгалж болно. Энэ нь өөрөө асуудал биш. Харин “Чи казах учраас монгол биш”, “Чи халх учраас казахаас өөр” гэсэн байдлаар иргэдийг хоёр талд хувааж эхлэх нь аюултай. Өнөөдөр сошиалд бичсэн нэг өгүүлбэр маргааш бодит амьдрал дээрх харилцаанд нөлөөлж болно.

Тиймээс бид энэ асуудлыг сошиалын хэрүүл гээд орхиж болохгүй. Гэхдээ нөгөө талаас бүх маргааныг үндэстэн хоорондын мөргөлдөөн гэж хэт дэвэргэж болохгүй. Одоогийн байдлаар Монголд иргэний дайн, үндэстэн хоорондын зэвсэгт мөргөлдөөн үүсэх бодит нөхцөл бүрдсэн гэж хэлэх үндэсгүй. Харин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх нь төр, улс төрийн хүчнүүд, хэвлэл мэдээлэл, иргэн бүрийн үүрэг.

-Ер нь казах түмэн Монголын нутагт хэзээнээс суурьшсан, хэрхэн холбогдсон байдаг юм бэ. Түүхэн талаас нь та тайлбар өгөхгүй юу?

-Казахууд өнөөгийн Монголын баруун хэсэгт нэг өдөр гэнэт бий болсон ард түмэн биш. XIX зууны үеэс Алтайн бүс нутгаар нүүдэллэн ирж суурьшсан казахуудын тухай баримт бий. Судалгаанд 1840-өөд оноос Монголын нутагт казахуудын шилжилт хөдөлгөөн бүртгэгдэж эхэлсэн гэж үздэг. 1905 оны тооллогоор 1370 казах өрх бүртгэгдэж байж. XIX зууны сүүлээс XX зууны эхэн хүртэлх шилжилт хөдөлгөөн нэг л шалтгаантай байгаагүй. Алтайн нүүдэлчдийн бэлчээрийн хөдөлгөөн, Хятадын баруун хойд нутгийн улс төрийн тогтворгүй байдал, дайн самуун, татвар дарамт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Зарим судалгаанд 1860-аад оны Дунганы бослого, дараагийн улс төрийн тогтворгүй байдлаас зугтсан казахууд Монголын баруун хэсэгт олноороо ирсэн тухай тэмдэглэсэн байдаг. Мөн 1911 оны Хятадын хувьсгалын дараа хэд хэдэн зуун казах өрх Монголын Богд хаант улсад харьяалал хүссэн тухай судалгаа бий. Тэгэхээр “Казахууд хэзээ, яагаад Монголд ирсэн бэ” гэдэгт ганц өгүүлбэрээр хариулах боломжгүй.

-Баян-Өлгий аймаг яаж байгуулагдсан юм бэ?

-Баян-Өлгий аймаг 1940 оны наймдугаар сард байгуулагдсан. Тухайн үеийн төрийн шийдвэрээр Ховд аймгийн нутгаас салгаж, казах болон урианхай иргэдийн хүсэлт, саналд үндэслэн шинэ аймаг байгуулсан түүхтэй. 1940 онд аймаг байгуулагдахдаа 10 сум, 71 баг, 7063 өрх, 33 мянга гаруй хүн амтай байсан. Тухайн үеийн хүн амын 91 орчим хувь нь казах, 5.6 хувь нь урианхай, 2.7 хувь нь тува, үлдсэн нь бусад угсаатан байсан гэсэн түүхэн мэдээлэл бий. Өнөөдөр ч Баян-Өлгий аймгийн хүн амын дийлэнхийг казахууд эзэлж, урианхай, тува, дөрвөд, халх зэрэг бусад ястан хамт амьдарч байна. Аймгийн албан ёсны мэдээлэлд казах хүн ам 93 орчим хувь гэж дурдсан байдаг. Энд нэг чухал зүйл бий. Баян-Өлгий аймаг байгуулагдсан нь Монголын газар нутгаас тусгаар улс байгуулах зорилготой үйл явдал биш. Монгол Улсын засаг захиргааны нэгжийн хүрээнд, тухайн үеийн хүн амын онцлогийг харгалзан байгуулсан аймаг.

-Гэхдээ “Баян-Өлгийд казахууд давамгайлж, бусад ястан хавчигдсан” гэх яриа байдаг. Үүнийг түүхийн хувьд яаж тайлбарлах вэ?

-Энэ бол маш эмзэг асуудал. Нэг талын яриаг үнэн, нөгөө талын яриаг худал гэж шууд хэлж болохгүй. Зарим судалгаанд социализмын үед Баян-Өлгийд казахууд төрийн байгууллага, боловсрол, ажлын байр зэрэгт давуу боломж эдэлж байсан гэх урианхай, монгол иргэдийн гомдлыг тэмдэглэсэн байдаг. Тухайн судалгаанд энэ нөхцөлөөс шалтгаалж зарим монгол иргэд 1960-аад оноос бусад аймаг руу шилжин суурьшсан тухай өгүүлдэг. Гэхдээ үүнийг казахууд бүгд бусдыг хавчсан гэж ойлгож болохгүй. Тухайн үеийн төрийн үндэсний бодлого, захиргааны бүтэц, хэлний орчин, боловсролын бодлого, орон нутгийн эрх мэдлийн харилцаа зэрэг олон зүйл нөлөөлсөн. Хамгийн зөв арга бол тухайн үеийн архив, тооллого, захиргааны баримт, хүмүүсийн аман түүхийг хамтад нь судлах хэрэгтэй.

-Тэгвэл урианхай, тува зэрэг ястнууд яагаад асуудалтай тулгардаг болсон юм бэ?

-Баян-Өлгий бол зөвхөн казахуудын нутаг биш. Тэнд урианхай, тува, дөрвөд, халх зэрэг олон ястан амьдарч ирсэн. Зөрчил гардаг гол шалтгаан нь ихэвчлэн үндэстэн өөрөө биш. Хэн ямар хэлээр сурч боловсрох вэ, төрийн байгууллагад хэн ажиллах вэ, газар бэлчээрийг хэрхэн ашиглах вэ, сумын төвд ямар хэл давамгайлах вэ, орон нутгийн шийдвэр гаргалтад хэний дуу хоолой илүү сонсогдох вэ гэсэн бодит асуудлууд үндэс угсааны асуудалтай холилддог. Ингэхээр эдийн засаг, захиргаа, газар ашиглалтын асуудал “казахын эсрэг” эсвэл “монголын эсрэг” асуудал мэт харагдаж эхэлдэг. Энэ бол маш буруу зам.

-Казахуудын шашин, соёлын онцлогийг ярья. Исламын шашинтай гэдэг нь Монголын нийгэмтэй зөрчилдөх шалтгаан мөн үү?

-Үгүй. Шашин өөр байх нь өөрөө зөрчил биш. Монгол Улс бол шашин шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн улс. Казахуудын дийлэнх нь исламын шашны уламжлалтай. Тэдний хэл, хувцас, хоол, Наурызын баяр, бүргэдээр ан хийх зэрэг соёлын өв нь Монголын олон янзын соёлын нэг хэсэг болсон. Тухайлбал бүргэдээр ан хийх казах уламжлалыг ЮНЕСКО хүн төрөлхтний соёлын биет бус өвийн хүрээнд бүртгэсэн байдаг. Тэгэхээр “өөр шашинтай учраас Монголын нийгэмд нийцэхгүй” гэж үзэж болохгүй. Харин шашин, соёлын зан үйл нь бусдын эрх, эрүүл мэнд, байгаль орчин, газар ашиглалттай огтлолцож байгаа бол төр зохицуулалт хийх ёстой.

-Сошиал маргаан казахуудын оршуулгын зан үйлтэй холбоотой эхэлсэн. Энэ зан үйл ямар учиртай вэ?

-Казахын уламжлалт оршуулгын зан үйл исламын шашны ёс журамтай нягт холбоотой. Талийгаачийг тусгайлан бэлтгэж, исламын ёсоор угааж, оршуулгын залбирал үйлдэн, ихэвчлэн аль болох богино хугацаанд оршуулах уламжлал байдаг. Баруун Монголын казахуудын оршуулгын зан үйлийн талаар хийсэн угсаатны зүйн судалгаанд талийгаачийг гэрт байрлуулж, зан үйл хийсний дараа оршуулдаг, улмаар долоо, дөч хоногийн дурсгалын зан үйл зэрэг байдаг талаар тэмдэглэсэн. Энд бас нэг чухал зүйл бий. Оршуулгын зан үйл бол шашин, соёлын асуудал. Харин оршуулгын газар хаана байх, газрын зориулалт, бэлчээртэй хэрхэн давхцах вэ гэдэг нь төрийн зохицуулалтын асуудал. Энэ хоёрыг хооронд нь хутгаж болохгүй.

-Тэгэхээр оршуулгын зан үйл нь малчдын аж ахуйд нөлөөлж болно гэсэн үг үү?

-Болно. Гэхдээ зөвхөн казахуудын асуудал гэж харах хэрэггүй. Монгол бол нүүдлийн мал аж ахуйтай орон. Газар нутаг, бэлчээрийн асуудал маш эмзэг. Оршуулгын газар, хашаа, барилга байгууламж, зам, суурьшлын бүс зэрэг нь бэлчээртэй давхацвал тухайн нутгийн малчдад бодит хүндрэл үүснэ. Тэгэхээр энд казахын зан үйл буруу гэж хэлэх биш, шашин, соёлын зан үйлээ хадгалах эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ газар ашиглалтыг хуульд нийцүүлэн зохицуулъя гэж асуудлыг тавих ёстой. Нэг талаас казах иргэдийн хэл, шашин, соёл, зан заншлаа хадгалах эрхийг хүндэтгэх ёстой. Нөгөө талаас Монгол Улсын хууль, газар ашиглалт, байгаль хамгаалал, нийтийн эрх ашиг мөн адил үйлчлэх ёстой. Хэрэв хэн нэгэн “Би энэ зан үйлийг хийдэг учраас хууль надад хамаарахгүй” гэвэл буруу. Нөгөө талд “Чи казах учраас энэ зан үйлээ хийж болохгүй” гэвэл бас буруу.

-Тэгвэл төр яг юу хийх ёстой вэ?

-Төр асуудлыг үндэстэн хоорондын маргаан болгож байгаад дараа нь гал унтраах биш, урьдчилж зохицуулах ёстой. Нэгдүгээрт, газар ашиглалтын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, оршуулгын газрын байршил, хамгаалалтын бүс, дэд бүтэц, бэлчээртэй давхцах асуудлыг орон нутаг бүр дээр тодорхой журамтай болгох хэрэгтэй. Гуравдугаарт, Баян-Өлгий дэх бүх ястны хэл, боловсрол, төрийн үйлчилгээ, ажил эрхлэлтийн тэгш боломжийг хангах ёстой. Дөрөвдүгээрт, аливаа гомдлыг “Казахуудын асуудал”, “Монголчуудын асуудал” гэж бус иргэний эрхийн асуудал гэж авч үзэх хэрэгтэй.

-Гэхдээ энэ асуудлын талаар иргэд сошиалаар маш хүчтэй талцаж байна. Үүнийг аюултай гэж үзэх үү?

-Тийм. Гэхдээ айлгаж болохгүй. Дэлхийд үндэстэн, шашин, хэлний ялгааг улс төрийн зорилгоор ашигласан олон эмгэнэлт жишээ бий. Жишээ нь, Югославын задралын үед Серб, Хорват, Босняк зэрэг бүлгүүдийн хоорондын түүхэн зөрчил, үндсэрхэг улс төр, газар нутгийн маргаан нийлж, 1990-ээд онд дайн болж хувирсан. Боснийн дайнд 100 мянга орчим хүн амь үрэгдэж, Сребреницад 8000 гаруй босняк эрэгтэй, хөвгүүд алагдсан. Дайн НАТО-гийн цэргийн ажиллагаа болон 1995 оны Дейтоны хэлэлцээрээр дууссан. Руандагийн жишээ бүр аймшигтай. Тэнд Хуту, Тутси гэх ялгааг колонийн үеийн захиргаа улам хатуу ангилж, улмаар улс төрийн тэмцэл, эрх мэдлийн асуудал, суртал ухуулга, үзэн ядалтын хэллэгтэй нийлснээр 1994 оны геноцидод хүрсэн. НҮБ-ын мэдээллээр 100 хоногийн дотор ойролцоогоор нэг сая хүн амиа алдсан. Эндээс бид нэг чухал сургамж авах ёстой. Үндэстэн өөрөө дайн үүсгэдэггүй. Харин үндэстний ялгааг улс төрийн зэвсэг болгож, хүмүүсийг “бид” ба “тэд” гэж хувааж, айдас, үзэн ядалт бий болгож чадвал маш аюултай болдог. Нөгөөтэйгүүр хойд хөрш маань дайнтай байгааг бүгд мэдэж байгаа. Ер нь Орос, Украины дайн бол геополитик, нутаг дэвсгэр, Орос-Украины түүхэн харилцаа, Украины тусгаар тогтнол, НАТО ба Оросын харилцаа, Крым, Донбассын асуудал зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Гэхдээ хэл, үндэсний ялгааг улс төрийн зорилгоор ашигласан тал бий. 2014 оноос Донбасст мөргөлдөөн эхэлж, Орос Украины зүүн өмнөд хэсгийн орос хэлтэн хүн амын асуудлыг өөрийн бодлогыг зөвтгөхөд ашигласан. 2022 онд бүрэн хэмжээний довтолгоо эхэлсэн. Тиймээс Украины жишээнээс авах сургамж нь үндэстэн өөр бол дайн гардаг биш. Харин үндэсний ялгааг улс төрийн зорилгоор ашиглаж, гадаад хүчин зүйлтэй нийлүүлбэл дотоодын зөрчил олон улсын хэмжээний аюул болж чаддаг гэдэгт байгаа.

-Тэгвэл Монгол Улсад үндэстэн хоорондын мөргөлдөөн гарах эрсдэл бий юу?

-Боломжийг тэг гэж хэлэх ямар ч улс оронд байхгүй. Гэхдээ өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг Руанда, Босни, Украины нөхцөлтэй шууд адилтгах үндэс байхгүй. Монголд нэг улс төрийн тогтолцоо, нэг улсын иргэншил, нийтлэг хэлний орчин, холилдсон нийгмийн харилцаа, гэр бүл хоорондын харилцаа, олон ястан хамтран амьдарч ирсэн түүх бий. Тиймээс өнөөдрийн маргааныг шууд иргэний дайн руу явж байна гэж хэлэх нь буруу. Харин иргэдийг үндэс угсаагаар нь ялгаж, үзэн ядалтыг хэвийн зүйл болгож, улстөрчид үүнийг санал авах хэрэгсэл болгон ашиглаж эхэлбэл эрсдэл нэмэгдэнэ.

-УИХ-ын чуулганы танхимд халх, казах гишүүд нэг нэгэндээ “чи, би” гэж хэлж хэрэлдэх нь ямар сэтгэгдэл төрүүлэх бол?

-УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Тэнд гишүүд бодлого, хууль, улсын эрх ашгийн талаар маргалдаж болно. Гэхдээ маргаан нь үндэс угсааны өнгө аястай болж болохгүй. Хэрэв нэг гишүүн нөгөөгөө “казах”, “халх” гэдгээр нь улс төрийн дайралтад ашиглавал зөвхөн хоёр хүний маргаан биш. Тэр үг парламентын индрээс олон мянган хүнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн энгийн иргэнээс илүү өндөр хариуцлагатай. Тэдний хэлсэн үгийг хүүхэд хүртэл сонсож байна. Сошиалын инфлүүнсерүүд авч хэлэлцэж байна. Иргэд хоорондоо маргаж байна. Тиймээс парламентын гишүүд хамгийн түрүүнд “Би энэ үгийг хэлснээр Монголын нийгэмд ямар мессэж өгч байна вэ” гэж бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр үүнд хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариуцлага зөвхөн нэг талд байхгүй. УИХ-ын гишүүн бол улс төрийн хариуцлага хүлээнэ. Намууд ч мөн хариуцлагатай байх ёстой. Гэхдээ хэвлэл мэдээлэл, инфлүүнсер, олон нийтийн танил хүмүүс ч бас хариуцлагатай байх хэрэгтэй. Худал мэдээлэл, баталгаагүй түүх, доромжлолыг сая сая хүнд түгээх нь энгийн нэг пост биш. Иргэд ч бас би юу бичиж байна вэ гэж бодох хэрэгтэй.

-“Монгол, казах” гэж талцсан энэ маргааныг яаж зогсоох вэ?

-Нэгдүгээрт, төр тодорхой байр суурь илэрхийлэх хэрэгтэй. Монгол Улсын бүх иргэн хуулийн өмнө тэгш. Үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлахгүй гэдгийг тодорхой хэлэх ёстой. Хоёрдугаарт, бодит асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Баян-Өлгийд газар, бэлчээр, оршуулгын газар, хэл, боловсрол, төрийн үйлчилгээтэй холбоотой бодит гомдол байгаа бол судалж, ил тод мэдээлж, шийдэх хэрэгтэй. Гуравдугаарт, түүхийг улс төрийн зэвсэг болгож болохгүй. Энэ газар угаасаа манайх байсан, тэд гаднаас ирсэн, энэ хүмүүс жинхэнэ Монгол биш гэх мэт маш болгоомжгүй өгүүлбэрүүдийг баримтаар шалгах ёстой. Дөрөвдүгээрт, хэвлэл мэдээлэл хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх ёстой. Хамгийн чухал нь иргэд маань өөрийнхөө угсаа, соёлоор бахархаж болно. Гэхдээ бусдын угсааг доромжилж болохгүй. Мөн түүхээ бид мэдэх хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 30 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 40 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 1 цаг 21 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 1 цаг 21 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 2 цаг 10 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 2 цаг 26 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 21 цаг 21 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 22 цаг 38 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 22 цаг 48 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top